No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилД.Өлзий: Зургаан сар өнгөрсөн хүүхдүүд ихэнхдээ хоолны дуршил муу болоод эхэлдэг

Д.Өлзий: Зургаан сар өнгөрсөн хүүхдүүд ихэнхдээ хоолны дуршил муу болоод эхэлдэг

-

АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Д.Өлзий, “Цахиур төмөр” компанийн эмч, төлөөлөгч Ж.Номиндарь нарын  “Хүүхдийн эмч сонсож байна” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Нярай болон бага насны хүүхдийн хоол боловсруулах замын эмгэг ээж аавуудын санааг их зовоодог. Энэ сэдвийн хүрээнд ерөнхий мэдээллийг өгөөч?

Д.Ө: -Албан ёсоор 0-18 насны хүмүүсийг хүүхэд гэж нэрлээд байгаа. Энэ насыг бүлэгт хуваана. Яагаад ингэж хуваадаг вэ гэхээр тухайн хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны онцлогтой холбоотойгоор ангилдаг. Хүүхэд төрсний дараах 28 хоног буюу нярай үе, балчир нас буюу гурван нас хүртлэх үе шатууд маш чухал байдаг. Нярай болон балчир насны хүүхдүүдийнх насанд хүрсэн хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үеэс ондоо, бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг. Энэ онцлог, бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаа үеийг эмгэг гэж үзэж болохгүй.  Насанд нь тохируулж арчлаагүйгээс аливаа нэг төрлийн эмгэг үүсэх суурь болж байдаг.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн гэдэс дүүрэх гэм мэт янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Энэ талаар ярилцъя?

Д.Ө: -Бид хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үеийн өвчнийг эмгэг үеийн шинж тэмдэг болон үйл ажиллагааны гаралтай өөрчлөлтүүд гэж авч үздэг. Эрхтэн тогтолцоо бүрэн гүйцэт хөгжиж амжаагүй байгаатай холбоотойгоор илэрдэг шинж тэмдгүүдийг үйл ажиллагааны гаралтай шинжид хамааруулдаг. Тухайлбал, гэдэсний хатгах өвдөлт, гулгалт, гэдэс дүүрэх, бөөлжих, өтгөн хаталт гэх мэт. Нэг нас хүртэл хүүхдэд гулгих болон гэдэсний хатгах өвдөлт гэдэг шинж тэмдэг нь илүү тохиолддог. Харин гурван нас хүртэл өтгөн хатах шинж тэмдэг давамгайлдаг.

-Нэг нас зургаан сартай хүүхдийн өтгөн их хатдаг гэсэн тохиолдол байна. Энэ үед хүүхдэд юу хэрэглэх вэ, юунаас болж өтгөн хатдаг вэ?

Д.Ө: -Үзүүлж байгаа ихэнх хүүхдүүд өтгөн хатсан гэх шинж тэмдэгтэй ирдэг. Үүний 70 хувь нь хооллолт гэх мэт гадаад шалтгаантай байдаг. Зөвхөн 30 хувь нь л ямар нэг өвчний шалтгаантай ирдэг. Өтгөн хаталтыг эмчилье гэвэл хоолны тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Тогтмол цагт хангалттай хоол өгч байна уу, шингэн зүйл хэр өгч байна, хөтөвчиндөө бааж хэвшсэн үү, эсвэл яваандаа бааж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн хоолны нэр төрлийг олшруулж, эслэгтэй хоол хүнс  хэрэгтэй. Нэг нас зургаан сартай хүүхэд  өдөрт таван удаа хооллох хэрэгтэй байдаг.

Ж.Н: -Өтгөн хатаж эхэлсэн цагаас эхлээд саяны хэлсэн шинж тэмдгүүдийг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ нь үйл ажиллагааны алдагдал учраас цаг хугацаа холдох тусмаа эргээд эмчилгээ авахдаа төдий хэмжээний цаг зарцуулдаг.

-Хоолны дуршил багатай хүүхдүүдэд юу өгөх хэрэгтэй вэ, яаж дуршлыг нь сайжруулах вэ?

Ж.Н: -Хоолны дуршлыг сайжруулах, сайн хооллодог болгох нь эцэг эхчүүдийн нэг асуудал болдог. Брокллиг бид уураг ихтэй гээд сүүлийн үед хоол хүнсэндээ хэрэглэх болсон. Гэтэл броккли амтгүй, хүүхэд дургүй байдаг. Хэрэв үүнийг өгөх шаардлагатай гэж үзэх юм бол хэлбэрийг нь өөрчлөөд нухаш болгож шөлөнд нь хийгээд, эсвэл бага багаар өгөх хэрэгтэй. Мөн гадна талаас  нь шарж, шаржигнуур болгон өгвөл зүгээр байдаг. Дуршил буураад эхэлбэл тухайн хүүхэд хоол хүнсээр авах шим тэжээлээ авч чадахгүй болно. Үүнээс болоод жингийн болон бодисын солилцооны алдагдал үүсч эхэлдэг, аливаа өвчинд өртөмтгий болдог.

-Нярай хүүхэд шалтгаангүй их уйлаад байгаа нь юутай холбоотой вэ?

Д.Ө -Колик өвдөлтийн шалтгаан байж болно. Ийм шинж тэмдэг илэрсэн үед цаг барьж хөхүүлэх хэрэгтэй. Ходоод гэдэс өөрийн хэмжээтэй. Амьдралын эхний зургаан сард ходоодны ханын эсүүдээс ялгарч байгаа шүүрлүүд хоол боловсруулахад оролцоно. Хүүхдүүд нэмэлт хоолонд орох үед илүү олон ферментүүд ялгарч эхэлдэг. Хангалтгүй хэмжээгээр боловсруулж байгаа үед хоолыг нь хэтрүүлэн өгөөд байхаар хоолоо боловсруулж чадахгүй гэдэсний хөндийдөө хуримтлагдаад байдаг. Түүнд нь эсэлдэлт явагдаад гэдсэнд  хий дүүрдэг. Зургаан сар өнгөрсөн хүүхдүүд ихэнхдээ хоолны дуршил муу болоод эхэлдэг. Энэ нь зургаан сартай үед нэмэлт хоолонд оруулахтай холбоотой гарч байгаа асуудал. Чихэрлэг амтыг амталж байсан хүүхдийн хоол нь солигдоод ирэхээр өөр амтыг мэдэрч эхэлнэ. Энэ үед бага багаар дасгаж хоол өгөх хэрэгтэй. 6-9 сарын хооронд аль болох олон төрлийн хоолыг амтлуулах нь чухал байдаг. Гэхдээ дэс дараалалтайгаар өгөх хэрэгтэй.

-Хумс ургахгүй, арьс үрчийх шинж тэмдгүүд илэрдэг. Энэ юунаас болдог вэ?

Д.Ө: -Хумс, үстэй холбоотой асуудал нь бичил элемент дутагдсантай холбоотой байдаг. Амин дэм, эрдсээ сайн авах хэрэгтэй.

-Нярай хүүхдийг хэрхэн бор хоолонд оруулах вэ?

Д.Ө: – Хүүхдийн жин зохих ёсоор нэмэгдэж байгаа тохиолдолд зургаан сар хүргэж байж нэмэлт хоолонд оруулах шаардлагатай. Зохих ёсоор нэмэгдэхгүй байвал 4-6 сарын хооронд нэмэлт хоол өгч болно. Хоолонд оруулахдаа нэг халбагаас эхлээд аажмаар өгөх хэрэгтэй. Мөн үр тариа, ногоо жимснээс эхэлж нэмэлт хоолоо өгөх нь хамгийн тохиромжтой. Сүү цагаан идээ, махыг дараагийн ээлжид буюу найман сартайгаас эхэлж хэрэглэх нь зүйтэй гэж үздэг. Эхний ээлжид өгөх хоолоо дан найрлагатайгаар эхэлнэ. Жишээлбэл, дан цагаан будааны зутан, төмсний зутан гэх мэт дараалуулж өгнө. Бага багаар нэгээс хоёр халбагаар эхэлж, аажимдаа нэмэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Хүүхдийн эмч сонсож байна” нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд