Урлаг соёлынхон дунд удам дамжсан алдартнууд цөөнгүй. Сайн эцэг, эхийн нэрийг дуурсгаж өдгөө өндөрт өргөж яваа үе үеийн мундаг жүжигчид, уран бүтээлчдийг “Хүмүүс” буландаа онцолж байна.
Жүжигчин, зохиолч У.Осор, хүү МУГЖ Бат-Өлзий, Харин түүний хүү, жүжигчин, найруулагч Б.Тамир

Монголын кино урлагийн түүхэнд “Алтан үеийн” хэмээн тодоор бичигдэж, өнөөг хүртэл үзэгч олондоо дурсагдаж яваа алдарт жүжигчин, зохиолч Улаанхүүгийн Осор агсны тухай мэдэхгүй хүн ховор биз. Тэрбээр, “Их замын эхэнд” киноны Хоовон хөх, “Ичээнд нь ” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдан, Р. Доржпаламын “Тунгалаг Тамир” киноны Даржаа баатар зэрэг 100 гаруй дүрийг дэлгэцнээ чадварлаг бүтээж, 60-70 оны оросын кинонуудад дуу оруулан, үзэгч олны талархлыг хүлээж байснаас гадна “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичиж Монголын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж байсан ахмад алдартнуудын нэг юм.
Харин хүү О.Бат-Өлзийг үзэгчид “Нандин эрдэнэ” киноны хүргэн хүүгийн дүрээр сайн мэдэх билээ. О.Бат-Өлзийн хүү, жүжигчин, найруулагч Б.Тамир өвөөгөөсөө өвлөгдсөн авьяасаа хөгжүүлж, өдгөө өөрийн гэсэн продакшнаа байгуулан, жүжигчин, найруулагч, зохиолч гэх мэт кино урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвиж байна.
Монгол Улсын Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав, Охин МУГЖ Ж.Оюундарь

Л.Жамсранжав гуайг “Гамлет”, “Отелло”, “Хар санаа ба хайр сэтгэл”, “Лир Ван”, “Овод”, “Босгон дээр”, “Шинэ зам”, “Арвайхээрийн талд”, “Итгэж болно” зэрэг Монголын болон дэлхийн сонгодог драмын жүжгүүдийн гол дүрийг бүтээснээр уншигчид сайн мэдэх биз ээ. Харин түүний охин, МУГЖ Ж.Оюундарь “Намайг их сургуулийн нэгдүгээр курст ортол бид хамт амьдарч байлаа. Анх кино драмын ангид орж жүжигчний мэргэжил эзэмшихэд “Жүжигчин болно гэдэг амар зүйл биш. Тэр тусмаа эмэгтэй хүнд ахадсан ажил” гээд их дургүй байсан. Би аавынхаа үгэнд оролгүй зөрүүдлэн, өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад кино драмын ангид орсон. “Миний охин мэргэжилдээ их дуртай юм. Бас авьяастай юм. Аавынхаа мэргэжлийг өвлөж авч байгаад би их баяртай байна” гэж дараа нь ээжид хэлсэн гэдэг. Харин намайг жүжигчний мэргэжил эзэмшсэний дараа “Сонгодог жүжгийн хүн болно шүү” гэж захидаг байлаа” хэмээжээ.
Нэрт жүжигчин Г.Дашхүү Хүү жүжигчин, найруулагч Галбаяр

Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны ууган хүү Галбаяр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн инээдмийн төрлөөр уран бүтээл туурвиж буй. “Go” студийн захирал, найруулагч тэрээр “Шуугиан таригч” инээдмийн кино, “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг дэлгэцийн бүтээлийг туурвиж үзэгчдэд хүргэсэн билээ.
БНМАУ-ын Ардын Жүжигчин Аюурзанын Очирбат, Охин МУСТА жүжигчин Оюун

БНМАУ-ын Ардын жүжигчин, тайз дэлгэцийн алтан үеийн авъяаслаг уран бүтээлч, монгол түмний хайртай жүжигчин Аюурзанын Очирбат гуайг Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны дүрээр хүмүүс андахгүй. Мөн тэрээр “Мандухай цэцэн хатан” киноны Сатай сайд зэрэг олон сайхан бүтээлээр ард олныхоо зүрх сэтгэлд мөнхөрсөн. Харин түүний охин Оюуныг “Илүү сартай зун” киноны тэргэнцэртэй охины дүрийг бүтээснээр сайн таних билээ.
Монгол Улсын Ардын Жүжигчин Цагааны Цэгмид, хүү Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц. Төмөрбаатар. Хүү МУГЖ Ц. Төмөрхуяг

Цагааны Цэгмид гуай Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртсэн, театр, XX зууны манлай киноны жүжигчин билээ. Хүү Ц.Төмөрбаатар (МУГЖ), Ц.Төмөрхуяг(МУГЖ) нар нь мөн аавынхаа мэргэжлийг өвлөж авч, олон сайхан дүрээ дэлгэцийн урлагт мөнхөлсөөр байгааг бид мэднэ.Ардын жүжигчин Цагааны Цэгмэд нь Цогт тайжийн дүрээр монголчуудад домог болсон бол түүний хүү Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар нь “Суварган цэнхэр уулс” киноны Саруул төгс, “Амьдралын нахиа” –гийн Баяраа, “Үхэж үл болно” –ын Чингис хаан, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамухын дүр зэрэг олон арван тайз дэлгэцийн бүтээлийг амилуулсан авьяаслаг жүжигчин. Харин түүний отгон хүү Ц.Төмөрхуяг Аавынхаа мэргэжлийг өвлөн жүжигчнээр ажиллахдаа 60 гаруй тайзны бүтээл амьдруулсан бол 100 гаруй кинонд дүр бүтээж амжжээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор’ киноны Нялх Сэнгүм, ‘Илд цэцэг” киноны мөрдөгч Дандарын дүрээр монголчууд түүнийг андахгүй.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа, Охин БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ Намсрайн Сувд

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгсжээ. Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг юм. Тэрээр 1945 онд МУГЖ цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин, 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Харин түүний охин, БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ Н. Сувд гуайг “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрээр андахгүй сайн мэдэх билээ. Тэрээр уг кинонд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн байна.
Монголын хошин урлагийг үндэслэгч, жүжигчин Л.Жанчивдорж, хүү Ж.Сэнгэдорж

“Мөрөөдлийн хөлөг онгоц” телевизийн олон ангит киногоор анх үзэгч олныг шуугиулж байсан уран бүтээлч бол Монголын хошин урлагийг үндэслэгч, жүжигчин Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж юм. Тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөхийг хүсэж, СУИС-д шалгалт өгсөн ч эхнийхэд нь тэнцэж, хоёр дахь шалгалтдаа унаснаар найруулагчийн мэргэжил сонгосон байна.
Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч Т.Латиф Хүү алиалагч,жүжигчин Л.Нурбулан

Циркийн манежнаа амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлж хүн бүрийн сэтгэлд алиа хошин зангаараа хоногшиж чадсан алиалагч Латиф хэмээх эрхэм хүнийг Монголын ард түмэн мартах учиргүй. Өнөөдрийг хүртэл түүний хийж бүтээж байсан бүхнийг үргэлжлүүлсэн нь бага хүү алиалагч,жүжигчин Л.Нурбулан. Харамсалтай нь Монголын циркийн урлагт олон жилийн хөдөлмөрөө зориулж, инээд хөөр бэлэглэж ирсэн тэрээр уушгины буглаа өвчнөөр оношлогдож нас барсан билээ.
Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Охин СТА С.Болормаа,Хүү СТА С.Болд-Эрдэнэ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, С.Сугар агсны үйл хэргийг үргэлжлүүлж яваа хүмүүс бол түүний охин С.Болормаа, С.Болд-эрдэнэ нар билээ. Драмын бүтээлийн ноён оргил дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт Гамлетыг гайхалтай амилуулсан хүн бол яах аргагүй УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ. Тэрээр “Гамлет-д тоглосны дараа аав минь их баярласан юм шиг санагддаг. Гамлетын дүрд тоглоно гэдэг өөрөө хувь заяа шүү дээ. Зөвлөлөөр орсны дараа надад хэд, хэдэн алдааг минь олж харж зөвлөгөө өгсөн. Жүжгийг сонсох ёстой байхад тескт чинь хурдтай байна, ритм чинь унаад байна гээд л. Нээлтийн дараагаар харин аав минь сэтгэл хангалуун байгаа нь мэдэгдсэн” хэмээжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ё. Цог, Хүү кино найруулагч, жүжигчин Ц. Хүсэлбаатар

Монголын кино урлагийн алтан үеийн нэг МУГЖ Ё.Цог гуайг танихгүй хүн ховор. Ялангуяа сүүлийн үеийн “….Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ. Цогоо гуай….” гэдэг Хүрлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бүр ч андахгүй. Түүний тоглосон кино, жүжиг гэвэл маш олон. Үүний дотроос “Богд хаан”-ы дүрээр хүмүүс сайн мэднэ. Ё.Цог гуайн авьяасыг түүний хүү МУСТА найруулагч Ц.Хүсэлбаатар, ач охин Х.Баярмаа нар өвлөж буй. Тэднийг удам дамжсан гурван үеийн жүжигчид хэмээн нэрийддэг билээ.