No menu items!
HomeХүмүүсӨгүүлэхүйн уран авьяастан Г. Равдан

Өгүүлэхүйн уран авьяастан Г. Равдан

-

Радио, нэвтрүүлгээр хоолойг нь сонсоод л өнөөх хэн байна гээд мэдчихдэг эрхэм уран бүтээлчид олон. Түүний дундаас Гомбын Равдан хэмээх эрхэмийг “Хүмүүс” буландаа онцоллоо.

 Радио, телевизийн болон тайз дэлгэцийн уран уншлагын олон арван бүтээлтэй түүний дуу хоолой, өгүүлэхүйн уран чадвар олон хүний сэтгэлд хоношсон билээ. Тэрбээр урлагт 30 гаран жил зүтгэхдээ өгүүлэхүйн урлагийг дунд нь нэг ч орхиогүй гэдэг.

 Тэрбээр 1952 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт 9 хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлсэн. Жолооч аавыгаа даган Өвөрхангай аймагт шилжин сууршиж, Хужиртын бага сургуульд элсэн суралцав. Гуравдугаар ангийн сурагч байхдаа уран уншлагад суралцаж, сургуулийнхаа концертод Л. Бадарчийн “Шүүмжлэгдсэн баавгай”, Ж. Дашдондогийн “Сандруу Сандаг” зэрэг шог шүлгүүдийг уншиж чамгүй амжилт үзүүлсэн гэдэг. Эндээс л ном унших, уран зохиолд шимтэх, уншсанаа уран илтгэх, илэрхийлэх чадварын эхлэлийг атгажээ.

Долдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургуулийн соёлын ангид хуваарилагдав. Багшийн сургууль, УБДС-ийн кино драмын ангийг улаан дипломтой онц төгсөөд Драмын театрт очсон бөгөөд 1975 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй.

Анх 1975 онд Галсанжав найруулагч Төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмарын “Би яагаад” үйлдвэрийн сэдэвт жүжгийг тайзнаа тавихад ажилчдын хэсэгт гарч байв.

Тэрээр К.Гольдоны “Хоёр эзний ганц зарц”, А.Вампиловын “Ууган хүү”, Ч.Чимэдийн “Маш нууц”, В.Шекспирийн “Гамлет”, Д.Намдагийн “Эрдэмтний яриа” Хамзагийн “Баян, борлог хоёр”, В.Розовын “Аз жаргалын эрэлд” зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн.

Драмын театрт байхдаа жүжигчин Сосорбарам, Цэвээнравдан нартай нэгдэн театрын хуучинсаг уур амьсгал, өөрчлөлт шинэчлэлтгүй байгааг шүүмжилсний төлөө “14 хоногийн дотор ажлаа өгөхийг шаардаж театраас халсугай” гэсэн тушаал сонсож байсан гэдэг.

Улмаар 1987 оноос Кино үйлдвэрийн орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин боллоо. Эндээс ихээхэн туршлага өвөртөлж, Кино үйлдвэр тарсны дараа Армийн театрт 4 жил ажиллажээ. Энд тэрбээр “Худалч эхнэр” гэж инээдмийн жүжигт тоглож Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал хүртжээ.

Дэлгэцийн урлагт хөл тавьсан нь

Дэлгэцийн урлагт бүтээсэн анхны дүр нь 1983 онд Б. Сумхүү гуайн “Сахиул уу, сахиус уу” киноны Алтангэрэлийн дүр байв.

“Ацаг шүдний зөрөө” киноны хэсэг

Үүний дараа “Ацаг шүдний зөрөө”-ийн Заяат данжаад, “Сүүдэр”, “Мандухай цэцэн хатан” киноны Лава, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Мухулай, “Тод манлай”-н Нэрэндоо, “Алтан шонхор”-ын Хажир зайран, “Ану хатан” киноны Исмэл тайж зэрэг олон сайхан дүрүүдийг бүтээсэн юм.

“Сүүдэр” киноны хэсэг. Г.Равдан (Дугар), Д. Долгорсүрэн (Цэвэл ) нар.
“Мөнх тэнгэрийн хүчин дор” 3 анги, 23 бүлэг /Өнгөт/ киноны зураг авалтын үеэр.
Зураг дээр зүүн гар талаас: 1. Чингис хаан (А. Энхтайван), 2. Мухулай (Г.Равдан).

“Өгүүлэхүйн ухааны их мастер”

Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олодог гэдэг. Гомбын Равдан хэмээх энэ эрхэм хүнд ард түмэн “Өгүүлэхүйн ухааны их мастер” хэмээх алдрыг өгсөн билээ. Өгүүлэхүйн уран чадварыг түүнд заасан ачит багш нь “Талын цуурай” кинонд Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын дүрийг бүтээсэн Лувсангийн Тунгалаг аж.

Анх 1979 онд Зохиолчдын эвлэлийн 50 жилийн ойд зориулж зарласан уран уншлагын уралдаанд Ч. Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийг уншин “Уран уншигч” гэсэн мөнгөн медаль хүртэж байв. Түүнээс хойш үгийн урнаар амьдруулсан уран бүтээлүүд арвин. 1985- 1989 оны хооронд Монголын радиогийн “Жүжигчний микрофон” нэвтрүүлгээр олон олон роман, туужийг бүрэн эхээр нь бэлтгэж “Түвшин төгс”, Ч.Лодойдамба гуайн “Алтайд”, С.Эрдэнийн “Занабазар”, Л.Түдэвийн “Хувьсгал Танаа өчье” монолог роман зэрэг туурвилуудыг уншиж олны хүртээл болгосон. Радио, нэвтрүүлэгт өгүүлэхүйн урнаар амилуулсан бүтээлүүд тун арвин.

2018 онд түүний тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөнхөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз радиогийн хөгжилд  оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр шагнасан билээ.

Удам залгасан авьяас

Равдан гуай таван хүүтэй. Отгон хүү Баттогтох СУИС-ийн жүжигчний анги төгссөн юм. “Арван ес”, “Улаан дөрвөлжин”, “Тайга”, “Бумеранг”, “Хоймор өнжих нар” зэрэг кинонуудад дүр бүтээснийг үзэгчид санаж байгаа байх.   


шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд