No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Тугбаяр: Хүүхдээ бүүвэйлэхдээ хүчтэй сэгсэрснээс болж цус харвах нь бий

Ц.Тугбаяр: Хүүхдээ бүүвэйлэхдээ хүчтэй сэгсэрснээс болж цус харвах нь бий

-

Монголд мэдрэлийн мэс заслын салбар үүссэний 50 жилийн ой энэ сард тохиож буй. Өнгөрсөн хугацаанд 240 мянга орчим хүнд манай эмч нар тархи, нуруу, нугасны эмгэг, хавдар, харвалтын мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Мэдээж энэ бүх хагалгаа, эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт хийдэг. Гэвч улсдаа ганц байдаг энэ тасгийн орны тоо, хүний нөөц 50 жилийн өмнөхөөрөө.

Эмч нар өдгөө долоо хоногт 30-40 хүнд хагалгаа хийж буй нь тархины төрөл бүрийн өвчин эмгэг хэр нэмэгдсэнийг гэрчлэх биз ээ. Мөн сүүлийн жилүүдэд нялхас тархины гажигтай төрөх нь олширчээ. Эхийн хэвлийд бойжиж байхдаа л сэтгэц, мэдрэлийн өвчтэй болчихдог аж.

“Том хүн л цус харвадаг” гэсэн нийтлэг ойлголтыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, клиникийн профессор Ц.Тугбаяр үгүйсгэв. Хүүхдүүд дөнгөж төрөөд, нярай үедээ цус харвах, тархины хавдраар өвчлөх нь элбэг болжээ. 2006 оноос хойш хүүхдийн тархи, нуруу нугасны эмгэг, хавдрыг эмчлэхэд хүч чадлаа дайчилж буй түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Манайхан мэдрэлийн мэс заслын чиглэлээр хүүхдэд хэчнээн төрлийн хагалгаа хийж байна вэ?

-Хүүхдийн мэдрэлийн маш олон эмгэг бий. Нуруу, нугасны төрөлхийн ивэрхий, тархины усжилт, бэтэг, төрөл бүрийн хавдар, судасны гажиг оношлогдож байна. Энэ чиглэлээр зөвхөн хүүхдэд 23 төрлийн хагалгаа хийдэг. Эдгээрээс хамгийн элбэг тохиолдож буй нь тархины төрөлхийн усжилт. Хүний тархины ховдол өдөрт 150 мг шингэн ялгаруулж, түүнийгээ шимэгдүүлж байдаг.

Энгийнээр хэлбэл, энэ процессын хэвийн үйл ажиллагаа алдагдахаар тархи усждаг гэсэн үг. Тархины ховдлууд олон салаа сувгаар нуруу, нугасныхаа шингэнтэй холбогдсон байдаг. Аль нэг нүх нь битүүрэхээр усжиж болно. Төрөлхийн усжилттай, багадаа менингет тусаж байсан, төрөхдөө, эсвэл нярай байхдаа цус харвасан бол тархи усжих эрсдэл өндөр байдаг. Мөн тархины хавдрууд ховдлыг дарснаас болж, тархи усаар дүүрэх нь бий.

Ийм өвчтэй хүүхдүүдэд тусгай гуурс тавьж, усыг шимэгдүүлэх эмчилгээ хийдэг. Мэдээж өвчнийг эрт үед нь эмчлэх шаардлагатай. Хугацаа алдвал хүүхдүүд “усан тархитай” болж, амьдрах чадвараа алддаг. Гуурсны нэг үзүүрийг тархи руу, нөгөөхийг нь хэвлийд суурилуулдаг. Хоёр салаа гуурс дундаа клап буюу тусгай холбогчтой.

Тархи усаа шахангуут клап онгойж, тогтворжихоороо өөрөө хаагдчихдаг. Хэрвээ клапгүй гуурс тавьчихвал сантехникийн хоолойтой адил тархины хамаг шингэнийг ходоод руу юүлнэ гэсэн үг. Энэ гуурс 1000-2000 ам.долларын үнэтэй. Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар манайд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд үнэгүй гуурс хэрэглэдэг болсон шүү.

-Тархи усжсан, эсэхийг эхийн хэвлийд байхад нь мэдэх боломжтой юу. Хэдий хугацаанд гуурс тавьдаг юм бэ?

-Өвчний үе шатаас хамаарна. Гуурс тавьсны дараа ус нь шимэгдсэн ч шууд сугалаад авч болдоггүй. Хэвлий рүүгээ урсаад дасал болчихсон байдаг тул түүнийг нь салгачихаар тархи огцом усаар дүүрэх магадлалтай. Тиймээс сайн ажиглаж байгаад салгадаг. Ийм гуурстай явж буй олон хүүхэд байна. Тархины үйл ажиллагаа алдагдаад хөгжлийн бэрхшээлтэй болсон нь ч бий.

Сүүлийн үед 4D ЭХО-гоор ураг байхад нь тархины ус, нуруу, нугасны ивэрхийг оношилж байна. Хэрвээ усжилт их хэмжээгээр байвал жирэмслэлтийг таслахаас өөр замгүй. Төрүүлсэн тохиолдолд асуудал мундахгүй. Тархины устай хүүхэд зүрх, судас, нарийн, шулуун гэдэсний хавсарсан эмгэгтэй төрөх нь элбэг. Ийм хүүхдүүдийн биеийн байдал маш сул байдаг учир яаралтай хагалгаа даадаггүй. Тэгэхээр хэсэг хугацаанд хүлээх шаардлагатай.

-Хүүхдүүд тархи, нуруу, нугасны эмгэг, хавдартай болж буй нь юунаас шалтгаалж байна вэ?

-Нэг үеэ бодвол оношилгоо сайжирсан. Мөн бидний идэж буй хоол хүнс, агаар, хөрсний бохирдол ямар нэг хэмжээгээр нөлөөлж буй нь тогтоогдсон. Хүүхдүүдэд төрөлхийн болон төрсний дараа хавдар ургах нь элбэг болж. Тархины үйл ажиллагаа нь бүрэн хуваарилагдаж амжаагүй байхад хавдар ургахаар мэдэгддэггүй. Томчууд бол гар, хөл нь мэдээгүй болж, унаж татна шүү дээ. Гэтэл хүүхдэд ямар нэгэн шинж шууд илэрдэггүй.

Хавдар нэлээн томорсны дараа огиж бөөлжих, хоол ундандаа дургүй болох, нүдний хараанд өөрчлөлт орж, толгой томрох шинж тэмдэг ажиглагдана. Дунд насныханд бол унаж татах, гуйвж дайвах, толгой бага багаар хүчтэй өвддөг. Эдгээр шинж тэмдэг бусад өвчинтэй андуурагдах нь бий. Тухайлбал, хоолны хордлого, тархи хөдлөхөд иймэрхүү шинж илэрдэг шүү дээ. Үүнээс болж цаг их алдаж, эмнэлэгт ханддаг.

Шат шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ хийдэг болмоор байна. Сэтгэцэд нь жаахан өөрчлөлт орохоор Шар хад (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв)-ны эмнэлэгт хэвтүүлчихэж болохгүй биз дээ. Хавдрыг эрт оношлох тусмаа хагалгааны дараа хүндрэл багатай, хөдөлмөрийн чадвар сэргэх нь хурдан.

Судлаад үзэхэд таваас өмнөх насныханд тархины арын хонхрын, 6-12 насанд тархины их бөмбөлгийн хавдар зонхилж байна. Бид хүүхдийн тархины арын болон суурин эдийн гүн хавдруудыг одоохондоо авч чадахгүй байгаа.

Хавдраас гадна нуруу, нугасны төрөлхийн эмгэг их байна. Ивэрхий голдуу бүсэлхий хэсэгт тохиолддог. Яс ургах ёстой газар ивэрхий үүсэж, түүгээр нь нугас гараад ирдэг. Эсвэл ивэрхийний оронд уйланхай үүсчихдэг. Энэ нь хагарвал нуруу, нугасныхаа бүх шингэнийг алдаж, үхэлд хүргэх аюултай. Тиймээс яаралтай мэс засал хийж, онгорхой хэсгийг нь битүүлдэг. Насаараа суумгай болох эрсдэл өндөр.

-Цус харвах нь 40-өөс дээш насныханд тохиолддог байсан бол одоо хүүхдүүд энэ аюултай өвчинд нэрвэгдэх болжээ. Хүүхэд юунаас болж цус харвадаг юм бэ?

-Манай Мэдрэлийн мэс заслын тасагт жилд 1000 гаруй хагалгаа хийж байна. Үүний 15-20 хувь нь хүүхдийнх. Цусны эмгэг, хавдар, судасны гажиг, цүлхэн, гэмтлээс болж хүүхэд цус харваж болно. Мөн эцэг, эхчүүд нярай, бага насны хүүхдээ бүүвэйлэхдээ хүчтэй сэгсэрснээс үүдэн тархины судас задарч, цус харвах нь олон.

-Мэдрэлийн мэс засал нарийн түвэгтэй, хагалгааны дараа хөдөлмөрийн чадвар сэргэх нь удаан байдаг гэлцдэг. Тэгвэл хүүхдүүдийн амьдрах чадвар хэр байдаг юм бол?

-Томчуудыг бодвол эмзэг. Хавдар том бол тавилан муутай. Уг нь бага насныхны бие организм нөхөн сэргэх чадвар өндөр. Даан ч өвчний хүнд шатанд эмнэлэгт ханддагаас хөгжлийн бэрхшээлтэй хоцорч буй хүүхэд олон. ЭХЭМҮТ-д хүүхдийн мэс заслын том төв ажиллаж байна. Тээвэрлэх боломжгүй, хүнд өвчтэй хүүхдүүдэд манайхан очиж мэс засал хийдэг.

Цаашид ЭХЭМҮТ-д хүүхдийн мэдрэлийн мэс заслын салбарыг байгуулж, хөгжүүлэх шаардлагатай. Нярайн тасаг, унтуулга, сэхээн амьдруулах өрөө гээд цогц үйлчилгээ тэнд байна шүү дээ. Мэдрэлийн зарим жижиг мэс заслыг хийдэг болгомоор байна. Хүүхдийн эмчилгээг жингээр тооцож хийдэг учир их нарийн. Манайд том, жижиггүй хагалгаанд ордог ч яг үнэндээ хүүхдийн зориулалтын тасаг алга. Тасгаа

 цаашид судасных, нуруу, нугасны, хавдар, харвалт гэж ангилах шаардлага тулгараад буй.

-Тархи, нуруу, нугасны эмгэгтэй хүүхэд төрүүлэхгүйн тулд яах ёстойг зөвлөхгүй юү?

-Төртлөө жирэмсний хяналтад байх ёстой. Ургийн гажгийг заавал тодорхойлуул. Фолийн хүчил дутагдсанаас болж нуруу, нугасны ивэрхий үүсдэгийг судалгаагаар тогтоосон. Жирэмсний 2-3 дахь долоо хоногоос тархи, нуруу, нугасны эдүүд бүрэлдэж эхэлдэг. Энэ үеэс фолийн хүчил уун, эрүүл агаарт гарч, хоол хүнсээ тохируулж хэрэглэхийг зөвлөе. Өндөр хөгжсөн орнуудад ургийн гажгийг хэвлийд нь эмчилчихэж байна. Бид энэ технологид хүрэхэд хугацаа хэрэгтэй.

Өнөөдөр сонин

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд