LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Г.Оюунгэрэл: Дааврын бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэснээр ясны сийрэгжилтэд өртдөг

Share

УГТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн эмч Г.Оюунгэрэл, АШУҮС-ийн дотрын анагаахын тэнхимийн Ревматологийн профессорын багийн багш З.Дэвшил, Гранд-мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч М.Тэмүүжин, “Монхимо” компанийн, эрдэм шинжилгээний захирал, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлням нарын 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлгээр “Ясны сийрэгжилт” сэдвээр хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Ясны гэж юу вэ, энэ талаарх ойлголтыг эхлээд ярилцъя?

З.Д: -Яс нь механик, эрдэс нөөцлөх, цусыг төлжүүлэх гэсэн гурван үүрэгтэй байдаг. Мөн ясны 10 хувь нь эс, 90 хувь нь эс завсарын бодисоос тогтдог. Яс нь гурван төрлийн эстэй. Остеокластис нь яс хайлуулагч эс. Энэ нь өөрөөсөө хүчиллэг фермент ялгаруулж ясыг хайлуулж байдаг. Тэгэхээр ясны хамгийн их сийрэгжүүлдэг нь остеокластис эс юм. Остеопластис буюу ясыг үүсгэгч эс нь органик бодисууд, коллаген болон коллаген уургаар нийлэгжүүлж байдаг. Остеопластисын нийлэгжээгүй хэсгийг остеод гэж нэрлэдэг.

-Яс үүсгэгч эс нь ясны хальсныхаа дотор талд гадаргуугаар нь дагаж байрласан байдаг. Яс үүсгэгч эс матрексаараа хучигдаад ирэхээрээ төврүүгээ орохоор остеоцид эс болж хувирдаг. Харин яс хайлуулагч остеокласт эс нь ясанд хонхор үүсгэж байрлаад ясыг хайлуулдаг. Судалгаагаар хүний биеийн ясны 10 орчим хувь нь байнгын шинэчлэлд оршиж байдаг. Яс хайлуулагч эс болон Яс үүсгэгч эсний харьцаа тэнцвэртэй байснаар бид эрүүл байна. Энэ харьцаа алдагдахаар яс сийрэгжилт үүсдэг.

-Яс гол суурь болохоос гадна ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

З.Д: -Яс маань гурван үүрэгтэй. Энэ нь бидний дотор эрхтнийг хамгаалахаас гадна ионы тэнцвэрийг хадгалах кальци, фосфорыг нөөцөлж байдаг. Мөн ясны чөмөгний тусламжтай цус төлжих процессыг хангаж байдаг.

-Яс сийрэгжилт гэж юуг хэлээд байна вэ?

З.Д: -Ерөнхийдөө хэвийн байгаа ясны эсүүдийн тоо нь тогтвортой нүх сүв үүсээгүй байдаг. Гэтэл яс сийрэгжсэн үед нүхнүүд үүсээд эс завсрыг бодисууд хайлаад харлаж харагддаг.

-Ямар шалтгааны улмаас ясны сийрэгжилт үүсдэг вэ?

Г.О: – Яс сийрэгжих өвчнийгостеопороз гэж ярьдаг. Остео гэдэг нь яс, пороз гэдэг нь нүх үүсхийг хэлж байгаа юм.  Яс сийрэгжих шалтгаанд хүнсээр орж байгаа эрдэс бодисын дутагдал, ходоод гэдэсний замын шимэгдэлт муу байх, кальцийг шимэгдүүлж байдаг витамин Д-ийн дутагдал гэх мэт олон зүйлс багтдаг. Яс сийрэгжих өвчинд оруулж байгаа эрсдэлт хүчин зүйлүүдэд эрт цэвэрших, сарын тэмдэг алдагдах, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд, бамбай булчирхайн эмгэгүүд, бамбайн үрэвсэлт өвчин, чихрийн шижин, бөөрний дээд булчирхайн эмгэгүүд, өнчин тархины эмгэг, эмийн хэрэглээ зэрэг багтана.

-Саяны хүчин зүйлүүдэд архи тамхины  хэрэглээ багтдаг гэлээ. Яг хэрхэн нөлөөлдөг талаар нь хэлж өгөөч?

З.Д: – Архи нь элгийг хордуулдаг гэдгийг бид мэднэ. Витамин Д-ийн нийлэгжилтийн зарим нь элгэнд явагдаж байдаг. Элгийг хордуулснаар витамин Д-ийн  нийлэгжилт буурч, нарийн гэдэсний кальци шимэгдэх үйл ажиллагаа алдагддаг. Хоёрдугаарт яс үүсгэгч эсүүдийн үйл ажиллагааг архи тамхины аль аль нь дарангуйлж байдаг. Мөн яснаас кальцийг чөлөөлдөг дааврууд гэж байдаг. Энэ даавруудад кортизол болон  паратиреоид гормон багтдаг. Архи тамхи аль аль нь кортизол болон  паратиреоид гормоны үйл ажиллагааг дэмждэг. Удаан хугацаагаар архи тамхи хэрэглэсэн хүмүүст энэ хоёр гормон маш өндөр байдаг. Тийм учраас эсүүдэд нөлөөлж яс үүсгэгч эсийг дарангуйлж, дааврын тогтолцоонд нөлөөлснөөр ясыг сийрэг болгодог.

Г.О: – Эрсдэлт хүчин зүйл дээр нэмж хэлэхэд эмийн хэрэглээ маш их нөлөөлдөг. Тэр дундаа дааврын бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэснээр ясны сийрэгжилтэд өртдөг. Тухайлбал, бөөрний дээд булчирхайнаас ялгардаг дааврыг хиймлээр хийсэн эмүүд байдаг. Жишээ нь ард түмний сайн мэдэх преднизолон, дексаметазон байна. Дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүдэд удаан хэрэглэдэг дааврын бэлдмэлийн нэг нь тироксин байдаг. Үүнийг бамбайн дутагдалтай хүмүүс уудаг. Бамбайн дутагдал сүүлийн үед эрс ихсэж байна.  Тироксиныг ууж байхад ясны сийрэгжилт ихсэх учраас цэвэршилт эхэлсэн эмэгтэйчүүд сийрэгжилт байгаа эсэхийг үзүүлэх хэрэгтэй.

Г.О: – Цэвэршилт гэдэг бол эмэгтэй хүнд илэрнэ. Эрэгтэй хүнд ч мөн 70-аас дээш насанд илэрдэг. Тэгэхээр цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд эстроген даавар эрс багасдаг. Яс үүсэх, хайлах процесст шууд нөлөөлдөг гэсэн үг. Энэ үед гормоныг орлуулах дааврыг их хэрэглэдэг байсан. Энэ нь төдий л үр дүнгүй гэсэн судалгаа бий. Ялангуяа гормоны биш, ургамлын гаралтай эстроген дааврыг өргөн хэрэглүүлдэг болсон.

Г.О: – Ясны сийрэгжилтэд дааврын зохицуулга заавал байдаг. Бамбайн булчирхайн хос дайвар  булчирхай асар их үүрэгтэй. Энэ жижиг булчирхайнаас парот даавар буюу паратиреоидный гормон ялгардаг. Үүний онож очиж үйлчилдэг эрхтэн нь яс болон бөөр юм. Бамбайн булчирхайнууд дунд байдаг калцитонин гэж бий.  Энэ нь цусан дахь калцийг багасгах үүрэгтэй. Харин паратиреоидный гормон нь цусан дахь кальцийг ихэсгэх үүрэгтэй.

-Хоол тэжээлээр кальци авч чадахгүй байвал элгээр булчирхайнууд ачаалад орно гэсэн үг байх нь. Тэгэхээр нөхөгдөхгүй байгаа бодисоо хаанаас авах вэ?

Г.О: – Хоол тэжээлээрээ л хангалттай авч байх ёстой. Хангалттай авч чадахгүй бол яснаасаа л авдаг. Өөрөөр хэлбэл парот гормоны үйл ажиллагаа ихэснэ гэсэн үг. Хэт их кальци ихсэх юм бол зүрх судасны үйл ажиллагаа, мэдрэлд ноцтой хүндрэл үзүүлдэг.

Хамгийн бат бөх эрхтэн маань яагаад жижигхэн зүйлд гэмтчихдэг юм бэ. Энэ цаашдаа ямар хүндрэлд хүргэх вэ?

М.Т: -Манай саяны эмч багш хоёрын маань хэлсэн зүйлүүдийн улмаас хамгийн чухал эрхтэн болох ясны тогтолцоо үйл ажиллагааны алдагдалд ордог. Ясны тогтолцооны хамгийн чухал үүрэг нь тулгуур юм. Хүн босоо тэнхлэгийн дагуу алхаж явахад биеийн жинг өөр дээр авдаг нь яс юм. Энэ нь хэврэгшихээрээ хугарал бий болдог. Хугарал нь ясны сийрэгжилт өвчний шууд хүндрэл болдог. Шууд бус хүндрэлд ясны хугаралын улмаас алхаж гишгэх үйл ажиллагаа алдагдаад, хэвтрийн байдалд шилжээд ирэхээр бусад эрхтэн системийн үйл ажиллагаа хямраад ирдэг. Ингэхээр хоёрдогч буюу шууд бус хүндрэл үүсч байгаа юм. Ясны сийрэгжилтэд өртөж байгаа хүмүүс нь өндөр настнууд байдаг учраас хоёрдогч хүнрэлээсээ болоод амт нас нь эрсдэх магадлалтай. Ясны сийрэгжилтэд өртсөн үед нуруу, нугаламын хугарлууд ихэвчлэн үүсдэг. Нугалам нь хүний биеийн бүх жинг авч явах баганын үүрэг гүйцэтгэдэг. Сийрэгжсэн байгаа яс нь суух, эргэх төдийд л хугарч байдаг. Нугаламын их бие маань гадна талдаа кортикал боне буюу ялтаслаг ясны хэсэгтэй. Төв хэсэгтэй казилис боне буюу хөвсгөр ястай. Энэ бүтэц хэврэг болсны улмаас яс хугардаг.

-Яс сийрэгжчихсэн учраас өөрөө хугардаг юм уу. Эсвэл цууралтууд явагдаад хүн өөрөө анзаарахаар шинж тэмдгүүд байдаг уу. Ер нь ямар үйл явцтай байдаг вэ?

М.Т: – Ясны хугарал нь өвдөлтийг мэдрэх тухайн хүний онцлогоос хамаарна. Цууралт өгсөн үед мэдрэх хүн байна. Хугарчхаад байхад нь мэдээгүй хүмүүс ч байдаг. Гэхдээ ийм үед нуруугаар маш их өвддөг.

-Ямар үед кальцийн бэлдмэл зөвлөдөг вэ?

М.Т: – Кальцийн бэлдмэл нь остеопороз үүсчихсэн байгаа үед дангаараа эмчилгээний ач холбогдолгүй байдаг. Яагаад гэвэл эмгэг ажмын хувьд цаад остеокласт, остеопласт эсүүдийн үйл ажиллагаа алдагдчихаад байгаа учраас нөлөөгүй.

З.Д: – Дасгал хөдөлгөөнтэй хавсраагүй, тохиромжгүй тунгаар хэрэглэсэн тохиолдолд чулуу үүснэ гэсэн үг.

Г.О: -Кальцийг уухдаа заавал витамин Д3-тэй уудаг. Яагаад гэвэл кальцийг гэдэсний ханаар шимэгдүүлж, цусанд оруулах хамгийн гол фермент нь витамин Д3-т байдаг.

З.Д: – Энэ эмүүдийг уухынхаа өмнө ходоод гэдэсний замын дурандаж шалгах ёстой байдаг. Яагаад гэхээр энэ эмүүд нь ходоод гэдэсний замаас цус алдах магадлалыг нэмэгдүүлж байдаг. Хэрэв өнгөц үрэвсэлтэй байх юм бол хангалттай хэмжээний усаар даруулж уух ёстой. Цус алдах магадалатай байх юм бол энэ эмүүдийг хориглоод өөр эмчилгээг сонгох ёстой.

-Их хэмжээний ус уух ёстой гэлээ. Хүн ер нь эм уусныхаа араас хэдий хэмжээний ус уух ёстой вэ?

З.Д: -Улаан хоолойгоор ямарваа нэг зүйл залгилаа гэхэд ходоолдруу ортол 8 орчим секунд болдог. Тэгэхээр 8 секундийн турш л улаан хоолой чийглэгдсэн байх ёстой. Ойролцоогоор нэг стакан ус уух нь хангалттай.

Г.О: – Ямар хоолонд илүү их калци байдаг вэ гэж хүмүүс асуух байх. Сүүлийн үед сүүг уухыг зөвлөмж болгохгүй байна. Гол нь эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүд, жишээлбэл, аарц, айраг, ааруулыг хэрэглэж байх нь зүйтэй.

-Ясны сийрэгжилт залуужаад байна гэж ярих боллоо. Энэ талаар ярина уу?

З.Д: -Амьдралын буруу хэв маягаас болоод залуужиж байна. Кофе болон кофеин агуулсан хүнсийг хэт их хэрэглэх, хөдөлгөөнгүй байх, витамин Д-ийн дутагдал зэргээс хамаарна. Ээжүүд Д-г нарнаас авна гээд нялх хүүхдийг цонхоор орох наранд ээдэг. Цонх нь өөртөө нарны хэт ягаан туяаг шингээдэг. Тийм учраас цонхоор орж байгаа нарны гэрэл Д витамин нийлэгжүүлэхгүй.

-Хийжүүлсэн ундаа уухаар ясны сийрэгжилт үүсдэг гэж олон хүмүүс ярьдаг?

З.Д: -СО2 буюу нүүрстөрөгчийн давхар эслээр хийжүүлдэг. Мөн фосфорын хүчил дотор нь агуулагддаг. СО2 нь цусанд орохоороо шингэн хэсэгтээ нийлээд хүчил болж хувирдаг. Хүчил нь кальцитай холбогдох өндөр идэвхтэй. Ингэхээр кальци шимэгдэхгүй шууд шээсээр ялгараад байдаг.

– Би ч гэсэн хийжүүлсэн ундаа уудаг. Яаж уувал зөв зохистой байх вэ?

З.Д: -Хүн дасах зохицох механизмтай. Тийм учраас тодорхой хэмжээнд, бага багаар хийжүүлсэн унааг уухад хүний бие дасан зохицоод, ясны сийрэгжилтэд хүргэхгүйгээр хадгалаад байдаг.  Хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Мөн давсны хэрэглээ бий. Үүнийг мөн хязгаарлаж байх нь зүйтэй.

-Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг тодруулж ярьцгаая?

М.Т: -Ясны сийрэгжилтэд хүргэдэг үндсэн шалтгаануудын нэг нь хөдөлгөөний дутагдал. Ясанд тодорхой хэмжээний ачаалал өгч байж бэхэждэг. Ачаалал өгөхгүй байхаар яс бэхжүүлэх шаардлагагүй болчихдог.

З.Д: – Ясны сийрэгжилтийн үед хийдэг үндсэн гурван дасгал байдаг. Нэгдүгээрт биеийн жингийн ачаалал авах дасгал, хоёрт тодорхой эсэргүүцэлтэй дасгал, гуравт, уян хатан чанарыг сайжруулах дасгал орно.

Калцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэлж өгнө үү?

Д.Д: – Манай судалгаа, яс сийрэгжилтийн оношлогооны ажилд 23 мянган хүн оролцсон. Эдгээрийн эрсдэлтэй хувийн дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлсэн байгаа. Түүнээс гадна 4-30 насны, 31-45 нас, 45-аас дээш насны ангиллаар нь аваад үзсэн. 4-30 насанд ясны сийрэгжилт, нягтан алдах өвчин байх ёсгүй. 31-45 ч мөн хүний эд нас. Гэтэл 30-45  насны 50 хувь нь ясны сийрэгжилтэд өртөж, нягт нь буурсан байна. Манайд хандсан 20 гаран мяган хүний 5 дээш насны 80 гаруй хувь нь сийрэгжилттэй байна.

Зохистой кальцийн хэмжээний хувьд 9-13 насны хүүхэд 1300 мг хэрэглэх ёстой байдаг. Яагаад гэхээр өсөж байгаа организм илүүг шаарддаг. Эхчүүдийн хувьд 30гр кальцийг хүүхдэдээ тасалж өгч байдаг. Хүнсээр авч байгаа кальци илүүднэ гэж байхгүй. Бид сүү цагаан идээнээс л багахан кальци авч байна. Бид ийм л бага хэрэглээтэй байгаа юм. Кальци дутагдах нь 150-иад төрлийн өвчний үндсэн шалтгаан болдог.

Д.Д:  -Кальцийн бэлдмэл нь үндсэн гурван төрөлтэй. Хамгийн хямд нь шохойн чулуунаас гаргаж авсан кальцийн карбонат. Энэ давсны хүчилтэй нийлээд ходоодонд орохоор хий ялгаруулдаг. Хоёрдугаарт химийн аргаар гаргаж авсан органик хүчлийн кальци байдаг. Гуравт амьтан, ургамлын гаралтай биологийн кальци байдаг. Өөрөөр хэлбэл бид кальцийг хүнсний нэмэлтээр авч байна гэсэн үг.

-Нэвтрүүлгийн төгсгөлд нэмж юу хэлэх вэ?

Г.О: -Хүмүүс өөрсдийгөө сайн анзаарч байх ёстой. Намхан болоод байдаг. Бөөрөнхий цээжтэй болоод, гэдэс томроод ирвэл ясны сийрэгжилт гэж ойлгож даруй шинжилгээ өгөх хэрэгтэй.

М.Т: Хэрэв нуруугаар шалтгаангүй өвдөөд байвал энэ нь ясны сийрэгжилтийн улмаас үүссэн хугарал байх өндөр магадлалтай. Тийм учраас төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Д.Д: Судалгаанд суурилсан зөв кальцийг сонгож хэрэглэж байгаарай. Хоёрт өсвөр үеэ бид анхаарч, төрийн бодлогоор дэмжиж, өсөлт хөгжилд нь анхаарах хэрэгтэй байна. Гуравт ааж ээжээ хайрлаж яваарай.

Эх сурвалж: 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлэг

error: Content is protected !!