No menu items!
HomeСэдэвП.Жамсран: Халуун паар сахиж суудаг хэдийгээ бодвол арай л урт насалдаг

П.Жамсран: Халуун паар сахиж суудаг хэдийгээ бодвол арай л урт насалдаг

-

Бидний эргэн тойронд эрүүл амьдралын үнэ цэнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж, бас бусдад үлгэр дууриал болон өөдрөг сайхан яваа олон сайхан хүн бий.

Бид энэ удаа тэдний гуравтай нь уулзлаа. “Би хөгшин хүн” гэж биеэ чанган суулгүй, эрч хүч, цог золбоотой яваа энэ “эрхмүүд” надад ухаарал өгсөн шигээ танд ч бас нэгийг бодогдуулах байх аа. Б и өглөө бүр эрүүл агаарт гүйж байхсан гэж боддог ч ажилтай, завгүй, тэгээд ч энд тэндгүй ухаад орхичихсон нүх олонтой хотын гудамжны хаагуур нь ч гүйхэв дээ гэсэн шалтаг өөртөө зохион, бодохоос хэтэрдэггүй. Дургүйд хүчгүй гэгчээр өглөө эртлэн сэрээд гүйчихэж чаддаггүй надад үүнийгээ зөвтгөх шалтгаан мундахгүй. Харин саяхан нэг танил маань үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншнаар хүүхдийн паркад өвөл зунгүй гүйдэг олон хүн байдаг тухай дуулгасан юм. Ингээд тэдэнтэй уулзахаар өглөө эртлэн хүүхдийн паркийг зорьсон юм.

Хамгийн түрүүнд би П.Жамсран гуайтай таарсан юм. Тэр 65 настай.

Халуун паар сахиж суудаг хэдийгээ бодвол арай л урт насалдаг

Та хэзээнээс гүйж эхэлсэн бэ?

Арав гаруй жил гүйж байна. Хүн эрүүл амьдарч, урт удаан наслахад гурван зүйл хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм. Хөдөлгөөн, эрүүл хооллох, бясалгалаар хичээллэх. Бясалгалаар хичээллэхэд хүн их тайван, уур уцааргүй болдог юм. Би залуудаа суугаа ажил хийдэг байсан. Надтай хамт нэг өрөөнд хамт ажиллаж байсан гурван нөхөр маань гурвуулаа зүрхний шигдээсээр өнгөрсөн юм. Түүнээс хойш би яагаад ийм юм болов гэж их эмзэглэдэг байв. Манай гэр ажлаас нэг их хол биш 15-20 минут л алхах газар байдаг байсан. Автобусаар явбал таван минут л хождог. Тийм болохоор би өглөө бүр ажил руугаа алхаж, өдрийнхөө ундаар гэр лүүгээ шогшдог байсан маань намайг арай илүү хөдөлгөөнтэй байхад нөлөөлсөн. Харин дараа нь манайх нүүж, гэр ажил хоёр улам ойртоод өмнөх шигээ хөдөлгөөнтэй байж чадахаа больчихсон чинь бие өвдөөд нилээд дордсон. Үүнээс болж эрүүл мэндийн сэдэвтэй ном, сэтгүүл, зөвлөгөө харж суудаг ажилтай боллоо. Ингээд би эрүүл амьдрах үндэс хувь хүнээс өөрөөс нь л эхлэх юм байна гэдийг ойлгосон доо. Гүйж эхэлсэн маань үүнтэй л холбоотой.

Эрүүл амьдрахад хөдөлгөөн чухал талаар монголчууд маань хэр мэддэг бол?

Манайхан өвчин тусвал эмчид үзүүлж шинжилгээ хийлгээд л болчих мэт санадаг. Гэтэл нэгэнт өвчин туссан бол эмч яаж ч чадахгүй шүү дээ. Эмчид таны өвчний талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Таныг анх үзүүлэхэд л өвчний чинь тухай ойлголттой болдог. Манайхан хэнэггүй болохоор өвчнөө хүндрүүлж яах ч аргагүй болчихсон үедээ эмчид хандах нь олонтаа шүү дээ. Эмч эм, тариа бичиж өгдөг. Хэдийгээр эм нэг өвчнийг эдгээдэг ч нөгөө нэгийг нь үүсгэж болох аюултай. Жишээ нь харшлын гаралтай өвчин ч юм уу. Хүн ер нь өөртөө хайртай, санаа тавьдаг л байх хэрэгтэй байгаа юм даа. Түүнээс биш хичнээн хөрөнгө зоорьтой байгаад ч өвчин тусаж хүндэрсэн бол хэн ч яаж ч чадахгүй шүү дээ.

Энд өглөөд хэр олон хүн гүйдэг вэ? Өнөөдөр л лав настай голдуу хүмүүс харагдаж байна.

Тийм, чи ингээд явахад зөндөө тааралдана. Дандаа эмээ, өвөө нар байгаа. Тэд идэр ес, ер нь ямар ч хүйтэнд гүйлтээ таслахгүй шүү. Ингэснийхээ хүчинд нөгөө халуун паарныхаа дэргэд телевиз үзээд сууж байдаг хэдийгээ бодвол арай л хөнгөн шингэн, урт наслаад байгаа юм. Өглөө шогшиж гүйдэг бол тасалж болохгүй. Учир нь хүний биеийн дасан зохицолоор олон оролдоод байж болдоггүй юм. 7 хоног өнжчихөөд за өнөөдрөөс сайхан нөхөөд гүйе гээд гүйгээд эхлэх юм бол бие чинь дийлэхгүй, харин ч хайрлах биш хорлол болно шүү.

Эрүүл чийрэг хүнээс эрүүл саруул ухаан гарна

Бүхий л насаараа спорттой холбоотой яваа Ж.Дагва гуай 72 настай. Тэрээр явган аяллын спортын мастер.

Таны амьдрал биеийн тамир спорттой холбогдоод хэдэн жил болж байна?

12 наснаасаа бөмбөг хөөсөн гэхээр 60 орчим жил болжээ.

Та явган аяллын спортын мастер. Энэ спортын ач холбогдлын тухай манай уншигчдад ярьж өгөөч.

Би 1975-1990 онд явган аялалд тасралтгүй оролцсон. Тодорхой маршрутаар өдөрт 25-28 км явдаг юм. Ойролцоогоор 160 орчим хүн явдаг байлаа. Ус, агаар салхи, нараар чийрэгжүүлэх аргууд гэж байдаг. Явган аялалд явснаар энэ бүх аргаар биеэ чийрэгжүүлэх боломжтой. Ер нь зундаа нэг аялалд гарахад жилээ даана шүү. Бие чийрэг хөнгөн, нойронд сайн, ажлын ачаалал даах чадвар нэмэгдэж, өвөл ханиад томуу хүрэх тухай бодох ч үгүй шүү.

Одоо ч ийм явган аяллууд зохиогддог уу?

Зохиогдолгүй яахав. Монголын явган аялал, адал явдлын спортын холбоо гэж байдаг. Эндээс жил бүр улсын аварга, ахмадын аялал зэргийг зохион байгуулдаг.

Хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж байна. Энэ нь суурь өвчтэй болох гол үндэс болж байдаг. Хөдөлгөөний дутагдалаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Шинжлэх ухаан хөгжөөд бид техникжсэн эринд амьдарч байна. Энэ чинь л нөгөө хөдөлгөөний дутагдлыг бий болгож байна. Хүүхдүүд жирэмсэн эхийн шээх газар л машинаар явах юм. Тэгээд л хар залуугаараа баахан өвчний үүр болчихсон байдаг. Би 40 гартлаа волейбол тоглосон. Одоо надад өвдөх өвчин алга. Энэ бол спортын л ач тус. Хувийн сургуульд сурдаг миний нэг зээ хүүгий сургуульд биеийн тамирын заал байдаггүй гэсэн. Юу гэсэн үг вэ, энэ чинь. Ийм хүүхэд яаж эрүүл чийрэг өсөх юм бэ. Биеийн тамирын хичээл ордог сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад сульдаатай, бие бялдарын хувьд хоцорсон байдаг. Ер нь иргэн эрүүл байж л улс орон хөгжинө шүү. Эрүүл чийрэг биш хүнээс яаж эрүүл саруул ухаан гарах вэ дээ. Улс орноо хөгжүүлнэ гээд том том юм ярьцгаах юм. Үнэндээ тэр хөгжил чинь эрүүл чийрэг хүнээс, залуучуудаас л эхэлнэ гэж өвгөн ах нь бодож явдаг даа

Би хөгшин гэж өөрийгөө голдоггүй

Танд танилцуулах дараагийн хүн бол 74 настай Б. Чимэд-Юндэн гуай. Насандаа баймгүй хөнгөн шингэн, дэгжин жавхаалаг энэ эмээ “йогчин”.

Та яаж яваад йогоор хичээллэдэг болов?

Нас дээр гарсан болохоор элдэв өвчин хууч салахгүй, өвчтэй хүний сэтгэл санаа ямар билээ нэг тиймэрхүү л байдаг байлаа. Хүмүүсээс Шри Шри бясалгалын тухай сонсоод анх 2000 онд хичээлд суусан. Харин йогийн тухайд 2004 Монголд зохиогдоход анхны курсээ хийсэн. Үүнээс хойш тасралтгүй л дасгалуудаа хийж байна даа.

Йогоор хичээллэх үед таны биед ямар нэгэн өөрчлөлтүүд мэдрэгдэж байв уу?

Тэгэлгүй яахав. Бие хөнгөрч, нөгөө намайг зовоогоод байсан өвчнүүдээ мартаж эхэлдэг. Сэтгэл санаа өөдрөг тайван болж, хөгширчихсөн гээд өөрийгөө голоод гэртээ биеэ чагнаад суух биш өөрөө өөрийнхөө төлөө анхаарах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Таныг гэнэт йогоор хичээллээд эхлэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

Би анх энэ бясалгалаар хичээллэж эхэлснээсээ хойш бараг 500-гаад хүнийг дагуулж аваачаад суулгасан байх. Миний хүүхдүүд, ах дүү хамаатан садангууд маань бүгд йогоор хичээллэдэг, ач тус амтыг нь мэддэг учраас их л талархалтай хүлээж авцгаасан.

Та 74 настай гэхэд үнэхээр ануухан харагдаж, бас их хөнгөн шингэн юм аа.

Эхэндээ ч миний насны хүн хийж бармааргүй л санагдаж байсан. Дотор муухайрч, толгой эргэнэ гэж жигтэйхэн. Тэглээ ч хор нь гадагшилж байна гэж бодоод л дасгалаа үргэлжлүүлдэг байсан. Одоо бол ямар ч хүндрэл байхгүй. Хийж чадахгүй дасгал ч гэж бараг байхгүй дээ. Танд баярлалаа. Урт удаан насалж, эрүүл өөдрөг амьдраарай.

Г.Алтантуяа

Цаг төр сэтгүүл

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд