LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Д.Солонго: Хоолонд дургүй хүүхэдтэй бол анхаарах хэд хэдэн зүйл бий

Share

БЗД-ийн 10-р хорооны Цэн-Оюу өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Д.Солонготой хүүхдийн хоол тэжээлийн талаар ярилцлаа.

Хүүхдийг зургаан сартайгаас нь бор хоолонд оруулах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Гэвч зарим эцэг эхчүүд хэтэрхий багаас нь бантан, кааш өгчихдөг тал ажиглагддаг. Ер нь хүүхдийг бор хоолонд хэрхэн оруулах нь зүйтэй вэ?

Хүүхдийг зургаан сар хүртэл нь дан ганц эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Төрсний дараах эхний зургаан сар эхийн сүү нь хүүхдийн бие махбодид шаардлагатай юугаар ч орлох боломжгүй тэжээлт бодис, аминдэмийг агуулж байдаг. Тийм ч учраас  амархан шингэж, боловсордог.

Харин хүмүүс эхийн сүүнд агуулагдах нянгийн эсрэг үйлчлэлтэй дархлааны бодис хүүхдийг аливаа халдварт өртөхөөс хамгаалдаг гэдгийг сайн мэддэггүй. Үүнээс болж, хүүхдийг эрт хоолонд оруулах сөрөг хандлага ажиглагдах боллоо. Ингэснээр эхийн сүүгээр дамжуулан авах ашигтай бодисыг авч чадахгүйн улмаас хүүхэд өвчлөх эрсдэлтэй болно.

Хүүхдийг бор хоолонд оруулахдаа хооллох давтамж, нэг удаа өгөх хэмжээ, өтгөн, шингэн, хоолны нэр төрөл идэвхтэй хооллох эрүүл ахуйн зохистой дадал хэрэгтэй. Давтамж нь хүүхдэд өдөрт 1-2 удаа нэмэгдэл хоол өгнө. Хэмжээ нь нэмэгдэл хоолыг 2-3 хоолны халбагаар өгч эхлэх бөгөөд аажмаар нэмэгдүүлнэ. Төлөв байдал нь хүүхдийн халбаган дээр тогтохуйц хангалттай өтгөн байна. Нэр төрөл нь анхны нэмэгдэл хоолонд өргөн хэрэглэдэг тараг, төрөл бүрийн зутан, жимс, ногооны нухаш, нухаш бантан зэрэг байж болно.

Хоолонд дургүй хүүхдийн дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Дуршил багатай хүүхдийг хооллохдоо нэр төрлийг олшруулах хэрэгтэй. Мөн асгаж цутгасан ч хамаагүй өөрөөр нь хоолыг нь идүүлээд үзэх нь зөв. Нөгөө талаар хүүхэд хоолоо идэж байх үед анхаарлыг нь бүү сарниулаарай. Өөр зүйлд сатаарчихвал хүүхдийн идэх хүсэл алга болчихдог. Түүнчлэн хүүхдийг өлссөн үед нь хооллож байх нь зүйтэй. Үүнээс гадна чихэрлэг зүйлсийг аль болох өгөхгүй байхыг зөвлөж байна. Учир нь чихэр шоколад их хэмжээгээр идсэнээр хүүхдийн хоолны дуршил буурч, зөвхөн чихрээр хооллох хүсэлтэй болдог сөрөг тал бий.

Хоол, тэжээлээс хамааралтайгаар хүүхдэд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ. Эсрэгээрээ ямар сөрөг үр дагавартай вэ?

Хоол тэжээлээ хангалттай идэж байгаа хүүхдийн дархлаа дэмжигдэж, бодисын солилцоо идэвхжих, эрүүл чийрэг, сэргэлэн цовоо, өсч бойжиход ач холбогдолтойгоос гадна хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай, хараа сайжруулах , халдвараас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Харин эцэг эхчүүд хүүхдээ хэт эрт нэмэгдэл хоолонд оруулснаар олон сөрөг нөлөөллийг дагуулдаг. 

Тодруулбал, эхийн сүүг орлох боломжгүй учраас сүүний шим тэжээлийг нөхөхгүй гэсэн үг. Ингэснээр өвчлөх, аливаа халдварт өртөх магадлал нэмэгдэнэ. Мөн хооллоход хялбарыг бодож усан шөл, шингэн агшаамал өгөх нь тэжээллэг чанарыг бууруулдаг. Үүнээс гадна хүүхэд амьтны гаралтай уургийг боловсруулж, шингээх чадвар сул байдаг учраас харшил үүсгэх эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Чихэр их идүүлэх нь сөрөг нөлөөтэйг мэддэг хэрнээ хүүхдүүдээ чихрээр “урамшуулах” эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Энэ нь шүд өвчлөхөөс эхлээд ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ?

Нэн тэргүүнд хүүхдэд чихэрлэг хоол, ундаа өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Чихэр амтат хоол ундаа нь сахар их хэмжээгээр агуулдаг хэдий ч хүүхдэд хэрэгтэй ямар нэгэн шимт бодис агуулдаггүй гэдгийг онцолмоор байна. Харин тэдгээр ундаа нь шүд цоорох, буйлны үрэвсэлтэй болох, оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох магадлалыг нэмэгдүүлж байдаг. Үүгээр ч зогсохгүй кальци, Д аминдэмийн дутал, яс сийрэгжихэд хүргэх эрсдэлтэйгээс гадна өвчлөмтгий, хэт хөдөлгөөнтэй болох, анхаарал муудах эмгэгт хүргэх нь бий. Мөн цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэснээр инсулин ихээр ялгарах магадлалтай.

Ханиад томууны үед ямар хоол хүнсээр хүүхдийн дархлааг дэмжвэл зохих вэ?

Хүүхдүүддээ насанд нь тохирсон олон найрлагат амин дэмийг өгч байх хэрэгтэй. Манай орны хувьд хоол хүнсээр дамжуулаад хэрэгцээт аминдэмийг авах боломж тийм ч их биш. Тэгэхээр нэмэлтээр өгөх нь зүйтэй. Олон найрлагат витамин бол урьдчилан сэргийлэх зориулалттай. Түүнээс эмчилгээ биш. Аль ч витамин хүүхдийн насанд тохирсон урьдчилан сэргийлэх тунгаар байдаг. Өндөр тунтай витаминууд дан дангаараа байдаг. Жишээлбэл А, Д зэрэг витамин байна. Олон найрлагат витаминыг эмчийн заавар гэлгүй уулгаж болно. Гэхдээ нэг удаад хоёр витамин давхар уулгахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Жингийн илүүдэлтэй хүүхдүүд өвчлөмтгий байдаг гэж сонссон. Зохисгүй хооллолтын сөрөг үр дагавар нь таргалалт болж хувираад байна уу?

Сүүлийн жилүүдэд жингийн илүүдэлтэй хүүхдүүд нэмэгдэж байгаа нь бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж буй эрүүл бус бүтээгдэхүүн, буруу хооллолт болоод хөдөлгөөний дутагдалтай шууд холбоотой. 

Хэрвээ хүүхдийн тань жин хэвийн хэмжээнээс 10 хувь, түүнээс илүү байвал даруй эмчид хандаж, жин хасах тохирох зөвлөгөө аваарай. Илүүдэл жин буюу таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин гээд халдварт бус өвчний шалтгаануудын нэгд зайлшгүй тооцогдож байна. Мөн дархлаа муудаж, үе мөч өвдөх, нуруу бөгтийх, алхаа гишгээ өөрчлөгдөх нь бий. Үүнээс гадна бэлгийн бойжилтод сөрөг нөлөө үзүүлдэг. Тодруулбал хөвгүүдэд бэлэг эрхтэн дутуу хөгжих, улмаар насанд хүрэхэд нь үргүйдэлтэй болох, охидод сарын тэмдэг алдагдах зэрэг сөрөг нөлөө үзүүлж болно.

Хүйтний болон дулааны улиралд ямар ямар хоол хүнсийг хэрэглэх нь зохимжтой вэ?

Хүйтний улиралд гаднаас хүйтэн температур биед ороод ирэхээр биеийн градус буурдаг. Тиймээс биеийн температурыг нэмэгдүүлэх зорилгоор илч энергитэй хоол идэх хэрэгтэй. Ялангуяа хүйтний улиралд болж өгвөл аньс, нэрс, чацаргана, хад гэх мэт жимсний шүүс уухыг зөвлөж байна. Мөн дархлаагаа дэмжихийн тулд өөрт тохирдог, хэрэгтэй витаминыг өдөрт 3-4 ширхэгээр нь буюу нормоор нь  хэрэглэх хэрэгтэй.

error: Content is protected !!