No menu items!
HomeХүмүүсТахилчийн удам ба элсэн дор замхраагүй түүх

Тахилчийн удам ба элсэн дор замхраагүй түүх

-

Сайн цагийн тахилчаар газарчлуулсан минь

Биднийг үдэш тийш нийслэлээс хөдлөхөд тэнгэрийн байдал цаг хүйтрэхийг сануулан бүүдгэр саарал өнгөөрөө үдэв. Аян замын туршид “Маргааш хэр хүйтэн байх бол, цас орох нь уу даа” хэмээн цагийн байдлыг эргэцүүлэн басхүү бусадтайгаа энэ тэрийг хүүрнэж газрын хол, замын уртыг туулан зорчлоо. Гэрэл зурагчны маань хувьд үүрээр нар мандахын алдад хэдэн сайхан кадр дарчихвал л явсан хэрэг нь бүтэх бололтой үе, үе энэ тухай ярьж санаашрах. Харин миний хувьд хүмүүсийн зүглэж, сүслэх дуртай газрын нэг болоод буй Хамарын хийд, түүний чанх хойно орших “Энергийн төв” гэж чухам ямар нутаг орон болох нь сонирхол татна. Гэхдээ Хамарын хийдийн тэргүүн хамба ламтай ярилцлага хийнэ гэхээс сэтгэл бүр ч адгаж байлаа. Зорьсон газраа ч ирэв. Замын биднийг орхимж юугаан намируулсан лам хүн угтах юм бодоод ойр орчмоо харлаа. Лав тийм хүн нүдэнд өртсөнгүй. “Ирээгүй юм байх даа” гэж бодож байтал жижигхэн цагаан хав нохой дагуулсан тавь орчим насны эр “Та нар сонины газраас явна уу” хэмээсээр угтлаа. Түүнийг “Та хэд буудалд хэсэг амраад явах уу Аль эсвэл Хамарын хийд рүү шууд явах уу” гэхэд гэрэл зурагчин бид хоёр “Хамарын хийд рүү шууд явъя даа” гэв.

Говь нутгийн зөөлөн зам энхэл донхолтой гэж жигтэйхэн. Биднийг галт тэрэгний буудал дээр тоссон, яг үнэндээ хэн болохыг нь үл мэдэх мөнөөх хүн машинаа зогсоож, замдаа саатсан нэгэн жижиг тэрэгний эзэдтэй уулзахаар буулаа. “Туслах нь дээ” гэсэн бодол энэ зуур зурсхийн бодогдов. Үл таних эрхэм маань буцаж ирснээр аян зам цааш үргэлжиллээ. Түүнийг шинжиж бодох нь ээ, дуу цөөтэй, ёстой л говийн цөлх эр санагдсан юм. “Харанхуйд урдах замаа сурамгай олж байхыг бодоход энд олон жил суурьшсан, хаана жалга гуу, нүх сүв байгааг андахгүй мэддэг бололтой” хэмээн бодлоо үргэлжлүүлэн явах зуур Сайншандын төвөөс 40-хөн км зайд орших Хамарын хийдэд бид нэг л мэдэхэд ирсэн байлаа. Жуулчны баазыг санагдуулам эгнээ хэдэн гэр, хийдийн дуган, дундаа Манал бурхан, чанх өмнөө дурсгалын хөшөөтэй… Хамарын хийдийг зураглаваас ерөнхийдөө ийм аж. Говийн улаан наран үүлсийн цаанаас цухалзан улаан зурвас татуулах нь хийд орчмыг улам үзэсгэлэнтэй харагдуулна. Үүр хэдийнэ цайжээ.

“За, тэргүүн хамба ламтай хэдийд уулзаж ярилцах вэ” хэмээн хамт ирсэн нөхөдтэйгөө ярилцах зуур газарчилж ирсэн хүн маань “Уг нь ярилцах хүн чинь би л дээ” гэх. “Та энд юу хийдэг юм бэ” гэж түүнээс асуухад “Би музейн захирал хийдэг” гэлээ. Түүний үг ер санаанд торсонгүй. “Тэргүүн хамбатайгаа ярилцлага хийх минь” хэмээх бодолтойгоо л байгаад байдаг Бага үдийн алдад хамт яваа хүнээсээ асуулаа. “Тэргүүн хамба ламтай ярилцлага хийнэ гэсэн байх аа” гэж. Харваас түүний царай эргэлзэнгүй болоод явчихлаа. Түүнээс “Хэн гэдэг хүнээс ярилцлага авна гэсэн юм бэ” хэмээн лавлахад “Алтангэрэл” гэж байна. … Бидний дунд ийм нэгэн яриа болж өнгөрснөөс хэдхэн хормын дараа нөгөө газарчинтайгаа, тодруулбал Сайншандын Музей-Сургалт, судалгааны төвийн захирал Зундуйн Алтангэрэлтэй ярилцлага хийх нь тодорхой болов доо. Хотод ирсэн хойноо түүнд “Сайн цагийн тахилч хэмээх нэрийг хайрласан хэрэг, Түүний өвөө Г.Түдэв гуай сайн цаг ирэхийг сэтгэлээ чилтэл хүлээж байсан гэдэг З.Алтангэрэлийн хувьд хотын бидэнд Хамарын хийдийн түүх, тэр хавийн агуй, дов толгод, Шамбалын орныг бүхэл өдөржин танилцуулав. Эрхэм газарчныг өнгөрсөн зууны явдлаас зам зуур хуучлахад улаан, бор, цагаан өнгөөр хосолсон говь нутгийн элсэн дороос эх түүхийн жим эргэн сэргэх шиг санагдаж билээ.

Ноён хутагтын тахилчид

З.Алтангэрэл захирал барагтай бол ам нээдэггүй, нууцлагхан байдгийн учир нийслэл рүү буцахын өмнөхөн тайлагдсан юм. Өөрөөр хэлбэл, Сайншанд хотын төвд уйгагүй хөөцөлдөн байж байгуулсан Ноён хутагт Д.Данзанравжаагийн музейдээ биднийг дагуулж орсныхоо дараа тэрбээр гайхаж алмайрмаар, зарим үед хамар шархирам түүхийг ярьж өглөө. Ноён хутагтын дүр амилан сэрж, “Үлэмжийн чанар”-ын эгшиглэнт аялгуу хаанаас ч юм сонсогдох, тийм л мэдрэмжийг төрүүлсэн 2000 гаруй үзмэрийнхээ дунд З.Алтангэрэл захирал өөрийнхөө болон өвөг дээдсийнхээ тухай хүүрнэсэн юм.

Музейн бүүдгэр гэрэл дундахь намуухан яриаг таслан “Та Хамарын хийдийг сэргээн босгох, хөшөөт цогцолбор барих зэрэг үйлийг санаачлагчдын нэг Шашны зам мөрийг даган гэгээрэлд хүрэхийг эрмэлзэж явдаг уу” хэмээн З.Алтангэрэл захирлаас асуухад “Би гэгээрлийг хайхаасаа илүүтэй Ноён хутагтын заасан замаар явж буй шавь нарынх нь нэг. Тэр их хүн харанхуй бүдүүлэг, мунхаг байдлыг тэвчиж, бие биенээ үзэн ядах, бүсгүй хүнийг дорд үздэгээ цээрлэн сэтгэлийн дотоод ариусал, гэгээрэлд хүрэхийг номлосон байдаг” хэмээн хариуллаа. Ноён хутагт Д.Данзанравжааг ийн номлож, хүн ардыг гэгээрүүлэн баясгахад манжууд ихэд хорсон түүнийг хорлох гэж элдэв арга чарга эрэлхийлдэг байжээ. Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа: …Могой жил… цам гаргаж ахуй үес миний дэргэд нэг том жад ирж буув… хэмээжээ.

Гэвч түүнийг үнэнч шавь нар нь Манжийн хорлолоос сэргийлж дөнгөдөг байлаа. “Монголчуудын гарт илд бариулбал тэд дэлхийг эзэлнэ. Судар бариулбал тэд дэлхийг эрхшээнэ” хэмээн хорссон үгээр булхаж байсан манжууд эцэст нь Ноён хутагтад хошуу ноёны эхнэрээр хортой архи бариулан хорлосон юм. Учир нь Ноён хутагт бүсгүй хүнийг дээдлэн шүтдэг байжээ. Ноён хутагт тухайн үед өөрт нь хортой архи барьж буйг мэдсэн хэдий ч “Би энэ хортой архийг ууж, та бүхнийг хүслийг гүйцээе. Хэрэв үүнийг уухгүй бол та нарт гай түйтгэр тарина” хэмээгээд хортой архинаас зооглон хорвоог орхисон түүхтэй.

Түүнийг нас нөгчсөнөөс хойш манжууд оюуны үнэт бүтээлүүдийг нь сүйтгэж устгах “ав”-д гарсан ч олон мянган шавь нар нь тэдгээр эд өлгийн зүйлсийг хадгалж, хамгаалж чадсан юм. Ноён хутагт нас нөгчихийнхөө өмнөхөн дотны шавь Балчинчойжоодоо нэгэн захиасыг хэлжээ. “Миний амьдралын бүхий л түүхийг өгүүлэх эд өлгийн зүйлсийг хэдэн үеэрээ харж, хамгаалж яваарай” гэж. Ийнхүү нас нөгчсөнөөр сайн цагийн тахилч болох З.Алтангэрэл, түүний өвөг дээдсийн түүх эхэлжээ. Балчинчойжоо Ноён хутагтын шарил хийгээд эд зүйлсийг чанд хадгалж яваад өөрийн хүү Ган-Очир, Ган-Очир нь хүү Наръяа, Наръяа нь хүү Онгой, Онгой нь хүү Гомбо, Гомбо нь хүү Түдэвтээ үе уламжлуулан хадгалуулж ирсэн.

Харин Г.Түдэв гуай ач хүү З.Алтангэрэлдээ 1856 оноос хойш ороо бусгаа цагийг туулж, бүрэн бүтэн үлдсэн 64 авдар эд зүйлийг 1984 онд өвлүүлэн үлдээжээ. Тахилч нарын хувьд цэргийн албанд мордож, алба гувчуур төлдөггүй зөвхөн их хутагтынхаа өвийн зүйлсийг харж ханддаг өндөр эрх мэдэлтэй хүмүүс байсан юм байна. Уг үгийн үндэс, язгуур гэвэл, тахилж мөнхлөх гэсэн үгээс гаралтай. З.Алтангэрэлд 18 үеэ тэмдэглэн бичсэн угийн бичиг бий. Тэдгээрийн дотор дээд найман үе нь “Ноён хутагтын тахилч” гэдгээр мөнхрөн үлджээ. Учир юу гэвээс, Ноён хутагтын шарилаас гадна 1500 авдар эд зүйлийг Балчинчойжоогийн үеэс хадгалж ирсэн гэдэг Нэгэн зууны түүхийн улбаан дор хамгийн хүнд хүчир цагийг туулж Ноён хутагтын эд зүйлийг хадгалж, хамгаалж ирсэн хүн бол З.Алтангэрэлийн өвөө Г.Түдэв гуай аж.

Тэрбээр 1920-оод оны үед гамингийн цэргээс үнэт өвөө хамгаалъя гэхдээ 200 тэмээн дээр мөнөөх авдартай зүйлсээ ачаалан мордож, говийн элсэн дунд шурган зугтжээ. Чингэж олон арван морьтон гамингаас амь мэнд, эд зүйлсээ бүрэн бүтэн аварч хамгаалж үлдсэн юм. Тэр үеэс хойш арваадхан жилийн дараа цөвүүн цаг тохиолоо. Мэдээж, энэ бол 1937 оны үе. Манай урд хилийн цаахна талд Японы түрэмгийлэгчид хуарагнаж байсан юм. Иймээс орос цэргүүд хил орчимд орших хийдүүд япон цэргүүдийн үүр уурхай болох вий гэдгээс сэрэмжлэн тэдгээрийг хайр найргүй устгаж эхэлсэн цаг

Тухайн үед 25-26 настай байсан Ноён хутагтын шарилын сүмийн тахилч Г.Түдэв “Орос цэргүүд удалгүй ирж, Хамарын хийдийг устгаж нураах нь ойлгомжтой. Тэгвэл Ноён хутагтын маань эд зүйлс нэг мөр сүйдэж үгүй болно” хэмээн дотроо тооцоолоод нэг шөнийн дотор нэг авдартай зүйлсийг хийдээс холдуулан элсэн дор нууж байж. Сэтгэлдээ “Ноён хутагтынхаа захиасыг эс биелүүлж, оросуудын гарт эд зүйлсийг нь сүйтгүүлбэл би их багшийнхаа болон өвгөдийнхөө өмнө уучилшгүй нүгэлтэн болно” хэмээн сүсэлж, орой, үдшийн цагаар цэргүүдийг түүдэг галаа тойрон суух ахуйд хийдээс авдруудаа зөөдөг байсан нь тэр.

Г.Түдэв гуай хожим нь зээ хүүдээ энэ тухай хуучлахдаа “Хэрэв би цэргүүдэд баригдсан бол тэр дороо буудуулах байсан” хэмээн өгүүлжээ. Харин тахилч өвөөгийн болон З.Алтангэрэлийн сэтгэлийг адилхан шархлуулж явдаг зүйл бол 1500 авдар эд зүйлээс ганц зууг нь ч болтугай аварч чадаагүйд оршино. Үнэндээ 64 авдар гэдэг бол маш өчүүхэн хэсэг Ийм л учраас тахилч өвөөгийн ач хүү сайн цагийн тахилч эр одоо хэр нь дотроо шаналж явдаг юм билээ.

Өвөөгийн хүү

Сайн цагийн тахилч эр маань хүүхэд насаа хүн амьтны нүднээс хол, агуй, дов толгод дунд өнгөрүүлсэн гэдэг Өвөө нь түүнийг уламжлал ёсоор таван настайгаас нь тахилчийн эрдэмд сургахын сацуу өдөр бүр зодож, хатуужилд сургадаг байжээ. Чингэхдээ ач хүүдээ “Дотоод сэтгэлд тань уур хилэн бадарч байгаа. Тиймээс холхон очиж уур бухимдлаа тайлж байгаарай, эс тэгвэл чи өвчин тусч мэднэ” хэмээн захидаг байв. Бяцхан хүү ч өвөөгөөсөө холдмогцоо түүнийг “Хөгшин төгцөг…”, энэ тэр хэмээн уураа тайлдаг байлаа. Тахилч өвөө зээ хүүгээ борцтой цай, боорцгоор л хооллоно. Өөр ямар ч амттанаар эрхлүүлдэггүй байв.

Харин манж, төвд хэлэнд шамдан суралцуулж, тахилчийн эрдэмд сайтар сургахаа л эрхэм болгодог хүн байжээ. Өвөө, хүү хоёрын эрдэм номонд суралцах аян говийн элсэн дунд, тэмээний нуруун дээр үргэлжилдэг байлаа. Цаг цөвүүн байсан учраас тахилч өвөө зээ хүүдээ Ноён хутагтын эд зүйлсийг хаана нууснаа хааяахан дэлгэж, хүн зоны нүдэнд өртөхгүй байя гэхдээ Галбын хийд хүртэл тэмээгээр аялж, урт замын туршид элдэв зүйлсийг зааж таниулдаг байв. Галбын хийд гэдэг нь өдгөөгийн Оюутолгой орчимд байсан чандмалсан гурван хийд байжээ. Эхээс төрөхдөө л тахилчийн удам гэдгээ зарлаж төрсөн мантгар цагаан хүү нэг л мэдэхэд ардын сургуулийн алтан босгыг алхах болов. З.Алтангэрэл бие томтойгоороо гэрийнхэн дотроо эрс ялгарна.

Ер нь үе, үеийн тахилч өвгөд нь ч тийм байж. Ноён хутагтын эд зүйлийг хамгаалах эрхэм үүргийг яс, махандаа шингэтэл ухамсарласан бяцхан хүүг сургуульдаа явахад өвөө нь тэмээгээр хүргэж өгнө. Мөн сургуулийн амралт эхлэхийг тахилч өвөө Г.Түдэв хүүгээсээ ч сайн мэдэж, сургуулийнх нь гадаа тэмээгээ хөтөлчихөөд хүлээж суудаг байв. Хайр хүрмээр ийм дүр зураг тахилчийн удам З.Алтангэрэлийг дунд сургуулиа төгсөн төгстөл үргэлжилжээ. Өвөө нь хайртай ач хүүгээ өөртөө ойр байлгаж, эртний өвгөдийнх нь удмыг залгуулахдаа гэр орон, ах дүүс, ойр дотныхноос нь хөндийрүүлсэн байв. Тахилч хүн тийм л хувь тавилантай аж.

Тахилч хүн бас хэн хүн тэвчимгүй ам чангатай, хэр баргийн зовлон зүдгүүрийг даах сэтгэлийн хаттай байх учиртай. Өвөө нь З.Алтангэрэлд “Чи хэнтэй ч олон таван үг бүү ярь. Гагцхүү өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн Ноён хутагтын эд зүйлсийг чинад хадгалж, хамгаалж яв. Энэ бүх зүйлс манай гэр бүлийн юм биш. Харин цаг нь ирвэл гаргаж өгөх ард олны өмч юм шүү. Гэхдээ цаг нь ирэв гээд хүмүүст гаргаад өгчихвөл хүмүүс аваад идэж л орхино. Тэгэхээр чи л сүм суварга, шүтээн тахилыг нь цогцлоож хүн ардыг нь сургах ёстой. Тэгэхийн тулд чи ихийг сурч мэдэх ёстой. Аливаа бүхнийг дотроо нууцал.

Гэхдээ сайн цаг ирвэл Хамарын хийд, Шамбалын орны тухай хүмүүст ярьж өгөөрэй” хэмээн захижээ. Г.Түдэв гуай ач хүүдээ газар шинжих, хүнийг шинжих, цагийг шинжих эрдмийг зааж, аливаа аюул нүүрлэсэн цагт хутагтынхаа өвийн зүйлийг тэмээгээр зөөж их элсэнд нуухын чухлыг захиж хэлдэг байжээ. Ингэхдээ нохой дагуулж явбал сайн. Учир нь нохой биднээс илүү мэдрэмжтэй тул ирж байгаа аюулыг их холоос мэддэг. Харин нохойгоо уншина гэж нэг юм бий. Нохой хэдий тустай ч бас хуцаж, эзнээ дайсанд нь барьж өгөх гэмтэй. Тиймээс бөгсийг нь халуун төмрөөр хайрчих.

Тэгвэл нохой шархандаа зовиурлан муухан хуцаж, яваандаа бүр хуцахаа болино” хэмээн сургадаг байв. Өвөөгийн үг бүр зээд нь насан туршдаа санаж, сэрж явах эрдэм болжээ. Өвөөгийн сургасан хамгийн чухал, нандин эрдэм бол Ноён хутагтын эд зүйлийг гэмтээж, сэвтээлгүй хадгалах явдал юм. Тахилч өвөө хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хийдээс ганц, ганцаар нь үүрч дүүрэн байж холдуулсан 64 авдраа хаана нууснаа зээдээ нэгэн өдөр зааж өгчээ. Зааж өгөхийн сацуу сайн цаг ирэхэд хэзээ, хаанаас хэрхэн олж болох, мөн муутгаж, өгөршүүлэхгүйн тулд хэрэглэх жорын эрдэмд сургасан байна.

Гэхдээ намрын дунд сарын шинийн 15-ны шөнө сар мандахын цагт Ноён хутагтын эд зүйлийг нуусан газрыг олж болно. Хэрэв өөр өдөр ирэх юм бол сарны хөдөлгөөнөөс болж тэр газрыг огтхон ч олж чадахгүй гэдгийг тахилч Г.Түдэв ач хүү З.Алтангэрэлдээ захижээ. Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдохын зэрэгцээ тахилч өвөөгийн нас дээр гарч, зээ хүү эрийн цээнд хүрлээ. Тахилчийн удам 5-25 нас хүртлээ өвгөдийнхөө эрдэмд шамдан суралцах ёстой. З.Алтангэрэлийн хувьд ч гэсэн өвөөгийн хатуу гар дор тахилчийн эрдэмд шаггүй сайн суралцжээ. Тэдгээрээс бясалгалд л төдийлөн сайн суралцаагүй аж.

Тахилч Г.Түдэв хүүгээ нэгэн өдөр дуудаж, “Чи жолооч бол. Гэхдээ жирийн нэгэн жолооч биш, цэргийн ангийн жолооч бол” гэж гэнэ. Хэдийгээр хэлмэгдүүлэлтийн “Хар шуурга” намжсан хэдий ч шашин номын эд зүйлс, тэр дундаа Ноён хутагтын өвийг олноо ил гаргах нь тухайн үед хаалттай сэдэв хэвээр байсан юм. Тийм учраас хардлага сэрдлэгэд бага өртдөгөөр нь цэргийн ангийн жолоочоор ажиллах саналыг өвөө нь хэлсэн нь тэр байжээ. З.Алтангэрэл ч өвөөгийнхөө үгийг дагаж, цэргийн ангийн жолооч болов. Гэхдээ хааяахан нэг зэсэрчихдэг байсан учраас хамт ажилладаг нөхдөөсөө “Зэс гуталт” нэр зүүлээ. З.Алтангэрэл тийнхүү ажлаа хаян алга болдог байсных нь учир Ноён хутагтын эд зүйлийг нуусан газарт очиж, харж ханддаг байсантай холбоотой.

Тахилч өвөө Г.Түдэв ачийнхаа хамт Хамарын хийдийн ойролцоо орших Хүслийн уул хэмээх өндөр уулын орой дээр нэлээд хожуухан гарч гэнэ. Тийн гарсныхаа дараа тэрбээр санаа алдан нулимс унагаж, ач хүүдээ удаах захиасаа хэлсэн гэдэг “Өвөө нь сайн цаг ирэхийг сэтгэлээ чилтэл хүлээлээ. Гэвч тийм цаг ирсэнгүй. Би өнгөрсөн хугацаанд яггүй яхир зантай болж, хавь ойрынхноо хардаж сэрдсээр байгаад хүн биш болжээ. Элстэй бор толгод хавиар явсан хүмүүсийг Ноён хутагтын өвөөр оролдчих нь уу гэж хардаж сэрдэнэ. Миний үед тахиж мөнхөлж ирсэн эд зүйлсийг маань буу, зэвсгийн хүчээр сүйтгэхийг оролддог байсан бол чиний үед эд мөнгөний хүчээр эвдэлж, бусинуулж ч магадгүй юм.

Хүү минь, чи олон үеийн туршид хайрлаж, хадгалж ирсэн эдгээр эд зүйлсийг хэрхэхээ өөрөө л мэд. Чамайг эрдэм номонд дадамгай сайн тахилч болгохын тулд өвөө нь хатуу гараар хүмүүжүүлсэн юм шүү” хэмээжээ. Ач хүүгээ нэг хэсэг цэргийн ангийн жолооч болохыг ятгаж байсан тахилч өвөө 1986 онд гэнэт бодлоо өөрчилдөг юм байна. Тэрбээр З.Алтангэрэлд “Одоо чи хүмүүсийн дээдлээд буй диплом гэдэг алга дарам цаасыг олж ир. Гэхдээ чи хүнд юмаа ойлгуулж чаддаг, хийж бүтээж чаддаг багш мэргэжилтэй болоорой. Тэгэхгүй бол жолоочийн ажилтай чамайг хожим хэн ч тоож үзэхгүй” хэмээн хэлэв.

Ач хүү нь ч өвөөгийнхөө үгийг дуулгавартайгаар дагаж, тухайн үед Улсын багшийн дээд сургуулийг Зураг, хөдөлмөрийн багшийн мэргэжлээр дүүргэжээ. Гэхдээ З.Алтангэрэл энэхүү мэргэжлээрээ хоёрхон жил л ажилласан гэдэг. Түүнийг тахилчийн эрдэмд сургаж, ажилтай, мэргэжилтэй, гэр бүл болсны дараа буюу 1990 онд тахилч өвөө нь 78 насандаа тэнгэрт хальжээ. Түүнийг бурхан болсны дараахан З.Алтангэрэлийнх хүүтэй болсон нь мөн л нуруун дээрээ тэмдэгтэй төрөв. Тахилчийн удмын шинэ хүн ирсэн нь тэр. З.Алтангэрэл бидэнд энэ тухайгаа өгүүлэхдээ “Ноён хутагтын таалал л мэдэж дээ” хэмээнэ лээ. Ийнхүү бид зам зуур биднийг газарчлан явсан мөнөөх эр юуны учир үг цөөтэй байдаг хийгээд түүний 1990-ээд оноос үндэс суурийг нь тавин байгуулсан музей нь ямар нандин үзмэртэй болохыг ойлгож мэдсэн юм даа. Басхүү түүнд “Сайн цагийн тахилч” хэмээх нэр хайрласны учрыг ч уншигч авхай та ойлгож буй биз ээ.

Хүний амьдралын түүхээс хамгийн нандин нь хайрын түүх байдаг. Тахилчдын удмын түүхээс ч гэсэн хамгийн хайр хүргэм, нандин нь энэ л байлаа. Элстэй говийн бор толгод дунд ач хүүгээ тэмээн дээр сундалчихаад тахилчийн эрдэмд сургаж явсан өвөөгийн хайр энэ хорвоогийн хамгийн сайхан хайрын нэг байсан юм. Ноён хутагтын өвийг аминаасаа илүү хайрлан аварч үлдсэн нь ч бас тэрхүү агуу хайрын илэрхийлэл билээ. тахилчийн удмыг залгуулж яваа З.Алтангэрэл хожим нь өвөөгийнхөө тэмдэглэлийн дэвтрээс нэгэн бадаг мөрийг олж уншжээ. Ач хүүгийнхээ бумбагар бяцхан гарыг цаасан дээр тавьж, гарынх нь хэвийг зурахдаа өвөө нь ийн шүлэглэсэн байв.

Жинхэнэ Монгол шүлэг ахуйг таниулж

Жижигхэн зүггүй тархийг

Монгол болгож явна

Жил, сарын уртад хүнийх болчихож магадгүй гэж

Жаахан бор толгодоо цусанд нь шингээж явна даа

Элсэн толгод дунд эгшиглэх “Үлэмжийн чанар”

Элсэн говийн бор толгод, хүрмэн чулуу, ер энэ хавийн хаа нэгтээгээс “Үлэмжийн чанар” эгшиглэх шиг Аль эсвэл Ноён хутагтын номлосончлон ногоон торгон дээл, алтадмал малгайгаар гоёсон дэгжин гоё бүсгүйчүүд өмнө, хойно минь гунхалзах ч шиг. Зуу гаруй жилийн тэртээ Хамарын хийд орчимд ийм л дүр зураг ноёлдог байжээ. Нэг их гоё, үлгэрийн мэт ер бусын. Ноён хутагт маань бүсгүй хүнийг дээдлэн шүтдэг байсан учраас Хамарын хийд бусад хийдээс өвөрмөц, өнгө тунамал оршсоны учир тийм аж, Газрын хамар дээр байгуулсан учраас энэхүү хийдийг Хамарын хийд буюу Өвөрбаясгалант хэмээн нэрлэдэг, Дулдуйтын хүү ухаан билэг, уран гарынхаа шидээр Хамарын хийдийг 1821 онд буюу 19 настайдаа 80 гаруй сүм дугантайгаар байгуулжээ. Ноён хутагтын Ламрин дацан, “Саран хөхөө” намтар дуулах дацан /театр/, Хүүхдийн дацан / сургууль/, номын сан гээд л энд ер байхгүй юм үгүй байж, Байж гэсний учир иь 1930-аад оны эцэст Ноён хутагтын энэхүү цогц уран бүтээл, үл хөдлөх дурсгалууд тэр чигтээ сүйдэж үгүй болсон. Одоо зөвхөн овгор товгор туурийг нь л харж болно.

Хамарын хийдийг сэргээн босгосноор лам нар ном хурж, сүсэгтэн олны мөргөл тасрахаа байсан аж. Хийдийн хойд хэсгээс үргэлжлэх суварган зам хүмүүсийг Шамбалын орон буюу Бурханы орон өөд хөтөлж хүргэнэ. Ноён хутагт амьд ахуйдаа шавь нартайгаа энд уулзахын ерөөл тавьж байсан гэдэг. Орчин цагийн хүмүүс л “Энергийн төв” гэж нэрлээд байгаа болохоос биш, дээхнэ үед лам нар дотоод бурханлиг мөн чанараа нээн олохын тулд энд бясалгал хийдэг байжээ. Дээхнэ үед хүмүүс Шамбалын орны газрыг адис жанлавтай буюу хүчтэй, нөлөөтэй хэмээн ярьдаг байв. Хүмүүс түүний элсэн дээр хөрвөөж, овоон дээр нь “Үлэмжийн чанар” дууг дуулахдаа өвчин эмгэгээсээ ангижирч, өөрийгөө цэнэглэж байна хэмээн сүсэлдэг нь одоог хүртэл уламжлагдан иржээ,

Ноён хутагт 1850-аад оны үед энд ариун суваргуудыг бүтээж, сүм суваргын цогцолбор босгож байсан юмсанж, Үгээгүй ядуу айлд төрж, хар багадаа эхээсээ өнчирсөн Ноён хутагт багадаа ихэд сэргэлэн, хурц ухаантай хүүхэд байжээ. Дуу дуулж, зон олныг оюун билэгт үгсээрээ гайхшруулж явсан түүнийг говь нутгийнхан “Тавдугаар Ноён хутагтын дүр яах аргагүй мөн” хэмээн хүлээн зөвшөөрч, Манжийн хаанд айлтган хутагтын суудалд залсан гэдэг, Дууч хуурч, эмэгтэй хүнийг дээдэлдэг, нууц тарнийн элдэв зан үйлд архийг рашаан хэмээн тахил болгон хэрэглэдэг байснаас түүнд “Садар самуун, архичин” нэр зүүх гэсэн санаархал ч байсан аж, Гэвч Ноён хутагтын хувьд хамаг олныг соён гэгээрүүлэхэд бүхий л амьдралаа зориулж явжээ.

З.Алтангэрэлийн байгуулсан музейд хадгалаастай буй бийр янтай, “Саран хөхөө” жүжгийг тоглох үед жүжигчдийн өмсдөг байсан хувцас тэргүүтэн, эмийн хэрэгсэл, түүний гурван шүтээний бэлгэдэл, ая тэмдэглэх “Ян-иг” судар зэргээс энэ бүхэн тодорхой харагдана. Биднээс “Сайн цагийн тахилч” хэмээх нэрийг хүртсэн З.Алтангэрэлийн ярьж буйгаар Ноён хутагт динозаврын ясаар эм тан хийж, бүжиг, дууны ая эохиодог байв. Тухайн үед бүжигчин хүнийг хөл гарын дохиочин, дуучин хэл хоолойн дохиочин, жүжигчнийг хөрөгчин хэмээн нэрлэдэг байжээ, Дулдуйтын хүүгийн эрхэмлэдэг байсан гурван шүтээний бэлгэдэл нь ч их онцлогтой,

Хун-Энэ бол утга уянгын бэлгэдэл, Д.Данзанравжаагийн зохиол бүтээлд “Саран хөхөө”, “Өвгөн, шувуу хоёр”, “Цаасан шувууны үлгэр” зэрэг шувуугаар нэрлэгдсэн бүтээл олон,

Хилэнцэт хорхой-Энэ бол шударга ёсны бэлгэдэл. Хилэнцэт хорхой уурлахаараа өөрийгөө хатгаад хөнөөчихдөг, Энэ өвөрмөц зан чанар нь хилэнцэт хорхойг шударга ёсны бэлгэдэл болгоход нөлөөлсөн юм байна.

Бурхан-Энэ бол эмэгтэй хүн. Эмэгтэй хүнийг Ноён хутагт маань дээдийн дээд бэлгэдлээ болгодог байжээ.

Ийнхүү нэгэн биений жаргалыг эрхэмд үзэлгүй, бусдыг соён гэгээрүүлэхийн төлөөх үйлст бүхий л амьдралаа зориулсан Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа, түүний бүтээсэн судар ном, бүтээл туурвилуудын тухай түүхийг хүүрнэх говийн бор толгод тахилч өвөөгийн хүсэн хүлээж байсан сайн цагийн түүхийг бичилцэж байна, “Сайн цагийн тахилч” З.Алтангэрэлийн хувьд ч гэсэн өвгөдийнхөө захиасыг биелүүлж, XIX зууны үеийн эд өлгийн зүйлсийг жинхэнэ эхээр нь, цогцоор нь хадгалсан үнэт үзмэрүүдээрээ өнгөрсөн түүхийг эргэн сануулсаар…

Түүнээс гадаадын нэгэн жуулчин “Нэг ширхэг үзмэрийг тань хоёр жип машинаар сольё” гэхэд огт зөвшөөрөөгүй гэдэг шүү. Тэрбээр өвгөдийнхөө өмнө Ноён хутагтын эд өлгийн зүйлсийг тахилж, мөнхөлнө хэмээн тангарагласан учраас тэр. Олон жилийн өмнө хэсэг палеонтологичид динозаврын яс эндээс цуглуулж судалж байснаас биш, айхтар их судлагдаагүй, нууцлаг энэ газар орны түүхийг бичилцэхээр Хамарын хийдэд 12 лам шавилж, Энэтхэгт 40 гаруй хүүхэд суралцаж байгаа гэсэн. “Сайн цагийн тахилч” маань Хамарын хийдийг сэргээн босголцсоноос гадна нутаг орноо гадна, дотны гийчдэд таниулан сурталчлах үүднээс жуулчны бааз хүртэл байгуулсан аж. Цул улаан элс зонхилох энэ газар 100 гаруй агуй байдаг хэмээн З.Алтангэрэл бидэнд сонирхуулсан юм.

Түүний өвөө Г.Түдэв гуай тэр цөвүүн цагт Ноён хутагтын эд зүйлсийг энэ л элсэн дор булсан. Тэдгээр 64 авдарнаас 20 нь өдгөө элсэн дороо бий. Учир юун гэвээс, тэдгээрийг бөхжүүлэх шаардлагатай гэсэн. “Сайн цагийн тахилч” З.Алтангэрэл боломж нь бүрдэхээр тэдгээр 20 авдар эд өлгийн зүйлсийг музейдээ тавина. Дорнын говийг зорих хэрэг танд гарвал Д.Данзанравжаагийн музейд заавал зочлоорой. Дулдуйтын хүүгийн багадаа өмсч байсан дээл, цамц, тоглож байсан тоглоомноос авахуулаад Дулдуйтын өөрийнх нь тав гэзгийн хэсэг, бичиг ном, анагаах ухааны цогц хэрэгсэл, Ноён хутагтын төвд, монгол бичгээр жирийтэл бичсэн гар бичмэл судар, түүний эрхэмсэг дөлгөөн, номч дүр таныг угтана. “Цөвүүн цагийн тахилч өвөө” нэрээр уран зурагт мөнхөрсөн Г.Түдэв гуайн чандарлаж авч үлдсэн Ноён хутагтын шарил ч энд буй.

С.Баттулга

Эх сурвалж: Монголын үнэн сонин

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд