LOADING

Type to search

Эрүүл мэнд

Ц. Мөнхтуяа: Нянгийн гаралтай нүд улайлтын үед хөхний сүү дусааснаар нянг улам тэжээдэг

Share

АШУҮИС-ийн нүд судлалын тэнхимийн багш Б. Өнөдэлэг, “Гэрэл” нүдний эмнэлгийн эмч, АУ-ы магистр Ц. Мөнхтуяа нар нүдний өвчлөл “Глаукома”-ийн талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

-Глаукома буюу нүдний өвчлөлийн талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?

Б.Ө: Глаукома өвчин нь дэлхий даяар элбэг тохиолддог, сохрол, сул хараанд хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг юм.

Глаукома өвчин гэж юуг хэлэх вэ, нүдний даралт ихсэх өвчнөөс ялгаатай юу?

Ц. М: Уг өвчний үед илрэх гол шинж тэмдэг нь нүдний даралт ихсэх байдаг учраас ард иргэдийн дунд нүдний даралт ихсэх өвчин гэдэг ойлголт хэвшчихсэн. Олон улсын нэршил нь Глаукома. Олон улсын нэршил ийм тул уг нэршилд шилжих нь зүйтэй. Яагаад энэ нэршил рүү шилжих хэрэгтэй вэ гэвэл Глаукома нь бүлэг өвчин. Нүдний даралт ихсэхтэй адил хараа алдалтад хүргэдэг хэрнээ нүдний даралт нь хэвийн эсвэл хэт бага байдаг хэсэг бүлэг өвчин мөн энэ бүлэгт хамаардаг. Тиймээс Глаукома нь илүү өргөн цар хүрээтэй.

Харааны эрхтэн тогтолцооны талаар дэлгэрүүлбэл?

Б.Ө: Нүд, нүдийг тойрсон хамгаалах бүтэц, нүдний алим, харааны зам, гавал зэргийг харааны эрхтэн тогтолцоо гэж нэрлэдэг. Хүний тархинд ямарваа нэгэн мэдээлэл таван төрлийн  сувгаар очдог. Тархинд очих нийт мэдээллийн 80-аас дээш хувь нь харах мэдрэхүйгээр дамжин ордог. Нүд нь гаднаас орж ирэх гэрлийн туяаг мэдрэлийн импульс болгон хувиргаж харааны мэдрэлийн замаар тархи руу дамжуулдаг. Хамгийн сүүлд тархины гавал хэсэгт мэдээллийг ойлгох, боловсруулах процесс явагддаг.

-Глаукома нь яг ямар өвчин бэ, юуг гэмтээдэг вэ?

Б.Ө: Нүдний алимнаас тархи руу явсан зам байдаг бөгөөд үүнийг харааны мэдрэл гэж нэрлэдэг. Тархи болон нүдийг холбож байдаг харааны мэдрэлийн хэсэгт маш олон эрсдэлт хүчин зүйлс нэгдэж, нийлсний үндсэн дээр Глаукома өвчин үүсдэг. Харааны мэдрэл ямар нэгэн шалтгааны улмаас байнгын, давшилттайгаар устаж үгүй болох өвчний нэг хэлбэр.

-Глаукома өвчин хэр эрсдэлтэй вэ, “харааны хулгайч” гэж нэрлэдэг шүү дээ?

Ц.М: Хараагүйдэлттийн хоёрдугаар шалтгаан болдог. Сохролын нэгдүгээр шалтгаан нь нүдний болор цайх өвчин. Нүдний болор цайх нь эмчлэгдэх боломжтой өвчин. Цайсан болорыг нь тунгалаг болороор солиход 100 хувь хараа сэргэх боломжтой. Гэтэл нүдний даралт өвчний улмаас харааны алдагдалд орсон, сохролд хүрсэн тохиолдолд сэргэх боломжгүй. Иймээс хүнд учруулах хор хөнөөлийн хувьд Глаукома нь нэгдүгээрт тавигдах өвчин юм.

-1966 онд улсын хэмжээнд анх удаа ШНУГТЭ-т уг өвчлөлийн тасаг нээгдэж байсан. Уг өвчлөл манай улсын хэмжээнд хэр их тохиолддог вэ?   

-Ц.М: Социализмын үед хувийн хэвшлийн эмнэлэг байдаггүй бүгд улсын эмнэлэг байлаа. Улсын  эмнэлгүүдэд Глаукома өвчнийг тусгайлан хянах кабинетууд байгуулагдаж эхэлсэн. Манай ахмад эмч нар маш сайн ажилладаг байсан. Тухайн үед багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, боловсон хүчний сургалт төдийлөн хангалтай биш байсан ч гэсэн өдийг хүртэл Глаукома өвнийг хяналтандаа авч ирсэн. Өнөө үед хувийн хэвшлийн эмнэлгүүд байгуулагдсанаар нүдний ямар нэгэн өвчлөлийн үед заавал улсын эмнэлгийг зорих шаардлагагүй болсон. Тиймээс эмнэлэг бүр нүдний даралт өвчний оношлох суурь нөхцөл байдлыг бүрдүүлсэн байгаа. Уг өвчин нь сохролд хүргэдэг аюултай өвчин учраас Эрүүл мэндийн яамнаас ихээхэн анхаарал хандуулдаг салбарын нэг.

-Төрөлхийн болон олдмол гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг юм байна. Төрөлхийн тохиолдолд хэрхэн оношлох вэ, уг өвчин үүсэх шалтгаан нөхцөл нь юу байдаг вэ?

Б.Ө: Уг өвчин нь 50-аас дээш насныханд элбэг тохиолддог. Хүүхдэд тодорхой хэмжээгээр тохиолдоно. Түүнийг нь төрөлхийн Глаукома гээд өөр өвчний ангилалд хамааруулдаг. Ураг байхад нүдний даралт өвчин үүссэн бол хүүхэд төрөхдөө том алаг нүдтэй төрдөг. Мөн нүдний хамгийн гадна талын эвэрлэг бүрхүүл нь хавагнаснаас болж гэрэлд гялбах, нулимс гоожих, харанхуй орчинд илүү дуртай байх шинж тэмдгүүд илэрнэ. Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдээ нүдний үзлэгт хамруулах, хүүхдээ анхаарах хэрэгтэй. Нүд нь зүрх, ходоодноос өөр, ил байрладаг эрхтэн. Тиймээс нүдний ямар нэгэн өвчлөлийг хараад мэдэх боломжтойгоороо бусад эрхтнээс онцлогтой. Сар бүр хүүхдээ нүдний эмчийн үзлэгт хамруулах нь хамгийн зөв арга.

Уг өвчний хамгийн том эрсдэлт хүчин зүйл нь нас, хоёрдугаарт, нүдний даралт ихтэй удаан явах, гуравдугаарт, удамшил.

-Ямар шинж тэмдэг илрэх вэ, 50-аас дээш насныханд элбэг тохиолддог гэлээ шүү дээ. Ямар тохиолдолд эмчид хандах хэрэгтэй вэ?

Ц.М: Уг өвчнийг бүлэг өвчин гэж дурьдсан. Үүнд олон өвчнийг хамааруулдаг. Бүлэг өвчин гэж нэрлэж байгаагийн учир нь олон төрлөөр илэрч болно. Тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Илэрч байгаа шинж тэмдэг нь ховор, маш хожуу шатандаа хараа бүрэлзэх зовиур илэрдэг учир ихэнхдээ хожуу шатандаа эмчид ханддаг. Зарим хүмүүс “миний нүд өвдөөд улайгаад байх юм нүдний даралттай гэсэн үг үү?” гэдэг. Энэ нь нүдний даралтын өвөрмөц шинж огт биш.

-Глаукомаг хэрхэн оношлох вэ?

Б.Ө: Оношлоход хүндрэлтэй бөгөөд маш олон төрлийн шинжилгээг хийлгэх шаардлагатай. Хамгийн анхан шатны шинжилээ нь нүдний угийг дурандах. Нүдний угийг дурандсанаар харааны мэдрэлийг харах боломжтой. Харааны мэдрэл дээр ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг хардаг. Ингэснээр дараагийн шинжилгээнүүдийг төлөвлөж хийн эцсийн оношийг тавьдаг. Манай улсын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад багаж төхөөрөмж, оношилгоо шинжилгээний аргууд нь хангалттай төвшинд байгаа.

-Хэдий хугацаанд нүдний үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой байдаг вэ?

 -Ц.М: Эрсдэлт бүлэг буюу 50-аа дээш насныхан, гормоны эм хэрэглэдэг хүмүүс, харааны шилний өндөр гажигтай хүмүүс, нүдэндээ гэмтэл авч байсан, удамшлын шалтгаантай бол жилдээ нэг удаа заавал оношлуулж байх. Нэгэнт Глаукоматай хэмээн оношлогдсон бол тухайн өвчний явц, үе шат зэргээс хамааран эмчийн хяналтанд байх ёстой.

-Хараа алдалт нь гэнэт бий болохгүй аажимдаа явагддаг байна. Энэ талаар?

Б.Ө: Харааны талбай гэж байдаг. Глаукома өвчний үед харааны талбайн эсүүд захаасаа байхгүй болж эхэлдэг. Захын хэсгээсээ хараа алддаг гэсэн үг. Хүн  төвийн хэсэгт анхаарлаа хандуулснаар үүнийг сайн мэддэггүй. Тийм учраас зовиургүй гэдэг. Захын хараа алдалт нь маш аюултай хор хөнөөлтэй. Тухайлбал Глаукоматай хүн машин жолоодож байгаа тохиолдолд хажуугаас орж ирэх машин, явган зорчигчийг харж чадахгүй осол гаргах эрсдэлтэй байдаг.

Мөн хүний тархинд өөрөө өөргийгөө хуурдаг механизм байдаг юм болов уу гэдэг таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн байдаг. Харагдахгүй байгаа хэсгийг толгойгоо эргүүлэн харсныгаа нүд дүүрэн харж буй мэтээр төсөөлдөг байх магадлалтай.

-Хэрхэн эмчлэх вэ?

Ц.М: Уг өвчнийг бүрэн эдгээх боломжгүй. Нэгэнт алдсан харааг сэргээх боломжгүй бөгөөд эмчилгээний хувьд төвөгтэй, төгс эмчилгээ гэж байдаггүй. Эмчилгээний хувьд эмийн, лазерийн, мэс заслын эмчилгээг хийдэг. Эмийн эмчилгээг нүдний даралт бууруулах эмүүдийг эхний шатанд зөвлөдөг. Хаалттай өнцөгтэй тохиолдолд лазерийн эмчилгээ эхний сонголт болж эхэлдэг. Хяналтын явцад тухайн хүний харааны байдал, өвчний үе шат, даамжрал, амьдралын чанар зэргээс шалтгаалан бай даралт гэдэг зүйлийг тогтоодог.  Тогтоосон бай даралт хүртэл эмийн болон лазер эмчилгээг хийх, хэрэв үр дүнгүй бол мэс заслын эмчилгээ рүү шилждэг. Мэс засал гэхээр хүмүүс эмээдэг. Шаардлагатай үед мэс заслын эмчилгээнд ороогүйгээс өвчнөө улам даамжруулж, сохролд хүрэх хугацаагаа богиносгодог. Глаукомагийн эмчилгээний нэг чухал арга нь болорын мэс засал байдаг. Хоёр жилийн өмнөөс Глаукомаг өндөр зардалтай мэс заслын тоонд оруулан улсаас нийгмийн даатгалаар дамжуулан 70 хувийг нь төлөх боломжтой болсон.

-Уг өвчнөөр оношлогдсон тохиолдолд хэрэглэх эм нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан байдаг болов уу?

Ц.М: 2018 оны Эрүүл мэндийн яамны сайдын тушаал гарсан. Нүдний эмч нарын нийгэмлэг, нүд судлалын салбар зөвлөлөөс хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу оруулах хүсэлт тавьсан. 2018 онд батлагдсан. Харамсалтай нь одоог хүртэл нэг ч үйлчлүүлэгч хөнгөлөлттэй үнээр эмээ авч чадаагүй байгаа. Аль шатан дээрээ хэрэгжихгүй байгаа нь тодорхойгүй.

-Нийгмийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэлээ. Энэ нь хувийн эмнэлгүүдэд үйлчилдэг үү?  

Ц.М: Эмнэлгээсээ шалтгаална. Уг өвчин нь настай холбоотой. Ихэвчлэн тэтгэврийн насныхан байдаг. Эмийн эмчилгээний хувьд нэг сард дунджаар 50-200 мянган төгрөгийг зарцуулдаг. Тухйан явцад лазерийн болон мэс заслын эмчилгээ рүү шилжиж боно. Глаукоматай хүмүүс санхүүгийн хувьд маш хүндэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс урьчилан сэргийлэх нь чухал. Хаалттай өнцөгтэй хэлбэр нь Ази хүмүүст ихэвчлэн тохиолддог. 45-аас дээш насны хүмүүст лазер эмчилгээг өвчин эхлэхээс өмнө хийснээр 80 хувь сэргийлэх боломжтой. Тйимээс эрсдэлт нас руу орсон л бол нүдний эмчид үзүүлэх шаардлагатай.

-Хараа шалгуулах, хараа зүйн төвүүдэд үзүүлэх үү, чиглэсэн нүдний эмнэлгүүдэд үзүүлэх үү?

Б.Ө: Хараа зүйч, нүдний эмч хоёрыг ялгах хэрэгтэй. Заавал нүдний эмчид үзүүлэх ёстой. Аливаа сум дүүргийн, аймаг нийслэлийн эмнэлгүүд, төрөлжсөн хувийн эмнэлгийн нүдний эмч нарт үзүүлнэ.

-Нүдээ амраах боломжтой дасгалыг зөвлөвөл

Б.Ө: Энэ дасгалыг хийвэл хараа сайжирна гэсэн батлагдсан зүйл байхгүй. Нэлээд хүлээн зөвшөөрөгдсөн дасгал нь 20/20-ийн дасгал. Энэ нь 20 минуьын ажил хийгээд 20 секундын турш алсын бараа харах. Мөн нүд хуурайших, загатнах үед нүдээ аньж амраах хэрэгтэй.

Хүний нүдэнд булчин байдаг бөгөөд үүнийг сормослогийн булчин гэж нэрлэдэг. Энэ нь аливаа зүйлийг хол болон ойрын фокустай харахад ажилладаг. Удаан хугацаагаар гар утас, компьютер ширтэхээр уг булчинг ачаалалтай ажиллуулж, улмаар нүд ядардаг.

Хараагаа хамгаалах бас нэгэн чухал арга нь нарны шил зүүх. Манай орны хувьд нарлаг улс гэдэг утгаараа нарны туяа сайн тусдаг. Байнга наранд ажилладаг хүмүүсийн нүд чилж ядардаг. Нарын туяа нь нүдний торлогийн эсүүдийг гэмтээдэг. Тиймээс түүнээс хамгаалсан хэт ягаан туяаны хамгаалалттай шилнүүдийг зүүх хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд хараа муудах нь элбэг байна гэж яриад байна. Оношилгоо сайжирсан учраас өнөдөр үзүүлэлт гарч байж магадгүй.

Б.Ө: Хүүхдүүдийн дунд ямар төрлийн харааны зовиурууд их байдаг вэ гэвэл нүдний шилний асуудлууд байдаг. Харааны хугарлын гажиг нь сургуулийн насны хүүхдүүдэд элбэг тохиолдож эхэлдэг. Сүүлийн үед харааны шилтэй хүүхдүүд яагаад ихсэв. Харааны шилтэй хүүхдүүд их банйа гээд л хараа муутай хүүхдүүд ихсэн байна гэж ойлгож болохгүй. Энэ нь олон шалтгаантай. Оношилгоо сайжирсан, үзлэг шинжилээндээ хамрагддаг болсон, нүдний шилний хүрэлцээ их зэрэг.

Хүмүүс зурагт, гар утас, таблет нь хараанд муу юм уу гэж хүмүүс их асуудаг. Эдгээр нь хэрэглээнд нэвтрээд 10-15 жил болж байна. Энэ хугацаанд урт хугацааны гаж нөлөөний судалгаа хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Гар утас хараанд үнэхээр муу юм байна гэсэн судалгаа байхгүй. Харин нүдийг ядраадаг гэдэг дээр бүгд санал нэгдсэн.

– Аливаа зүйлийг хэр хэмжээнээс нь хэтрүүлбэл эрсдэлт хүчин зүйл болдог шүү дээ. Хүн бүр л гартаа утас, хажуудаа дэлгэцтэй байгаа энэ цаг үед хэрэглэвэл зохимжтой цаг нь ямар байх вэ?

Ц.М: ДЭМБ-аас хүүхдүүдийг хэт их дэлгэц ширтэлтээс сэргийлж өдөрт дор хаяж 1-2 цаг гадаа тоглуулахыг зөвлөдөг. Дээр дурьсан 20/20-ийн дүрмийг компьютер дээр удаан сууж ажилладаг хүн бүр мөрдөх ёстой. Сүүлийн үед компьютер харааны хам шинж гэж бий болсон. Хөнгжингүй орнуудын нүдний клиникүүдэд компьютерийн харааны клиник гэж байгуулагдсан. Удаан хугацаанд компьютер дээр сууж ажилладаг хүмүүст нүд улайх, нүд хуурайших, загатнах, толгой өвдөх, хүзүү нуруу хөших зэрэг шинж тэмдгүүд илэрч бие махбодод нөлөөлөөд эхэлчихсэн учир энэ чиглэлээр салбар гарч ирж байна гэсэн үг.

-Компьютерийн хамгаалалттай шил зүүх нь хэр үр дүнтэй вэ?

Ц.М: Нарны туяа, дэлгэцээс ялгарах цэнхэр гэрэл зэрэг нь нүдний шар толбо буюу нүдний дотор талд байрлах харааны эсүүдийг хамгийн ихээр хоруу нөлөөтэй. Тиймээс үнэхээр хамгаалалттай л бол сайн нөлөөтэй.

-Нүд улайх, нүд хуурайших үед хөхний сүү дусаах нь хэр үр дүнтэй вэ, зөв үү, буруу юу?

-Ц.М: Энэ аргыг хэрэглэхээ больсон байх гэж бодож байна. Нүд улайлт нь олон шалтгаантай. Хэрэв нянгийн гаралтай улайлт бол хөхний сүү дусааснаар нянг тэжээж байна гэсэн үг.

-Нүднээс нулимс гарах нь ямар шалтгаантай вэ?

Ц.М: Нүднээс нулимс гарах нь гадаа орчин уу эсвэд дотор орчинд уу гэдгээс хамаарна. Нулимсны зам гэж байдаг. Нулимс нь нулимсны дээд, доод хоёр цэгээр шимэгдэж, цаашл нулимсны гуурс, сувгаанцар, нулимсны уутаар дамжин хамар руу орж ирэх ёстой. Энэ  зам хэвийн ажиллах, нүдний үрэвсэл, хуурайшил зэрэг бусад өвчингүй үед нүднээс нулимс гоожихгүй. Гадаа гарахад хүний нүдний нулимсны тогтоц буурдаг. Салхины нөлөөгөөр нулимс асгардаг. Хүйтэн сэрүүний улиралд нүдийг дулаан байлгахын тулд нулимсны хэмжээ нь нэмэгддэг. Энэ нь заавал эмгэг байх албагүй.  

Эх сурвалж: C1 телевиз

error: Content is protected !!