No menu items!
HomeОнцлохЧин сэтгэлийг зүрх ундаална

Чин сэтгэлийг зүрх ундаална

-

Сэтгүүлч хүний чих “дэлдэн” байдаг жамтай. Анх энэ хүнийг анзаарсан шалтгаан ийм. Өглөө ажлын хаалгаар орохтой зэрэгцэн энэ ах биднийг угтана. Бид дөнгөж дулаан гэр, гүн нойрноосоо арайхийн сугаран ирэхэд ах харин хэзээний ажлаа эхлүүлчихсэн угтана. Түүний ажлын зэвсэг нь шүүр, хамуур, тармуур гэх мэт.

Ахтай танилцах, зүгээр л элдвийг хачиргүйхэн хууч хөөрөх бодол надад төрсөөр уджээ, Нэг удаа тамхичдын хөл дор хэнэггүйхэн шидчихсэн нэг биш нэлээн олон тамхины ишийг ах хүү цуглуулж байхыг олж харав.

Тамхичдын тоомжиргүйхэн дураа хангаад шидчихсэн ишийг ширхэг бүрчлэн бөхөлзөн цуглуулахыг нь харахдаа аав шигээ хүнээр хогоо түүлгэж буйд тэдний өмнөөс гэмшиж билээ. Бид Co ax гэж дуудах түүний алдар Батнасангийн Сосорбарам. ХХЕГ-ын үйлчилгээний ажилтан.

Түүнтэй ярилцах гэж өвөл өрөөндөө урьсан ч тэрбээр төвдөхгүй, би ч амжихгүй явсаар сая нэг хаврын нэгэн өдөр “барьж авав”. Тэрбээр Архангай аймгийн Тамир сумын уугуул. 1957 онд эхээс мэндэлжээ. Эрийн цээнд хүрэн хүртлээ бага залуу насаа нутагтаа өнгөрүүлсэн хүн.

1975 онд цэргийн албанд мордож, гурван жилийн цэргийн албыг хаахдаа өнөө цагийн Эрдэнэт хотыг босгох бүтээн байгуулалтын ажилд гap бие оролцсон байна. Цэргийн албаа хааж дуусгаад их хотод ирж ажиллав. Тэр цагаас хойш Co ax бараг 40 жил нутгаа зориогүй аж.

Өнгөрсөн 2013 онд бие нь ч чилээрхэж, цагийн аясаар нутаг ус эрхгүй дурсагдан очсон гэнэ. Тайхар чулуундаа мөргөн хийморио ч сэргээгээд авч. “Нутаг сайхан хэвээрээ. Харин таних мэдэх хүн тун ховордсон байна билээ” гэж ярина.

Тэрбээр хүний хорвоод Сосорбарам гэж хүний мөрийг 50 гаруй жил тамгалахдаа гарын таван хуруу шиг ах дүү нарынхаа бурхан болох үйлд ч зорин очиж амжаагүй завгүй нэгэн. Ээж нь түүнийг гурван настай байхад бурханы оронд одсон учир аав нь таван хүүхдийг хүн болгосон гэнэ билээ.

“Эцгийн хатуу гараар хүмүүжсэн болохоор л ах нь ажлын хүндийг үүрч сурсан байх гэж боддог юм” гэж ярина. Үнэхээр амьдралын эрээн бараан бүхэн түүнд эрх дураараа хандах, дур зоргоороо ямбалах, тавлах боломжийг олгосонгүй. Сайхан хань, гурван хүүхдийнхээ төлөө тэр насаараа борви бохисхийлгүй өдийг хүртэл зүтгэсээр ирсэн завгүй хүн юм.

Ингэхэд Co ax гурван хүүхэдтэй. Бага хүү тал харвалт өгсний улмаас асаргаанд буй ээжийгээ тойлж, охин нь гурван хүүхдийн эх болсон тул тэднийгээ өсгөөд тун завгүй. Харин том хүү тогооч мэргэжилтэй. Хоол хийхдээ тун гаргуун гэнэ. Тиймээс ч хүүгийнхээрээ хааяа нэг орж түүнийхээ гарын хоолыг идэх дуртай.

Ингэхэд Co ахын нэр хүнд ерөнхий газарт тун өндөр. Үүнийг би бардам хэлнэ. Учир нь тэр хүний ажлаа чинхүү сэтгэлээсээ хийж байгааг хүн бүр өөрийн эрхгүй үнэлдэг. ХХБ-д хөдөлмөрлөөд даруй 20 гаруй жилийг элээсэн, энэ хооронд зургаан ч даргын нүүр үзэж байгаа түүнийг манай байгууллагын “хашир бурхи” гэж хэлж болно.

“Coco ахаа ажил нь сайн уу” гэж залуус мэндтэй устай өнгөрөхөд нь тэрбээр баярлачихдаг тийм л зөөлөн хүн. Хүний сэтгэл гэдэг угаас урсгал ус адил уян, мяндас шиг зөөлөн, хөврөмтгий эд.

Тухайн үед Хилийн 0253 дугаар ангийн аж ахуй хариуцсан даргаар ажиллаж байсан Вандандагва ХХБ-д түүнийг оруулж өгсөнд одоо ч тэрбээр талархаж явдаг юм билээ. Анх ногооны зоорины ажилтнаар орж байсан тэр цагаас хойш хашаа ч үгүй зуун задгай байсан байгууллага өнөөдөр нүдэн дээр нь хөгжиж. өнгө засч буйг шагшина.

Ер нь манай байгууллагын гадаад өнгө үзэмж Co ax болон бидний хэлдгээр түүний туслах Даваасүрэн нарын ажилтай шууд хамааралтай. Эмэгтэй хүний хувьд аливааг цэвэр цэмцгэр байлгана гэдэг амаргүй бөгөөд яршигтай ажил болохыг мэдэх учраас ажлын ачааллын тухай түүнээс асуух нь илүүц санагдсан.

Хавар мод тарьж түүнийгээ услана, арчлана. Өвөл нь цастай ноцолдоно. Мөс тогтсон байлаа гэхэд тэр дор нь ховхлохгүй бол хэн нэгэн халтираад ойчих бий гэж энэ хүний санаа зовнино. Энэ жилийн cap шинээр л гэхэд биднийг золголт хийн бужигнаж байхад Co ax хар пүүсүүн дээлээр гангарчихсан цасаа цэвэрлэж харагдсан.

Ер нь баяр наадмыг дагаад задгайрч налайх ёс энэ хүнд үгүйг За тэгээд нэг хэсэг хогийг хамж байхад салхинд өөр нэгэн хог туугдан ирж байдаг биз. Ер нь бөгтийн хог нэг бүрийг ширхэгчлэн түүхийг нь харах бүртээ таны хаясан нэг ширхэг шүдэнзийг ч энэ хүн хамдаг гэдгийг санаарай гэж ахин дахин хэлмээр байна.

Насаараа хүйтэн нойтон, бороотой шороотойд ихэвчлэн гадаа орчинд ажилласан болоод ч тэр үү нуруугаар нь хатгуулж, даралт ихдэх болсон тухайгаа тэрбээр ярилаа.

Ахын хувийн амьдрал руу өнгийх гэсэнгүй ч өнөөдөр түүний гар дээрээ авч буй 300 мянган төгрөгийн цалин хүрэлцдэг, болдог гэж энэ хүн ярихад би хувьдаа бодолхийлсэн. Магад эхнэр нь өвчтэй байгаа болохоор нэг нь ч гэсэн ажил төрөлтэй явъя гэж хичээдэг байх.

“Мөнгийг бага гэж голж болохгүй. Хүмүүс юм үнэтэй байна, цалин юу ч болохгүй юм, амьдрал хэцүү байна гэж их ярих юм. Ах нь харин бор зүрхээрээ болгож амьдарч яваа хүн. Юмны бага нь амттай, их юм тэр чинээгээрээ үнэ цэнэгүй байдаг даа” гэж ярих нь нэгийг бодогдуулав.

“Бор зүрхээрээ” гэх үг ахын амнаас байсхийгээд л унана. Нээрээ ч түүний амьдрал эгэл даруухан бусдад хал балгүй ёстой л бор зүрхээрээ өнгөрөөсөн олон зуун өдрүүд ажээ.

Хаана, хэзээд ч эгэл борхон байсаар ирсэндээ ч тэрбээр өнөөдөр ХХБ-д 20 гаруй жил ажиллахдаа байгууллагын 70,80 жилийн ойн тэмдэг, нэг удаагийн мөнгөн шагнал, тэргүүний ажилтан гэх “хөөрхөн хөөрхөн шагнал” /өөрийнх нь хэлсэнээр/ авсан байх.

Ийнхүү ах хүүг илүү сайн танин мэдэх гэсэн оролдлого минь цааш үргэлжилсээр түүнийг тамхины хорхойтон болохыг мэдэв. Өдөртөө бараг нэг хайрцаг тамхитай ноцолдож өнждөг гэнэ.

Харин татсан тамхиныхаа ишийг хаа нэгтээ хамаагүй хаяна гэж ёстой гонжийн жоо. Хогийн сав ойр байхгүй бол тэрбээр ишийг нь халаасандаа хийчихнэ. Хог хаяж болох зөвшөөрөлтэй газар л тэр халаасаа чөлөөлнө. Ийм хүн бидний дунд хэр олон бол?

Co ахтай ярилцан суухдаа нэг зүйлийг мэдэрсэн. Энэ бол ажилдаа эзэн байж, чин сэтгэлээсээ хандах хандлага тэр хүнээс нэвт шувт үнэртэж байсан явдал юм. Эцэг хүний ёсоор үр хойчоо сайхан амьдраасай гэж тэр сэтгэлийнхээ чинадад бодохдоо, “Ах нь хар бор ажил хийж сурсандаа өнөөдөр өдий зэрэгтэй явна.

Үр хүүхдээ ажлын хүнд хүчрийг насаараа үүрч ажиллаасай гэж хэн хүсэх билээ. Одоогийн залуус та нарт сайхан амьдрах боломж нээлттэй байна. Хичээж сайн ажиллаад сайхан орон байранд амьдрах хэрэгтэй” гэж захилаа. Гэхдээ түүний хэлсэнээр сайхан амьдрал гэдэг ерөөсөө сэтгэлийн жаргал гэсэн шүү.

Яриа эхлээд дуусах хүртлээ энэ хүний ажилдаа ямар их хайртай, эзэн нь байж чадах тэр тэмүүллээр би бахархаж суулаа. Хүн бүр ажилдаа ийм сэтгэлээр ханддаг бол ч гэж бодогдоно.

Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. ХХЕГ-ын халуун ам бүлд багтаж яваа танд баярын мэнд хүргэе. “Өвчин зовлонгүй л бол амьдрал болно доо” гэсэн дэндүү бор зүрхээрээ яваа ахынхаа сайхан үгээр өндөрлөе.

Ахлагч Б.Алтанцэцэг

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд