Дэлхий нийтээр аравдугаар сарын 29-ны өдрийг “Тархины цус харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр” болгосон. Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь тархины харвалтаар өвчлөх эрсдэлтэй байдаг аж. Монгол Улсын хувьд тархины харвалт түүний нас барилтын төвшнөөр дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Ялангуяа тархины цус харвалтын нас баралтын төвшин өндөрт тооцогддог. Тиймээс энэхүү өвчний талаар уншигчдадаа мэдээлэл өгөх зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн их эмч АУ-ны магистр, Мэдрэлийн ахлах зэрэгтэй эмч Д.Уянгаас тодрууллаа.
-Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд тархины харвалт ямар шалтгаанаас болж ихэсч байна вэ?
-Тархины харвалт нь цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, тархины судасны хатуурал, таргалалт, удамшил зэрэг олон шалтгаанаас болж үүсдэг. Эмнэлэгт эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх нь цусны даралт ихсэх шалтгаантай байна. Иргэдийн хувьд даралт буулгах эмийг тогтмол уух хэрэгтэй. Зарим хүн даралтын эм тогтмол уух нь эмэнд дасал болно гэсэн буруу ойлголттой байдаг. Өвчин намдаах болон тайвшруулж, унтуулах эм л дасал болох сөрөг нөлөөтэй байдаг. Харин даралт буулгах эм хэзээ ч дасал болдоггүй.
-Сүүлийн үед тархинд цус харвах өвчин залуужиж байна гэж ихээр ярих боллоо. Энэ нь ямар хүчин зүйлтэй холбоотой вэ?
-Тийм ээ, тархины цус харвалт жил ирэх тусам залуужиж байгаа. Харвасан нийт хүний 20-иос багагүй хувийг 50 хүртэлх насныхан эзэлж байна. Гол шалтгаан хөдөлгөөн бага, хотжилт, стресс ихтэй байгаатай холбоотой. Эдгээр хүчин зүйл нь харвалтад хүргэх хөрс, суурийг бэлдэж байна. Харвалтын хамгийн гол шалтгаан цусны даралт ихэссэнээс болдог. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлж байна. Ерөнхийдөө энэ өвчинөөр өвдөх гол шалтгаан нь стресс, амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэж хэлж болно.
-Эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар тодруулахгүй юу?
-Өндөр настнуудын хувьд судас хатууралт, сахарын өвчин, даралт ихсэхтэй холбоотой. Залуусын хувьд эдгээрээс гадна зүрх судасны ба цусны эмгэг, даралт ихдэлтээ хянахгүй байх, цусан дахь инсулины хэмжээ ихдэх, амьдралын хэв маяг, стресс голлон нөлөөлж байгаа. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах нь судасны хатуурал үүсэх нөхцөл болдог. Харин төрөх насны эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах эмийг байнга хэрэглэх нь харвалтын эрсдэлт хүчин зүйл болдгийг тэр бүр мэддэггүй. Мөн толгой нүцгэн явах нь толгой өвдөх, архаг өвдөлт үүсэх нөхцөл болдог. Мигрень буюу толгой таллаж, хүчтэй өвддөг хүмүүс харвах эрсдэлтэй.
-Толгой таллаж өвддөг хүмүүс та мэргэжлийн эмчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ. Энэ хүмүүс харвалтаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгч болох уу?
–Толгой таллаж өвдөх буюу Мигрень өвчин нь ихэнхдээ удамших хандлагатай ба аль болох өвдөлт сэдрээх хүчин зүйлсээс зайлсхийх, ажлын ачааллаа багасгах, унтаж амарч, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Харвалт өгч байгаа хүнийг яаж мэдэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ?
-Харвасан тохиолдолд шинж тэмдгийг нь мэдээд, аль болох хурдан эмнэлэгт хандах хэрэгтэй. Харвалт хоёр янзаар явагддагийг иргэд тэр бүр мэддэггүй. Эхнийх нь тархины цус хомсрох харвалт буюу тархины гол артерийн судаснууд бөглөрөх юм. Энэ тохиолдолд хараа өөрчлөгдөх, хэл яриа тультрах, гуйвж дайвах, гар хөл мэдээгүй болох шинж тэмдгүүд илэрнэ. Нөгөө нь, тархины эдийн цус харвах хэлбэр. Өндөр даралтаас болоод судас ачааллаа даахгүй хагарснаас болж тархины эд эс рүү маш их хэмжээний цус юүлэгдэж ордог. Энэ тохиолдолд толгой хүчтэй өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, огиулах, татах, ухаан алдах шинж тэмдгүүд илэрнэ. Ийм үед яаралтай түргэн тусламж дуудаад, даралт их байгаа бол даралтыг буулгах, бөөлжсийг амнаас нь гаргах зэрэг яаралтай арга хэмжээг авч, аль болох ойрын эмнэлэгт очих хэрэгтэй.
-Харвалт өгсөн хүн бүрэн эдгэрэх магадлал хэдэн хувьтай байдаг вэ?
-Эдгэрэх магадлалыг шууд ярихад хэцүү. Харвалтын хэв шинж, байршил, хэмжээнээс хамаарч эдгэрэлт янз бүр байдаг. Захын байрлалтай, том хэмжээний цус тархинд байх юм бол мэс заслын аргаар соруулж авна. Хэл ярианы төв дээр байршсан харвалтаас хэл ярианд өөрчлөлт орохоос биш гар хөл саажихгүй. Гар хөлийн саа, хэл яриа засдаг сэргээн засах эмчилгээ болон эмийн эмчилгээний үр дүн удаан хугацааны дараа харагддаг. Хүний эд эс богино хугацаанд гэмтдэг ч эргэж сэргэхдээ удаан хугацаа шаарддаг. Нэгэнт гэмтсэн эс эргэж сэргэнэ гэж байхгүй. Харин түүнийг орлон ажиллах эсүүдийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийдэг. Тухайн өвчтөнөөс болон ар гэрийнхнээс маш их тэвчээр, хичээл зүтгэл шаардана.
-Төгсгөлд нь та тархины цус харвалтаас яаж урьдчилан сэргийлэх ёстой талаар иргэд зөвлөнө үү?
-Тархины харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хорт зуршлаа хаях, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, өөх тос, давсны хэмжээг багасгах, архи согтууруулах ундаанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт шилжих хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө тархины харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Харин гэр бүлийн хэн нэгэн нь зүрх судасны өвчтэй, даралттай бол харвалтад өртөх магадлал өндөр. Даралтаа өдөр бүр, шаардлагатай бол хэдэн ч удаа үзэж болно. Даралтны эмийг эмчийн заавраар өдөр бүр тогтмол, таслалгүй уух хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Э.Мөнхзаяа