No menu items!
HomeОнцлохЖ.Баттуяа: Нэгэнт нүдний даралт ихэссэн үед байнгын хяналтад байх ёстой

Ж.Баттуяа: Нэгэнт нүдний даралт ихэссэн үед байнгын хяналтад байх ёстой

-

П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ж.Баттуяатай ярилцлаа.

Танай эмнэлэгт үйлчлүүлсэн иргэдийн дунд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Насанд хүрэгсдэд үзүүлж болох нүдний өвчлөлийн бүх тусламж үйлчилгээ манайд хийгдэж байгаа. Өвчлөлийн хувьд хөгшрөлттэй холбоотой нүдний эмгэг зонхилдог тул настай хүмүүс үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед залуучууд, идэр насныхны хувьд цусны даралт, бодисын солилцооны эмгэг, халдварт зарим өвчний эмгэгийн үед нүдэнд гарах өөрчлөлттэй хүмүүс их хандаж байна. Ажлын байр, ахуйн нөхцөлд нүдний гэмтэл авсан хүмүүс их ирдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангах, хамгаалалтын нүдний шил зүүж хэвших хэрэгтэй байна. Бүх нүдний гэмтлийн 90% нь сэргийлэх боломжтой зүйлс байдаг.  

Гадаадад хийгддэг мэс заслыг Монголдоо хийдэг болсон гэж дуулсан. Ямар мэс засал хийдэг болсон талаар сонирхуулахгүй юу?

Манай улс нүдний тусламж үйлчилгээг эх орондоо бүрэн үзүүлж байна. Гадаадад заавал эмчлүүлэх өвчний жагсаалтад нүдний эмгэг байхгүй. Өнөөдөр манай эмнэлэгт хиймэл болор суулгах, нүдний даралт, торлогийн мэс засал, ухархайн нөхөн сэргээх пластикийн, нейрофтальмологийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эвэрлэг нөхөн суулгах мэс засал хараахан хийгээгүй байна. Миний бодлоор 3 жилийн дараа гэхэд хийх болов уу гэж төлөвлөж байна. Бид зогсолтгүй, тусламж үйлчилгээг үзүүлсээр байна.   

Хагалгааны үнэ өртөг ямар байх вэ. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөх үү?

-Тийм ээ, хөнгөлөлттэй. Тухайлбал, нүдний хиймэл болор суулгах мэс засал өндөр өртөгт тусламж үйлчилгээнд хамрагддаг. Нийт хагалгааны зардлын 25 хувийг иргэн өөрөө, 75 хувийг нь эрүүл мэндийн даатгалаас төлдөг. Бид хамгийн сүүлийн үеийн хиймэл болрыг тавьж байгаа. Монгол хүн дэлхийн технологоос хоцрохгүйгээр үйлчилгээ авах боломжтой болсон байна. Америкийн Алконы хиймэл болор маань улам л нимгэн, боловсронгуй, технологийн өндөр үзүүлэлттэй болсон.  Болор суулгахад бид  таван жилийн өмнө 3мм зүсдэг байсан бол өнөөдөр 2.4 мм зүслэгээр хийж байгаа.

– Нүдний даралт ихдэх өвчний талаар тодруулахгүй юу?

-Хүн амын хоёр хувь нь глауком өвчнөөр өвддөг гэж үздэг. Нэгэнт нүдний даралт ихэссэн үед байнгын хяналтад байх ёстой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг шиг нүдний даралтаа байнга үзүүлж байгаарай гэж хэлмээр байна. Ялангуяа 40-өөс дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах ёстой. Энэ бол зогсоож болох өвчин. Нэгэнт өөрчлөлтөд орчихсон эмгэгийг буцаад 100 хувь эрүүл болгоно гэж байхгүй л дээ. Харин үүнийг яаж зогсоох вэ гэдгийг эмч өвчтөн хоёр хамтарч байж шийднэ. Тийм учраас эрт илрүүлэг, оношлогоо ба байнгын хяналт чухал юм.

– Энэ өвчин нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Нээлттэй, хаалттай гэсэн хоёр хэлбэр бий. Хаалттай хэлбэрийн үед өвчтөн өөрөө мэддэг. Тухайлбал, шалтгаангүй толгой өвдөнө, хараа бүрэлзэнэ, нүд гэнэт улайх зовиур илэрнэ. Нээлттэй хэлбэрийн үед магадгүй өвчтөн өөрөө мэдэхгүй явах тохиолдол бий. Яагаад гэвэл нүд хос эрхтэн. Нэг нүдний хараа муудаад байхад нөгөө нүдээрээ хараад, анзаарахгүй тохиолдол гардаг.

– Хараа муудахад нөлөөлөх хүчин зүйлс олон бий. Тэдгээрээс хамгийн их муугаар нөлөөлдөг нь юу вэ?

-Харааны эрүүл ахуйн дэглэм сахих хэрэгтэй. Амьдралын зөв хэвшил, дэглэмтэй холбоотой. Энэ зөрчигдвөл харааны шил зүүх болно л гэсэн үг. Олон цагаар хөдөлгөөнгүй, нэг байрлалд байвал нүд ч гэсэн ядарч хөшнө шүү дээ.  Зөв хооллож бодисын солилцоог хэвийн байлгахгүй бол харах эрхтэнд ч мөн адил биеийн бусад эрхтэнд үүсдэг шиг хүндрэл үүснэ.  

-Хөнгөлөлттэй олгох нүдний эмийн талаар таны бодол?

-Нүдний даралт буулгах дусаалга маш сайн хөнгөлөлттэй олгогдох ёстой гэж боддог. Харин хиймэл нулимс дусаах, нүдний витамин уух талаар хүмүүс маш их асуудаг. Нүдний эмчийн хувьд хэлэхэд яаралтай, хурц үе биш л бол эм, тариаг бага хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Эм хэрэглэхээсээ өмнө өөрийгөө нэг хянах, үнэлэх хэрэгтэй. Нүд аргаад хуурайшаад, нулимс гараад байвал хиймэл нулимс дусаахаас өмнө, шингэн хэр уусан бэ, өрөөний чийгшүүлэлт ямар байна, ходоод эрүүл эсэх, ууж байгаа эмийн нөлөө гэх мэт зүйлсийг анхаарах хэрэгтэй. Нүдний витаминыг хоол унднаасаа авч чадахгүй бол ууж болох юм.

– Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд