No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Отгонжаргал: Бөөрний дутагдалд оруулж байгаа шалтгааны 70-80 хувь нь чихрийн шижингээс үүдэлтэй...

Ц.Отгонжаргал: Бөөрний дутагдалд оруулж байгаа шалтгааны 70-80 хувь нь чихрийн шижингээс үүдэлтэй байдаг

-

Хан-уул дүүргийн ЭМТ-ийн эрчимт эмчилгээний эмч Б. Намуунбайгаль, Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн дотоод шүүрлийн эмч Ц. Отгонжаргал нарын “Бөөрний дутагдлын” талаар 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Бөөр өвчилж, ямар нэг байдлаар гажуудал болсноос үүдээд хүний биед ямар сөрөг нөлөө гарах вэ?

Б.Н: -Маш олон сөрөг нөлөө бий. Хүний бие организмын үйл ажиллагаа бүхэлдээ алдагддаг. Бөөр бол маш их үүрэгтэй эрхтэн. Бөөрний үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг олон шалтгаанууд байдаг. Жишээлбэл, халдвар, хордлогын, эмийн, хоолны зохисгүй хэрэглээ, орчин гэх мэт. Хамгийн эцсийн шат бол бөөрний дутагдал буюу бөөрний үйл ажиллагаа бүрэн алдагдах юм.

-Дотоод эрхтний өвчлөлүүдийг ярихад л зохистой хооллолтын талаар дурдагддаг. Бид зөв юмаа хэрэглэхгүй бол дотор эрхтэн өвчлөх болчихоод байнаа даа. Юунаас болж бөөр өвдөж эхэлдэг юм бэ?

Б.Н: -Манай нөхцөлд бөөрний дутагдалд оруулж байгаа нэг шалтгаан бол чихрийн шижин байдаг. Мөн бөөрний үйл ажиллагааны өөрийнх нь алдагдлууд, даралт ихсэлт ордог. Чихрийн шижин өвчин хүндрэх, хянахгүй удаан явснаас болоод бүх эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Энэ нь бөөрний тухайд бол дутагдалд хүргэдэг. Зарим хүмүүсийн хувьд чихрийн шижин хавсарсан, эсвэл дангаараа байж болно. Мөн бөөрний дутагдал нь өөрийнх нь үйл ажиллагаагаа алдагдсантай, бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл олон удаа давтагдсантэй холбоотой үүсэж болно.

-Чихрийн шижингээс болоод бөөр өвддөг гэлээ. Ямар шалтгаанаар ингэдэг юм бэ?

Ц.О: -Бөөрний дутагдалд оруулж байгаа шалтгааны 70-80 хувь нь чихрийн шижингээс үүдэлтэй байдаг. Чихрийн шижин өвчний үндсэн суурь нь нойр булчирхайгаас ялгарч байгаа инсулин буюу дааврын дутагдал нь бие махбоддоо үйлчилж чадахгүй дөжрөлт үүссэнээс болдог. Үүний гол шалтгаан нь таргалалт, буруу хоололт, хөдөлгөөний хомсдол, удамшил, насжилт зэрэг маш олон эрсдэлт хүчин зүйлс байдаг. Чихрийн шижин өвчний том болон жижиг судасны хүдрэлүүд гэж байдаг. Эдгээр нь 15-20 жилийн дараагаас гарч эхэлдэг. Том судасны хүндрэлд нь тархины цус харвалт, жижиг судасны хүндрэлд бөөрний дутагдал, нүдний торлогийн болон захын мэдрэлийн хүндрэл зэрэг багтдаг. Тийм учраас бөөрний дутагдалд орохгүйн тулд таргалалт, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. артерийн даралт ихсэх болон чихрийн шижин өвчин хоорондоо салшгүй холбоотой. Тэгэхээр таргалалт, чихрийн шижин өвчинг эрт илрүүлбэл бөөрний дутагдлаас сэргийлэх боломжтой юм. Манай Хан-Уул дүүргийн хэмжээнд 1500 хүн чихрийн шижин өвчнөөр өвдөөд байнгын дотоод шүүрлийн булчирхайн хяналтад байдаг.

-Бөөрний дутагдал болохоос өмнө ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Б.Н: -Бөөр бол хатгаж, чинэрч их өвдөлт өгөөд байдаг эрхтэн биш. Мэдрэл багатай, судсан дээр тогтдог эрхтэн. Бөөр өвдсөн тохиолдолд маш их ядарч сулддаг, хоолондоо дургүй болдог, хордлого өгөх, хавагнах, амнаас эвгүй үнэр гарах шинжүүд илэрнэ. Хэрэв бөөрийг оношлуулна гэвэл 6 сар тутамд шинжилгээ өгч байх шаардлагатай.

-Давсны хэрэглээ бөөр өвдөхөд нөлөөлдөг үү?

Б.Н: – Маш их нөлөөлдөг. Мөн чихрийн хэрэглээ байна. Давс хүний биед ороод ганцхан бөөрний ч биш гол судаснуудыг хатууруулж эхэлдэг. Бөөр нь маш нарийн хялгасан судас ихтэй учраас тэнд очиж байгаа цусны урсгал багасдаг. Үүнээс болоод бөөрний хатангиршил үүснэ. Тийм учраас авах ёстой уургаа авч чадахгүй байдалд хүрч шээсээр үрэвсэл гардаг.

-Бөөр өвдөх нь бусад эрхтэндээ сөргөөр нөлөөлөх үү?

Б.Н: – Бүх эрхтэнд хортой. Яагаад гэвэл ялгаруулах эрхтэн учраас. Шээс гарахгүй байснаас бодисууд цусанд орно. Цусанд орсон л бол тархи, зүрх зэрэг гол эрхтнүүдийг гэмтээж байдаг. Үүнээс болоод тархины цусан хангамж мууддаг. Шээс өтгөрч, өнгө нь өөрчлөгдөж байвал аюултайн шинж.

-Бөөрний дутагдалд орсон хүнд ямар эмчилгээ хийдэг юм бэ?

Б.Н: -Бөөрний дутагдалд орсон бол гемодиализ буюу бөөр орлох эмчилгээ бий. Энэ нь хүний цусыг биенээс гадна аваад тодорхой хугацаанд аппаратад шүүгээд буцаагаад өөрт нь хийдэг. Хоёр дахь эмчилгээ нь хэвлийн диализ буюу хэвлийд нь гуурс байрлуулж хүнийг хордуулаад байгаа бодисыг цуснаас шүүж авах эмчилгээ байдаг. Гуравт нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ ордог.

Б.Н: -Бөөрний дутагдал нь таван үе шаттай. Хамгийн сүүлийн буюу тав дахь үе шатанд бөөр бүтэн үйл ажиллагаагаа алдаад зөвхөн 15 хувь нь л ажилладаг болоод ирэхээр гемодиализ буюу бөөр орлуулах эмчилгээг сонгодог. Энэ эмчилгээг хийхдээ тусгай артери, венийн судсыг бэлдэнэ. Үүн дээрээ гемодиализ эмчилгээгээ хийдэг. Артерийн судсаараа цусаа аваад аппаратандаа хийгээд дараа нь венийн судсаараа оруулдаг. Энэ нь долоо хоногт  3 удаа 4 цагаар хийгддэг эмчилгээ.

-Манай улсад ийм өвчтэй, тавдугаар үе шатанд орсон хэр их хүн байдаг вэ?

Б.Н: – Хан-Уул дүүргийн хэмжээнд бөөрний дутагдалд орчихсон байгаа 60 гаруй хүн бий. Гурван аппарат ашиглаж хүнээ хамгийн их хэмжээгээр нь оруулдаг. Хэрэв аппаратаа нэмчихвэл сэргэх боломжтой хүмүүсээ авч баймаар байдаг.

-Түрүүн цусны даралтын талаар дурдсан. Тэгвэл бөөрний даралт гэж юуг хэлдэг юм бэ?

Б.Н: -Бөөрний даралт гэдэг нь бөөрийг хоруу явцтай гэмтээдэг. Даралт их байснаас болоод бөөр хэмжээгээрээ жижгэрдэг, үйл ажиллагаа алддаг. Ингэснээр 1-2 жилийн дотор бөөрний дутагдалд шууд хүргэдэг. Тэгэхээр артерийн даралтаа хянаж, эмээ тогтмол уух хэрэгтэй.

-Тэгэхээр бөөрний даралтыг яаж хянаж, мэдэж болох вэ?

Б.Н: -Бөөрний үйл ажиллагааг нь хянана. Артерийн даралттай адил үзнэ. Артерийн даралтыг бөөрний эсвэл зүрхий шалтгаантай байна уу гэдгийг ялгаж байгаа юм. Хэрэв таны даралт их байна гэж үзэх юм бол бөөрний хэмжээг нь шалгаад, үйл ажиллагаа нь алдагдаж байна уу, үгүй юу? гэдгийг хянах ёстой. Хоёрдугаарт даралтныхаа эмийг тогтмол уух ёстой. Сүүлийн үед бөөрийг болон зүрхийг хамгаалдаг даралтны эм сонгомлоор гарч ирдэг болсон.

-Чихрийн шижин нь бөөрний дутагдалд хүргэх шалтгаан болдог гэж ярилцсан. Тэгэхээр чихрийн шижин өөрөө яаж үүсдэг юм бэ?

Ц.О: – Чихрийн шижин үүсгэх гол эрсдэл нь таргалалт, хөдөлгөөний хомсдол, нас хүйс удамшил зэрэг эргэшгүй хүчин зүйлүүд байдаг. Хүйсний хувьд эрэгтэй хүмүүс голдуу чихрийн шижингээр өвдөх магадлалтай. Чихрийн шижин нь нэг, хоёр гэсэн хэлбэрүүдтэй. Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин залуу байхдаа оношлогддог. Хоёрдугаар хэлбэр нь бүх чихрийн шижингийнхээ 90 хувийг эзэлдэг буюу таргалалт, хөдөлгөөний хомсдолыг суурин дээр гарч ирдэг.

-Бөөрний өвчин нь насжилтийн хувьд ямар байдаг вэ?

Б.Н: – Өмнө нь 40-өөс дээш насныхан артерийн даралтын улмаас энэ өвчинг тусдаг байсан. Одоо бол харьцангуй залуужсан. Залуу хүмүүст бөөрний түүдгэнцрийн үрэвсэл буюу байнга бөөр өвдөх, хоол хүнс, сахарын хэрэглээтэй холбоотой үүсч байгаа.

-Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэж юуг хэлдэг юм бэ?

Б.Н: -Бөөрний өөрөөс үүдэлтэй өвчинг бөөрний тэвшинцрийн үрэвсэл, түүдгэнцрийнх гэж  хоёр хуваадаг. Бөөрний үйл ажиллагааг явуулж байдаг нэгж байдаг. Тэр нэгж алдагдаж цөөрсөнтэй холбоотой, түүдгэнцэрт байгаа судасжилт багасдаг. Энэ нь аажим явцтай байсаар бөөрний дутагдалд хүргэдэг. Энэ нь 10 хувийг эзэлж байна.

-Түүдгэнцрийн үрэвсэл нь ямар шалтгаанаас үүсдэг вэ?

Б.Н: -Амны хөндийн үрэвсэл, хоолой өвдөх, вирусийн шалтгаантайгаар үүсдэг. Сонгомлоор вирустай болоод тэр нь цусаар дамжин бөөрний түүдгэнцэр дэр очоод суучихдаг. Ингээд бөөрний нифроныг ээлж дараалан гэмтээдэг. тэгэхээр л бөөр хэмжээгээрээ жижгэрч, үйл ажиллагаа нь алдагддаг.

Ц.О: – Өмнө нь бөөрний өөрийн өвчинтэй холбоотой түүдгэнцрийн судсыг гэмтээсэн эмгэг их байсан бол хөгжлийн явцад, амьдралын буруу хэв маягтай холбоотой бөөрний дутагдал ихсэж байгаа.

-Бөөрний уураг алдагдсанаас болж дутагдалд орж болох уу?

Ц.О: – Шээсээр уураг алдаад байна гэдэг нь бөөр гэмтээд тэндээс уураг нь гараад байгааг л хэлж байгаа юм. Чихрийн шижин өвчний суурин дээр үүссэн бөөрний дутагдлын тухайд эхлээд бага хэмжээгээр уургаа хаяж байгаад сүүлдээ хэмжээ нь ихэсдэг. Бөөр хэдий хэр гэмтсэнтэй холбоотой уургийн дутагдалд ордог.

-Уураг алдахгүй байхын тулд яах ёстой байдаг юм бэ?

Б.Н: – Бөөрийг үрэвсүүлэхгүй байх шаардлагатай. Хамгийн наад зах нь дороосоо даарахгүй, хоолойгоо өвтгөхгүй, бөөрийг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ бөөрийг хамгаалж байна гээд эм уугаад байвал эсрэгээрээ нөлөөлнө. Бөөрөө хамгаалахын тулд хоолоо сайн идэж, цаг агаартаа тохирсон хувцас өмсөх нь зүйтэй.

Ц.О: – Бөөрний дутагдалд хүргээд байгаа шалтгаануудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүний замбааргүй хэрэглээ багтаж байна. Мөн өндөр тунтай витамин, сүлжээний бүтээгдэхүүнүүд биед ороод бөөрийг нилээн их гэмтээдэг. Энэ тал дээр анхаарах нь чухал.

-Бөөрний өвчин эргээд сэдрэх магадлал хэр байдаг вэ?

Ц.О: -Залуу эмэгтэйчүүдэд шээс дамжуулах замын бүтэцтэй холбоотой бөөрний тэвшинцрийн үрэвсэл их байдаг. Эмэгтэй хүний шээсний сүв богино, дээшээ халдвар орох эрсдэл их байдаг. Үүний тодорхой хувь эмчилгээний явцад эдгэрдэг.

Эх сурвалж: 120/80 нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд