No menu items!
HomeЭрүүл мэндД. Наранжаргал: Вакцин хийлгэснээр элэгний B вирусээс бүрэн хамгаалах боломжтой

Д. Наранжаргал: Вакцин хийлгэснээр элэгний B вирусээс бүрэн хамгаалах боломжтой

-

ХӨСҮТ-ийн амбулаторын эрхлэгч, Анагаах ухааны доктор, зөвлөх эмч Б. Саруул, “Оном сан”-ийн захирал, Анагаах ухааны доктор Д. Наранжаргал нар зөвлөж байна.

Элэг ямар эрхтэн бэ, ямар үүрэгтэй вэ?

Б. Саруул: Насанд хүрсэн хүний элэг дунджаар 1200-1800 гр жинтэй байдаг. Биеийн хамгийн том шүүрлийн булчирхай. Элэг нь хүний биед маш чухал үүрэгтэй. 500-аад биохимийн урвал явуулж байдаг. Хүний биед хоол боловсруулах замаар орж буй бүхий л зүйлсийг хоргүйжүүлэх үүрэгтэй. Бодисын солилцоонд оролцож, цусны бүлэгнэлтийн системийг дэмжиж байдаг. Бидний биед хамгийн хэрэгтэй тосонд уусдаг бүх төрлийн витаминуудыг нийлэгжүүлж, сахарыг нөөцлөн хэрэгтэй үед нь ялгаруулдаг. Тиймээс элгийг хүний биеийн хамгийн том, төв лаборатори гэж нэрлэж болно.

-Элэгний өвчлөл юунаас болж үүсдэг вэ?

Б. Саруул: Элэгний өвчлөл үүсгэдэг маш олон шалтгаан бий. Үүнээс хамгийн гол шалтгаан нь вирусын халдварууд. Дэлхий дээр элэгний өвчлөл үүсгэдэг 9 төрлийн вирус байдгаас манай улсад 5-ыг нь оношилж, эмчилдэг. Манай иргэдийн хувьд элэгний өвчлөлийн бас нэгэн шалтгаан нь архи болон хоол хүнсний зохисүй хэрэглээ. Мөн бодисын солилцооны өөрчлөлтөөс үүсдэг эмгэгүүд гэж бий.

Д. Наранжаргал: Зүү тариураар дамжин элэгний өвчлөл үүсэх магадлалтай. Элэг нь гаднаас биед орж ирэх бүхий л зүйлс дээр ямар нэгэн байдлаар оролцож байдаг. Тиймээс шивээс болон арьс салст гэмтээдэг ажиллабаруудыг аль болох хийлгэхгүй байх, хэрэв шаардлагатай бол нэг хэрэглээний багажаар хийлгэх хэрэгтэй.

Б. Саруул: Эдгээр дээр нэмж хэлэхэд, өртөмтгий хүн ам гэж байдаг. Ажил мэргэжлээс шалтгаалсан өртөмтгий хүн амд хүний цустай харьцдаг эмч нар, шүүх цагдаагийн мэргэжилтнүүд зэрэг ордог бөгөөд эдгээр нь өндөр эрсдэлт бүлэгт багтаж байгаа юм.

Д. Наранжаргал: Элгэнд үрэвсэл үүсгэж буй есөн төрлийн вирус нь элгэнд орж, элэгний эсэд үржин халдварладаг. Эдгээр вирусүүдийн халдварлах замууд нь ялгаатай байдаг. Хепатит А буюу ахуйн шар нь ихэвчлэн амны замаар дамждаг. А вирусын халдварын нэг онцлог нь хурцаар шарласны дараа элгэнд үлддэггүй. Үүнийг бидний биеийн дархлаа бүрэн устгаж чаддаг. С вирусын хувьд бэлгийн замаар халдах магадлал тун бага буюу 5 орчим хувьтай байдаг бол B, D вирус нь бэлгийн замаар халдах эрсдэл өндөр байдаг. C вирус эхээс урагт халдварлах магадлал бага буюу 3 хувьтай байдаг бол B вирусын халдвартай бол урагт халдах магадлал 70 хувь байдаг. Дөнгөж төрсөн нярай хүүхэд B вирусын халдвар авсан тохиолдолд тухайн хүүхэд архаг халдвартай болох магадлал 90 орчим хувьтай байдаг. B вирусын вакцин хийлгэснээр уг вирусээс бүрэн хамгаалах боломжтой. B вирусээс хамгаалсан тохиолдолд D вирусээс хамгаалж чадна гэсэн үг.

Б. Саруул: Манай улсад 1990 оноос хойш элэгний B вирусийн эсрэг вакциныг нярай хүүхэд бүрт хийдэг болсон. Гэхдээ вакцины хамгаалалт нь тодорхой хугацаатай. Тухайн хүний вакцины титр буюу хамгаалах чадвар суларсан байх боломжой гэсэн үг. Үүнийг шалгадаг тусгай лабораторийн лавламж бий. Хэрэв хамгаалалт байгаа тохиолдолд халвар авахгүй. Вакцины ач тусаар B вирусын цочмог халдварын тохиолдлын тоо эрс буурсан.

Д. Наранжаргал: C вирусын халдвар ихэнхдээ мэдэгддэггүй. Вирусын халдварыг хэдэн насанд авснаас шалтгаалан эмнэлзүйн процессын хувьд ялгаатай байдаг. Тухайлбал, 15 насны 100 хүүхэд уг вирусын халдвар авсан тохиолдолд 70 хувь нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр өөрөө эдгэрдэг. Эмнэлэгт очоод шинжилгээ өгсөн тохиолдолд C вирусын эсрэг биет илэрдэг бөгөөд энэ нь ямар нэгэн үед халдвар аваад эдгэрсэн гэдгийг илтгэнэ. Үлдсэн 30 орчим хувь нь вирус авсанаа мэдээгүй байж байтал вирус цусанд үржиж, элгийг гэмтээсээр байдаг. Элгэнд нөхөн төлжих процесс тасралтгүй явагдаж байдаг учраас элэгний 10 хувь нь үхэжсэн ч хүнд мэдрэгдэх зүйл байхгүй. Шинж тэмдэг илрэхгүй, биед ямар нэгэн зовиур илэрдэггүйн улмаас элэгний вируст халдварын хүндрэл нэмэгдсэн.   

Эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах вэ?

-Өрх, сум, дүүргийн эмнэлэгт хепатит B, C вирусын шинжилгээ өгнө. Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарвал B вирусын эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй. Хэрэв шинжилгээний хариу эерэг буюу вирус илэрсэн бол B, C вирусын баталгаажуулах шинжилгээг өгч, харьяа аймаг, дүүргийн эмчийн хяналтад орно. Элэгний архаг үрэвсэлтэй бол элэгний хорт хаврын эрт илрүүлт жилд нэг удаа хамрагдана.

Д. Наранжаргал: Насанд хүрсэн хүн элэгний вирусийн халдвар авахад эдгэрэх магадлал өндөр байдаг. Энэ нь дархлааны системтэй холбоотой. Манай хүн амын 10 орчим хувь нь B вирусын халдвартай гэсэн судалгаа бий. Эдгээр 250 мянга орчим хүмүүсийн 60 орчим хувь нь дельта вирусыг давхар авсан байдаг. C вирустай хүмүүсийн 10 орчим хувь нь 15-30 жилийн дараа элэгний хатууралтай болдог бол B вирустай хүмүүсийн 20 орчим хувь нь 20 жилийн дараа элэгний хатууралтай болдог. B, D вирус хавсарсан тохиолдолд 10 жилийн дараа элэгний хатуурал, хавдар үүсэх эрсдэлтэй. Манай улсын хувьд B, D вирусын халдвар өндөрт тооцоддог. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийн 90 хувь нь B, D вирусын хавсарсан тохиолдол байдаг.

Халдвар илэрсэн тохиолдолд вирус тоолох шинжилгээг хаана хийдэг вэ, Орон нутгийн хүмүүс энэ шинжилгээг яаж өгөх вэ?

– ЭМЯ-аас зөвшөөрөл авсан 28 лаборатори бий. Эдгээр лабораториудын 22 нь Улаанбаатар хотод байдаг. Орон нутгийн иргэд хэрхэн шинжилгээ өгөх вэ гэдгийг одоогоор шийдэж байгаа арга нь хотод байрлах лабораториуд аймгийн төвүүдэд цуглуулсан цусыг журмын дагуу зөөвөрлөн ирж шинжилгээг хийдэг.

Вирус тоолох шинжилгээгээр вирусын тоо хэр хэмжээтэй гарсан нь төдийлөн ач холбогдолтой биш. Харин вирус илэрсэн тохиолдолд эмчийн үнэлж буй үнэлгээ чухал. Элэгний хатуурал үүссэн эсэх нь чухал үзүүлэлт болно. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд вирус тоологдсон бүх хүмүүсийг эмчилгээнд хамруулж байгаа. Гурван сар тасралтгүй эмээ ууж, гурван сар эм уухгүй завсарласны дараа дахин шинжилгээ өгөхөд вирус илрэхгүй бол эдгэрсэн гэсэн үг. Гэхдээ бүрэн эдгэрсэн ч дахин вирус авах эрсдэлтэй хэвээр байдаг тул эрсдэлт зан үйлүүдээс татгалзах хэрэгтэй. Элэгний хатууралтай хүн C вирусээ бүрэн эмчлүүлсэн ч хүндрэл гарахгүй гэсэн үг биш. Тиймээс элэгний хатууралтай хүмүүс эмчийн хяналтад байх, жилдээ хоёр удаа заавал хэвлийн ЭХО-д харуулж байх шаардлагатай.

Б. Саруул: B вирусын халдвартай хүн бүр эм уухгүй. Тухайлбал, элгэнд хатуурал үүсээгүй, элэгний үйл ажиллагаа хэвийн, 30-аас доош насны залуучууд B вирустэй тохиолдолд эм уухгүй. Хэрэв элэгний хатууралтай гэж оношлогдсон бол вирус тоолох шаардлагагүйгээр эм уух заалттай байдаг.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн нэвтрүүлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд