No menu items!
HomeЯрилцлагаН.Батчулуун: Өглөө шарсан хуурсан зүйл тэр дундаа өндөг шарж идэх тохиромжгүй

Н.Батчулуун: Өглөө шарсан хуурсан зүйл тэр дундаа өндөг шарж идэх тохиромжгүй

-

Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс аль нь хүний эрүүл мэндэд тустай вэ, тэдгээрийг хэрхэн шалгаж авах боломжтой талаар Монгол Улсын мастер тогооч Н.Батчулуунтай ярилцлаа. Хүн бүр амьдралын зөв дадал зуршилтай болохыг эрмэлзэх болсон өнөө үед өөрт шаардлагатай зүйлээ хэрхэн сонгон авч, хоол хүнсэндээ ашиглаж болох талаар бидний яриа өрнөсөн юм.

-Хүмүүс шинэ өдрөө эрч хүчтэй, ажлын бүтээмжтэй өнгөрүүлэхийн тулд өглөөний цайгаа аль болох уухыг эрхэмлэдэг. Харин чухам ямар хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэвэл тохиромжтойг төдийлөн мэддэггүй, олдсоныг нь идчихдэг. Өглөөний цайндаа ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэвэл илүү тохиромжтой байдаг юм бол?

 -Хүн өглөө босоод хооллохоосоо өмнө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан ус ууж занших хэрэгтэй. Энэ нь өмнөх өдөр авсан хоол тэжээлийн хэрэггүй болсон бохирдлыг гаргахад тусалдаг. Дараа нь хөнгөн чанарын бас биед тэжээл өгөх хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хооллох нь чухал.

Ер нь өглөө шарсан хуурсан зүйл идэх тэр дундаа өндөг шарж идэх тохиромжгүй. Болж өгвөл өглөө өөртөө цаг гаргаж байгаад ногооны зутан шөл хийгээд идэх нь хүний биед ашигтай. Хүмүүс өглөөний хоолондоо гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг. Гэхдээ ямар гурилан бүтээгдэхүүн хүний биед тустай байдаг талаар төдийлөн мэддэггүй.

Тиймээс хэрвээ гурилан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарвал аль болох бүхэл үрийн, бидний нэрлэж заншсанаар хар талх идэх хэрэгтэй. Учир нь сүүлийн үед цагаан гурилан бүтээгдэхүүн хүнсэндээ их хэрэглэснээс болоод дэлхий нийтээрээ таргалалтад өртөөд байна шүү дээ. Хүмүүс хэтэрхий их цэвэршүүлсэн хоол идсэнээс биеийн хэвийн байдалд сөргөөр нөлөөлж байна.

Үр тариа гэхэд л хивгийг нь салгаад авчихсан байх жишээтэй. Хүний нарийн гэдсэнд байдаг шимэгч эсүүдийн үйл ажиллагаа муудсанаас таргалдаг. Тэдгээр эсийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор гурвалжин будаа, хөц будаа гэсэн бүхэл үрийн, хүнсний хивэгнээс нь салгаагүй будаа идэж хоёрдугаар гурил хааяа ч гэсэн хүнсэндээ хэрэглэвэл эрүүл мэндэд тустай. Бас ихэвчлэн өглөөний хүнсэнд хэрэглэдэг маргарин, маслоны хэрэглээг багасгах хэрэгтэй байна.

Түүний оронд сахар багатай жимсний чанамал идвэл хүний биед илүү тустай. Өглөөний цайндаа өндөг идэх дуртай хүмүүс шаралгүй чанаж идвэл илүү сайн. Гэхдээ удаан чанасан өндөгний шар нь шингэхдээ удаан байдаг. Тиймээс хагас чанаж идвэл илүү тохиромжтой. Өглөөний цайндаа бас бага зэрэг чанасан мах идэж болно.

-Ажлын ачаалал ихтэйгээс болоод хүмүүс зарим үед өдөр хооллохоо мартчихдаг. Тэгвэл өдрийн хоолондоо юу идэх тохиромжтой вэ?

-Хүмүүс өдөр хооллохоо ерөөсөө мартаж болохгүй. Учир нь энэ цагт хүн хүнд хоол идвэл тохиромжтой байдаг. Монголчууд мах идэх дуртай. Тиймээс өдрийн цагт л мах махан бүтээгдэхүүн түлхүү идэж болно. Хүний биеийн онцлогт ч тэгж тохируулсан байдаг гэдэг.

Энэ цагт хүний ходоодны гал буюу эрчим хүч сайн байдаг. Ер нь махан хоолыг нар шингэхээс өмнө хэрэглэх тохиромжтой гэдэг юм. Тэгэхээр махан хоол дөрвөн цагийн турш ходоодонд боловсордог учраас энэ цагийг бодолцож хоолоо тохируулан идэх шаардлагатай.

-Сүүлийн үед хүмүүс өөхтэй мах хүнсэндээ хэрэглэхээс аль болох татгалздаг болжээ. Ер нь хүн ямар төрлийн мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэвэл эрүүл мэндэд тустай вэ?

-Загас, тахианы махны холбогч эд нь бага байдаг учраас хурдан шингэдэг. Тиймээс энэ төрлийн махыг оройны хоолондоо идвэл тохиромжтой. Өдрийн хоолондоо үхэр, хонины мах идэж болно.

Гэхдээ сүүлийн үед хүмүүс хонины маханд холестрин их агуулдаг гээд хэрэглэхээс аль болох татгалздаг болсон байна лээ. Тиймээс өвлийн цагт илчлэг ихтэй учраас адууны мах идэх хэрэгтэй.

-“Оройн хоолоо дайсандаа” гэсэн хэлц үг бий. Хүмүүс зүгээр ч нэг ингэж хэлээгүй болов уу?

-Оройны хоолыг 18.00 цагаас өмнө ходоодныхоо гуравны хоёрт багтахаар иднэ. Хүний эрчим хүч гурван цаг болоод л багасдаг учраас хангалттай хооллож байх хэрэгтэй. Тэгэхдээ аль болох хөнгөн хооллох нь чухал.

-Бид хүнсний ногооноос төмс, лууван, манжин, байцааг түлхүү хэрэглэдэг. Гэтэл сүүлийн үед химийн аргаар борддог гээд эдгээр ногоог ч хэрэглэхээс эмээдэг болжээ. Ургамал ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь хүнд ямар ач тустай юм бол?

-Хоол боловсруулах ажиллагааг дэмжихэд тусалдаг. Ер нь хүн аль болох хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэх нь сайн. Тэгэхдээ хүнсний ногооны хүний биед чухал эрдэс бодис өгдөг зүйл нь хальсандаа байдгийг мартаж болохгүй. Мэдээж сүүлийн үед хүмүүс химийн аргаар бордсон гээд хүнсний ногоо гэлтгүй жимс жимсгэнэ идэхээс зайлсхийдэг болсон байна.

Энэ нь нэг талаараа зөв ч бас дутагдалтай талтай. Тиймээс сайн нягталж байгаад Монголд ургасан хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэж болно шүү дээ. Хамгийн сүүлд л гэхэд манай улсад дөрвөн улиралд ажилладаг салатны байцаа тарьдаг компанитай боллоо. Тиймээс хайж, сонгож авч чадвал чанартай, эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоо хэрэглэх боломж байна. Гэхдээ ногоог хэтэрхий их чанаж болгохгүйг анхаарах хэрэгтэй.

Жишээлбэл, цэцэгт байцааг буцалж байгаа давстай усанд гурван минут чанаад дараа нь хүйтэн усанд сойгоод хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ шөлтэй хоолонд хэрэглэхээр бол хоолоо гаргахаас хоёр минутын өмнө хийвэл тохиромжтой байдаг. Хамгийн гол нь ногоонд байгаа эслэг болон ногоон өнгийг нь алдагдуулахгүйгээр хүнсэндээ болгож хэрэглэх нь чухал юм.

-Хүний биеийн жинг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэвэл?

-Хүний өөх цагаан шаргал өнгөтэй. Тиймээс цагаан гурил, гоймон, төмс, пүнтүүз зэргийг хэрэглэвэл жин нэмдэг.

-Хоолны давс, тосыг хэзээ хийвэл тохиромжтой вэ?

-Хүмүүс дөнгөж сонгиноо хуурч байхдаа давсыг нь хийчихдэг. Гэтэл давсыг хоолоо гаргахаас таван минутын өмнө хийх хэрэгтэй. Хоолны давсыг эрт хийхээр бусад бүтээгдэхүүнийхээ шим тэжээлийг гаргачихдаг. Бас хоолонд орж байгаа бусад бүтээгдэхүүнийг хатууруулдаг. Мөн будаа агшаахдаа хүртэл тосыг нь агшсаных нь дараа хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ашиг шимээ алддаг.

-Тогооч нар хоол хийх бүтээгдэхүүнүүдээ тусгай аргаар шалгаж авдаг юм шиг санагддаг. Тухайлбал, та загас худалдан авахдаа хэрхэн шалгадаг вэ?

-Загас худалдаж авахдаа хамгийн түрүүнд нүдийг нь харах хэрэгтэй. Хэрвээ нүд нь ширгэчихсэн байвал хуучин гэсэн үг. Мөн загасны гадна талд дарж үзэхэд хонхойдог. Хэсэг хугацааны дараа тэр хонхойсон газар нь эргээд хэвийн болж байвал шинэ загас байна гэж ойлгож болно. Ер нь өвөл загас худалдаж авахад хөлдчихсөн байдаг болохоор шинэ хуучныг нь ялгахад бэрхшээлтэй л дээ.

-Өндгөнд ч гэсэн шинэ хуучныг шинждэг арга байдаг байх?

-Сетиктэй өндгийг гэрэлд харж шинэ хуучныг нь мэдэж болно. Шинэ өндгийг гэрэлд харахад доторх байдал нь харагддаг. Харин хуучин өндөг гэрэл нэвтрүүлдэггүй. Бас усанд хийхэд муудсан өндөг хөвөөд гараад ирдэг.

Харин шинэ өндөг ёроолд живдэг юм. Өндгийг чанасан хойно нь ч шинэ хуучныг нь ялгаж болно. Чанасан өндгийг хальслахаар хийтэй үлдсэн хэсэг байдаг. Түүнийг нь хийт хонгил гэж нэрлэдэг. Тэр нь чанасны дараа ихэссэн байвал хуучин өндөг байна гэж ойлгох хэрэгтэй. Эсрэгээрээ хийт хонгил нь бага байвал шинэ өндөг гэж үздэг.

-Төгсгөлд нь дисертны талаар асуумаар байна. Гар доорхи материалаа ашиглан эрүүл мэндэд тустай амттан хийх аргаасаа бидэнтэй хуваалцаач?

-Дисерт гэхээр ихэнх хүмүүс бялуу гэж ойлгодог. Гэтэл олон төрлийн дисерт хийж болно. Гэхдээ би тарагтай, аарцтай бялуу хийхийг зөвлөмөөр байна.

Б.Сэлэнгэ

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд