No menu items!
HomeЭмч зөвлөж байнаС.Дулмаа: Бөөрний өвчлөлөөс сэргийлэх найман дүрэм бий

С.Дулмаа: Бөөрний өвчлөлөөс сэргийлэх найман дүрэм бий

-

Бөөрний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, эрүүл байхын тулд хувь хүн өөртөө хэрхэн анхаарах ёстой талаар НЭМГ-ийн  НЭМ Албаны дарга С.Дулмаатай ярилцлаа.

-Бөөрний өвчлөл эхэн үедээ ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Бөөр нь бие организмын шингэний хэмжээг зохицуулдаг учраас үйл ажиллагаа нь алдагдахад хавагнах, ус гүйх, шээс тасалдах,  хурц үнэртэй гарах  шинж тэмдэг илэрдэг. Бөөрний өвчлөлийг  архаг болон хурц дутагдал гэж хоёр ангилдаг.  Хурц дутагдал гэдэгт,  тухайн хүнд гэнэтийн ямар нэгэн зүйл тохиолдох.  Жишээ нь, осол, гэмтэл, хордлого гэх зэрэг зүйлсийн нөлөөллөөр бөөр ажиллагаагүй болохыг хурц дутагдал гэж үзэж байгаа юм. Харин архаг буюу удаан хугацааны турш бөөрний асуудалтай байсан. Эсвэл өөрөө ч мэдэлгүй өвчнөө даамжруулан хүндрүүлж,  нэг шинжилгээ өгөөд үзэхэд,  өвчин нь хүнд хэлбэртээ орчихсон байдаг.  Үүнээс  болж үүссэн бөөрний өвчлөлийг бөөрний архаг дутагдал гэнэ.   Жилээс жилд архаг дутагдалд орсон гэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа.

-Төр засаг болон, холбогдох албаныхны зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын зүгээс бөөрний дутагдалд орсон иргэдэд  гемодиализын  аппаратыг нэмж ажиллуулах санаачилга  гаргасан.  Шинэ тоног төхөөрөмжөө хүлээн авсан. Харин түүнийг хариуцах хүнээ сургаад,  бэлтгэж байгаа. Энэхүү ажил гурван дүүрэг дээр хэрэгжих юм. Мөн хувийн хэвшлийнхэнтэй хамтраад бөөрний аппаратад орох эмчилгээг үнэ төлбөргүй болгосон. Энэ ажил 2016 оны сүүлчээр хэрэгжиж эхэлсэн.  Шаардлага хэрэгцээ байгаа учраас иймэрхүү анхан шатны, хялбар аргуудыг ашиглаж  ажиллаж байгаа.   

-Эрүүл амьдралын хэв маягаас гадна, бөөрний өвчлөлөөс сэргийлэх арга зам юу байна.  Бөөрний дутагдалтай хүн бүрэн эдгэрдэг үү?

-100 хувь эдгэрнэ. Гол нь илэрсэн даруйд нь эмчид хандан,  заавар  зөвлөгөөг  сайн  барьж чадвал бүрэн эдгэрэх боломжтой.  Гэхдээ гудамжинд  зөрөөд өнгөрсөн гурван хүний нэг нь жингийн илүүдэл буюу таргалалттай байна.  Энэ нь ямар ч өвчний үндэс суурь болдог.  Хэрвээ та өөрийн хэвийн байх ёстой хэмжээнээсээ илүү жинтэй бол  танд мэдэгдэхгүй ч ямар нэгэн өвчин байж л таараа.  Таргалалт гэдэг нь дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байгаа аюулт өвчинд тооцогдоод байна.

-Таргалалтаас үүдэлтэй бөөрний өвчлөл хэр их байна вэ?

-Таргалалтаас үүдэн цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний өвчлөл жил ирэх тусам нэмэгдээд байна. Эдгээр өвчлөл нэмэгдэхэд,  бөөрний өвчлөл гарцаагүй ихэсдэг. Учир нь, чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүн бөөрний дутагдал, өвчлөлд 100 хувь өртдөг. Харин цусны даралт ихсэх өвчнөөр өвчилсөн хүн  эмчилгээнээсээ шалтгаалаад бөөрний дутагдалд өртөх магадлал янз бүр байдаг.

-Иргэд эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл биетэй байхын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Бөөрний өвчлөлөөс сэргийлэх  найман дүрэм гэж байдаг. Үүнд, хамгийн нэгдүгээрт хүн өдөрт хангалттай хэмжээний шингэнийг уух хэрэгтэй. 8-10 аяга усыг өдөрт заавал ууж хэвших хэрэгтэй шүү дээ. Усыг хангалттай ууна гэдэг нь таны биед хуримтлагдсан хорт бодисыг цэвэрлэх нэг төрлийн үйл явц юм л даа. Ус нь хорт бодисуудыг гадагшлуулахад хамгийн таатай орчинг бие болгодог. Мөн  өдөрт авах ёстой давсныхаа хэмжээг тохируулах хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын хувьд иргэдийн өдөрт авч буй давсны хэмжээ дэлхийн зөвлөмжөөс  2.3 дахин их байна. Давсны хэрэглээ их байна аа гэдэг нь эргээд цусны даралт ихсэх өвчинд өртөх магадлал нэмэгдэж байгаа хэрэг. Ингэснээр мөн бөөрний өвчлөл ч нэмэгдэнэ. Эдгээр нь бүгд хоорондоо холбоотой байдаг. Түүнчлэн зөв хооллолт, хөдөлгөөний идэвхтэй байдал нь биеийн жингээ хэвийн байлгахад хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл байдаг.

Зөв хооллолт, идэвхтэй амьдралын хэв маягтай байвал  таргалалт гэдэг өвчнөөр та өвдөхгүй л гэсэн үг. Мөн эмийн зөв хэрэглээг эрхэмлэх ёстой. Эм гэдэг чинь хор шүү дээ. Үүнийг ойлгохгүй, дур мэдэн хэрэглэх нь бөөрний эд гэмтэхэд нөлөөлдөг. Дараагийн нэг анхаарах зүйл нь цусан дахь сахар болон  даралтаа байнга хянуулж, хэмжүүлж байх хэрэгтэй. Монгол Улс,  нийслэлийн хэмжээнд 2012 оноос хойш цусны даралт эрт илрүүлэх үйл ажиллагааг  хэрэгжүүлж байгаа.  Мөн бөөр гэлтгүй бүх төрлийн шинжилгээнд адаглаад жилдээ ганц удаа хамрагдах  хэрэгтэй. Эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол эрүүл амьдралд, эрүүл бие мах бодитой амьдрахад тань дөхөмтэй юм.

-20 гаруйхан настай залуус ужиг өвчтэй болох нь ихэссэн. Тэгвэл бөөрний өвчлөл манай улсын хувьд хэр залуужих хандлагатай байна вэ?

-Одоогоор энэ талаар хийсэн судалгаа байхгүй байна. Гэхдээ эмнэлгээр үзүүлж байгаа иргэдийн дийлэнх нь залуус байгаа нь өвчлөл залуужиж байгаагийн илрэл. Мөн залуусын дунд таргалалт  их байгаагаас нөгөө эргэх процессын дагуу таргалалтаас  үүдэх өвчлөлүүдэд өртөхгүй байх аргагүй болж байгаа юм. Биеийн жингийн илүүдэл нь түрүүн хэлсэнчлэн бүх өвчний суурь болдог. 8-10 жилийн дараа биед өвчлөл, хавдар, хууч үүсэх өндөр эрсдэлтэй болсон байдаг. Ер нь  хүний эрүүл мэндийг 100 хувь гэж үзвэл эрүүл байх  60 хувийн нөхцөлийг  хүн өөрөө бүрдүүлж байдаг. Тиймээс бага, балчир наснаасаа нь хүүхдээ  эрүүл байлгаж, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй.

З.Мөнхсувд

Монголын мэдээ сонин

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд