LOADING

Type to search

Нийгэм

“Сэлэнгийн голомтоос халдвар авсан хүн Багануур дүүрэгт очсон”

Share

Багануур дүүрэгт коронавируст халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн тухай дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ талаар Багануур дүүргийн Засаг дарга Г.Даваасүрэн “Багануурчууддаа яаралтай хүргэх мэдээ байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануурт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-рүү сорьцыг явуулахад PCR шинжилгээний хариу нь батлагдаж ирлээ. Ингээд Багануур дүүрэгт коронавирусээр өвчилсөн нэг тохиолдол бүртгэгдлээ” хэмээв.

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Анх Багануурт сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд л бид яаралтай арга хэмжээ авч ажилласан.

Одоогоор тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 17 хүн, дам хавьтлын 10 хүн гээд нийт 37 хүнийг олж тогтоож, түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад эхний удаад сөрөг гараад буй. Гэхдээ хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү хүргүүлсэн.

Дүүргийн иргэдийг хоёр өрхийн эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж сайн дурын шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Тандалт, судалгаа үргэлжилж байгаа тул иргэд сандралгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, гэрээсээ гарахгүй байж мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг уриалж байна” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Багануур дүүрэгт батлагдсан тохиолдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сэлэнгийн голомтот халдвараас батлагдсан хүн Багануур дүүрэгт очсон учраас тэнд нь хөл хорио тогтоож, тухайн хавьтлуудыг нь Багануур дүүрэгт тусгаарласан байсан.

Тэнд батлагдсан тохиолдлын хувьд, давтан шинжилгээгээр нь коронавирус илэрсэн. Бид голомтын ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж буй. Багануур дүүрэгт батлагдсан тохиолдлын хавьтлуудыг тэнд нь тусгаарлаж, Эрүүл мэндийн байгууллагын хяналтад өгсөн” гэв.

error: Content is protected !!