No menu items!
HomeUncategorizedАлдарт малчин Б.Иргэлийн амьтан ажигладаг сонин туршлага

Алдарт малчин Б.Иргэлийн амьтан ажигладаг сонин туршлага

-

Монгол улс анх 1940-өөд онд мянгаас дээш малтай малчинд “Улсын сайн малчин цол” олгож байжээ. Увс нутгийн малчин, хөдөлмөрчдөөс тухайн үед хамгийн олон малтай байсан нь Б.Иргэл бөгөөд Наранбулаг сумын харьяат энэ малчин 1945 онд тэмээ 117, адуу 36, үхэр 10, хонь 2060, ямаа 111 нийт 2334, харин 1956 онд 11392 толгой мал тоолуулж байжээ.

Тэрээр 1958 онд Наранбулаг сумын “Пионер’’ нэгдэлд 10000 гаруй мал, дараа жил нь нь 2600 мал тус тус нийгэмчилсэн байдаг.

1940-1958 онд Монголын толгой баячуудын нэг хэмээн улс даяар алдаршсан Бөөрийн Иргэлийн тухай өнөөдөр тун цөөхөн хүн мэдэх байлгүй. Тэр үед хавь ойр нутгийнхан Б.Иргэл гуайн тухай “Иргэлийнх олон малтай боловч дотор хогшил, үнэтэй цайтай юмгүй айл байлаа, хөөрхий.

Ээдээ мөн малч, хичээнгүй, ажилсаг, даанч лут ухаантай хүн байсан даа. Ухаан, ажилсаг зан хоёр нь л Иргэлийг баян болгосон юм даа” гэцгээдэг байжээ. Увс аймгийн Тариалан сумын өндөр настан Туз гуай:

– Би Иргэл гуайтай гурван намар Мянгадын шил орж тус бүрт нь 7-10 хэд хоног хээр хамт байсан юм. Яагаад Наранбулагаас Ховдын нутагт очсон бэ гэхээр, ийм учиртай.

Би нэг намар Иргэлийн мал малладаг Күүкэйн Чангаа гэдэг айлд очиж унаа гуйсан чинь над нэг сувай гүү өгөөд чи долоо хоногийн дотор буцааж авчираарай. Уг нь Б.Иргэл Мянгадын шил рүү хамт явах хүн хайгаад байгаа юм. Чи ч явахгүй биз гэж хэлэхээр нь би явъя, юу хийх юм бол гэхэд Чангаа:

– Юу ч хийхгүй ээ, эндээс яваад нэг хоноод л тэнд хүрнэ. Хэрвээ эндээс үүрээр мордвол зах одтой байхад л Мянгадын шил хүрчихдэг юм. Тэнд хадны нөмөрт суугаад л цай чанаж уугаад борцтой хоол идээд л хэдхэн хононо. Тэгээд л буцаж ирээд хэд хэдэн хот айлаар очоод л болно. Хэрвээ чи явбал чамд лав нэг охин даага юм уу эсвэл хөл дүүжлэх хөгшин морь ч өгч магадгүй, Иргэлтэй уулз гэхээр нь би:

-Энэ гүү чинь Иргэлийнх юм уу гэхэд Чангаа:

– Тийм, тийм. Иргэлийн малыг хариулахдаа миний унаж байгаа гурван адууны нэг нь л дээ. Иргэл таних нь танина. Тэглээ ч ер тоохгүй тийм хорголоо тоолсон хүн биш гэж хэлэхээр нь би нэг өдөртөө гэртээ очиж хоноод ахынхаа шинэ жигүүн даавуу дээлийг гуйж өмсөөд Иргэлийнд явж очлоо. Тэгсэн Иргэл ч гэртээ байна. Тэгээд зорьж ирснээ хэлбэл,

– Тиймээ би Чангаад ярьж байсан юм. Тэгвэл хоёулаа Мянгадын шил орно. Харин нэг дуран олох хэрэгтэй байна. Миний зөрүү хараатай (орос дуранг ингэж нэрлэдэг) хардаг. Самганы “Хүрэн шар”-ыг (хуучны сунадаг хятад дурангийн нэр) гуйж авъя.

Наад муу гүү чинь овоо махалчихаж, манай Чангаа элэгтэй эдэлдэг хүн дээ гээд надад хар морь унуулж, өөрөө нэлээд өндөр буурал морь унаж нэг дөнөн моринд аяны хайс, хоол хош, хувцас хийсэн морин даалин ачиж нэг орой тэднийхээс гарч шөнөжин явсаар маргааш нь үдээс хойш Мянгадын шил хүрч өндөр улаан хадны ёроолд бууж тэндээ хэд хонолоо.

Бид хоёрын хийдэг ажил юу байсан бэ гэвэл, өглөө босоод л ууланд байгаа аргаль, янгир, угалз, тэхийг дурандана. Цайгаа уучихаад өдөржин дурандахад тэр зэрлэг гөрөөс бэлчээрлэж тааваараа хэвтэнэ.

Заримдаа сүрэг сүргээрээ ийш тийш давхилдана. Тэгсхийж байгаад нэг өглөөнөөс л энд тэнд угалз, тэхнүүд хоорондоо их л удаан мөргөлдөж аргаль, янгирууд ер тогтворгүй болж ороо хөөцөлдүүр нь эхэлдэг байлаа.

Тэгэхэд нь Иргэл:

– Энэ чинь ингэсхээд бас зогсчихдог юм шүү дээ. Ямар ч байсан гурав хоног харъя гэж байсан. За тэгээд л үндсэндээ дөрвөн өдрийн турш аргаль, угалзнууд тогтож бэлчээрлэхгүй ороо хөөцөлдүүр нь үргэлжлэхэд бид хоёр оройхон тийшээ Наранбулаг буцаж маргааш нь нутгийнхаа захад орж ирмэгц Иргэл надад:

– Чи тийм тийм айлуудаар очоод хуц ухныхаа хөгийг авцгаа гэж гаднаас нь хэлчихээд дараагийн айлд очиж хэлээрэй гэж явуулаад өөрөө мөн тийм тийм айлд очно гээд бид салж явлаа. Тэгэхдээ миний унаж Мянгадын шилд очсон хар морийг “Унаа хийж ав, наадах чинь 4-5 жил чамд хань болох, хөл хөнгөн номхон морь шүү ганц гэм нь буруу талаасаа бусгамтгай. Тэр талынх нь нүд муу юм шиг байна лээ. Хойтон намар бас хоёул Мянгадын шил орно шүү.

Чи айлын бух /тарианы шуудуу/ сахиж байдаг хүн гэл үү. Хэрэв надаас хэдэн мал авч хариулбал би чамд тусгай хөлс гэж өгөхгүй. Чи шим ашгийг нь хүртээд засгийн албанд өгөх ноос үсийг цагт нь тушаагаад хүйтэн сэрүүн цагт хариулсан малнаасаа хэд гурвыг хүнсэндээ хэрэглэнэ шүү дээ” гэж билээ. Гэвч би тэднийхээс мал авч хариулаагүй. Харин дахин хоёр намар Мянгад орж хэд хонож билээ.

Би Иргэлийнд байнга очиж байгаагүй ч ер нь дотор хөрөнгөгүй байж гэдгийг гадарласан. Тэднийх нэг хүүтэй айл байсан, хүүгээ хурим хийхэд Иргэл бичиг үсэгтэй хоёр хүнээр нарийн данс хөтлүүлэн хуримын бэлэг өгсөн хүнийг буцахад нь нэг боодол даалимба юм уу нэг дээлийн торго өгсөн хүнд нэг бүдүүн эр хонь, ам торго бэлэглэсэн хүнд хоёр эр хонь өгч байсан гэдэг.

Ер нь хэд хэдэн сумын олон хүн тэднийд хонь хариулж байж, өсч өндийсөн юм гэнэлээ. Тэгээд би уг нь Иргэлийн малыг малласан бол газар гишгэх хэдэн малтай болчих байж дээ гэж сүүлд нь бодож байсан юм. Би айлын тарианд хүүхэд байхаасаа зүтгэсэн болохоор танайхаас болъё гэж хэлж чадаагүй юм даа.

Би 7-8 настай байхдаа царны (анжис чирдэг шар үхэр) хамар хөтөлдөг байсан, арай том болоод бух сахидаг болсон юм. Аргаль, угалз, янгир, тэхийн ороо эхлэхийг хардаг байсан учир нь зэрлэг гөрөөс чинь дараа хавар хамгийн сайхан цагт төллөх хугацааг мэддэг, тиймээс ороо нийллэгээ түүнтэй зохицуулдаг байсан юм гэдэг.

Зэрлэг гөрөөс, мал хоёр өөр боловч аргаль, хонь, янгир, ямаа хээлээ тээх хугацаа яг адил байдаг, тэгээд л Иргэл гуай нам засгаас хуц ухнаа нийлүүл, малаа хээлтүүлэгт оруул гэж хугацаа заадгийг даанч тоодоггүй зөвхөн Мянгадын шилийн аргаль, угалз, янгир нийлэх цагт л малаа хээлтүүлэгт оруулдаг байж. Тэгээд л бог нь тариа будаа шиг өсөөд байсан юм билээ гэж ярьж билээ.

Б.Иргэл бол үнэхээр малч хичээнгүй, Монгол хүн малаа адгуулж маллаж ирсэн уламжлалт арга ухаанд тун гарамгай суралцсан нэгэн, баисныг хуц. ухнаа байнга сольж тавьдаг, намар мал хээлтүүлэг дууссаны дараа нэг хотын хуц ухныг өөр хотонд аваачин хөглөөд орхидог. Үүнийгээ жил бүр давтдаг.

Хуц ухны хөгийг дандаа хөмөөр хийдэг. Хуц ухныг нас гүйцээд хоёр жил болоход нь засдаг сонин хүн байсайн тухай Увс нутгийн олон хүн одоо хүртэл ам дамжин ярьсаар байдаг юм билээ.

Б.Иргэл сүргээ түм (арван мянга) хүргэсэн учир 1957 онд ган буйл, таван төрлийн хээлтүүлэгч малын мөнгөн дүрс, мөнгөн бүслүүртэй хувин зэргээр шагнуулж байжээ.

ХААИС-ийн Хөдөө аж ахуйн экстейншин, инновацийн төв. Ж.Санжжамц

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд