LOADING

Type to search

Дэлхий

Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрлээ

Share

Сүүлийн 24 цагийн хугацаанд Япон улсад коронавирусийн халдварын 2,191 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрснийг эрх баригчид мэдэж байгаа гэж тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгджээ.

“Коронавирусний тархалтын тухайд өчигдөр халдварын шинэ тохиолдол дээд үзүүлэлтийг давсан, энэ нь маш түгшүүртэй нөхцөл байдал гэдгийг бид ойлгож байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Сүга мөн дөрвөөс дээш хүний ​​бүрэлдэхүүнтэй кафе, зоогийн газарт орохоос татгалзахыг нийслэл хотын оршин суугчдад уриалах боломжийг анхаарч үзэхийг Токиогийн захиргаанаас хүссэн болохыг цохон дурджээ.

Японы Засгийн газрын тэргүүн мөн иргэддээ хандан амны хаалтаа зүүж, хоорондоо зай барих журмыг дагаж мөрдөн коронавирусний тархалттай хийж буй тэмцэлд хувь нэмрээ оруулахыг дахин уриалсан байна.

“Олуулаа нэг ширээний ард зоог барих үед халдвар тарах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хоолны ширээний ард ярилцахдаа хүртэл амны хаалт зүүхийг тэд зөвлөж байгаа. Тиймээс хоол зооглохдоо бага ярьж, амны хаалтаа зүүж байхыг уриалж байна. Би ч гэсэн энэ зөвлөгөөг өнөөдрөөс эхлэн дагах болно” гэж Сүга ярьжээ.

Сүүлийн нэг өдөрт нийслэл Токио хотод халдварын 493 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Хамгийн сүүлд наймдугаар сарын 27-ны өдөр 472 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байв. Япон улсад өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын нийт 123,578 тохиолдол бүртгэгдэж, 1,935 хүн нас бараад байна.

Үүнээс 35,723 тохиолдол нь нийслэл Токио хотод бүртгэгджээ.

Эх сурвалж: CNN

error: Content is protected !!