LOADING

Type to search

Эмч зөвлөж байна Эрүүл мэнд

С. Энхбурам: Кальцийн хэт их хэрэглээ нь ходоодны салстыг гэмтээж, шарх үүсгэдэг

Share

 “Номиун” яс үений төрөлжсөн эмнэлгийн захирал, тэргүүлэх зэргийн эмч С. Энхбурам “ясны сийрэгжилm, яс үе мөчний өвчлөл”-ийн талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

– Яриагаа эхлэхийн өмнө яс гэж яг юу юм, хүнд хичнээн яс байдаг вэ, ямар үүрэгтэй зэрэг мэдээллийг хүргэе.

– Хүний араг яс тэр чигээрээ яс гэдэг нь ойлгомжтой. Яс болгон зөөлөн эд, холбоосоор холбогдон үеийг үүсгэнэ. Яс, үе бол хоёр өвчилсөн ч хамт өвчилдөг. Анатомийн хувьд авч үзвэл хүнд хоёр зуу гаруй яс байдаг.

XXI зуунд ясны сийрэгжилт “тахал” хэлбэрээр явагдаж байна гэж үздэг болсон учраас хүмүүс харьцангуй ясны сийрэгжилтэд анхаарал их хандуулдаг болсон байна.

-Судалгаанаас харахад монголчуудын дунд яс, үений өвчлөлөөс хамгийн их зонхилж байгаа өвчлөл нь юу юм бол?  

-Юун түрүүнд ясны сийрэгжилт гэж юу вэ гэдэг талаар тайлбарлах нь зүйтэй байх. Ясны хамгийн жижиг бүтэц болох микро бүтэц нь алдагдаад яснуудад  тодорхой хэмжээний хөндий үүсэх маягаар ерөнхий нягт, масс нь багасахыг ясны сийрэгжилт гэдэг. Ясны сийрэгжилт их байна уу, бага байна уу гэдгийг оношлосны дараа эмчилгээний асуудал яригддаг.

– Ясны сийрэгжилтийн үед илрэх шинж тэмдэг нь юу вэ, Тухайлбал, ханиад хүрэхээр бид хамрын ханиад байна, ийм ханиад байна гээд л өөрсдийгөө оношлоод байдаг шүү дээ.

-Ясны сийрэгжилтийн хувьд хүнд илрэх шинж тэмдэг маш бага. Яс хугарлын дараа л  яс сийрэгжсэн гэдэг нь тодорхойлогддог. Яс хугарсны дараа ясны сийрэгжилттэй гэдэг нь тодорхойлогддог учраас тэр бүр эрт оношлуулаад мэдэх боломжгүй.

-Яс сийрэгжилтэй болсныгоо мэдэхгүй явсаар 10, 15 жилийн дараа хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

-Яс хугарлаар л тодорхойлгодоно. Хугарлаас үүдсэн зовиурууд, эдгэрэлт зэргээс үүдсэн асуудлууд гарч ирнэ.  Яс, үений чиглэлээр ажилладаг эмчийн нүдээр харахад ясны сийрэгжилтээс болж хүнд зовуурь өгч байгаа тохиолдол ажиглагдаагүй. Клиникийн туршлагаас харахад  яс үений остреоартоз буюу монголчуудын нэршиж заншсанаар яс ургалт давамгайлж байна.  Хүмүүс өдвөлт, зовиур илрэхээр л ясны сийрэгжилт гэж үзэхээс биш ясны ургалт, өөр үений өвчлөлүүд гэж төсөөлөхгүй байна. 

-Хийжүүлсэн ундаа, давс ихтэй хүнс хэрэглэх нь ясны сийрэгжилт үүсгэдэг гэдэг шүү дээ.

-Сүүлийн үед хүүхэд, залуучуудыг ажиглаад байхад хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон их хэрэглэдэг болжээ. Үүнээс болж ясны зөөлрөл, хугарлууд элбэг тохиолддог. Жишээлбэл, Ихэвчлэн 60-аас дээш насны хүмүүст түнхний хүзүүвч буюу дунд чөмөгний хүзүүвчийн хугарал үүсдэг бол одоо 18, 20-той  залуучуудын дунд ийм хугарлын тохиолдлууд элбэгшиж байна. Эндээс хийжүүлсэн ундаа болон бэлэн гоймонгийн сөрөг нөлөө харагдаж байгаа юм. Мөн хүнсний аюулгүй байдал,  агаар,  орчны бохирдол зэрэг нь хоёрдогч байдлаар ясны сийрэгжилтэд нөлөөлж байдаг.

-Эдгээрээс гадна ямар хүчин зүйлсүүд байдаг юм бэ?

– Ясны сийрэгжилтээс хамгаалах арга нь бага залуугаасаа кальци, Д витаминаа хоол хүнснээсээ авах. Манай хөгшчүүдийг яс сайтай гэдэг. Энэ нь зөв хоол хүнсний хэрэглээтэй холбоотой. Одоо энэ зөв хоол хүнсний хэрэглээ алдагдсан учраас ясны сийрэгжилт ихсэж байна гэж боддог.

-Ясны сийрэгжилтийн оношилгооны хувьд ямар байх вэ, яс сийрэгжилт дээд түвшиндээ хүрсэн, анхан шатандаа байна гээд оношдлогдсон тохиолдолд бүрэн эдгэрэх хугацаа нь ямар байх вэ? Мөн та сая кальци, Д витаминаа хангалттай авах ёстой гэлээ.  

-Ясны сийрэгжилт гэж оношилсон тохиолдолд кальци, магни, фосфор зэрэг эрдэс бодисын дутагдал давхар үүсдэг. Өдөрт авах ёстой кальцийн дунлаж хэмжээ 10000-1200 мг гэж тооцдог. Хоол хүнсээр авч байгаа болон нэмэлтээр хэрэглэж байгаа кальцийг биед шимэгдүүлж, ясанд нь бэхжүүлэх үүргийг Д амин дэм болон асалан гэх бодис гүйцэтгэдэг.

Нэмэлт кальцийг удаан хугацаагаар уухаар гаж нөлөө их гардаг. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хэрэглэх ёстой. Сүүлийн үед кальцийн хэрэглээ замбараагүй болсон. Кальцийг ууснаар ходоодонд орж, хүчлийн нөлөөгөөр задарч, цусанд шимэгддэг. Кальцийн забараагүй хэрэглээ нь ходоодны салст гэмтэх, шарх үүсэх, үрэвсэх нөхцлийг бүрдүүлдэг. Хоёр сараас дээш хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд цөс, бөөр, шээс ялгаруулах замд чулуу үүсгэх магадлалтай.

Өндөр настай хүмүүс кальцийг удаан хугацаагаар хэрэглэснээр судасны хана хатуурч, судас нарийсах, зүрхэнд очих титэм судас, тархинд очих цусны урсгал саатаж хоёрдогчоор хүндрэлүүд үүсэх нөхцөл бүрдэнэ. Практикаас ажиглахад кальцийг хэрэглэсэн тохиолдолд үений идэвхтэй, хурц үрэвслүүд сэдрэх нөхцөлийг бүрдүүлж байна. Жишээ нь, өвдөгний үений артрозтой хүмүүс кальци хэрэглэснээр үений хөндийд шингэн дүрчихсэн орж ирдэг.  Энэ нь үрэвслийн шар ус хурчихсан байна гэсэн үг.

Кальцийн бэлдмэл их хэмжээгээр, удаан хугацаагаар, замбараагүй хэрэглэснээс болоод үенд яс ургах, нурууны жийргүүдийн хатуурал, шохойжилт үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.  Учир нь кальци гэдэг нь нэг төрлийн давс. Илүүдэл давсны хуримтлалаас үүдэн яс ургалт явагддаг учир ясны ургалт, үрвэслийн эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тийм учраас кальцийг зөв хэрэглэх, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Кальци гэхээр л яс, үе мөчинд сайн гээд л дур мэдэн хэрэглээд байж болохгүй.

Кальцийг болж өгвөл хоол хүнснээс ав гэж зөвлөх байна. Сүү, цагаан идээ, тэр дундаа бяслаганд кальци их хэмжээгээр агуулагддаг. Хоол хүнснээс авч байгаа кальци бол ерөөсөө л нэг номерын кальци шүү дээ. Ингэж нөхвөл илүү үр дүнтэй, гаж нөлөөгүй байна.

-Ясны сийрэгжилтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

– Урьдчилан сэргийлэлтийн хувьд хүн өөрөө болгоомжтой байх л асуудал.  Унаж бэртэх, гэмтлээс сэргийлэх. Гэмтлүүд нь ясны хугаралд хүргэдэг. Мөн эрүүл амьдралын хэв маяг чухал. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болчихсон. Уул хаданд, нар салхинд гарах нь хамгийн зөв арга юм шүү дээ. Д амин дэмээ авахын тулд өдөрт 10-15 минут л хангалттай. Нарнаас Д амин дэмээ авах бүрэн боломжтой.

-Малын гаралтай кальци нь биед сайн байдаг юм уу?

-Кальцийг минерал буюу байгалийн гаралтай, ионжуулсан гэж ангилж болно. Ионжуулсан кальци нь боловсруулсан кальци юм. Байгалийн бүтээгдэхүүнээс гаргаж авсан кальци нь хүний биед шингэц сайтай байдаг. Кальцийг хэрэглэхдээ заавал эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Хэрэглэж байгаа тохиолдолд ясанд бэхжүүлэх бэлдмэлүүдийг давхар хэрэглэхгүйгээр үр дүнгүй.

-Бага насны хүүхдэд Д витамин өгч болдог юм болов уу?

-Зуны хугацаанд Д витаминаа хангалттай авч чадах ч өвөл гэрээсээ гарахгүй байгаа учраас Д амин дэмийн дутагдал үүсдэг. Д витамины дутагдлаас үүдэн ясанд нь зөөлрөл, депромациуд үүсдэг. Насанд хүрсэн хойноо яс нь сайн бэхжээгүй байдаг. Тиймээс хүүхэд байхдаа Д амин дэмийг хангалттай хэмжээгээр авах ёстой. Том болсон хойноо ясны сийрэгжилт  үүсэх магадлал тун бага болно. 

– Дээр дурьдсанчлан яс сийрэгжилтийг яс ургалттай андуурдаг гэсэн. Яс ургах  өвчлөлийн талаар мэдээллийг өгөхгүй юу?

-Практикаас ажиглахад үений бүх өвчлөл, үений, өвдөлт, ясны өвдөлтийн шалтгааны 80 хувь нь үрэвсэлтэй холбоотой байна. Хүмүүс “яс ургачихлаа, миний яс ургаснаас л өвдөөд байна” гэж ярьдаг л даа. Гэтэл энэ шалтгаан 10-20 хувь байж болно. Яс сийрэгжилтийн үед өдвөлт, зовуурь хүнд илэрдэггүй учраас хүн өөрөө мэдэх боломжгүй. Ясны ургалтаас болж хоёрдогчоор үе нь үрэвсчихсэн хүмүүс их бий. Зовуурь илрээд байгаа юм. Үүнийг мэдэхгүйгээсээ болоод ясны сийрэгжилт л гэж боддог.

Өвдөгний үе өвдөөд энэ нь яс сийрэгжсэнээс боллоо гэж ойлгох нь ташаа ойлголт. Ясны ургалт ч биш байж болно. Ясны ургалт хоёрдогчоор үрэвсэл үүсгэсний улмаас өвдөлт мэдрэгдэнэ. Энэ тохиолдолд үрэвслээ намдаах л хэрэгтэй. Манай монголчуудын хувьд үрэвслээ эмчлэхгүй явсаар байгаад хүндрүүлэх, үений хөндийн үрэвсэл үүсээд дотор нь шар ус хурахад хүргэх нь элбэг. Үенд шар ус хурлаа гэж яьдаг. Энэ бол хүнд байх ёстой зүйл биш. Гэтэл хүмүүс шар ус байх ёстой гэж ойлгодог. Энэ бол үений үрэвслийн шүүдэс шүү дээ.

-Спортоор хичээллэсний дараа хөлийн өсгий өвдөх нь ямар шалтгаантай вэ?

-Яс үений өвчлөлүүдийг үүсгэдэг үндсэн суурь өвчлөлүүд байдаг. Өвөрмөц хэлбэрийн, өвөрмөц бус хэлбэрийн,  бодисын солилцоотой холбоотой гэх мэт суурь өвчлөүүд байна. Өвөрмөц өвчин гэх юм бол сүрьеэгийн гаралтай, бруцеллёзын гаралтай үрэвсэл гэж байна. Өвөрмөц бус гэдэгт нь хоолойны мах үендээ орох,  хэрлэг зэрэг өвчлөлүүд багтана. Энэ хоёр өвчнийг хүмүүс ерөөсөө ялгадаггүй. Нэг л өвчин шиг ойлгоод байдаг. Гэтэл энэ хоёр өвчин үүсгэгчээсээ эхлээд огт өөр. Сүүлийн үед ихсэж байгаа өвчлөл нь тулай өвчин. Энэ нь бодисын солилцоотой холбоотой. Эдгээр суурь өвчлөлүүдийг сайн эмчлэх хэрэгтэй.

Хөлийн өсгийн дээр бэхлэгдсэн шөрмөс хөлийг хөдөлгөх үйлчлэлтэй. Хөлийн өсгий өвдөх нь шөрмөсний хүүдий үе мөчний үрэвсэлтэй хобоотойгоор үрэвсэх тохиолдол бий. Тиймээс гишгэх явах тохиолдолд өсгий өвддөг. Үүнээс гадна ясны ургалт хөлийн өсгийн дээр явагдах тохиолдол бий.

-Ясны зөөлрөлт гэж юу вэ?

– Энэ нь хүүхэд болон настай хүнд түлхүү ажиглагддаг. Рахиттай хүүхдэд яс зөөлрөлт илэрнэ. Илрэх шинж тэмдэг нь сээр нурууны 10-р нугаламаас бүсэлхийн гуравдугаар нугалам хүртэл нугалмуудад ихэвчлэн тохиолддог. Нугалмайн ясны их биеүд хугарсан гэсэн үг. Гэнэт эвгүй хөдлөх, хүнд юм өргөх тохиолдолд оношлогддог тул тэр бүр эрт оношлох боломжгүй. Ихэвчлэн олон хүүхэд гаргасан настай эмэгтэйчүүдэд тохиолддог. Олон хүүхэдтэй гэдэг нь эмэгтй хүн биед байх шим тэжээлээ үр хүүхэддээ зориулдагтай холбоотой. Мөн цэвэршилттэй холбоотой гормоны өөрчлөлтүүд гардаг. Тиймээс 50-аас дээш насныханд ясны ургалттай холбоотой, ясны сийрэгжилт, яс үе мөчний өвчлөл тохиолдох нь элбэг байдаг.

Эх сурвалж: МNCTV

error: Content is protected !!