LOADING

Type to search

Дэлхий Онцлох

Хөл хориог бусад орнууд хэрхэн хийж байна

Share

Лондон хотын Эзэн хааны коллежийн Халдвар судлалын баг тодорхой бүлгийн буюу эрсдэлтэй иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс, тэдний гэр бүлийг тусгаарлах нь халдварын тархалтыг зогсоож чадахгүй ч удаашруулдаг, харин бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хор хөнөөлтэй ч халдварын тархалтыг бараг бүрэн зогсоож байгааг тогтоосон байна.

Эрдэмтэд халдварын тоо эмч эмнэлгийн байгууллагын нөөц бололцооноос хэтрэхгүй байх шаардлагатайг онцлон хөл хорио, тэр дундаа бүрэн хөл хорио тогтоосноор эрсдэлийг бүрэн хяналтдаа оруулах боломжтой гэж дүгнэж байна. Тодруулбал, хөл хорио тогтоогоогүй үед халдвар, нас баралтын тоо огцом нэмэгдэж, эмч эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүйд хүрч, хүн амын дунд халдваргүй хүний тоо эрс багасан эдгэрэх хүний тоо маш бага байх бол хөл хорионы дэглэмийн зэрэг нэмэгдэх тусам эрүүл хүн амын тоо нэмэгдэн, өвчлөл бага байхыг[1] онцолж байна. Мөн судлаачид бүх нийтийн хатуу хөл хориог тогтооход гаргаж буй алдаа нь өвчний оргил үед уг арга хэмжээг авч буй явдал болохыг онцлон анхааруулж байгаа бөгөөд халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн үед бүх нийтийн хөл хорио тогтоохгүй 24 цаг болоход эрчимт эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүний тоо 10 гаруй хувиар нэмэгддэг байна.

Коронавирусний халдварын бүх тохиолдлын талаар бүртгэл гаргаж, өвчтэй иргэдтэй болон хавьтагч нарыг 100 хувь тусгаарлалтад авч чадсан бол, мөн улс оронд хяналтгүй халдвар байхгүй бол бүх нийтийн хөл хорио тогтоохоо түр азнах боломжтой юм. Үүнээс бусад тохиолдолд хэдий чинээ эрт уг арга хэмжээг авна төдий чинээ үр дүнтэй болохыг Хятадын төдийгүй Испани, Италийн туршлага харуулсан.

БНХАУ-ын хувьд “Covid-19”-ийн цар тахлын халдвар илэрсэн бүс нутагт хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоох арга хэмжээг авснаар нөхцөл байдлыг хяналтдаа оруулж, халварын тархалтыг хязгаарлаж чадаад байна. Тухайлбал, “Covid-19”-ийн халдвар анх илэрсэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс бүрэн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг удаашруулж, тус бүсэд эмч эмнэлгийн тоног төхөөрөмж хүч хэрэгслийг нэмэлтээр илгээн ажиллах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн хатуу хөл хорио нь халдварын тархалтыг тогтоон барих хамгийн үр дүнтэй арга болохыг Ухань хотын жишээ харуулсан.

Түүнчлэн, БНСУ-ын тус улсад дэгдсэн халдварыг хяналтдаа оруулах зорилгоор 2 удаа хөл хорио тогтоосноор нөхцөл байдлыг сайжруулж чадсан.

Сүүлийн үед “Covid-19”-ийн халдвар дахин эрчимжих болсонтой холбоотойгоор Европын улс орнууд бүх нийтийн хөл хориог хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНФУ-д 10 сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд хөдөлгөөний бүрэн хязгаарлалт тогтоосноор[2] халдварын тохиолдол эрс буурах болсон[3] байна. Мөн Англид 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хөл хорио тогтоогоод байна. Хэдийгээр тус улсын Ерөнхий сайд Б.Жонсон эдийн засагт учрах эрсдэлээс сэргийлэн хөл хорионы дэглэм тогтоохоос аль болох зайлсхийх, оронд нь шаталсан хэлбэрээр хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоох бодлого баримталж байсан боловч тэрээр халдварыг бууруулж хяналтдаа оруулахад чиглэсэн шийдвэртэй алхам хийхгүй тохиолдолд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, нөхцөл байдал маш эрсдэлтэй болж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засагт учирч болох эрсдэлээс илүүтэй хүн ам, эрүүл мэндийн салбарт учрах эрсдэл ноцтой тул үүнээс урьдчилан сэргийлэх алхамыг цаг алдалгүй хийхийг чухалчилсан байна.

БНИУ-д 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Ингэхдээ халдварын түвшин, хүн амын нягтаршил, эмнэлгийн орны хүрэлцээ зэрэг олон хүчин зүйлийг харгалзан Италийн газар нутгийн 20 бүсийг улаан, улбар шар, ногоон гэж хувааж, тархалтын хамгийн өндөр эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлдог шинэ систем хэрэгжүүлэхэд бэлэн болсон бөгөөд аюултай бүсэд хатуу дэглэм тогтоох төлөвтэй байна.

Гэтэл нөгөө талаас ОХУ цар тахлын дэгдэлт эхэлсэн үеэс бүх нийтийн хөл хорионы дэглэм хэрэгжүүлэхээс татгалзан, үүний оронд ахмад настан болон архаг хууч өвчтэй иргэдийг “өөрийгөө тусгаарлах” дэглэмд хамруулж байгаа. Уг шийдвэрийг гарах үед ОХУ-ын Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөө бүхий эрдэмтэн судлаачид болон эдийн засагчид халдварын тархалтыг нэн даруй зогсоохын тулд бүх нийтийн хөл хорио тогтоох хэрэгтэй хэмээн халдварын голомт болоод байсан Итали Улсын жишээг иш татан тайлбарлан хөл хорио тогтоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд уриалж байсан ч үр дүнд хүрээгүй.

Хязгаарлах дэглэмийг хангалтгүй хэрэгжүүлсэн буюу хөл хорио тогтоогоогүйн улмаас тус ОХУ-д халдварын тоо тасралтгүй нэмэгдэн нийт өвчлөл 1,836,960, хоногт илрэх халдварын тоо 20 гаруй мянга хүрээд байна. Мөн халдвар авсан өвчтөнүүдэд зориулсан эмнэлэг шинээр болон дахин нээсээр байгаа ч нийт орны нөөцийн 12 хувь нь л сул байна. Халдвар нэмэгдсээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэт нэмэгдэж, дийлэнх субьектэд шаардлагатай эм тариа илт дутагдах болсон төдийгүй бүхий л хот муж, хотуудад эмч, эмнэлгийн ажилтны хомстол 20 гаруй хувьд хүрээд байна.


[1] washingtonpost.com/graphics/2020/world/corona-simulator

[2] Хөдөлгөөн хязгаарлалтын үед иргэд гадагш гарах бичгийг бөглөж гарах бөгөөд зөрчсөн тохиолдолд 135 еврогийн торгууль ногдуулах, 6 сар хорих шийтгэл оногдуулах аж.

[3] Тус улсад 10 сарын 20-нд халдварын 40,000 тохиолдол, 11 сарын 07-нд 86,852, 08-нд 38,619, 09-нд 20,155 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ТЕГ

error: Content is protected !!