LOADING

Type to search

Дэлхий

Японы алдарт жүжигчин Юко Такеүчи амиа хорложээ

Share

“HBO”-гийн “Miss Sherlock” цувралаар дэлхийн үзэгчдийн танил болсон Японы жүжигчин эмэгтэй Юко Такеүчи амиа хорлосон байдалтай Токио дахь гэрээсээ ням гаригт олдсон тухай Japan Today сайт мэдээлжээ.

Түүнийг гэр бүлийн гишүүн нь анх олсон бөгөөд эмнэлэгт хүргэсний дараа нас барсан гэдгийг нь батлан мэдээлжээ. Ямар нэгэн гэрээслэл болон амиа хорлох тухай бичиж үлдээсэн тэмдэглэл олдоогүй байна.

Энэ жил 40 нас хүрээд байсан Такеүчи нь 2004-2007 онуудад Японы кино урлагийн академийн оны шилдэг гол дүрийн шагналыг дараалан хүртэж байсан амжилттай жүжигчдийн нэг юм.

Жүжигчин эмэгтэй 1998 онд “Ringu” нэртэй аймшгийн кинонд тоглож, анх алдаршсан бөгөөд энэ кино нь Холливүүдэд “Ring” нэрээр дахин бүтээгдэж, 2002 онд дэлгэцэнд гарсан юм.

Тэр бас 2018 онд HBO компанийн “Miss Sherlock” цувралд эмэгтэй Шерлок Холмсын дүрийг бүтээсэн нь АНУ болон дэлхийн хэд хэдэн оронд цацагдаж байжээ.

Тэрээр 2005 онд Шидо Накамуритай гэрлэн 2008 онд хүүтэй болсон ч тухайн жилдээ гэрлэлтээ цуцлуулжээ. Сүүлд 2019 оны хоёрдугаар сард жүжигчин Тайки Накабаяашитай гэрлэж, энэ оны нэгдүгээр сард хоёр дахь хүүгээ төрүүлсэн байна.

Жүжигчин эмэгтэйг амиа хорлосон гэж цагдаагийн байгууллага урьдчилан дүгнээд байна. Сүүлийн үед Японы урлаг, спортын алдартнуудын дунд амиа хорлох үзэгдэл хэд хэд гараад байгаа юм. Энэ сарын эхээр жүжигчин эмэгтэй Сэй Ашина, долдугаар сард жүжигчин эрэгтэй Харума Миура, тавдугаар сард бөхийн од Хана Кимура нар тус тус амиа хорложээ.

error: Content is protected !!