LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Т.Цэрэнтогтох: Хоол идчихээд 3-4 цагийн дараа хэвтэх ёстой

Share

“Медипас” эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын эмч  Т.Цэрэнтогтохын “Хоол боловсруулах дээд замын эмгэг”-ийн талаарх ярилцлагыг хүргэж байна.

-Хоол боловсруулалт гэж юу вэ. Хэрхэн явагддаг вэ?

 Хоол боловсруулалт биед хэрэгцээтэй хүнсийг, улирал, өдрийн цагт тохируулан сонгож, сайн зажилж идэхээс эхэлнэ. Сайн бутлагдаж, шүлстэй холилдон зутан шиг болсон хоол улаан хоолойгоор дамжин ходооруу орж эхний боловсруулалт явагдана. Хоол идэж буй мэдрэмжтэй холбоотой тархины үе, ходоодны үе, гэдэсний үе гэж гурав ангилна. Тухайн хоолыг үнэр амтаар мэдэрч, тархи ходоодонд сигнал өгснөөр хоол боловсрох процесс явагдана.

– Хоол боловсруулах дээд замын эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Аюулхайд өвдөнө, хар шүлс асгарах, горойх, дотор муухайрах, хоолны дуршил муудах зэрэг зовиурууд их гардаг. Хүмүүс ходоод өвдөөд байна гэж ярьдаг нь буруу юм. Аюулхай гэж тодорхойлох ёстой. Түүнийг шинжилж байж  ходоод уу, үгүй юу гэдгийг мэднэ. Улаан хоолой, ходоод хөндий эрхтэн тул хорт хавдрын өвчлөл хожуу үедээ илэрдэг нь харамсалтай. Тиймээс иргэд маань 40 наснаас дээш 2 жилд 1 удаа уян дурангийн шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатай юм. Энэ бол бидний өвчлөлтэй холбоотой заавал мэдэх учиртай мэдээлэл. Нэг нэгэндээ дамжуулж хэлж байгаарай.

-Цээж гашуу оргих нь юунаас болж үүсдэг вэ?

-Бидэнд маш том сул тал бий. Хоол идсэний дараа шууд хэвтдэг. Хоол идээд 3-4 цагийн дараа хэвтэх ёстой. Ходоодонд хоол их байх тусам цээж гашуу оргилтыг үүсгэдэг. Учир нь улаан хоолой, ходоодны заагт байдаг булчинд сулрал явагддаг. Мөн тамхины хэрэглээтэй холбоотой өөрчлөлтүүд их байна.  Ялагуяа, өлөн дээрээ болон хоол идсэний дараа шууд тамхи татдаг. Хэрэв цээж гашуу оргиж байвал бид амьдралын буруу дадлаа өөрчлөх учиртай.  Мөн халуун цай оочилж уух, кофе, хийжүүлсэн ундаа, тамхи, архины хэрэглээ нь маш их нөлөөлдөг учир тэндээс л эхлэх ёстой.  Анхааруулж хэлэхэд манайхан сода уудаг. Энэ бол сайн арга биш. Эмчийн зөвлөгөө аваарай. Гэрийн нөхцөлд тухайн зовиур намдаах зорилгоор 3 балга ус шимэж ууж болно. Хэрэв цээж гашуу оргилттой удаан хугацаанд явсан, зуршлаасаа салаагүй бол булчин нь илүү суларна.  Өрцний эвэрхий, цээж хорсолт даамжирвал хагалгаагаар засна. Тэгж байж улаан хоолойн шарх, хорт хавдраас сэргийлдэг.

-Та яриандаа хэт их идэхгүй байх хэрэгтэй гэлээ. Тэгэхээр цадах мэдрэмж гэж юуг хэлээд байна вэ?

-Бид хэт их идээд, гэдэс цанхайгаад, аюулхай хөндүүрлээд ирэхээр түүнийгээ цадсан гэж ойлгодог. Тодруулж хэлбэл бүсээ суллаад  ирэхээрээ л цадлаа гэж боддог.  Энэ бол өвдөлт буюу нэмж битгий идээчээ гэсэн ходоодны чинь гуйлт. Цадах мэдрэмж гэдэг бол өөрийн тохирох хэмжээгээр идчихээд дахиад идмээр санагдахыг хэлж байгаа юм. Идэхийн тулд бус амьдрахын тулд зооглодог байх хэрэгтэй.

– Хоол, хүнсний хувьд бид юуг анхаарах хэрэгтэй вэ?

– Хүний бие эрүүл байхад үндсэн гурван зүйлд анхаарна. Амьсгал, нойр, хоол. Өөртөө 100% зориулж бусадтай хуваадаггүй амин чухал ойлголт. Бид хоолыг сайн зажиллаж идэж байх ёстой. Бүх юмны үндэс бол зажилалт. Аль болох сайн зажиллаж биед хурдан шингэхэд туслах хэрэгтэй.  Хоорондоо ярихгүй, тв үзэхгүй, утас оролдохгүй, юм ярихгүйгээр амталж идэх сурах хэрэгтэй. Учир нь амталж зажилж байхад хүний тархи гол зүйл болох хоол боловсруулах эрхтний шүүрэл, үйл ажиллагааны зохицуулалт хийдэг. Тиймээс анхааралтай сайн зажилж идэж байгаарай.

-Хоол боловсруулах дээд замын эмгэгт эмийн хэрэглээ нөлөөлдөг гэж сонссон. Ямар эм яаж нөлөөлдөг юм бэ?

-Эмийн хэрэглээ нөлөөтэй. Мөн бидний судалгаагаар хеликобактер нь эмэнд тэсвэртэй хандлага илэрсэн. Энэ нь эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Ходоодонд халгаатай эмнээс ибупрофен, диклоденк, аспириний хэрэглээ манайд маш өндөр байдаг. Яг юу өвдөөд байгаагаа мэдэхгүй өвчин намдаах эм уудаг нь том эрсдэлд оруулж байна. Эмийн хэрэглээтэй холбоотой ходоодны өвчин нь хожуу илэрдэг. Гэхдээ өвдөлт намдаах эмийг хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Ходоод хамгаалах эмтэй хамт зөв жороор хэрэглэх нь зүйтэй.

-Ходоодны шархтай өвчтөн манайд хэр байгаа вэ?

Элбэг байгаа. Ялангуяа 20-40 насныхан их байдаг. Шархны байрлал ихэнхдээ ходоодны өнцөг хэсэгт байдаг. Энэ бол зажилалт муутай болон араа шүдний бүрэн биш байдалтай холбоотой. Мөн нийгмийн стресс, хоолны буруу дадалтай шууд холбоотой.

-Шархыг багад нь эмчлэх нь чухал байх?

-Тийм. “Хүн амаараа булшаа ухдаг” гэж үг байдаг. Бидний амьдралын буруу дадал хэвшил их нөлөөлдөг. Өглөө хөл дээрээ босхоос өмнө аюулхай дээрээ 20-30 удаа зөөлхөн дарж, массажлах хэрэгтэй.  Өөрийгөө хүндлэх, хайрлаж байх үзэл урт наслах, эрүүл байх хүслийг төрүүлдэг. Зарим хүмүүс өөртөө анхаарал тавьдаг хэдий ч хавдар байхгүй байвал санаагаа амраагаад өвчлөлийг  тоодоггүй. Тэр өвчлөл чинь өөрөө хавдар үүсэх шалтгаан болно.

-Ходоодны дурангийн заалт гэж байдаг. Аюулхайд удаан хугацаагаар буюу 14 хоногоос дээш өвдөж байгаа, турсан, хавдрын эрсдэлтэй хүмүүст дурандуулхыг зөвлөж байгаа. 40-өөс дээш насны иргэн бүр хоёр жилд нэг удаа уян дурангийн шинжилгээ хийлгэж байх нь зүйтэй. Ходоодны хеликобактер нь амьдралын буруу хэвшилтэй нийлээд ирэхээр шарх үүсгэж байгаа юм. Тэрнээс биш хеликобактер дангаараа үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй.

ХӨСҮТ-өөс гаргасан 2006-2010 оны судалгаа байна. Үүнээс харахад  бидний дунд элэгний өвчлөл хамгийн өндөр. Дараа нь нас баралтын шалгаанаараа ходоодны хавдар  хоёрт орж байна. Харин дэлхийд бид ходоодны өвчлөлийн шалтгаанаар хоёрт ордог. Харин нас баралтаараа дэлхийд нэгт орж байна. Улаан хоолойн хавдрын шалтгаанаар дэлхийд гуравт бичигдэж байна. Тэгэхээр архи тамхины хэрэглээнээс гадна бидний өдөр тутам хооллолтын буруу дадал, хоолны найрлага, халуун хоол цай оочилж уух үүний шалтгаан юм. Хиам, давс ихтэй хоол, халуун ногооны хэрэглээ бас муу нөлөөтэй.  

-Давсны хэрэглээ өндөр байх нь нөлөөлөх үү?

-Маш их. Ялангуяа хеликобактертай хүн давс их хэрэглэвэл хавдраар өвдөх эрсдэлтэй.  Өглөөд шарсан зүйл идэх, давс ихтэй унд хэрэглэх муу. Ходоодны салстын хамгаалах давхаргыг амархан гэмтээдэг. Давстай цайг хангай нутагтай иргэд маань улирлын чанартай хэрэглэж хэвших нь чухал байна. Хэт их давс хэрэглэх нь биед хортой тул тооцож байгаарай.

-Миний бодлоор хүн өөрийгөө эхлээд хүндлэх хэрэгтэй. Тэгэхээр хэрэглэх зүйл чинь тодроод ирнэ. Хоёрдугаарт хэрэглэх зүйлээ хэмжээтэй улирал цагт нь тохируулж удамшилд ээлтэй хүнс хэрэглэ. Гуравт тав тухтай, тайван, сайн зажиллаж хэвших. Дөрөвдүгээрт хоолны дараа 3-4 цагхэвтэхгүй байх. Хоолны дараа хэвтэх өвчин болгоны үндэс. Тавдугаарт хоол, цайныхаа уурын дарагдсаны дараа зооглож байгаарай. Үрсдээ зөвийн үлгэрлэн, тайлбарлаж өсгөөрэй. Танай гэр бүлд эрүүл энх,  элэг бүтэн байхын ерөөл дэвшүүлье.

Эх сурвалж: 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлэг

error: Content is protected !!