No menu items!
HomeОнцлохБ.Пастернакийн Нобелийн шагнал ба О.Ивинская хоёр удаа шоронд суусны төлөөс

Б.Пастернакийн Нобелийн шагнал ба О.Ивинская хоёр удаа шоронд суусны төлөөс

-

Борис Леонодович Пастернак /1890-1960/ бол Оросын яруу найрагчдын дундаас уран бүтээлээрээ онцгой содон туурвилч байсан ч гэлээ XX зууны Оросын алдар цуутай яруу найрагчдын олонхийн адилаар уран бүтээлийн эрх чөлөөгөө эдэлж, чөлөөтэй туурвиж чадаагүй, үзэл суртлын дарамтанд байнга өртөж, уран бүтээлийн хатуу хүнд замыг туулсан юм. Нөгөөтэйгүүр XX зууны Оросын яруу найрагчдаас хэн нь ч Б.Пастернакийн адилаар, түүний “Живаго эмч” шиг цуутай роман туурвисан нь үгүй билээ.

Ерөөс Оросын яруу найрагчид амьдрал, уран бүтээлийн бартаат хэцүү замыг туулдаг эртний “түүхэн уламжлалтай” мэт санагддаг. Миний л мэдэхээр Орос магтууны эцэг Г.Державинаас А.С.Пүүшкин, М.Ю.Лермонтовоос эхлээд А.Блок, С.Есенин, В.Маяковский, Н.Гумилев, А.Ахматова, Б.Я.Брюсов, Д.С.Мережковский, К.Бальмонт, З.Гиппиус, С.Городецкий, О.Мандельштам, Б.К.Лившиц, И.Северянин, А.Ремизов, В.Каменский, В.Ходасевич, Г.Иванов, Б.Пильняк, И.Одоевцова, М.Цветаева, И.Бродский нар болон Зөвлөлт засгийн үед зарим талаар нэр хүнд олж байсан хэдий ч Е.Евтушенко, А.Вознесенский, Б.Ахмадулина гээд цөөнгүй хүн, тэднээс арай ахмад үеийн Н.Асеев, Н.Заболоцкий гээд олон яруу найрагч сайн хэлүүлэхээсээ илүүгээр муу хэлүүлж, эдний олон нь эх орноо орхин явж, зарим нь шоронд нас барж, зарим нь буудагдан алагдаж, зарим нь баривчлагдан шоронд урт, богино хугацаагаар сууж, байнгын хардлага сэрдлэг дор уран бүтээлээ туурвиж байсан юм.

Гэвч тэдний хэн нь ч Зөвлөлтөд болоод хилийн чинадад Б.Пастернак шиг зэрэг хүлээн зөвшөөрөгдөж, бас түүн шиг ээдрээтэй хатуу ширүүн амьдралаар амьдраагүй гэхэд үнэний тал нь дийлнэ. Борис Пастернак хэдийгээр баривчлагдаж, шоронд сууж байгаагүй ч хайр найргүй, хатуу хавчлага шахалтанд өртөж, тэр дунд уран бүтээлээ туурвиж байлаа.

Түүний эцэг Уран зургийн академийн академич хүн байлаа. Пастернакийн авьяас багаасаа илэрсэн бөгөөд багадаа зураг сайн зурдаг, мөн алдарт А.Н.Скрябиний удирдлагаар хөгжмөөр хичээллэдэг байлаа. Гэвч 1909 онд тэр бүхнийгээ хаяад Москвагийн их сургуулийн түүх-философийн ангид элсэн орж, улмаар 1912 онд Германд очиж, Марбургийн их сургуулийн неокантын дэг сургуулийн тэргүүн профессор Герман Когений удирдлага дор хичээллэж байсан боловч философийг орхисон юм. Гэвч философи насан туршид нь түүний анхаарлын төвд үлдсэн. 1913 онд “Уянгын шүлгүүд” гэдэг цоморлигт анхны шүлгүүд нь хэвлэгдэж, улмаар 1914 онд “Үүлэн дэх ихрүүд” гэдэг анхны шүлгийн номоо хэвлүүлснээр уран бүтээлийн онгод хийморьтой ч онхолдоон донсолгоон ихтэй их замынхаа аянд гарсан юм. Октябрийн хувьсгалын өмнөх жилүүдэд тэр футуристуудын “Центрифуга” бүлэгт харьяалагдаж байлаа.

Түүний шүлэг нь хэвлэгдэж эхэлснээр уран бүтээлийн нь бартаат зам эхэлсэн юм. Өмнө нэгэнт дурдсанаар Оросын зохиолчдоос Нобелийн шагналаас болж хамгийн их гашууныг амссан хүн бол Борис Леонодович Пастернак болой. Энэ “гайтай” шагналын хэл ам, хэрүүл шуугиан түүнийг нас барсны дараагаар ч үргэлжилж, ард хоцрогдогсодын нэг хэсэгт нь гай зовлон авчирч, ямар ч гэм буруугүй О.Ивинская түүний шагналын хэл амнаас болж Пастернакийг нас барсны дараа дахин шоронд сууж хэлмэгдэн, их зохиолчийн ясыг өндөлзүүлсээр байлаа. Гэвч энэ бүхнийг дэс дараагаар нь үгүүлэх хэрэгтэй юм.

Пастернак хэнээс ч нуулгүйгээр гурван бүсгүйтэй амьдралаа холбож, дэр нэгтгэн байсан билээ. Тэдгээрийн хэнд нь илүү хайртай, хэнд нь дутуу хайртай байсан гэж ялгахын аргагүй. Хосгүй авьяаст яруу найрагчийн уяхан, эмзэгхэн, омголон, гомдомтгой, гунимхай зүрх нь тухай тухайн үедээ энэ гурван бүсгүйн аль алинд нь яах аргагүй татагдаж, тэр л үедээ тэр л бүсгүйгээс бусад нь хэрэггүй юм шиг санагдаж, өөрийн зүрхний хайр сэтгэлийн төлөө чадах бүхнээ хийж байсан нь эдгээр гурван бүсгүйтэй хэрхэн танилцаж, өөрийн хайр сэтгэлийн төлөө ямар их хэл ам, саад бэрхшээлийг гэтэлж байснаас нь харагддаг. Пастернак анх уран зураач Евгения Владимировна Пастернак /1898-1965/. Энэ эмэгтэйгээс төрсөн хүү нь Евгений Борисович Пастернак юм. Хоёр дахь эмэгтэй нь Зинаида Николаевна Пастернак / Нейгауз. 1897-1966/, гурав дахь нь Ольга Всеволодовна Ивинская /1912- 1995/ нар болой. Зинаида Пастернак “Дуртгал”, О.Ивинская “Цаг хугацааны олзлогдол дунд” нэртэй дурсамжууд бичсэн бий.

1930-аад оны эхээр Пастернак ЗХУ-д алдаршсан хөгжимчин Генрих Густавович Нейгауз, гүн ухаантан, урлаг судлаач Валентин Фердинандович Асмус, тэдний гэр бүлийнхэнтэй танилцаж, нэг зун бүгдээр Киевийн ойролцоо зуслангийн байр хөлслөн хамтдаа амарчээ. Энэ гурван гэр бүлийхэн анх танилцсан түүх бас л сонин.  Асмусын эхнэр Ирина Сергеевна Асмус нь Пастернакийн шүлгийн номыг авчирч уншиж, Асмус болон Нейгауз нар түүний шүлгийг амтархан уншдаг, түүнийг хүндлэгчид болжээ. Үүнээс нэг жилийн дараа Ирина Сергеевна Пастернакийг автобусны буудал дээр зогсож байхад нь зургаар нь танин уулзан танилцаж, гэртээ урьжээ. Тийн уулзахад Нейгаузын эхнэр Зинаида тэр уулзалтанд оролцолгүй гэртээ хүүхдээ харан үлджээ. Асмусын эхнэр Ирина Пастернакт ухаангүй дурлажээ. Энэ уулзалтын дараа Пастернак дээрх хоёр гэр бүлийнхнийг гэртээ урьж танилцсаныхаа дараа тэд Киевийн ойролцоо амрахаар авжээ.

Энэ үед л Пастернак Зинаида Нейгаузд тал өгч эхэлсэн тул Ирина нөхөртэйгөө хамт түрүүлж буцан, найз Ирина, Зинаида хоёр эвдрэлцжээ. Зинаида төгөлдөр хуурч, үнэнхүү үзэсгэлэнтэй гэгддэг эмэгтэй байв. Зинаида эхлээд Пастернакийг ухааруулж, ийнхүү намайг хөөцөлдөхөө болиоч гэж гуйгаад бүтэхгүй арга тасрахдаа өөрийн амьдралын хамгийн эмзэг нууцалж явдаг зүйлээ хүртэл дэлгэн “Та намайг ямар өөдгүй хүн болохыг мэдэхгүй байна. Би 15 настайгаасаа өөрийн 45 настай авга ахтайгаа явдаг байлаа. Би ийм л муу хүн” хэмээн хэлээд ч нэмэр болоогүй бөгөөд Пастернак түүнийг мөшгисөөр байсныг Зинаида дуртгалдаа бичсэн байдаг. Ингээд Москвад ирсний дараа Пастернак Нейгаузын гэрт ирж, хоёр эр Нейгаузын ажлын өрөөнд орж удаан ярилцжээ. Пастернак “Би эхнэрт чинь сэтгэлтэй болчихлоо. Энэ сэтгэл минь хэзээ ч арилж үгүй болохгүй” гэж хэлснийг нь Нейгауз эхнэртээ хэлжээ. Зинаида нөхрийнхөө энэ үгийг сонсоод өөдөөс нь инээж “Наадах чинь нэг их ноцтой юм биш. Түүний хэлж буйг тоох хэрэггүй” гэсэн байна. Удалгүй Нейгауз Сибирийн олон хотоор тоглолт хийхээр явжээ. Пастернак Зинаида дээр өдөрт хэдэнтээ ирж салахгүй даган, шинэ шинэ шүлэг бичин авчирч өгч, эхнэрээсээ тусдаа амьдрах болжээ.

Зинаидад зориулсан шүлгүүд нь хожим “Хоёр дахь удаагаа төрсөн минь” гэдэг шүлгийн ном болжухуй. Тийнхүү 12-р сарын эцсээр Пастернак, Зинаида хоёр холбоотой болж, ойртжээ. Зинаида тэрхэн дороо болсон явдлын талаар, Пастернактай энгэр зөрүүлсэн тухайгаа болоод цаашид нэг гэрт амьдарч чадахгүй боллоо гэдгээ нөхөр Нейгауздаа бичжээ. Эхнэрийн нь захидал яг тоглолт болж байсан өдөр очсон бөгөөд Нейгауз төгөлдөр хуур тоглож байснаа үргэлжлүүлж чадахгүй тайзан дээр уйлсан учир тоглолтыг нь хойшлуулжээ. Нейгауз Сибирийн олон хотоор хийх тоглолтоо зогсоож, Москвад буцаж ирэхэд Зинаида Киев рүү найз бүсгүй дээрээ очжээ. Хагас сарын дараа Пастернак Киев рүү очсон боловч Зинаида тоглолтоор очсон нөхөртэйгөө эвлэрсэн тул буцжээ. Нөхөр нь 20 хоногийн дараа буцахад Пастернак дахин Киевт ирж, Гүржийн яруу найрагч Паола Ящвилий урьсан гээд Зинаидаг авч Гүрж рүү зочлохоор явав. Тэнд хэсэг байсны дараа Москвад ирж Пастернакийн гэрт буужээ.

Энэ үед Пастернакийн албан ёсны гэргий Евгения Владимировна нь Германд түр амьдарч байв. Үүнийг сонссон Евгений Москвад буцаж ирсэн тул Пастернак, Зинаида нар Пастернакийн дүүгийнд очин, тэнд багтаж ядан амьдарч байгаад Зинаида дахиад л хуучин нөхөр Нейгауз дээрээ очив. Чингэхэд Пастернак Зинаида дээр ирж, хүүхдийн өрөөнд нь шууд явж ороод пидхийн унах чимээ гарчээ. Зинаида гэрт нь зочлон ирээд байсан найз бүсгүйнхээ хамт хүүхдийн өрөөндөө явж орвол Пастернак шилтэй иод уугаад уначихсан байжээ. Аз болоход тэдний хөрш хаалганд эмч байдаг тул түүнийг дуудахад эмч ирээд “Сүү, хүйтэн сүү өг” гэж хашгирахад Зинаида хүүхдүүддээ өгөхөөр бэлдсэн хоёр л сүү өгч, Пастернакийг хөл дээр нь босгож байсан түүхтэй ажээ. Ингээд л Пастернак, Зинаида хоёр дахин нийлж, Нейгауз ч өөр эхнэр авчээ. Пастернак, Зинаида хоёр албан ёсоор 1933.08.21 -нд бүртгүүлжээ. 1934 онд Зөвлөлтийн зохиолчдын анхдугаар их хурал хуралдахад Пастернак үг хэлж, хурал дээр ихэд магтагдан, хурлын тэргүүлэгчдэд сонгогджээ. Энэ хурал дээр А.Сурков л Пастернакийг анх шүүмжилсэн бөгөөд олон жилийн турш Пастернакийг амьдралын хамгийн хүнд үеүдэд нь хайр найргүй, хатуугаар шүүмжлэн дайрч давшилдаг байсныг тэмдэглэх ёстой. Пастернак руу дайрч давшлах нь олон жилийн турш бараг л системтэйгээр явагдаж байсан талаар боломжийн хэрээр хойно үгүүлэхийг оролдоно.

Пастернакийн хатуу хүнд амьдралд өмнөх хоёр эмэгтэй гэрэл гэгээ болж, түүнд сэтгэлийн цэнгэл, баяр баясгаланг авчирч байсныг үгүйсгэх аргагүй. Ямартаа ч Пастернак Зинаидад “…Чиний нэрийг уруулаараа хэлсээр би үхнэ” хэмээн бичиж байсан гэлцдэг билээ. Гэвч тэр хоёр эмэгтэйн хэн нь ч Пастернакийн амьдралд тохиолдсон гурав дахь эмэгтэй шиг нь гүнзгий ул мөр үлдээж, бас хэл аманд хамгийн ихээр өртөн өөрөө зовлон туулж, хохирч, Пастернакийг ойлгож, түүнийг уучилж байсан нь үгүй билээ. Энэ эмэгтэйг О.Ивинская гэдэг. Пастернак энэ эмэгтэйд зориулж хамгийн нарийн нандин үгээ хэлсэн байдаг. О.Ивинская Пастернактай анх танилцах үедээ бас л амьдралын хатуу хөтүүг амссан, зовлон жаргалын учрыг ойлгох болсон эмэгтэй байлаа. Ольга Пастернактай танилцахдаа урьд нь өөрийн нь амссан туулсантай харьцуулахад түүнээс ч илүү сорилт шалгалт хүлээж буйг хэрхэн мэдэх билээ.

Пастернак 1958.05.07-нд Германы зохиолч эмэгтэй Рената Швейцерт бичсэн захидалдаа “Живаго эмч” романы нэг гол баатар Ларагийн дүрийг хэрхэн бүтээсэн тухайгаа үгүүлсэн байдаг.Тэрээр “II дайны дараа би Ольга Всеволодовна Ивинская гэдэг залуу эмэгтэйтэй танилцсан юм. Тэр эмэгтэй бол тухайн үед бичиж эхэлсэн миний зохиолын Лара юм шүү дээ… Тэр эмэгтэй амьдралын баяр баясгалан ба өөрийгөө золиосонд гаргахын амьд биелэл юм. Түүнийг харахад амьдралдаа юуг даван туулсныг нь мэдэхийн аргагүй… Тэр эмэгтэй миний оюун санааны амьдрал, уран бүтээлч-зохиолчийн минь бүхий л явдлыг мэддэг” хэмээжээ. Үүнээс хойш нэг жилийн дараа Английн нэг сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Тэр бол /О.Ивинская/ миний дотны анд. Тэр эмэгтэй намайг номоо бичихэд минь, амьдралд минь тус болсон… Тэр надтай нөхөрлөснийхөө төлөө таван жилийн ял эдэлсэн. Миний залуу насанд ганцхан, гав ганцхан Лара минь учраагүй… Миний залуу насны Лара бол нэгтгэсэн туршлага /дүр/ юм. Харин миний өтөл насны Лара бол миний зүрхэнд түүний /Ивинская/ цусаар, түүний шоронд сууснаар бичигдсэн юм” гэжээ. Үүнээс харахад Ольга Ивинская Пастернакийн амьдрал, уран бүтээлд хичнээн гүн гүнзгий нэвтрэн орсон нь харагдаж байх мэт.

Тэд 1946 оны аравдугаар сард танилцжээ. Ивинская 1946-1947 онд “Новый мир” сэтгүүлд Залуу зохиолчидтой ажиллах хэлтсийн эрхлэгчийн алба хашиж байв. Энэ үед тус сэтгүүлийн эрхлэгч нь К.М.Симонов байлаа. О.Ивинская Пастернактай танилцах үедээ 34 настай байв. Тэрээр энэхүү амьдралдаа багагүй хатуу хөтүүг амсаж туулсан байлаа. Бүсгүйн ээж нь И.Сталины талаар цуурсан хэргээр гурван жил “аавын” хаалга татаж, ял эдэлсэн аж. Ивинскаягийн анхны нөхөр нь өөрийгөө егүүтгэж, хоёр дахь нөхрөө эмнэлэгт өөрийн гар дээр эцсийн амьсгалыг нь хураалгажээ. Тийн Ира, Митя гэсэн охин, хүү хоёртойгоо бэлэвсрэн үлдсэн байна. Амьдралын ийм зам туулсан боловч 34 настай Ивинская маш ухаалаг, бас огтоос гундаагүй үзэсгэлэн төгөлдөр нэгэн байлаа.

Ивинская “Новый мир” сэтгүүлд залуу зохиолчдын ажил хариуцсан хэлтсийн эрхлэгч байхдаа хүүхдээрээ шахам Женя /Евгений/ Евтушенко, Илья Френкель, Николай Асанов, Александр Межиров гээд хожим нэрд гарсан олон залуу зохиолчийн анхны бүтээлийг үзэж, тэднийг уран бүтээлийн зам мөрөө гаргахад нь тусалж байжээ. Тийн 1946 онд анх уулзахдаа тэд ойр зуурын хэдхэн үг солилцоод л харцаараа бие биесээ ойлголцжээ. О.Ивинская Пастернакийн уран бүтээлийг бишрэн шүтэгч байсан байна. Пастернак О.Ивинскаяагаас өөрийн нь ном бий эсэхийг асуухад О.Ивинская ганцхан л ном нь бийг хэлэхэд, Пастернак маргааш номоо ирүүлнэ гээд үнэхээр үнэхээр номоо өгүүлсэн байлаа. Энэхүү анхны уулзалтаараа Пастернак “Би үргэлжилсэн үгээр нэг роман эхлээд байна. Гэхдээ цаашдаа юу болохыг нь мэдэхгүй байна” гэсэн аж. Тэр хоёр танилцаад, дараа нь хэн нэгнийхээ амьдралд саад болохгүйн тулд бас л бие биенээсээ хөндийрөх гэж оролдсон боловч бурхнаас заяасан хувь төөргийг мэхэлж, хуурч дөнгөнө гэж үү. Ингээд л Пастернак “Живаго эмч” романыхаа гол баатрын нэг Ларагийн охин Катягийн дүрийг О.Ивинскаягийн охин Ирагаар төлөөлүүлэн бичсэн түүхтэй билээ.

Энэ үед Пастернакийн шүлэг зохиолыг огт хэвлэдэггүй, хэвлэхийг ч зөвшөөрдөггүй байсан учир дэлхийн утга зохиолын сонгодгуудыг орчуулан амь зууж байлаа. Тэрбээр англи, герман, франц хэлийг гаргуун эзэмшсэн нэгэн байсан юм. Тэрбээр Шекспир, Гёте, Шелли, Верлен, Китс, Петефи гээд дэлхийн утга зохиолын сонгодгууд болон тэр үеийн Зөвлөлтийн ард түмнүүдийн сонгодог бүтээлээс, ялангуяа анхны эхнэрээсээ салж, хоёр дахь эхнэртэйгээ холбогдчихоод орох оронгүй сандарч мэгдэж байх үед нь тэднийг Гүрж нутагтаа урьж аваачин хагас жил дайлж цайлан, харамгүй цагаан сэтгэлээр хандаж, толгой хоргодуулж байсан Гүржийн зохиолч, анд Паоло Яшвили, Тициан Табидзе, Николо Мацишвили, Н.Бараташвили, А.Церетели, Г.Леонидзе, .-С.Чикованит зэрэг олон нөхдөө бодож Гүржийн сонгодог зохиолоос орчуулж байлаа. Гэхдээ энэ үед Паола Яшвили зэрэг олон анд нь 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөж амь насаа алдаад байсан бөгөөд Пастернак Яшвилийн эхнэрийг гэртээ урьж авчрах, баяраар захидал цахилгаан явуулах, чадах ядахаараа мөнгө төгрөгөөр туслах зэргээр тухайн цагтаа “зоригтой” алхам хийж байсан, бусдын ач тусыг мартдаггүй нэгэн гэдгээ харуулж байсан билээ. Чухам тиймдээ ч өөрийн намтартаа “Гүржийн яруу найрагчид миний хувийн амьдрал, ертөнцийн бүрэлдүүн хэсэг болсон юм” хэмээн бичиж байлаа.

Пастернак бүр 1920-иод оны үеэс орчуулга хийж эхэлсэн бөгөөд Ганс Сакс, Клейст, Бен Жонсон нарын бүтээл, “Гамлет”, “Ромео Жульетта”, “Антония, Кпеопатро хоёр” зэрэг сонгодог зохиол орчуулсан нь бий. Тэр цагт “Фауст”-ыг орчуулж байхад зохиолын нэг гол баатар Маргарита нь Пастернакт О.Ивинская шиг санагддаг байжээ. Тийн “Фауст” хэвлэлээс гарахад Пастернак нэг номон дээрээ “Олюш, ганц минутад ч гэсэн номон дотроос гарч, хажууд минь суун энэ номыг унш даа” гэж бичин дурсгаж байв.

Нэг удаа Английн нэг сонинд “Пастернак эр зориг гарган дуугүй л байна” гэж бичсэн нь түүнийг эөвхөн орчуулга л хэвлүүлэхээс биш зохиолоо хэвлүүлэхгүй байна гэсэн санаа аж. Үүнийг уншиж үзээд тэрээр “Намайг эр зоригтойгоор дуугүй байгааг тэд нар хаанаас мэдсэн юм бол? Миний бичсэнийг хэвлэхгүй байгаагаас л би дуугүй байгаа юм” гэж хэлж байсан ажгуу. Пастернак цөхрөнгөө барж гүйцсэн үедээ “Миний уран бүтээлийн хамгийн сайн он жилүүдийг орчуулга авчихсан юм” хэмээн халагласан нь буй. Бас нэгэнтээд нэгэн нэрт зохиолчийн шинэ ном гарсан талаар “Ерийн л байдаг л ном байна. Өөрөөр ч байх аргагүй юм. Манайд чинь номыг нь хэвлэж байвал бичсэн шиг бичих боломж олгодоггүй, хэрвээ бичсэн шиг биччихвэл хэвлэдэггүй юм шүү дээ” гэсэн байдаг.

Пастернак, О.Ивинская нарын хайр дурлал эрч хүчээ авч байсан 1947 онд тэдний амьдралд аюул ойртож буйн дохио анх ирсэн юм. Пастернакийг муулах, хавчин хяхах ажил бүр эртнээс, 1930-аад оноос ч өмнөх үеэс эхтэй билээ. Энэхүү хардлага сэрдлэг нь хожмын “Живаго эмч” зохиолын анхны үүдэл санаа цухуйж эхэлсэнтэй ч холбоотой байдаг. Нөгөөтэйгүүр түүний шүлэг нь бусдынхаас даанч онцгой ялгарч, хүний сэтгэлд хүрдэг байсан нь яруу найрагч хэмээн өөрсдийгөө цоллодог олон хүний атаархлыг төрүүлж, энэхүү атаархал нь өшөө хорсол болон өөрчлөгдсөнөөс ч үүдэлтэй гэж болох. Пастернак 1918 онд “Сестра моя жизнь” хэмээх уянгын шүлгийн цоморлигоо дуусгаад нэгэн том роман эхэлж, түүнийгээ түр зуур “Гурван нэр” хэмээн нэрлээд, ийнхүү роман эхэлж буй минь миний уран бүтээлийн хувьд нэг том эргэлт болж байгаа юм хэмээн үзэж байжээ. Тэрээр яруу найрагч, уран бүтээлчийн хувьд хориод оны сүүлийн хагасаас гучаад оны эхний хагасын хугацаанд хамгийн их алдаршиж, уншигчдаа баярлуулж, өөрт нь атаархагчдын хор шарыг хөдөлгөж байсан, нэр алдрынх нь нэгэн оргил үе юм. 1931 онд намтарчилсан хүүрнэлээ “Хамгаалалтын жуух бичиг” гэдэг нэрээр хэвлүүлж, ямар ч цаг үед уран бүтээлч хүн өөрийн нэр төрийн эзэн байх ёстойг сөхөн тавьснаараа дээдсийн дургүйг хүргэж, энэ номыг нь 1933 онд хаасан байдаг.

1934 оны тавдугаар сард О.Мандельштам баригдахад Пастернак Бухаринаар дамжуулан Осип Мандельштамын хойноос хөөцөлдөж, үүнтэй нь холбогдуулан Сталин өөрийн биеэр Пастернактай утсаар ярьж байсан юм. 1933 оны зун Зөвлөлтийн зохиолчдын их хурал дээр тэрээр үг хэлж, улмаар Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байлаа. 1935 онд Парист болсон Соёлыг хамгаалах олон улсын их хуралд Сталины шаардлагаар хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаажээ. Хурлыг зохион байгуулагчид Пастернакийг оролцуулахгүй бол бараг л хурал хийхээ болино гэх шахуу болзол тавьсан юм билээ. Мань хүн бүтэн жил нойргүйдэж, бие нь муу байсан боловч Парис руу явсан юм. 1936 оны намраас түүнд хандах хандлага илтээр өөрчлөгдөж эхэлсэн байна. Өмнө нь түүнийг “амьдралаас тасарсан байна”, “ойлгомжгүй бичиж байна”, “субьектив байна” гэх мэтчилэнгээр муулан шүүмжилдэг байсан бол одоо түүнийг улс төрийн талаар улаан цайм буруутгаж эхэлжээ. Түүний “Зуны тэмдэглэлээс” хэмээх мөчлөг шүлгийг нь Зохиолчдын эвлэлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга П.Ставский “Зөвлөлтийн ард түмнийг гүтгэсэн байна” хэмээн нийтийн өмнө шүүмжилжээ. 1937.02.24-нд хуралдсан Зөвлөлтийн зохиолчдын эвлэлийн бүгд хурал дээр Пастернакийн анд хэмээгддэг, түүн шиг сайн шүлэгч нэгэн бээр Пастернакийг газар доогуур ортол муулан шүүмжилсэн юм. Түүний шүүмжлэл дотор “Пастернакийн шүлгийг утгагүй үгсийн цуглуулга гэж надад бүү хэл.  Энэ бол хэн нэгэнд хандан зарга мэдүүлсэн нууц шифр юм. Энэ бол хоёр нүүр гаргаж байгаа явдал. Сүүлийн үед Пастернак нийгмийн талаарх алхам, ажил төрөл нь ч мөн л ийм хоёр нүүр гаргалтаар баялаг байгаа. Түүний иргэн хүнийхээ үүргийн эсрэг хийж буй алхмуудыг нь авьяас билиг гэдгээр нь тайлбарлаж болохгүй. Хэргийн гол нь хэлбэрийн нарийн төвөгтэйдөө байгаа юм биш, Пастернак энэхүү нарийн төвөгтэй байдлыг бидэнд дайсагнасан, хүниймсэг зорилгод ашиглахаар шийджээ” хэмээн хэлжээ.

Энэ мэтчилэнгээр Пастернак руу дайрсан бүх дайралтыг энд тоочихын аргагүй. Харин нэг хүний талаар дуугүй өнгөрч болохгүй. Тэр хүн бол “Комсомолын яруу найрагч” гэгддэг Алексей Сурков юм. А.Сурков Фадеевын уналтад ч бас л “чухал” үүрэг гүйцэтгэсэн билээ. А.Сурков Пастернакийг Зөвлөлтийн зохиолчдын анхдугаар их хурал дэр шүүмжилсэн ганц зохиолч бөгөөд энэ зангаа Пастернакийг насан өөд болтол үргэлжлүүлсэн юм. А.Сурков Зөвлөлтийн зохиолчдын байгууллагад нарийн бичгийн даргаас эхлээд өндөр алба хашдаг, ядмаг шүлэгч ч яггүй түшмэл байжээ. Тэр 1947.03.21-нд ЗХУКН-ын ТХ-ны мэдлийн “Культура и жизнь” сонинд “Пастернакийн яруу найргийн тухай” гэдэг нэртэй үгүүлэл нийтлүүлж, яруу найрагчийг бут ниргэсэн байна. А.Сурков “Яруу найрагч хөрөнгөтний түр засгийн тухай сэтгэлийн хөдлөлөө нууц чадахгүй магтан бичиж байна…” гэхчилэнгээр дайрчээ. 1947.03.15-нд “Литературная газета” сонинд Я.Сашин гэгч “Хог өвсөндөө баригдсан цэцэрлэг” нэртэй ёгт шүлгээ хэвлүүлсэн нь Пастернак руу дайрч довтлон, гутаан доромжилсон хэрэг байв. Мөн энэ оны зургадугаар сарын 26-нд Москвад зохиолчдын эвлэлийн 11-р бүгд хурал дээр А.Фадеев “Манай үзэл санааны дайснууд” гэсэн илтгэл тавьж, Пастернакийг “амьдралаас тасарсан”, “хөрөнгөтний хэвлэлд түүнийг хэлэх үгээ олж ядан магтдаг” гэхчилэнгээр зад шүүмжилсэн юм. Ингээд зогссонгүй, мөн оны “Звезда” сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт А.Плоткин гэгч Пастернакийг зүсээ нуугаагүй дайсан гэх мэтчилэнгээр дайрав. Энэ үед Пастернакийн мөнгө санхүүгийн байдал хүндэрч, тэрбээр “Живаго эмч” романаа бичих ажлаа зогсоож орчуулга хийж хамаг цагаа үрэх болсондоо их харамссан байдаг. Тийн Петефийн 2500 мөр шүлгийг нэг cap долоо хоногийн дотор, “Лир ван”-г cap хагасын дотор орчуулсан байдаг. 1948 он гараад ч Пастернакийн эсрэг довтолгоон үргэлжилсээр байлаа. 1948.01.23-нд “Новый мир” сэтгүүлийн редакц Пастернакийг “Иннокентий Дудоров” романыхаа урьдчилгаа мөнгийг авсан боловч зохиолоо хугацаандаа өгөөгүй хэмээн шүүхэд өгөв. 1948 онд “Литературная газета”, “Октябрь” “Новый мир” сэтгүүлд шүүмжлэлүүд тасарсангүй. Б.Пастернакийн 1947 онд хэвлүүлсэн “Зохиолын цоморлиг” номыг нь худалдаанд гаргуулалгүй 1948 оны дөрөвдүгээр сард устгасан болой. Ийнхүү 1947-1948 онд Пастернакийн эсрэг өргөн кампанит ажиллагаа эхэлсэн нь түүнийг 1947 оны Нобелийн шагналд нэр дэвшүүлсэнтэй холбоотой байжээ. Тийн аюул нөмөрсөн 1949.10.06-ны орой Зөвлөлтийн До яамныхан Ольга Ивинскаяг баривчлав. Пастернакийг баривчлалгүй О.Ивинскаяг баривчилсан нь нарийн учир шалтгаантай байв. Далдуур ул шагайгчдын мөшгилтөөс үндэслэн Зөвлөлт төр, До яам нь тухайн нөхцөлд хамгийн их ойр дотно хүнийг нь баривчлах юм бол хамгийн хүнд цохилт өгч, Пастернакийг өөрийг нь баривчилснаас ч илүүгээр нөлөөлнө гэж тооцоолсон ажгуу.

Пастернак олон газрын хаалга татсан боловч яаж амжилт олох билээ дээ. Мөрдөн байцаагчид О.Ивинскаягаас “Та яагаад Пастернактай хамт хилийн чинад руу зугтаах гэсэн юм бэ? Бидэнд энэ талаар баттай мэдээлэл байна. Пастернак ямар роман биччихээд гараас гарт дамжуулан тараагаад байна? Романы Зөвлөлтийн эсрэг агуулгыг та мэдэх үү? Сайн бодож үзээд мэдэх бүхнээ ярихыг зөвлөж байна” гэж тулгажээ. Ийн хэдэн сарын турш шөнө бүр дуудан байцаав. О.Ивинская энэ үед жирэмсэн байжээ. Пастернак түүнээс төрөх хүүхдийг тэсч ядан хүлээж байлаа. Гэвч шорон оронд орж зовж зүдэрсэн бүсгүй тэнд хагас жил суугаад хүүхдээ дутуу гаргалаа. Энэ үед Любянкаас Пастернакийг дуудахад хүүхдийг минь өгөх гэж байна гэж баярлан санд мэнд очтол О.Ивинскаяд байсан түүний номууд болон Ивинскаяд бичсэн захидлуудыг нь л өгчээ. Энэ бол Пастернакийг доромжлон тохуурхаж, урьдаас төлөвлөсөн бас нэгэн хорт ажиллагаа байлаа. Пастернак Германы зохиолч эмэгтэй Рената Швейцерт бичихдээ “Түүнийг /Ивинскаяг/ тагнуулын байгууллагынхан надад хамгийн ойр дотны хүн гэж үзсэн учир тамлан байцааж, намайг шүүхээр мөрдөн мөшгих хангалттай мэдүүлэг авахаар шоронд суулгасан юм. Түүний баатарлал, тэвчээрийн ачаар л тэр жилүүдэд намайг оролдоогүй, би амьд үлдсэн юм” гэж бичсэн бөлгөө.

Тэр үед шоронд байгаа хүмүүст зөвхөн ойр дотныхон нь л захидал бичих эрхтэй байлаа. Тиймээс уран гоё үгтэй хэдэн ил захидал авсан Ивинская энэ захидлыг хэн бичсэнийг нь дорхноо ойлгожээ. Захидал хэдийгээр “Ээж чинь” гэсэн гарын үсэгтэй ч түүнийг Пастернак бичсэн байлаа. О.Ивинская бүтэн таван жил шоронд суугаад гарч ирэхэд Пастернак түүнтэй уулзаж зориглохгүй зугтаасаар байсан гэнэ. “Энэ бол намайг шоронд таван жил суучихаад гарч ирэхдээ чавганц шиг болчихсон байх гэж болгоомжилсноос л ийнхүү уулзалгүй хэсэг зуур зугтсан юм билээ. Тэр надтай уулзахад нь би багагүй цонхийж, өмнөхөөсөө арай турсан байсан байх” гэж Ивинская энэ явдлыг тайлбарласан байна. Ивинская гэдэг энэ үйлийн үртэй эмэгтэй үнэхээр үзэсгэлэнтэй, царайлаг эмэгтэй байжээ. Охин Ира нь ч эхийгээ дуурайсан бүсгүй. Ивинская шоронгоос гарахдаа 42 настай байлаа.

1960 онд түүний хоёр дахь эхнэр Зинаида Николаевна уушигны рак өвчин тусаж өдрөө хүлээж байсан Пастернакаас Ивинскаятай уулзуулах уу гэж асуухад Пастернак уулзахыг хүсэхгүй байсан гэж дуртгалдаа бичсэн байдаг. О.Ивинская хашааных нь хаалган дээр олон удаа ирээд уйлж зогсохыг харсан гэж Зинаида бичсэн бий. Ивинская уйлж зогссон нь үнэн байх.

Харин Пастернак Ивинскаятай уулзахгүй гэж хэлсэн үү гэдгийг өнөөдөр хэн ч үнэнээр нь хэлж чадахгүй биз ээ. Ивинская охиныхоо хамт Пастернакийн оршуулгад оролцсон юм. Энэ тухай Зинаида хатагтай “Шарилын араас би явж байсан. Намайг биерхүү Ливанов сугадаж явсан бөгөөд аль болохоор бусдын өмнүүр орох гэж зүтгээд байсан Ивинская охинтойгоо болон найз бүсгүйчүүдтэйгээ намайг түлхэж гаргахаас тэр тохойгоороо хамгаалж байсан юм” хэмээж бичжээ. Ивинская ингэж л элдвийг амсаж, муу сайнаар хэлүүлж, хайртай, бас өөрөө хайрлуулж явсан хүнээ хэл амтайгаар эцсийн замд нь үдсэнээр Пастернактай холбогдсон энэ зовлонт хувь заяа, зовлон зүдүүр, хэл ам дуусаагүй юм. Пастернак их л өвөрмөц авир зантай нэгэн ажгуу.

Нэгэн цагт том дарга явсан Бухарин буруутан хэмээгдэн цаашдын хувь заяа нь нэгэнт тодорхой болчихоод байсан үед Пастернак түүнд захидал бичиж сэтгэл санаагаар дэмжихдээ “Таныг буруутан гэдэгт би итгэхгүй байна” гэдгээ шууд илэрхийлсэн удаатай. Мөн л гучаад оны самуун цагт А.Ахматовагийн нөхөр Пунин, хүү Лев хоёр баривчлагдаж, Пастернак Сталинд захидал бичихэд тэр дор нь тэднийг сулласан байдаг. Осип Мандельштам, Пастернак хоёр бие биесийндээ зочлоход тэд их авьяастнуудын зангаар хоорондоо шүлгээрээ өрсөлдөж, таарамж муутай байдаг байсан ч гэлээ Мандельштамыг эхний удаа баривчлагдахад нь Пастернак “Известия” сонины эрхлэгч байсан Бухаринд хандан тийм том яруу найрагчийг ямар нэгэн шүлгийн нь төлөө /Үнэндээ бол Мандельштам Сталиныг муулсан шүлэг бичсэн байжээ/ шоронд суулгаж хэрхэн болох билээ хэмээн бичжээ.

Үүний дараахан Пастернакийн гэрийн утас /нийтийн байрны дундын утас/дуугарахад утсыг авсан хэн нэгэн нь Пастернакийг Кремлийн утсаар дуудаж байна гэхэд утсыг авбал түүнтэй Сталин ярьсан байна. Ийнхүү Сталин, Пастернак хоёрын хооронд, хожим олны дунд ихэд түгсэн цуутай яриа болсон юм.

Сталин:
-Мандельштамын хэргийг дахин хянан үзэж байгаа.Та яагаад зохиолчдын байгууллага юм уу, надад шууд хандсангүй вэ? Хэрвээ би яруу найрагч байгаад миний анд яруу найрагчид зовлон бэрхшээл тохиолдсон бол би түүндээ туслахын тулд хана өөд ч авирах байсан.

Пастернак:

-Зохиолчдын байгууллага ийм асуудлыг 1927 оноос хойш авч үзэхгүй байгаа. Хэрвээ би хөөцөлдөөгүй сэн бол та юу ч мэдэхгүй л байх байсан шүү дээ.

-Тэр чинь мастер биз дээ? Мастер уу?

-Тантай уулзахыг хүсэх юм даа. Ярилцмаар байна.

-Юун тухай?

-Амьдрал ба үхлийн тухай… гэхчлэнгээр нэг хэвлэлд энэ утасны ярианы талаар бичсэн байх юм.

Энэ нь1930 онд Сталин Булгаков руу утасдаж ярьсантай адил үлгэр домог мэт зүйл болсон билээ. Гэвч үүгээр Сталин, Пастернак хоёрын хоорондын харилцаа дуусаж байгаа юм биш ээ. Сталины гэргий Н.Аллилуева нас барахад хэсэг зохиолч Сталинд эмгэнэлийн цахилгаан явуулжээ. Тэгэхэд Пастернак түүнд гарын үсгээ зурж амжаагүй бололтой. Тэгээд “Нөхдийнхөө эмгэнэлд нэгдэж байна. Өмнө нь Сталины тухай, уран бүтээлчийн хувьд анх удаа гүнзгийгээр хичээнгүйлэн бодов. Өглөө нь “Известия” сониныг уншаад хамт байж, амьдарч, үзсэн юм шигээр сэтгэл зовлоо” хэмээн бичсэн захидал нь дээрх гашуудал илэрхийлсэн зохиолчдын захидалтай хамт “Литературная газета” сонины нэг дугаарт нийтлэгдэж байжээ. Чухамхүү энэ захидал л Пастернакийн амийг аварсан байх гэж одоо зарим нь үздэг юм билээ.

Пастернакийг нас барсны дараа ч түүнийг хавчин хяхах, Зөвлөлтийн утга зохиолын түүхээс түүний уран бүтээл, амьдралын нь ул мөрийг арилгах хүсэлтэн бас л байсаар байв. Түүнийг нас барснаас хойш булшийг нь хөндөх зэргийн доромжлол нэг биш удаа гарсан ажуу. 1981-1987 онд л гэхэд түүний оршуулгын дээрх хөшөө рүү будаг цацаж, бас үнэн алдартны загалмай зурсан байна. Гадаадын нэг орны Ерөнхий сайд Пастернакийн булшин дээр урьд өдөр нь цэцэг өргөснийг ч бас л будгаар нялсан байлаа. Мөн тэр онд Пастернакийн Переделкино дахь байранд үл мэдэгдэх шалтгаанаар түймэр гарч, түүний амьдрал уран бүтээлийн олон ховор баримт, эд өлгийн зүйл шатаж устах шахсан байна. Пастернакийн байшинд амьдарч, энэхүү “сайн дурын музей”-г нь зохиолчийн амьд ахуйд нь байсан тэр хэвээр нь хадгалж байсан ар гэрийхэн, хамаатан садныхныг нь уг байшингаас хөөн гаргаж, тэр байшин эзгүй хоцорсон гэнэ. Переделкино дахь зохиолчдын байруудын уг эзэн нь Утга зохиолын фонд гэдэг байгууллага бөгөөд уг байрыг зохиолчид түрээсээр авч, насан туршдаа суудаг журамтай юм байна. Тэнд нийтдээ 57 байр байдаг ажээ. Ийнхүү Корней Чуковский, Пастернак нарын амьдарч байсан байранд “гэр музей”- г сайн дураараа байгуулж, жилд олон мянган хүн чухамхүү энэ хоёр гэр музейг үзэхээр ирдэг байжээ. Гэтэл тэр үеийн зохиолчдын байгууллага, алдартай зохиолчдын сууж байсан байшин бүрийг “гэр музей” болгоод байвал Переделкино тэр аяараа гэр-музейн хот болно гэж болгоомжлон, тэр хоёр гэр музейг устгах бодлого баримтлах болсон аж.

Ийнхүү Пастернакийн эсрэг чиглэсэн үйл ажил түүнийг нас барснаас нь хойш хэдэн арван жил өнгөрсөн хойно ч үргэлжилсээр байв. Нас барсны нь дараа түүний уран бүтээлийн өвийн шагналын асуудлыг хөндөж, талийгаачийн ясыг өндөлзүүлсэн шуугиантай хэрэг дэгдсэн бөгөөд энэ бүхний дүнд өмнө нь ч гэмгүй атлаа гэмтэн болж хохирч байсан О.Ивинская энэ удаа охинтойгоо хоёул буруутан болж шоронгийн хаалга дахиад татсан талаар товч үгүүлье. 1960.11.10-нд Москва хотын шүүх “Зохиолчдын эвлэлээс хөөгдсөн бөгөөд ЗСБНХУ-д хэвлэхийг зөвшөөрөөгүй “Живаго эмч” романыг зохиогчийн ойр дотны хүний хувьд дээрх романы гap бичмэлийг Миланы /Италийн/ хэвлэлийн эзэн Джанджакомо Фельтринеллид хууль бусаар дамжуулахад хүчин зүтгэж, Пастернакийг нас барсны дараа өөрийн охин Ирина Емельяновагийн оролцоотойгоор, өөрт нь хилийн чинадаас Д.Фельтринелли болон бусад хүмүүс “Живаго эмч” романы шагналын багагүй хэмжээний мөнгийг контрабандын замаар оруулж ирснийг үргэлжпэн авсаар байсан 1912 онд төрсөн, орос, нам биш, утга зохиолын орчуулагч Ольга Всеволодовна Ивинская ЗСБНХОУ-ын эрүүгийн хуулийн 78-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн” хэмээн буруутгаж ялласан юм.

Ийнхүү шүүхээр яллахын тулд Пастернакийг нас бараад хоёр cap хагас өнгөрч байхад буюу наймдугаар сарын 16-нд эхлээд О.Ивинскаяг баривчилсан юм. Ингээд зогсолгүй Москвагийн Утга зохиолын дээд сургуулийн оюутан, хорин настай охиныг нь есдүгээр сарын 5-нд баривчилсан юм. Шагналын мөнгийг хилийн чанадаас контрабандын замаар оруулж ирсэн гэдэг ч үндэслэлгүй. Мөнгийг гуйвуулгаар Зөвлөлтийн банкнаас авсан байлаа. О.Ивинская Пастернакийн шагналын мөнгийг дур мэдэн өөрөө ашигхайн авсан гэдэгч үндэслэлгүй. Яагаад гэвэл Пастернак нас барахынхаа өмнө Фельтринеллид “Живаго эмч” болон бусад зохиолууд минь хилийн чанадад хэвлэгдсэний бүх шагналыг О.В.Ивинскаяд гэрээсэлж байна” гэсэн гэрээслэлээ явуулсан байсан болохоор Фельтринелли бүх шагналыг О.Ивинскаяд явуулсанд Ивинская ч, Фельтринелли ч яахин буруутан байх билээ.

Харин энэ хэргийг хөндөж тавьсан бөгөөд шагналыг нь эзэгнэх гэсэн хүмүүсийн хэл ам, Зөвлөлтийн албан ёсны түшмэл нарт сайхан шалтаг болж О.Ивинскаяг ямар ч гэм зэмгүй байхад нь охинтой нь хамт гурван жилийн ял оноож, эх, охин хоёр ялын хугацааг дуусган шоронгоос гарч ирсэн юм. Харин О.Ивинская өөрийн сайн дураараа гаднаас ирэх шагналыг гурав тэнцүү хувааж, хүүд нь болон Зинаида нарынханд өгч байжээ. Шоронд орсны дараа ч гаднаас ихээхэн мөнгө ирэхэд гурав хуваан өгсөн байдаг юм билээ. Ийнхүү өөрт нь суут яруу найрагч хайртай болсны төлөөсөнд, ямар ч буруу зөрүү юм хийгээгүй О.Ивинская Пастернакийг амьдад нь болон нас барсны нь дараа хоёр удаа жинхэнэ хилсээр шоронд суусан гунигт түүхтэй бөгөөд О.Ивинская 1995 онд нас баржээ.

Пастернак өөрийн намтрын найруулалдаа “…Би тун саяхан нүүр улайн ичихээргүй, арыг нь зоригтой даах, өөрийнхөө хамгийн гол, хамгийн чухал ганц бүтээл-шүлэг хавчуургатай хүүрнэл роман “Живаго эмч”-ээ дуусгалаа” хэмээн бичсэн байдаг. Энэхүү “хамгийн гол, чухал ганц бүтээл” нь болсон “Живаго эмч”-ийг ЗХУ-д хэвлүүлэх гэж үйлээ үзсэн хийгээд Италид гар бичвэрээ нууцаар гарган хэвлүүлсэн ба Пастернакт Нобелийн шагнал олгосонтой холбоотой асуудлыг сөхөх нь зүйтэй болов уу гэж бодном.

Анхны үүдэл санаа нь 1910-аад оны үеэс бий болж, зарим эх ноорог гаргаж, бүр өөр нэрээр ч бие даасан зохиолын маягаар бичиж эхэлсэн боловч үнэн хэрэпгээ 1946 оноос л тэрбээр “Живаго эмч” зохиолоо тууштайгаар бичиж эхэлжээ. Тийн О.Ивинская, түүний охин Ира нарыг зохиолынхоо Лара, түүний охин Катя болгон дүрсэлж бичсэн энэ романаа 1955 оны дунд үеэр дуусгажээ. Пастернак романаа дуусгасандаа сэтгэл их хангалуун байсан бөгөөд 1955 оны арван хоёрдугаар сард гар бичвэрээ хавтаслаж янзлаад Улсын уран зохиолын хэвлэлийн газар ба “Новый мир” сэтгүүлд хүргэж өг хэмээн О.Ивинскаяд өгчээ. Хэвлэлийн газрын захирал А.К.Котов, ерөнхий редактор А.И.Пузиков нар гap бичвэрийг хүлээж аваад, редактороор өндөр шаардлагатай, зарчимч, ажлын их туршлагатай А.В.Старостинийг тэр дор нь томилжээ.

Тийн редактор нь зохиолчтой ярьж, зарим засвар, хасалт хийхээр тохирч, номыг тэр дороо хэвлэх болсон түүхтэй. Гэтэл “Новый мир” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн таван гишүүн Пастернакт хандан томоохон захидал бичсэн байна. Тэр таван гишүүн өөрсдийн захидлаа 1956 оны есдүгээр сард бичсэн гэж огноолсон бөгөөд энэ шүүмж “Литературная газета” сонины 1958 оны сүүлээр нийтлэгдсэн юм. Энэ захидалд Б.Агалов, Б.Лавренев, К.Федин, К.Симонов, А.Кривицкий нар гарын үсэг зурсан. Мөн тэр дугаарт нь зохиогчийн нэргүйгээр “Дахин амилсан Иуда болсон эмч Живаго ба ард түмний жигшлийн хувь тавилан хүлээж буй зохиогчийг нь алдар гавьяагүй төгсгөл хүлээж байна” хэмээн бичсэн зүйлийг хамтад нь нийтэлсэн байна.

Ийнхүү Пастернак өөрийнхөө “хамгийн гол, хамгийн чухал” бүтээлээ ЗХУ-д нийтлүүлэх хүсэл мөрөөдөл нь талаар болоход гадаадад хэвлүүлэх талаар бодож эхэлсэн бололтой байдаг. Гэхдээ зохиогч энэ зохиолоо анхлан бичиж эхлэхдээ Зөвлөлтийг муулах, гадаадад хэвлүүлэх талаар ямар ч бодол агуулаагүй байсан нь тэрбээр гар бичвэрээ хэнээс ч нуулгүй олон удаа олон хүнд уншиж байсан хийгээд зохиолоо дууссаны дараа Зөвлөлтийн хэвлэлийн газар, Зөвлөлийн уран зохиолын сэтгүүлд нийтлүүлэхээр гар бичвэрээ өгч байсны дээр 1954 онд “Знамя” сэтгүүлд романыхаа талаар анх удаа олон нийтэд мэдээлсэн байдаг зэргээс харагддаг.

Пастернак зохиолынхоо гар бичмэлийг италичуудад хэрхэн өгсөн талаар зөрөөтэй мэдээллүүд байдаг Зинаида болохоор 1957 оны зун Пастернакийнд зохиолч К.Федин Ливанов болон гадаадын олон зочин ирж, тэдний дотор зургаан итали хүн байсан. Тэд найрлаж архидсан бөгөөд Пастернак ч уусан гэнэ. Тийн зочид тарж явах болоход нэг итали хүнд хавтастай юм өгөхөд нь романыхаа гар бичвэрийг өгчихлөө гэж мэдээд Пастернакаас асуухад хэдхэн өдрийн дотор уншаад өгье гэсэн юм хэмээн хариулсан гэх мэтээр бичсэн бий. Харин Ивинская болохоор 1956 оны тавдугаар сарын сүүлчээр Переделкинод очиход Пастернак түүнтэй уулзаад “Над дээр Италийн томоохон хэвлэлийн газрын эзэн Фельтринеллигийн бие төлөөлөгч Серджио Д. Анджело ирлээ. Тэр миний романыг сонирхож байна. Тэгэхэд нь хэрвээ өөрсдөд чинь таашаагдах аваас номыг минь дураараа ашиглаж болно” гэж хэмээн би хэллээ хэмээжээ.

Пастернактай уулзсан тухайгаа Серджио Д.Анджелио ийн бичжээ. “Би ирсэн зорилгоо хэлэхэд тэр бүр алмайрч гайхаж гүйцсэн. Би түүнд одоо улс төрийн байдал өөрчлөгдөж байна. Тийм учраас надад итгэхгүй байгаа тань огтоос үндэслэлгүй юм гэдгийг түүнд ойлгогдохоор хэлэв. Сүүлдээ тэр миний шахалтанд автсан. Тэр уучлал хүсээд цаад өрөө рүүгээ орж гap бичвэрээ авчирлаа. Тэр намайг гаргаж өгөн хашааныхаа хаалганд хүргэхдээ, тоглосон ч юм шигээр өөрийн болгоомжлолыг “Та намайг өөрийгөө цаазлах яланд урилаа” гэж хэлсэн” хэмээн бичсэн байна. Пастернакийн ёрлосон үг яг үнэн болж, номоо Италид хэвлүүлсэн нь түүний үхлийн гол шалтгаан болсон амуй. 1957 оны арваннэгдүгээр сард Италид “Живаго эмч” роман хэвлэгдэн гарав.

Тийнхүү энэ роман дэлхий дахинаар аялан түгэх их аян замаа эхэлж, хоёрхон жилийн дотор дэлхийн 24 хэлнээ орчуулагджээ. Пастернак ч их баяртай байлаа. Энэ үед Пастернакийг орчуулга хийхийг нь ч хориглож, мөн чанартаа ажилгүй болсон авч, ном гарсанд баярлаад, ажилгүй болсноо тоох сөгөө байсангүй. Тэгтэл 1958.10.23-нд Шведийн шинжлэх ухааны академи Пастернакт 1958 оны утга зохиолын салбарын Нобелийн шагнал олгосноо дэлхий дахинд цацав. Нобелийн утга зохиолын салбарын шагналыг тодорхой нэг бүтээлд олгодоггүй бөгөөд зохиолчийн нийт бүтээлд нь олгодог журамтай. Пастернакт Нобелийн шагнал олгох асуудал Дэлхийн II дайны дараа үеэс эхлэн хүчтэйгээр яригдаж эхэлсэн түүхтэй.

Энэхүү шагналд дэвшүүлэх, хэлэлцэх ажиллагаа нууц байдалд явагддаг учир бүх зүйлийг нарийн тод мэдэх, хэлэхэд хэцүү юм. Пастернак өөрийн нь нэр Нобелийн шагналд дэвшиж буйг тойруу замаар буюу Зөвлөлтийн хэвлэлүүдэд өөр лүү нь дайрах дайралт чангарч, догширч байгаагаар нь мэддэг байжээ. Тэр цагийн Зөвлөлтийн нэртэй том зохиолчдын олонх нь өөрсдийгөө Нобелийн шагналд тэнцэх хүн гэж боддог байснаас л Пастернакийг хамгийн аюултай дайсан хэмээн үзэж, түүний эсрэг ажиллагааг тасралтгүй явуулдаг байсан нь өнөөдөр хэнд ч нууц биш болжээ. Пастернак Нобелийн шагналтан гэсэн хүндэтгэлтэй нэрийг хүлээхийн тулд ямар ч хавчлага, хяхалт, хүнд байдлыг амсан туулахад бэлэн байна гэсэн бодол агуулж байлаа. Гэвч төр засгийн их дарамт шахалтыг даван туулж нуруу бөгтийлгөхгүй тэсэн үлдэнэ гэдэг барагтай хүн дааж давахын аргагүй хүнд ачаа байдаг ажгуу.

1958.10.25-ны “Литературная газета” сонин Пастернак руу дайрах дайралтыг хошуучлан эхэлжээ. Пастернак шагналаас татгалзах бодолгүй байсан бөгөөд энэ номын гар бичвэрийг Италийн коммунист хэвлэлийн газарт өгч, хэвлэлийн хяналтын хувийг өөрөө уншихаар хүлээж байсан.  Шагналын мөнгөний тухайд гэвэл түүнийг Зөвлөлтийн энх тайвныг хамгаалах хороонд шилжүүлэхэд бэлэн гэсэн байр суурьтай байлаа. Утга зохиолын дээд сургууль дээр ч Пастернакийг шүүмжилсэн хурал цуглааныг зохион байгуулж гарын үсэг цуглуулсан бөгөөд тэд Пастернакийг Зөвлөлт орноос хөөн явуулахыг шаардав.

Пастернак ТХ-ны хэлтсийн эрхлэгч Поликарповын зөвлөснөөр Н.С.Хрущёвт хандан Зөвлөлтийн иргэнээс хасахгүй, гадаад руу хөөхгүй байхыг хүссэн захидап бичсэн нь үнэн баримт. Захидал бичсэний маргааш нь “Литературная газета” сонинд Пастернакийг харааж зүхсэн зүйлсийг зогсоож чадахгүй, харин Зөвлөлтийн иргэнээр үлдээе Зөвлөлтөөс хөөхгүй гэдгээ амласан байдаг. Энэ үед дэлхий дахинд Пастернакийг хамгаалах хөдөлгөөн эрчимтэй өрнөж байсны нэг баримт бол Пастернакийг хамгаалах хороог алдарт Джвахарлал Неру тэргүүлж байсан билээ. Түүний төрсний 100 жилийн ойн босгон дээр ихээхэн тэмдэглэлтэй, урьд өмнө нь тохиолдож байгаагүй үйл явдал болжээ. Москвагийн дүрслэх урлагийн музейд 1989.2.01-нд “Пастернакийн ертөнц” хэмээх үзэсгэлэн нээгдэв.

Энэ үзэсгэлэн дээр Шведийн элчин сайд, ноён Бернер гэдэг хүн Пастернакт 1958 онд Нобелийн шагнал олгосон тухай дипломыг нь авчирч, анхны эхнэрийн хүү Евгений Пастернакт гардуулахдаа Нобелийн шагналын медалийг Стокольмд хүндэтгэлтэйгээр гардуулах тул Евгенийг Шведэд урьжээ. Пастернак 31 жилийн өмнө авах ёстой байсан энэхүү медалийг 1989 оны Нобелийн шагналтнуудад шагналыг гардуулах ёслолын үеэр түүний ууган хүүд гардуулж байгаа нь хэдийгээр олон арван жилээр хоцорсон ч гэлээ шударга ёсыг сэргээсэн хэрэг амуй. 1989.12.07-нд Шведийн академийн нарийн бичгийн дарга Сторе Аллен, Борис Пастернакийн шагналыг хүүд нь гардуулан өгөхдөө Пастернакийн 1958.10.23-нд Нобелийн шагнал авсандаа талархсан цахилгаан, мөн сарын 29-нд уг шагналаас “сайн дураараа” татгалзсан тухай цахилгааныг хоёуланг нь уншаад, Шведийн ШУА, Пастернак Нобелийн шагналаас татгалзсан нь хөндлөнгийн шахалтаас болсон байна гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, шагналын медалийг түүний ууган хүүд гардуулж байна хэмээн хэлжээ.

Шагналтай холбогдсон энэ бүх хэл ам, ачаалал дарамт Пастернакийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, шагнал авснаас хойш жил хагасын дараагаар уушигны рак өвчний хурц хэлбэрээр өвдөж, нүгэлт энэ ертөнцийг орхин оджээ. Тэрбээр,

“Хамаг юм хаагдаж бид үхэхдээ

Ховдол, зүрх хоёроос ч нягтарч

Хоёул айзам нэгтэй байхыг

Хүсэж байна даа, би чинь” хэмээн бичиж байснаараа өнөөдөр Пастернак хэнтэйгээ зүрх, ховдол хоёроос ч ойроор нэгдэн нийлж, хослон цохилж буйг хэн мэдэх билээ.

Хэвлэлд бэлтгэсэн эрдэмтэн зохиолч С.Лочин

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд