No menu items!
HomeЭмч зөвлөж байнаТ.Цэрмаа: Эмэгтэй хүний гоо сайхан өндгөвчний үйл ажиллагаатай шууд хамааралтай

Т.Цэрмаа: Эмэгтэй хүний гоо сайхан өндгөвчний үйл ажиллагаатай шууд хамааралтай

-

Өндгөвчийг эмэгтэй хүний хоёр дахь зүрх гэж нэрлэдэг. Эмэгтэй хүний өндгөвч ямар байгаагаас тухайн эмэгтэйн арьсны өнгө, зан авир шалтгаадаг хэмээн үздэг. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд өндгөвчний үрэвсэлт өвчин элбэгшчээ. Тиймээс энэ талаар “Амрита” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Т.Цэрмаатай ярилцлаа.

-Өндгөвч ямар үүрэгтэй эрхтэн бэ?

-Өндгөвч нь нөхөн үржихүйн тогтолцооны хамгийн том дотоод шүүрлийн эрхтэн. Дотоод шүүрлийн гэдэг нь өндгөвчнөөс гарсан шүүрлийн нөлөөгөөр өндгөн эс боловсорч үр тогтох үйл явц бий болохыг хэлдэг. Өндгөвчнөөс гарах шүүрлийн үйл ажиллагаа хоёр шатлалттайгаар явагддаг. Сарын тэмдэг эхэлсэн өдрөөс үрийн цэврүү өндгөвчинд үүсдэг юм. Мөчлөгийн дунд хэсэгт цэврүү нь хагарч өндгөн эс гадагшилна. Түүний дараа өндгөн эс байсан газар шар биеийн уйланхай үүсээд түүнээс шар биеийн гормон ялгарч, умайн дотор талын салстыг сэвсийлгэж жирэмслэлтэд бэлтгэдэг. Тэгэхээр өндгөвчний үйл ажиллагаа хэвийн байж үр тогтолт хэвийн, ураг зөв бойжино гэсэн үг.

-Өндгөвчний хэвийн үйл ажиллагаа юунаас болж алдагддаг вэ?

-Өндгөвчний эмгэгийн 70 хувь нь үрэвслээс шалтгаалдаг. Голдуу бэлгийн замын болон нянгийн халдвараас болж үрэвсэнэ. Мөн өндгөвч цусан хангамж сайтай эрхтэн болохоор цусаар нян дамжиж өвчилдөг. Өндгөвчний үрэвслийг умайн дайвартай хамт ярих хэрэгтэй. Учир нь умайн дайвар өндгөвч хоёр нэг дор байрладаг, харилцан нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмждэг юм.

Хүний биед өвчний үеэс үл хамааран архаг болон цочмог үрэвсэл явагдана. Цочмог үрэвсэл болж байгаа тохиолдолд өвчин хурц хэлбэрээр илэрдэг. Энэ үед тухайн хэсгээр өвдөх, халуурах, хавагнах шинж тэмдгүүд илэрнэ. Тиймээс эмчилгээгээ зөв сонгож хийх хэрэгтэй. Эмчилгээ хийлгэсний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх нь чухал. Эмчилгээгээ дутуу хийснээс үргүйдэл үүсэх, сорвижих аюултай.

Мөн ойролцоох эрхтэндээ нөлөөлөх сөрөг үр дагавартай. Тиймээс хамгийн түрүүнд бэлгийн ариун цэвэр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Энэ өвчний үед заг хүйтэн, ураплазм, микоплазм зэрэг нянгууд хоруу нөлөөтэй байдгаас үргүйдэл аарцгийн хөндийн наалдац үүсгэх аюултай. Юун түрүүнд мазокын шинжилгээ авдаг.

Түүний дараа хэвлийн ЭХО хийнэ. Орчин үед олон нян зүсээ хувиргаж, нийлж байгаа болохоор эмчилгээ хийлгэхийн өмнө антибиотик мэдрэгийг тогтоогоод эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй. Манайхан эмчилгээ хийхдээ нөхөн сэргээх эмчилгээг орхигдуулдаг. Хүмүүс өвчний зовиур дарагдахаар эмчилгээгээ хаячихдаг нь муу үр дагавар авчирдаг.

-Ураг амархан зулбах нь өндгөвчний өвчлөлөөс шалтгаалдаг уу?

-Эд эс нөхөн төлждөг. Энэ нь хүний зөв хооллолт, амьдралын хэмнэлтэй салшгүй холбоотой. Ер нь эд эрхтний тэжээллэг бодис эс дотор явагддаг. Түүнийгээ эмчлэлгүйгээр үхэжсэн, өвчилсөн эсэн дээр жирэмсэлбэл ураг зулбах аюултай. Мөн ургийн өсөлт зогсох, ураг зулбах, амьдрах чадвар муутай хүүхэд төрдөг. Жирэмслэхээсээ өмнө эрүүл мэндийн төвшнөө тогтоолгох ёстой. Манай эмч нар төрөх насны эмэгтэйчүүдэд энэ талаар зөв шаардлага тавьдаг ч хүмүүс үнэ цэнийг нь ойлгодоггүй.

-Энэ төрлийн өвчин удамших магадлал хэр өндөр байдаг вэ?

-Өндгөвчний төрөлхийн киста буюу уйланхай, хавдар маягийн өөрчлөлттэй хүүхэд төрдөг. Энэ нь хүүхдийн бэлгийн бойжилтын үед илүү тод илэрдэг. Үрэвсэлт өвчин 16-35 насныханд идэвхтэй явагддаг. Нас ахиад ирэхээр өвчний үйл явц харьцангуй далд болдог.

Одоо хүүхдүүд төрөхдөө л эмийн хордлоготой төрж байна. Антибиотикийг олон дахин давтамжтай хэрэглэвэл үйлчилгээ нь төдий чинээ муу. Антибиотик бага хэрэглэдэг бол үйлчилгээ нь сайн. Эмийн санд эмчийн жоргүйгээр антибиотик худалдаалах нь тэсрэх бөмбөг тавьсантай адил юм. Тиймээс би эмчлүүлэгч нартаа эрүүл байя гэвэл антибиотикоос хол байхыг зөвлөдөг.

-Үрэвсэлтэй болсон үеийн өвдөлт нь мухар олгойтой адилхан байдаг. Энэ хоёр өвчнийг хэрхэн ялгах вэ?

-Мухар олгой нь нууц хэлбэрээр үрэвсдэг. Өндгөвчний үрэвсэл архаг биш, бага зэргийн шүүрэл ялгарсан тохиолдолд баруун талын өндгөвч өвчилдөг. Түүнийг л мухар олгойтой андуурдаг юм. Энэ үед дур мэдэн эмчилгээ хийхээс илүү эмчид хандах хэрэгтэй. Манайхан ямар өвчин гэдгийг мэдэлгүйгээр өвчин намдаах эм хэрэглэчихдэг. Энэ нь өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж хүндрүүлэх аюул дагуулдаг. Тиймээс шаардлагагүй тохиолдолд өвчин намдаах эм хэрэглэлгүйгээр эмчид хандах нь чухал.

-Элдэв лаа, эм хэрэглэснээс өндгөвч үрэвсэх үү?

-Лаа нь өөрөө хэсэг газрын эмчилгээний төрөлд багтдаг. Тиймээс лаа хэрэглэснээр өндгөвч үрэвсэхгүй. Харин ч үтрээний лааг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.

-Эмэгтэй хүний өндгөвч эрүүл байх нь гоо сайханд сайнаар нөлөөлнө гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Эмэгтэй хүний арьсны уян хатан булбарай, өөх тосны булчирхайн тэнцвэртэй байдал, тэр ч бүү хэл хүний биеийн галбир ямар байх нь өндгөвчний үйл ажиллагаатай шууд хамааралтай. Мөн үс, хумсны өнгө өндгөвчнөөс гарч байгаа гормоноос ихээхэн хамаарна. Хэрвээ бид сэтгэлээр унаж уур бухимдлаар дүүрэн байвал тархи, зүрх, өндгөвчинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс аливаа зүйлд няхуур хандаж, уурлаж бухимдахаас татгалзвал эрүүл мэндэд тустай.

Б.Сэлэнгэ

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд