LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Лхагвабаяр: Цөсний хүүдийн дотор чулуу байх нь тийм ч аюултай биш

Share

“УБ Сонгдо” эмнэлгийн бүдүүн шулуун гэдэс, дурангийн мэс заслын эмч, Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Лхагвабаярын “Ёо-ёо-г анагаах нь” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Хэвлийн дурангийн мэс заслыг танай эмнэлэг амжилттай хийж байгаа. Сүүлийн үед хүмүүс ямар шалтгааны улмаас  танайд хандаж байна вэ. Мөн энэ мэс засалд аль аль эрхтэн хамаарах вэ?

-Бид өмнө нь хэвлийн дурангийн мэс заслын талаар ерөнхий ойлголтыг өгч байсан. Энэ удаад ямар тохиолдолд үүнийг хийдэг, ямар ач холбогдолтой вэ гэдэг талаас нь ярья гэж бодож байна. Үүний нэг хэлбэр нь бол цөсний хүүдийн чулуужих өвчин, олгойн үрэвсэл. Энэ үед дурангийн мэс заслыг хэрхэн хийдэг талаар ярьсан нь зөв болов уу гэж бодлоо.

-Монголчууд махан хоол их иддэг. Үүнийгээ дагаад өөх тос ихээр хуримтлагддаг. Та цөс гэдэг эрхтний талаар тодруулаач?

-Цөсний хүүдий нь элэгний дор байрладаг эрхтэн. Энэ нь тодорхой сувгаар цөсний ерөнхий сувагтай холбогддог. Энэ нь гэдэсний хөндийрүү холбогдож, явах замдаа нойр булчирхайтай холбогдоод нарийн гэдэсрүү орж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог. Цөс нь хоол боловсруулах үйл явцад хамгийн идэвхтэй оролцдог эрхтнүүдийн нэг. Ялангуяа элэгнээс боловсрогдож байгаа цөсийг хадгалж байгаад тодорхой шаардлагатай үед богино хугацаанд их хэмжээгээр ялгаруулж, тухайн бүтээгдэхүүнийг хурдан задалж биед шимэгдүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

-Эмнэлэгт хүмүүс ямар тохиолдолд ихэвчлэн ханддаг вэ?

 -Цөсний хүүдийн чулуутай өвчтөнүүд ихэвчлэнөөрсдөө эмнэлэгт хандахаас илүү урьдчилан сэргийлэх үзлэг юм уу, эсвэл санамсаргүй шинжилгээнд орсон үедээ энэ өвчтэй байгаа гэдгээ мэддэг. Энэ өвчний нэг онцлог нь ихэнх тохиолдолд хүнд тодорхой зовиур өгдөггүй. Зовиур өгөх үедээ нилээн хүндэрсэн хэлбэррүү орсон тохиолдол элбэг байдаг.

-Энэ өвчний үед ямар зовиур ихэвчлэн илэрдэг вэ?

-Цөсний хүүдий үрэвсэх, цөсний хүүдий чулуужих гэсэн хоёр үндсэн хэлбэр байдаг. Цөсний хүүдий чулуугүйгээр үрэвсэх тохиолдол байдаг. Чулуугүйгээр үйл ажиллагаа нь алдагддаг. Энэ үед өгөх зовирууд цөсний хүүдий чулуужих үед өгдөг зовиуртай ялгагддаггүй. Үүнийг эцсийн байдлаар нарийн шинжилгээ хийгдсэний дараа оношлох боломж нь бүрддэг. Эхо бол орчин үеийн анагаах ухаанд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа, хамгийн хялбар, тэгсэн хэрнээ нарийн онош гаргах боломжтой тоног төхөөрөмж юм. Үүнээс илүү нарийн төхөөрөмж одоохондоо байхгүй байна.

-Эмнэлэгт хандсан хүмүүс голдуу ямар асуултыг мэдэхийг хүсдэг вэ?

-Хүмүүс ихэвчлэн “Манай байгууллага урьдчилан сэргийлэх үзлэгт оруулсан. Би цөсний хүүдийндээ чулуутай болчихжээ” гэдэг. Бидэнд хандаж байгаа цөсний чулуутай хүмүүсийн 50-аад хувь нь энэ тохиолдлоор ирдэг. Үлдсэн 50-аад хувь тодорхой хэмжээний зовиур өгсний улмаас ханддаг. Эдгээр зовиур нь ихэвчлэн хоол унднаас болсон байдаг. Хорхог боодог, их хэмжээний махан бүтээгдэхүүн идсэний дараа ходоод өвдсөн гэдэг. Хүмүүст ихэвчлэн мэдрэгддэг зовиур нь ходоодны өвдөлт байдаг. Ихэнх хүмүүс цөсний өвдөлтийн тухай ойлголт маш багатайгаар орж ирдэг. “Эмчээ миний ходоод өвдөөд байна. Эсвэл хордлого авчихлаа, гүйлгээд байна” гэж ирдэг. Энэ үед бид эхогоор үздэг. Хамгийн богино хугацаанд оношлох арга бол эхо юм.

-Цөсний хүүдий, чулуу гэдэг нь тусдаа ойлголт гэлээ. Энд жишээлбэл ямар хагалгаа хийж байна вэ?

-Дурангийн аргаар цөсний хүүдийг авах хагалгаа. Цөсний хүүдийн дотор байгаа цөс гадагшаа гарах амьсгал нь удаашрах, тодорхой хэмжээний халдвар авсан тохиолдолд чулууждаг. Ус хөлддөг шиг цөс хатуураад чулууждаг. Ингээд чулуу нь хүнд зовиур өгөх шалтгаан болдог. Цөсний хүүдийн дотор чулуу байх нь тиймч аюултай биш. Хамгийн аюултай зүйл нь чулуу цөсний хүүдийнээс гарахдаа сувгуудыг бөглөдөг. Ингэхдээ хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулна. Мөн бусад хоол боловсруулах ферментүүдийг оруулахгүй болгох хортой нөлөөг бий болгодог.

– Олон хүмүүс хурдан хийгддэг, дараа нь түргэн эдгэрдэг гэдэг утгаар нь дурангийн мэс заслыг сонгодог болсон байна. Гэтэл зарим хүмүүс нээлттэй мэс засал дээр, цөсөө угаачих, авахуулчих гэж ярьдаг. Ямар тохиолдолд шаардлагатай алхмуудыг хийх ёстой вэ?

-Бидэнд хандаж байгаа ихэнх өвчтөнүүд би чулуутай болчихлоо угаачихвал яасан юм бэ гэдэг. Цөсний чулуутай өвчтөнд цөс угаах тухай ойлголт эсрэг заалттай байдаг. Өөртөө хортой эм өгч байгаатай ижил ойлголт. Хоёрт, цөсний чулууг эмээр эмчлэх боломжтой юу, хагалгаа заавал хийлгэх үү гэдэг. Орчин үеийн анагаах ухаанд цөсний хүүдийн чулуужих өвчин бол зөвхөн мэс засал эмчилгээгээр эдгэрэх ёстой гэж дүгнэлтэд хүрсэн байдаг. Ямар нэг эмчийн эмчилгээгээр эмчлэх боломжгүй гэж үздэг. Мэдээж мэс засал эмчилгээ нь тодорхой хэмжээний эрсдэлтэй. Тухайн хүн хүссэн, хүсээгүй цорын ганц байгаа эмчилгээний аргыг ашиглах нь зөв. Харин тухайн хүнд эрсдэл, хүндрэл багатай хийх вэ гэдэг шинжлэх ухааны асуудал. Цөсний хүүдийн чулуужих өвчнийг эмээр эмчлэх тухай ойлголт байхгүй.

-Цөсний чулууг дурангийн аргаар авахад дотор нь үлдчих вий гэсэн бодол байж болох юм. Ер нь дотор үлдэх гэсэн асуудал байх уу?

-Орчин үеийн анагаах ухаан өндөр хөгжчихсөн, эрүүл мэндийн тогтолцоо бүрэн төлөвшсөн улс орнуудад дурангийн хагалгааг хийх хувилбар 99-100 хувь байдаг. Энэ бол сонгомол арга юм. Эрүүл мэндийн систем төдийлөн сайн хөгжөөгүй, технологийн боломж муутай тохиолдлуудад  дурангийн мэс заслыг хийх боломжоор хангагдаагүй байж болно. Ийм тохиолдолд нээлттэй хагалгааг сонгодог. Энэ хоёрын хагалгаа нь зарчмын хувьд бие биеэсээ давуу тал гэж байхгүй. Өвчтөнд учруулах зовиур шаналгаа, гоо сайхан, ажил хийх чадвар, эмнэлэгт байх ор хоног гэх зэргийг авч үзвэл дурангийн хагалгаа нь давуу талтай байдаг. Аливаа өвчнийг эмчлэх нь л чухал. Үүнээс гадна тухайн эмчилгээг зовиур багатай хийх, хөдөлмөрийн чадварыг бага алдуулах, хэвийн амьдралаас нь бага хөндийрүүлэх гэдэг ойлголт анагаах ухаанд түлхүү орж ирж байна. Дурангийн мэс заслын давуу талыг өндөр хөгжилтэй орнууд бүрэн ашиглаж байгаа. Ховор тохиолдолд дурангийн хагалгаанаас нээлттэй хагалгааруу шилжих тохиолдол гардаг. Гэхдээ хүндрэл үүссэн ч гэсэн түүнийг дурангийн аргаар шийдэх боломжтой байдаг.

-Хэвлийн дурангийн мэс заслаар олгойг авах боломжтой гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Хэвлийн дурангаар хэвлийн бүх эрхтэнд мэс ажилбар хийх боломжтой. Гэхдээ хамгийн өргөн хэрэглэгдэж, хүмүүс арай илүү ойлголттой байдаг нь цөс чулуужих өвчин, мухар олгой хоёр юм. Мухар олгой үрэвссэн тохиолдол их байдаг. Үүнийг ихэвчлэн нээлттэй аргаар, нээлттэй хагалгаан дотроо хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийдэг байсан. Сүүлийн үед шинэ технологи нэвтэрснээс хойш түүх болоод хоцорсон. Өндөр хөгжилтэй орнуудад мухар олгойг 90-ээс дээш хувьд нь дурангийн аргаар эмчилдэг болсон. АНУ-д 2007 онд олгойн мэс засал хийгдсэн 10000 хүнд дүн шинжилгээ хийсэн байдаг. Хүмүүсээс авсан олгойг шинжлээд үзэхэд 40 хувь нь эрүүл олгой байсан. Энэ бол олгойн үрэвслийг өөрийг нь оношлоход төвөгтэй нь харагдаж байна. Дурангийн хагалгааны давуу тал нь их өргөн хүрээний, ялангуяа хэвлийн бүх эрхтнийг зөвхөн 0.5-1 см зүслэгээр харах боломжтой. Ингэснээр тухайн хүн олгой нь үрэвсэж үү, өөр өвчтэй юу гэдгийг мэдэж болох давуу талтай юм.

-Олгой гэдэг эрхтэн хүн болгонд байдаг. Яагаад мухар олгой гэж нэрлээд байна вэ?

Бүдүүн гэдэсний эхлэл хэсэгт байдаг мухар эрхтэн. Энэ утгаараа мухар олгой гэдэг ухагдахуун бий болсон байх.

-Ямар тохиолдолд үрэвсдэг вэ?

-Төрөл бүрийн тохиолдлууд байж болно. Олгой тийм зүйлээс болж үрэвслээ гэсэн шинжлэх ухаан ойлголт байхгүй. Шууд тайлбар байхгүй. Шалтгаанууд байж болно. Тодохой хугацаар гүйлгэх, гадны биетүүд хоолтой хамт ороод хоол боловсруулах замд явж байхдаа мухар олгой дотор орчихдог. Энэ үед үрэвсээд эхэлдэг.

-Олгой зөвхөн нэг газар байрладаг уу. Есөн газар байрладаг гэж сонссон?

-Олгой нэг л газар байрлана. Энэ нь бүдүүн гэдэсний эхлэл хэсэг, нарийн гэдэсний төгсгөл хэсгийн зааг, хэвлийн баруун доод хэсэгт байдаг. Гэхдээ олгой ямар чиглэлд байрласан гэдгээс нь хамаарч хувь хүний мэдрэмж өөр. Тэрнээс хамаарч хувь хүнд өгөх зовиурууд, хоёрдугаарт хагалгаа хийх техник өөр байна.

Эх сурвалж: “Ёо-ёо-г анагаах нь” нэвтрүүлэг

error: Content is protected !!