LOADING

Type to search

Нийгэм Онцлох

Ж.Чинбүрэн: Халдвар авсан болон аваагүй хүмүүсээ ялгах нь маш чухал байна

Share

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээллийг сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Ж. Чинбүрэн: Монгол улс хэцүү цар тахлын бай болчихоод байна. Эмч хүнийхээ хувьд нийт гишүүддээ болон ард түмэндээ уриалж хэлмээр байна. Бид 12 сарын 1-н хүртэл хатуу дэглэмийг барьж, халдвар авсан болон аваагүй хүмүүсээ ялгах нь маш чухал байна. Иргэддээ хандаж хэлэхэд тэвчээртэй байж 12 сарын 1-н хүртэл гадагшаа гарахгүй, гэрийн хориондоо байгаарай гэж уриалмаар байна. Энэ бол халдварыг цааш тараахгүй байх маш чухал арга хэмжээ юм. Үүн дээр анхаарлаа хандуулж, өвчтэй, өвчингүй хүмүүсээ ялгаж байгаад Ухань хотод Хятадын засгийн газраас авч байсан арга хэмжээ шиг арга хэмжээг авахаас өөр аргагүй. Ингэж чадах юм бол маш богино хугацаанд халдвартай хүмүүсээ ялгаад, халдвар аваагүй хүмүүсээ тусгаарлах боломж бүрдэх юм.

Одоо тандалт судалгаагаа сайжруулах шаардлага үнэхээр чухал байна. Улам олон хүмүүсийг шинжилгээнд хамруулж, халдвартай, халдваргүй хүмүүсийг ялгахгүй бол ихэнх нь шинж тэмдэггүй удаан хугацаанд явдаг учраас халдвар тээгч болох эрсдэлтэй. Тийм учраас халдвар авсан хүмүүсээ ялгах нь чухал байна.

Тандан судалгаа тухайлбал, Баянзүрх дүүрэг дээр тандан судалгааны багийг зөвхөн 3, 5-аар биш 10, 20-оор нь ажиллуулах шаардлагатай байна. Энд төгсөх курсийн оюутнууд, резидент эмч нар, сайн дурын нийгмийн ажилтнуудыг хүртэл хамруулж, халдвар хамгааллын дэглэмийн сургалтад хамруулан, тусгай хувцас хунараа зөв өмсөх аргыг нь зааж өгөе. Ингээд тандалт, судалгаагаа хийх их чухал байна. Мөн PCR шинжилгээний хариу нэлээд удаж байгаа учраас хувийн хэвшлүүдийн лабораториудыг дайчлаач ээ.

Дараагийн нэг чухал зүйл бол ард иргэд гэрийн хорионд байгаа учраас шуудангийн хүргэлтийг зогсоож болохгүй. Нийслэлд шуудан хүргэлтийг зогсоосон байна. Үүнд анхаарлаа хандуулаач ээ? Шуудангийн ажилтнуудыг тусгай сургалтанд хамруулан шуудан хүргэлтийг анхаарах хэрэгтэй байна. Мөн эмнэлгүүдэд эм ханган нийлүүлдэг компаниудын хүргэлтийг зөвхөн шөнийн буюу 22:00-6:00 цагийн хооронд хийнэ гэсэн байна. Тэгэхээр эмнэлгүүдийн ажилладаг хуваариудад өөрчлөлт орох гээд байгаа учраас тусгайлсан ийм албатууд, халдвартай тэмцэж байгаа багуудын ажиллах боломжийг нь олгож өгөөч ээ.

Эрүүл мэдийн сайд Т. Мөнхсайхан: Тандалтын багийг нэмэгдүүлэх бол туйлын чухал. Гэхдээ бид бүхний хувьд төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Одоо голомтлон гарсан халдварын чухал хэсгийн тандалтын ажил явагдаж байна. ХӨСҮТ дээр бэлтгэгдсэн багууд ажиллаж байгаа.

Бид бүхэн хүний нөөц хүрэхгүй, шаардлагатай тохиолдолд тандалтын багийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байнө. Хувийн лабораториудыг ашиглах бол маш зүйтэй санал байгаа. Улсын хэмжээнд 36 PCR шинжилгээний лаборатори байна. Үүнээс 10 орчим нь улсын эмнэлгүүдийн харьяаллынх. Одоогийн байдлаар хүчин чадал нь хүрэлцэхгүй, тулгамдчихсан, шинжилгээ хийгдэхгүй тохиолдол байхгүй.

Голомтлон гарсан тохиолдлуудын ойрын хавьтлууд, хоёрдогч хавьтлуудыг маш нарийн судалж байгаа учраас одоо шинжилгээний сорьц цуглуулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээний лабораториуд бүрэн чадлаараа ажиллаж байна. Аппаратын хүрэлцээ дутмаг гэсэн асуудал байхгүй. Аппаратын хүрэлцээ дутагдсан тохиолдолд хувийн хэвшлийн лабораториудаа ашиглахаар төлөвлөгөөндөө тусгасан

error: Content is protected !!