No menu items!
HomeЯрилцлагаХ.Цэрэндорж: Хөгжүүлэн сургах аргын үндэс нь хүүхдийн төрөлх болон бурханлаг мөн чанар

Х.Цэрэндорж: Хөгжүүлэн сургах аргын үндэс нь хүүхдийн төрөлх болон бурханлаг мөн чанар

-

Чингис Хааны Дэлхийн Академийн Академич, Дээд Эрүүл Мэндийн “Оточ Одь” эмнэлгийн зөвлөх эмч, МУ-ын хүний гавьяат эмч Х.Цэрэндоржийн “Дээд эрүүл мэнд ба боловсрол” яруу илтгэлийг хүргэж байна.

Хүн өдөр бүр, цаг ямагт их асуултын дор оршдог. Энэ эрэл бол боловсрол тэргүүлэх салбар мөн үү гэх асуудал. Боловсролын муугаас болоод нийгмийн доторх олон сөрөг асуудлууд үүсэхээс гадна байгаль дэлхий дургүйцлээ илэрхийлж, сүйрэл дөхөж байгааг хүн төрөлхтөнд мэдэгдэж байна. Гэгээнтэн Лувсанданзанжанцан “Монголын их талд дүрсгүй хүүхэд юм уу буруу санаатан эрвээхэйн далавч тасдан, эрвээхэйн хөл чичигнэн үхэж байхад оддын дунд сөргөлдөөн үүсч байдаг” гэсэн утгатай зүйл бичсэн байдаг юм. Ертөнцийн нэгдмэл онолын талаар гайхамшигтайгаар өгүүлсэн. Дэлхий ертөнц үүссэнээсээ эхлээд боловсролын хоёр л тогтолцоотой байсан. Аргазүйн сургалтыг нь барууны орнууд хэдэн мянган жил ашигласан. Эдүгээ 2000 он дуусахад сургалтын бурууг хэн бүхэн ойлгосон. Байгаллаг, бурханлаг, мөн чанараас нь авч үзээгүйн улмаас сургалт өнөөдөр бурууджээ. Нөгөөх нэг нь билигзүйн сургалт. Өнөөдөр энэ сургалтын аргыг хэрэглэдэг улс үндэстэн орон газар хаана байна, ямар үр дүнд хүрсэн талаар дэлхий мэдэхгүй байна. Гэтэл Монголчууд энэхүү тэнгэр буюу билиг зүйн сургалтыг амьдрал ахуйд нэвтрүүлсэн. Энэ хоёрыг хослуулсан билиг-аргазүйн сургалт байна. Билиг зүйн сургалт сүүдэр мэт дагуулдаг нь арга зүйн сургалт.

Монголчуудын хувьд төрөлх гэж хэлж болох гүн ухаанаа орхисон, хүн төрөлхтөн ч мөн адил. Идеализм, матерлизм хоёрыг хооронд нь өрсөлдүүлж байгаад хоюуланг нь орхисон. “Гүн ухаангүй түүх бол сохор түүх” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг юм.

Хүүхэд бол хөгжүүлэн сургах зүйлийн үндсийн үндэс мөн. Гэтэл тэрхүү хөгжүүлэн сургах аргын үндэс болсон хүүхдийн төрөлх болон бурханлаг мөн чанарыг сургалтандаа хайхрахгүй байна. Зүгээр л нэг зүйлийг заагаад орхидог. Товчхондоо хүн төрөлхтөн аргазүйн буюу “солгой тархи”-ны сургалтыг явуулсаар иржээ. Хүн төрөлхтөний гайхамшигт ололтуудын гэрэл гэгээ болсон оргилуудын боломжит хэсгүүдийг авч хэрэглэсэнгүй. Үүнд: өөрийгөө жолоодох ухаан, бясалгал, йог, тарни багтана. Эцэст нь орчин үеийн шинжлэх ухааны шинэлэг нээлтийг сургалтдаа ашиглахгүй байна. Үүн дээр нэмээд хүний бүтцийн тухай бидний дэвшүүлэн тавьсан Дээд эрүүл мэнд гэдэг ойлголт байхгүйн улмаас хүнийг зөвхөн бие, тархийг нь сургахад болно гэж  үзэж байгаа юм. Болохгүй гэдгийг өнгөрсөн 2000 жилийн түүх харууллаа.

Хүүхэд гэж хэн юм бэ? Хүүхдийн бие зүйн гайхамшиг

Хүүхэд гэдэг хүн болох амьтан юм уу, жижиг том хүн юм уу энэ тухай эргэцүүлэх ёстой. Хүүхэд гэдэг нь тийм, ийм юм гэж тодорхойлолт гаргахаас илүү хүүхдийн мөн чанарын тухай өнөөгийн шинжлэх ухаан, анагаах ухаан, бусад шинжлэх ухаанд нээсэн хэдэн зүйлийг танилцуулья.

Ураг эх дотроо бүрэлдэхэд монголчууд усан ураг гэж ярьдаг. Усны гайхамшиг бол идэвхитэй идэвхигүй хоёр мэдээллийг шууд хурааж авдаг. Ертөнцийн мэдээлэл өнөөдөр далайд байна гэж ярьж байгаа шүү дээ. Тиймээс хүүхдийн усан ураг ч ийм гайхалтай чанартай. Аборт хийлгэнэ гэж яриад ураг бүрэлдсэний улмаас хийж чадалгүй төрүүлсэн хүүхдүүдийн 70 хувь нь тархи, нугасны эмгэгтэй төрдөг. Эхийн аборт хийлгэх гээд гүйж байгаа, эцгийн авахуулахыг шаардаж байгаа тэр мэдээллийг усан ураг шингээж байдаг. Үүнийг судалсан эрдэмтэд судалгааны явцад сонирхолтой зүйлийг олж мэдсэн. Тэр нь эцэг эх хоёр хүйсийнх нь талаар зөрөлдөж байж гаргасан хүүхдийн 75-80 орчим хувь нь хялар төрдөг. Нүдний ямар нэг эмгэгтэй гардаг нь тогтоогдсон. Мөн тэр яриаг тусгаж байгаа юм. Усан ураг орчлонгийн бүх мэдээллийг хүлээж авдаг.

Бие зүйн хувьд хүүхэд хамгийн гайхамшигтай уян хатан чанартай. Хүүхэд эхээс төрөхийн тулд, эхийн гурван ясны алтан заадсыг хөндөж гарахдаа зулай, тархины яс нь 0,5-1 см хүртэл зөрдөг. Хүүхдийн энэ уян хатан чанар эхээс төрсөн мөчөөс эхлэн алдагддаг. Насан туршдаа алдагдаж, уян хатан чанар дуусахад энэ амьдрал төгсдөг. Тийм ч учраас “хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг монгол үг бий. Энэ уян хатан чанарыг боловсролд хэрхэн ашиглаж байгаа вэ? Хэрэв дунд сургуулийн биеийн тамирын багш хүүхдүүдийн энэ уян хатан чанарыг хадгалуулсаар төгсгөж чадах юм бол түүнд шууд Ардын багш цол өгөх хэрэгтэй. Өсвөр насны хүүхэд л гэхэд ямар ч үед уран нугараач шиг уян хатан байх ёстой. Ийм уян хатан биеийн хөдөлгөөнтэй хүүхэд өвдөхгүй. Хүн төрөлхтөн ийм л зүйлийг хүсч байгаа.

Төрөлхийн өвчнөөс бусад тохиолдолд хүүхэд эхээс цоо эрүүл мэндэлдэг. Энэ чанарыг хадгалах ёстой. Бие, оюун ухаан, сэтгэл, амин орон, хийн эргэлт, ухамсар, орон зэрэг хүний бүтцийн 8 чанар бүгд эрүүл байдаг. Үүнийг хадгалах арга бий. Бясалгал, тарни, монголын уламжлалт гүн ухаан үүнийг хадгалах аргыг аль хэдийн бий болгосон.  Бие зүйн хувьд хүүхэд гайхамшигтай дасах чанартай. Маш олон өвчин дасах чанар алдагдсанаас үүсдэг.

Бурхан ба хүүхэд

Хүүхэд эхийн хэвлийд байхдаа бурхантай харьцдаг гэж монголчууд ярьдаг. Бурхны ивээлээр хүн болдог. Бурхантай харьцдаг гэхээр бурхан гэж байдаг юм уу гэж хүмүүс бодож магадгүй. Орчин үеийн шинжлэх ухаанд бурхан гэж юуг хэлээд байна вэ гэдэг таамаглалуудаас танилцуулбал,

 – Оросын хэсэг эрдэмтэд орчлон ертөнцөд байдаг хийн элементүүд, түүнд болдог бүх зүйлүүдийг удирддаг молекулын зохион байгуулалтгүй бүтэц байна. Түүнийг бурхан гэж ярьж байгаа юм гэж үздэг.

-Орчлон ертөнцийг бий болгосон бүтцийн нэгдэл амин урсгал урсаж байдаг энэ бол бурхан юм гэж үзэх хэсэг байна.

– Нэлээд орчин үеийн судалгаагаар бол эрдэмтэд огторгуй, сансар, тэнгэрийг судалжээ. Үүний үр дүнд Физикчид орчлон ертөнцийн бүтэц хүний оюун ухааны бүтэцтэй төстэй гэдгийг илрүүлсэн. Орчлонгийн ухамсар гэж байна. Түүнийг нь дээд ухамсар буюу бурхан хэмээн нэрлэсэн гэж үзэж байна.

Бурхад өөрсдийгөө юу гэсэн бэ?

Бидний шүтдэг Будда “өнгөрсөн цагийн миний бүхий л хичээл зүтгэл бол бурхан байхгүй шүү гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн юм. Өнгөрсөн цагийн миний бүхий л хичээл зүтгэл бол бурхан байгаа шүү гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн юм” гэсэн байдаг. Бурхан гэж юу байдаг юм бэ гээд Буддагийн нэг шавь асуужээ. Будда хариуд нь “Бурхны талаар бодох зав алга. Би хэрхэн бусдад туслах талаар бодож байна” гэсэн гэдэг. 

Хятадын будда буюу буддын шашныг Хятадад дэлгэрүүлсэн Лаоз “гадагшаа битгий мөр гаргаарай. Чи бурхныг олохгүй шүү” гэж бичсэн байдаг.

Бурхан аль нь ч байлаа гэсэн хүүхэд түүнтэй харьцдаг. Хүүхэд бурхны энерги, гэрэл гэгээ, бурхны дуу авиа гуравт эхийнхээ хэвлийд тайван өсөж торнидог. Хүүхэд төрөөд бурханлаг энэ чанараасаа бага багаар салдаг ч бүр мөсөн гээдэггүй. Хүүхэд тургихаар тэнгэр муухайрдаг, хүүхэд галын бурхантай ярьдаг гэх мэт үйлдлүүдийг гаргадаг.

Дээд эрүүл мэндийн үзэл санааны үүднээс үзвэл хүн дотор таван бурхан байдаг. Хайрын бурхан Арьяабал, Хүчний бурхан монгол түмний оройн дээд Очирваань, Авьяас билигийн Янжинлхам, оюун ухааны Будда бидний дотор байдаг. Нэгэн номонд бичснээр “Дөрвөн хором тутамд бурхан хүний биед ороод, буцаж гарч байдаг. Орохдоо бурхны дүрээр орж, Төгсжаргалангийн дүрээр эд эс бүхэнд шингэж, номын дүрээрээ гадагш гардаг. Тийм учраас дөрвөн хором тутамд чиний биеэс гэрэл цацарч байдаг юм” гэсэн байдаг.

Хүүхдийн билиг зүйн гайхамшиг

Хүүхдийн оюун маш цэвэр байдаг. Нийгмийн оюунаар бохирлогдоогүй, өөрийн төрөлх чанараар цэв цэвэр байдаг. Хүүхдийн сэтгэл яг бурхных шиг ариун тансаг байдаг. Тиймээс хүүхэд бүх зүйлд хамгийн элгэмсэг, дээд зэргийн тааламжтайгаар ханддаг. Ямар ч муу муухай зүйлсийн сайхныг олж хардаг.

Орчин үеийн шинжлэх ухаан эмч нарт маш гайхамшигтай нээлт хийх, цоо шинэ мэдлэгийн хуудсыг дэлгэж тавьсан. Мэдээллийн шинжлэх ухаан орон зайд мэдээлэл хадгалагддаг гэдгийг хэлж өгсөн. Сургууль, цэцэрлэгийн орчинд үүдний хаалга, цэвэрлэгчийн мод хүртэл хүүхдэд мэдээллийн орон зайг бий болгодог. Сургууль бол саарал мэдээллийн орон зайтай болсон гэж үздэг. Хүүхдийн хүлээн авч байгаа мэдээлэл бол өнгө, гэрэл, долгион хөдөлгөөн, эрчис, дулаан, энерги юм. Хүүхдийн бурханлаг ухамсрыг хөгжөөх ёстой. Хүүхдийн билиг зүйн энэ гайхамшигийг боловсролын тогтолцоо өөрийнхөө ажилд хэрхэн нэвтрүүлж байна вэ?

Дээд эрүүл мэндийн үүднээс сурган хүмүүжүүлэх аргазүйг хэрхэн өөрчлөх вэ?

Монгол уламжлалаасаа салжээ бид. Тийм учраас манай боловсрол уруудаж. Дэлхий дахинд Монголчуудыг бүдүүлэг, ноомой, мэдээлэлгүй тийм ард түмэн гэж үзсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ хандлага өөрчлөгдөж байна.

Монголчууд гүн ухаанаа зүйр үг, оньсого, ертөнцийн гуравтаа шингээгээд цээжлүүлсэн. Тэр нь үрээс үрд эхээс эхэд дамжин хадгалагдсаар ирсэн. Үүнийг хэзээ, хэн зохисныг ямар ч судлаач мэдэхгүй. Сүмбэ Хамбо Ишбалжир монголын түүхийг 1112000 жилээр бичсэн байдаг юм. Дэлгэрийн хийдийн Зава гэгээнтэн нэг сая жилийн түүхтэй гэж бичсэн байдаг. Тэгэхээр ийм хэмжээний насжилттай байж мэдэх.

Монголчууд хүүхдийг хүмүүжүүлнэ гэж ярьж байгаагүй. Хөгжүүлэн сургах аргазүйтэй байжээ. “Хүүхдийг гурван нас хүртэл бурхан мэт шүт” гэж монголчууд ярьдаг. Дээр дурьдсанчлан хүүхдийн бурханлаг чанарыг чухалчилж үзсэн байна.

Монголчууд “аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз” гэдэг. Аавын буйд хүнтэй танилц гэдэг нь аавынхаа буйд өөрийн үе удмаа мэдэх хэрэгтэй л гэсэн үг. Хүүхдийн мэдээллийн ихэнх нь бага насанд олддог гэж шинжлэх ухаанаар баталсан. Тиймээс энэ үед нь хүүхдийг өөрөөсөө дээшхи долоон үеийг мэддэг, тэдний хийж чаддагийг нь сургасан байх ёстой юм. “Чингис хааны алтан аялгууны нууц” хэмээх номонд “Жамухын өчил тайлал буюу өргөл үг” гэж бий. Үүнд “Нүүдлийн их засаглалыг Тэмүжин байгуулсан юм уу? Үгүй. Үүнийг есөн эцгийнхээ мэддэгийг мэдээд, хийж чаддагийг сурсан цэргүүд нь хийсэн юм” гэж  Жамух хэлсэн байдаг. Чингис хаан 100 мянга биш, мөн чанартаа 900 мянган цэрэгтэй байж гэж ойлгогдож байгаа юм. Нэг цэрэг нь есөн эцэгтэйгээ тэнцэж байсан гэсэн үг. Үүнд л агуу хүч оршиж байсан. 

“Агтны буйд газар үз” гэж монголчууд хүүхэддээ төрсөн газрыг танилцуулж, насаараа хайрлаж явах газар шороо чинь энэ байна гэж эх оронч үзлийг суулгадаг. Зарим хүнийг “төрсөн газартаа очиж хөрвөө” гэдэг. Учир нь эхийн хэвлийгээс төрөхөд ээж, аав, уул ус, байгаль дэлхий чамайг ямар их хайраар тосож авсан тэр үйлчлэл төрсөн өдрөөрөө түр бясалгал хийхэд дахин явагддаг. Тийм учраас 25, 37, 49 насандаа төрсөн өдрөөрөө очих нь яг төрсөн үеийнх шигээ эрчим хүчийг авна. Гайхамшигтай эрүүлжинэ.

Ингэж л хөгжүүлэн сургах арга ээж ааваас эхлээд гэрийн тулганы дэргэд явагдаж байсан. Өнөөдөр үүнийг сургалтын аргад нэвтрүүлэх хэрэгтэй.

Чингис хааны сургалтын өв уламжлал

Чингис хаан “Хуучин ч гэсэн есөн эрдэнэ дороо амьдартугай” хэмээсэн байдаг. “Хуучин ч гэсэн гурван эрдэнэ дороо амьдартугай” ч гэж байдаг.  Бурхан /мөнх тэнгэр/, ном, лам багш нь дээд гурван эрдэнэ. Дунд гурван эрдэнэ нь цааз, төр, жаяг /ард түмний ёс суртахуун/ эрдэнэ. Доод гурван эрдэнэд бие, хэл, сэтгэл орно. Үүний аль нэг нь буруудвал бүгд бурууддаг. Дээд гурван эрдэнийг өнөөдөр ярихаа больсон. Бурхан, лам гэхээр шашин ярилаа гэдэг. Дунд гурван эрдэний цааз эрдэнэ тэргүүнд байх ёстой байтал төр эрдэнийхээ дор орсон. 

Хутагт хувилгаадын сургаж байсан монголын өв уламжлал

Үүнийг сурган хүмүүжүүлэх ухааны асар том үндэс гэж үзэхгүй байх аргагүй. Хамгийн түрүүнд хөгжүүлэн сургахыг эрхэм болгодог. Гэхдээ харьцаандаа өөрчлөлт хийдэг. Хүүхэд-ихэс дээдэс, хүүхэд-томчууд, хүүхэд-ахан дүүсийн харьцаанд эхлээд өөрчлөлт хийдэг. 5, 7, 9 настай хүүг хутагтаар тодруулан хошууны ноён хадаг барьж мөргөдөг. Түүнд ном зааж байгаа багш, ардууд мөргөдөг, эцэг эх нь та хэмээн хүндэлдэг. Өнөөдөр үүнийг яагаад сургуульд хэрэгжүүлж болохгүй гэж. Нэгдүгээр ангийн жаахан охиныг захирал ч бай, Ардын багш ч бай та гэж яагаад хүндэлж болохгүй гэж. Харьцааны өөрчлөлт гэж үүнийг хэлж байгаа юм. Хүүхдийг сургахдаа энэхүү бурханлаг, гэгээнтэн мэт чанарыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхээр билиг зүйн болон арга зүйн сургалт хосолж байгаа юм.

XII, XIII зуун хүртэл билиг аргын сургалт монголд байжээ. Чингисийн хаанчлалын үед уг сургалт монголын тухайд оргилдоо хүрч байв. Тэр оргилын оройд эзэн богд Чингис хаан өөрөө заларч байж. Тийм учраас өнөөдөр Англи, Америк, Солонгосын боловсролоос эрээд байгаа зүйл олдохгүй. Монголд л байсан юм. Дэлхийн хаанаас ч олдохгүй. Билиг, аргын сургалтыг “мөнх тэнгэр” гэж Чингис хаан нэрлэсэн. “Мөнх тэнгэрийн эрдэм” гээд манай судлаачид бичсэн байдаг. Монголчууд  байгаль дэлхийн хүнд хэцүү цаг уурийн нөхцөлд сөрхөөгүй. Яагаад гэдгийг өөрийн ухаан ухамсар, сэтгэлийг огторгуй өөд нисгэн, нисгэн байж өөрийн бие, ухамсар, сэтгэлээ чагнан, чагнан эрж хайсан. Тэдний хайгаад байгаа зүйл нь өөрт нь бас тэнгэрт байсан. Тийм ч учраас монголчууд “үр нь тэнгэрт, үйл нь газарт” гэдэг. Өнөөдөр орох цасан шуурга, хүйтрэлийн үр нь тэнгэрт, маргааш тэр нь үйл болж газарт, үзэх нь хүн буюу нүүдэлчин олонд бууж байсан. Тэгээд бид бол тэнгэр язгууртай, тэнгэрийн нэг хэсэг юм байна гэдгийг ухаарсан хэрэг. Өөрөөр хэлбэл нүүдэлчин амьдрал монголчуудыг билиг зүйн арга үзэл рүү өөрийн эрхгүй дагуулсан. Чингис хаан “Дотроо огт тэнгэргүй, тэнгэр хаана байна вэ гэхэд огторгуй руу зааж байгаа Мухамед Ад Дины дэргэд би ч бурхан юм” гээ хэлсэн байдаг.  Тэгэхээр тэнгэр гэдэг гадна, дотор байдаг юм байна, үүнийг нийлүүлээд “мөнх тэнгэр” гэж ойлгохоор. Сорхагтун мэргэн хатан “Эв эе үндэстэй, айлын засаглалтай, мөнх тэнгэрийн төртэй, тэнгэрийн улсыг Монгол гэнэ” хэмээн саяын дурьдсан таамаглалыг ийнхүү айлдсан байдаг. Францын аялагч Виллиам де Рубрук Мөнх хаантай уулзаад түүний хэлсэн нэг үгийг өөрийн тэмдэглэлдээ үлдээсэн байдаг. Мөнх хаан “Тэнгэр бидэнд хэлмэрч заяасан юм. Бид тэдний хэлснийг хийчихээд сэтгэл амар байдаг юм. Мөнх тэнгэр юу айлана түүнийг огт хойшлуулалгүй хийдэг” хэмээсэн бий. Энэхүү гурван жишээ нь бүгд “Мөнх тэнгэр” буюу билиг эрдмийн талаар хэлж байна.

Тиймээс өнөөдөр Монголын боловсролын системийг шинэчлэх, өөрчлөх биш, төгөлдөржүүлэх, хүүхдийн бие зүйн онцлогт тохирсон, мөнх тэнгэрийн ухаантай бурханлаг сургалтыг эхлүүлэх цаг болсон гэж үзэж байна.

Барууны орнууд арга зүйн сургалт дутагдалтай байгааг мэдээд билигзүйн сургалтанд яаж шилжих тухай бичсэн байдаг. Араатан, хүн, хүмүүнлэг, гэгээрэнгүй буюу энэрэхүйн гэсэн таван төрлийн билигзүйн сургалт байна гэдгийг тэд. Өнөөдөр “сохор” түүх, “хараагүй” сургалттай яваа хүн төрөлхтөн, дэлхийн улс орнууд дэлхий ертөнцөө сүйрлийн зам дээр аваачиж ээ. Үүнээс гарах арга Монголчуудад бий.

Эх сурвалж: Оточ Одь

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд