No menu items!
HomeЭрүүл мэнд"Тулайгаар өвчлөгсдийн 90-ээд хувь нь хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе өвдөх байдлаар...

“Тулайгаар өвчлөгсдийн 90-ээд хувь нь хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе өвдөх байдлаар илэрсэн байдаг”

-

Тулай өвчин” сэдвээр Хүний их эмч Д. Цэцэгдолгортой ярилцлаа.

-Тулай гэж ямар өвчин бэ, ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Тулай өвчин гэдэг нь амьдралын буруу хэв маяг, архины хэт их хэрэглээ, байнгын уураглаг хоол хүнс их хэмжээгээр хэрэглэснээр бодисын солилцоо хямрах, үүнээс шалтгаалан цусан дахь шээсний хүчил ихэсч, үе болон бөөрөнд хуримтлагдсанаас үүсдэг. Хамгийн гол илрэх шинж тэмдэг нь үенд шээсний хүчдийн талс хуримтлагдсанаас үүдэн үеэр хүчтэй өвдөх, хатгуулах, үений хэсгүүдээр овойх, хавдах шинж илэрдэг. Нийт өвчлөгсдийн 90-ээд хувь нь хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе өвдөх байдлаар илэрсэн байдаг, бусад тохиолдолд гарын хуруу, хөлийн шагайнд илэрч болно. Тиймээс хөлийн эрхий хурууны үед өвдөх нь тулай байх магадлалтай.

– Хүн амын хэдэн хувь нь уг өвчнөөр өвчилдөг вэ, судалгааны дүнгээс танилцуулаач?

-Манай улсад ойролцоогоор 7-10 мянган хүнийг тулай өвчинтэй гэсэн тандалт судалгаа бий. Гэхдээ нарийн судалгаа байхгүй. Эрэгтэй хүмүүс илүү тулай өвчнөөр өвдөх нь өндөр байсан бол сүүлийн үед эмэгтэйчүүд өвчлөх нь нэмэгдсэн.

– Та сая архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь уг өвчин үүсэх шалтгааны нэг болдог гэлээ. Архи согтууруулах ундаа ямар процессоор уг өвчинг үүсгэдэг вэ?

– Архины нөлөөллийг ярихын өмнө хоолны зөв дэглэмийг ярих хэрэгтэй. Манай монголчууд мах махан бүтээгдэхүүн хүнсэндээ их хэрэглэдэг. Ялангуяа өвлийн улиралд уураглаг хүнс ихээр хэрэглэдэг. Мах махан бүтээгдэхүүн, амьтны гаралтай уурагт пурин гэдэг нэртэй бодис байдаг. пурины задралаар шээсний хүчлийн талст үүсдэг. Хэвийн үедээ энэ нь бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Гэтэл цусанд их хэмжээтэй байх, шээсээр бүрэн гадагшилж чадахгүйн улмаас үенд хуримтлагдсан гэсэн үг. Энэ нөхцөл байдалд архи бөөрний ялгаруулах үйл ажиллагааг саатуулж өгдөг. Архи, шар айраг ихээр хэрэглэх нь шээсний хүчил бөөрөөр ялгарах процессыг алдагдуулдаг.

– Манай иргэд өглөө, өдөр, орой мах хэрэглэдэг. Тамирчид, фитнессээр хичээллэж байгаа хүмүүс нэмэлтээр уураг хэрэглэдэг. Уурагны хэт их хэрэглээ хэрхэн нөлөөлөх вэ?

– Уураг нь амьтны гаралтай, ургамлын гаралтай гэж байдаг. Тухайлбал тулайгаар өвчилсөн хүмүүст амьтны гаралтай уургийг хориглодог хэрнээ сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа уургийг хоригдодоггүй. Харин ч хэрэглэх нь хэрэгтэй гэж үздэг. Өндгийг мөн хэрэглэснээр уг өвчний хүндрэлд хүрэхгүй гэж үздэг. Амьтны гаралтай уургийг зөв зохистой хэрэглэх нь тулай өвчний үед чухал.

-Хамгийн анхны шинж тэмдгүүд хэрхэн илрэх вэ?

– Далд үедээ байгаа бол зөвхөн цусан дахь шээсний хүчлээр илэрнэ. Цусан дахь шээсний хүчил эрэгтэй хүнд 420мк м/л-ээс бага, эмэгтэй хүнд 390мк м/л-ээс бага байгаа тохиолдолд тулай өвчин үүсэх эрсдэл багатай гэж үздэг. Үүнээс их байх юм бол эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ цусан дахь шээсний хүчил ихтэй хүн бүр тулайтай гэж ойлгож болохгүй. Тиймээс эхлээд цусны шинжилгээ өгах хэрэгтэй. Цусан дахь шээсний хүчил ихтэй хүмүүсийн 10-20 хувь нь үеэр хавдах шинжүүд илэрдэг. Цусан дахь шээсний хүчил их байх юм бол үенд ялангуяа хөлийн эрхий хуруу томрох, хавдах, улайх, өвдөх шинж илэрдэг. Тулай өвчний өвдөлт маш хүчтэй, гэнэт илэрдэг. Ялангуяа унтаад өглөө сэрэхэд гэнэт хүчтэй өвдөх зовиур илэрдэг.  Жилдээ 2-3 удаа дахилт өгдөг бол архаг тулайтай гэж үздэг. Үеэр хавдах тохиолдолд архаг тулай гэдэг нь батлагддаг.

 – Хэрхэн эмчлэх вэ?

– Тулай өвчний үед барих хэд хэдэн дэглэм бий. Нэгдүгээрт, Уг өвчин маш хүчтэй өвдөлтөөр эхэлдэг учраас өвдөлт намдаах эмүдийг хэрэглэнэ. Хоёрдугаарт, хоолны дэглэм маш чухал. Зөв хооллох ёстой. Дэлхий дахинд мах махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн, пуриныг ихээр агуулдаг цэцэгт байцаа зэрэг хүнсний ногоонуудыг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Сүүлийн үеийн судалгаагаар C витаминаар баялаг жимс, жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн, кофе зэргийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, үенд хуримтлагдсан шээсний хүчлийг задлах  эмчилгээ хийнэ.

-Хөлийн эрхий хуруу улайж, хавдах, өвдөх нь хэдий хугацааны дараа үүсэх вэ?

-Тулай өвчний үед шээсний хүчил ганц хоёрхон жил хуралддаг юм биш. 5-10 жил буруу хоолны дэглэмтэй, дасгал хөдөлгөөн хийхгүй, архи согтууруулах ундааны байнгын хэрэглээтэй мөн жингийн илүүдэлтэй хүмүүст үүсдэг. Удамшил, бусад төрлийн эмгэг ялангуяа зүрх судасны эмгэг, бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд хавсарсан байдлаар тулай өвчин үүсдэг.

– Тулай хэр ховор тохиолддог өвчин бэ?

-Тулай хөгжилтэй, хөгжингүй орнуудад элбэг тохиолддог.  Их британид гэхэд л 3.8 сая хүн тулайтай гэсэн судалгаа байдаг. Хөгжингүй, суугаа амьдралын хэв маягтай, дасгал хөдөлгөөн бага хийдэг орнуудад элбэг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Эрт үед тулай өвчнийг хаад, ноёдын өвчин гэж нэрлэдэг байсан. Хаад, ноёд хамгийн чанартай, уурагаг хүнсийг хэрэглэдэг, ажил хөдөлмөр бага эрхэлдэг байсантай холбоотой. Орчин үед суугаа ажил, амьдралын хэв маяг, уураглаг хоол хүнсийг чухалчилдаг болсонтой холбоотойгоор үүсч байна.

– Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 -Урьдчилан сэргийлэхийн тулд уг өвчнийг үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй. Биеийн жингийн илүүдэлтэй бол жингээ хасах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, дасгал хөдөлгөөн хийх, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Хооллолтондоо анхаарах хэрэгтэй гээд мах битгий ид гэж зөвлөж болохгүй. Өвлийн улиралд мах махан бүтээгдэхүүн хэрэглэж байж хүнд, хэцүү цаг агаарын нөхцлийг туулдаг.  

– Хэрх өвчнөөс юугаараа ялгаатай вэ?

-Хэрх өвчин нь олон том үеүдийг ээлжлэн хамардаг. Шинж тэмдэг, зовиурын хувьд тулайгаас өөр. Үений үрэвсэл давамгайлдаг өвчин юм. Тулай өвчний үүсч байгаа механизм нь шээсний хүчлийн талст үенд хуримтлагдах бөгөөд жижиг үеүдийг хамардаг. Үүгээрээ ялгаатай.

– Тулай хүндэрсэн тохиолдолд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүндэрвэл бөөр зэрэг олон эрхтэн системийг гэмтээдэг. Бөөрний дутагдал үүсгэх эрсдэлтэй.

-Сонгсогчдод ямар зөвлөгөө өгөх вэ?

– Бидний амьдарч байгаа нөхцөл, цаг уурын нөхцөл маань заавал уураглаг хүнс хэрэглэхийг шаарддаг. Хоолны дэглэмийг зөв бариад, архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх юм бол уг өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой. Амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй.

Эх сурвалж: MGLRADIO FM-88.3

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд