No menu items!
HomeЭрүүл мэндД. Энхбаяр: Бруцеллёзын онцлог нь өвдөг, тохой, мөр, түнх зэрэг том үеүдийг...

Д. Энхбаяр: Бруцеллёзын онцлог нь өвдөг, тохой, мөр, түнх зэрэг том үеүдийг хамардаг

-

120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэгт ХӨСҮТ-ийн Зооноз бруцеллёзын тасгийн эрхлэгч Д. Энхбаяр оролцож, Бруцеллёз өвчний талаар ярилцлаа.

Манай улсын хувьд бруцеллёз өвчин нь Зоонозын халдварт өвчин буюу малаас хүнд халдварладаг өвчлөл дотроос харьцангуй их буюу 80-аад хувийг эзэлдэг. Шинж тэмдэг нь бүдэг эхэлдэг. Малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүн бүр уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Энэ нь хүний хөдөлмөрийн чадварыг алдагдулдаг аюулт өвчин.

-Бруцеллёз нь ужиг, удаан явцтай, хожим хүндрэлүүд үүсдэг. Бруцеллёзоор өвчилснөөс хойш хэдий хугацаанд хүндрэлүүд үүсдэг вэ, өвчний үйл явц яагаад далд хэлбэртэй байдаг вэ?

-Уг өвчний үүсгэгч нь өвөрмөц онцлогтой. Өвчнийг үүсгэгч нь бруцелл хэмээх нян юм. Бруцеллёзоор өвчилсөн мал амьтантай харьцах, төл, эхэс гардах, түүхий эдтэй харьцах, боловсруулах, өтөг бууц цэвэрлэх үед гэмтсэн арьс салстаар, өвчтэй мал амьтны түүхий сүү, халуун цус уух, түүхий болон шүүрхий элэг идэхэд хоол боловсруулах замаар малын бууц, ноос зэргийг цэвэрлэх үед нянгаар бохирдсон тоосоор буюу амьсгалын замаар нян хүний биед орж өвчлүүлдэг.

 Хүний биед гаднаас нян, бактер ороход хүний дархаллын систем ажиллаж эхэлдэг. Нянгийн хэмжээ бага, дархлаа сайтай байвал өвчлөхгүй байх боломжтой. Нян их хэмжээгээр биед орсноор өвчин үүсгэдэг. Биед орсон нян хүний тунгалгийн булчирхайд очиж үрждэг. Үений шингэн нян үржих таатай орчин болдог бөгөөд аажмаар үеийг гэмтээж байдаг. Үений шингэн байхгүй болсноор явж, суух, гар хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй болдог. Уг өвчин нь хөдөлмөрийн чадварыг 50-70 хувь алдагдуулдаг гэж үздэг. Өвдөг, тохой зэрэг том үеүдийг хамардаг. Гол онцлог нь түнхийг гэмтээдэг бөгөөд бруцеллёзоор олон жил өвчилсөн хүн хазганаж явдаг. Шинж тэмдэг нь илрэхгүйгээр удаан хугацаанд аажмаар өвчлүүлдэг.

-Халуурах шинж тэмдэг илэрдэг. Шинж тэмдгийн талаар ярихгүй юу?

-Шалтгаан нь тодорхойгүйгээр 2-3 сар халуурдаг. Малчин, мал аж ахуйн мэргэжилтэн зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүс халуурсан тохиолдолд бруцеллёз байх магадлал өндөртэй. Бусад хүмүүсийн хувьд шалтгааныг тодруулах гэж ихээхэн цаг хугацаа алддаг. Хурц үед нь халуурах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдгээр илрүүлэх боломжтой. Гэхдээ архаг үед нь илрүүлэхэд тун хэцүү. Үе мөч өвддөг халдварт бус өвчнүүд их байдаг. Эцсийн оношийг шинжилгээгээр баталгаажуулдаг.

-Ямар ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-Сүрьеэгийн үений үрэвслүүдтэй төстэй халуурах шинж тэмдэг илэрдэг. Дархаллын системийг хямраадаг учир ядрах, сульдах, үе мөч толгой өвдөх, шөнө их хэмжээгээр хөлрөх / үрэвслийн процесс шөнө эрчимтэй явагддаг /, мөн хэт турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бруцеллёзын онцлог нь өвдөг, тохой, мөр, түнх зэрэг том үеүдийг хамардаг. Хурц үедээ халуурах шинж тэмдэг илэрдэг. Архаг явц сэдрэх сэдрэх үед халуурахгүй. Эдгээр шинж тэмдгүүд нь энгийн, ерөнхий шинж тэмдгүүд учир анзааралгүй хугацаа алдах тохиолдол их. Бруцеллёз өвчин архагшсан үед үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах, ууц нуруу, мэдрэлийн судал дагаж өвдөх, элэг, дэлүү томрох, зүрх, бөөр, давсаг мэдрэлийн тогтолцоо гэмтэх, сэтгэцэд өөрчлөлт орох үр зулбах, дутуу төрөх зэрэг шинжүүд илэрнэ.

-Бруцеллёзыг илрүүлэх нарийн шинжилгээ нь ямар шинжилгээ байдаг вэ?

-Сүүлийн үед бруцеллёзыг илрүүлэх шинжлэх ухааны аргууд нэвтэрч байна. Зөвхөн ХӨСҮТ-д л эцсийн оношийг тавьж байсан бол одоо сумын лабораторид оношилж, бруцеллёз гэдгийг мэдэх  98-99 хувийн боломжтой болсон.

-Эмчилгээний талаар ярихгүй юу, танай эмнэлэгт бруцеллёзоор өвчилсний улмаас үе мөчний эргэшгүй өөрчлөлтөд орсон залуучууд ирэх тохиолдол бий юу?

-Эрт үедээ илрүүлвэл бүрэн эмчлэх боломжтой. Мэдэхгүй удах тусам эмчлэхэд хүндрэл үүснэ. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн бруцеллёзын халдвартай хүмүүсийн ихэнх нь чих хатуутай болсон байдаг. Мэдрэлийн хувьд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь энэ. Бруцеллёзын архаг хэлбэр нь сонсгол нөлөөлдөг. Социализмын үед уг өвчинтэй сайн тэмцэж байсан. Учир нь малын өвчлөл нь их өндөр байсан. 1958 онд 1650 хүн жилд шинээр өвчилсөн гэж бүртгэгдсэн. 1990 он гэхэд үүнийг 10 мянгад 0,001 промиль хүртэл бууруулж чадсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр энэ тоо хэвэндээ орсон. Одоогоор тогтвортой хэмжээнд байна.  

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Малчид, мал аж ахуйтай харьцдаг хүмүүс энэ өвчний талаар мэдлэг мэдээлэл сайтай байвал урьлчилан сэргийлэх бүрэн боломжтой. Малын гаралтай бүтээгдэхүүнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байх хэрэгтэй. Сүү зардаг хүмүүс түүхий сүүг байн байн амссанаар энэ өвчлөлд өртөх эрсдэлт бүлэгт хамаардаг.

Бруцеллёз өвчнийг үүсгэгч нян нь усанд хоёр сар, сүүнд 40 хоног, баяслагт хоёр сар, түүхий маханд гурван сар, арьс ширэнд дөрвөн амьдрах чадвартай байдаг.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд