No menu items!
HomeЭмч зөвлөж байнаО.Солонго: Нүдний үрэвсэл үүсгэдэг аденовирус аль ч улиралд идэвхтэй байгаа

О.Солонго: Нүдний үрэвсэл үүсгэдэг аденовирус аль ч улиралд идэвхтэй байгаа

-

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч О.Солонготой ярилцлаа.

-Амьсгалын замын өвчлөл зуны улиралд ч буурахгүй байна гэдэг. Энэ юунаас шалтгаалдаг вэ?

-Хүмүүс өвөл болохоор амьсгалын замын өвчлөл нэмэгдээд, зун болохоор багасдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Амьсгалын замын өвчлөл үүсгэдэг зарим вирус зуны улиралд идэвхтэй байдаг. Нүдний үрэвсэл үүсгэдэг аденовирус аль ч улиралд идэвхтэй байгаа. Уг вирусийн халдварыг хөрсний бохирдол улам идэвхжүүлдэг. Хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг ринавирусийн халдвар өвөл, зунгүй идэвхтэй байдаг.

-Ер нь томуугийн вирусийг яаж ялгаж, таньж эмчилдэг вэ?

-Ротовирусээр үүсгэгдсэн томуу байвал суулгалт илүү давамгайлдаг. Коронавирусийн халдвар байвал уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй. Эросвирусийн халварт нялхас илүү өртдөг. Томуу, томуу төст өвчнийг 200 гаруй вирус үүсгэдэг. Ринавирус хамар залгиурын үрэвсэл үүсгэнэ гэх зэргээр өвчлөл үүсгэх шинж тэмдэг нь өөр. Амьсгалын эрхтэн тогтолцоо, дархлаа сул хүүхдүүд томуу, томуу төст өвчинд илүү өртөмтгий байдаг. Бас 65-аас дээш насны ахмадууд вируст илүү өртөмтгий байна.

Архаг хууч өвчтэй хүмүүс зуны улиралд ч ханиад, томуунд өртдөг. Уушгинд хийн солилцоо явагдаж байх ёстой. Гэтэл сурфактантын солилцоо явагдахаа болихоор хатгалгаа болдог. Манай тасаг дан ганц хатгалгаа бус уушгины гаж хөгжил, амьсгалын эрхтэн тогтолцоо гэмтсэн хүүхдүүдийг ч хүлээн авч эмчилдэг. Сүүлийн үед дутуу төрсөн хүүхдүүд уушгины үрэвслээр өвчлөх нь элбэг байна. Холбогдох хуулиар бол эрүүл хүмүүс гэр бүл болох ёстой. Эцэг, эхийн эрүүл мэндийн асуудал хүүхдэд хамгийн их хамаатай.

Эрүүл эцэг, эхээс төрсөн хүүхэд олон удаа ханиад хүрч, томуу тусаад байдаггүй. Сүүлийн жилүүдэд төрөх насны эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарахаа больжээ. Үүнээс болоод жирэмсэн байх хугацаандаа маш их тонус өгч байна. тонус их өгөөд байвал эрүүл хүүхэд төрөхөд хэцүү. Ийм хүүхэд өвчинд өртөмтгий байдаг.

Хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг нас биед хүрэхээр нь өөрт нь өгөх үүрэгтэй

Хүүхэд жилд зургаан удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор тав хүртэлх насны хүүхдийн дунд уушгины үрэвслийн тохиолдол жилд 156 сая байдаг гэж үздэг. Үүний 20 сая тохиолдол нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг.

Уг нь тухайн иргэн ханиад хүрсэн бол хамгийн түрүүнд амны хаалт зүүх ёстой. Манайхан тэгдэггүй. Амны хаалт хэрэглэхгүй явж байгаад бусдад тараадаг. Хүмүүс амны хаалт хэрэглэж сураагүй нь эрүүл мэндийн зөв дадал хэвшилд суралцаагүйнх. Манай улсад нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна.

-Нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг гэж та хэллээ. Энэ үнэн. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх сургалтууд хамгийн чухал шаардлагатай байна. Сургуулийн хүүхдүүдэд өнгөрсөн жилээс эхлээд эрүүл мэндийн хичээл орж байгаа юм билээ. Энэ хамгийн зөв. Эрүүл мэндийн хичээлийг тодорхой зааг ялгаатай заах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний бодлоор нэгдүгээр ангийнхныг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах мэдлэгтэй болгомоор байгаа юм.

Харин өсвөр үед нь арай өөр хичээл заах ёстой байх. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил, эрүүл мэндийн боловсрол хоёр ялгаатай. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил хамгийн түрүүнд гараа угаахаас эхлэнэ. Тэгээд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Сүүлийн үед нүүр номоор дамжуулаад бие биедээ эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болсон байна. Энэ бол хамгийн буруу дадал. Анагаах ухааны сургууль төгсөөд боловсорсон эмч болоход доод тал нь арван жил зарцуулдаг.

Өрхийн эмч болоход дор хаяж зургаан жил сурч төгсөж байгаа. Тэгэхээр сайн дураараа бие биедээ зөвлөгөө өгч байгаа хүмүүсээс өрхийн эмчийн мэдлэг хамаагүй дээр байна биз дээ. Тухайн хүний биеийн онцлог нөгөөгийнхөөс өөр учраас нэг хүний эмчилгээ нөгөөд таарахгүй.

Мөн ямар вирусээр үүсгэгдсэн ханиад томуу байна гэдгээс шалтгаалаад эмчилгээ нь өөр байдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Хүүхдийн эмчилгээ бол бүр нарийн. Биеийн жинд нь тааруулж эмчилгээ бичиж өгдөг шүү дээ.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж бий. Энэ дэвтрийг эмч нар 18 нас хүртэл нь хадгалах ёстой гэдэг юм билээ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бол 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан эрхзүйн баримт бичиг. Эх жирэмсэн болсноос хойш 12 дахь долоо хоногтойгоос эхлээд л энэ дэвтэртэй “найзлах” ёстой.

Тухайн жирэмсэн эмэгтэйд толгой эргэх, дотор муухайрах гээд хэд хэдэн төрлийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай гэсэн сануулга уг дэвтрийн өмнөх сануулга дээр бий. Цаашлаад хүүхэд хаана, хэдэн килограмм жинтэй төрсөн тухай тэмдэглэл бичигдэнэ.

Дээр нь төрөх үедээ 24 цагийн дотор вакцинд хамрагдсан, эсэхийг тэмдэглэсэн байдаг. 0-5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн тухай мэдээлэл, эмчийн үзлэг, архаг хууч өвчин гээд бүх зүйл тэмдэглэгдэж байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг 25 нас хүртэл нь хадгалах ёстой. Ингээд нас биед хүрэхээр нь өөрт нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэд ээж, аав болоод багадаа ямар өвчнөөр өвдөж байсан, ямар вакцинжуулалтад хамрагдсан тухай мэдээллээ эндээс авна.

Тодруулбал, хүүхдийг яаж өссөн бэ гэдгийг гэрчлэх хуулийн баримт бичиг юм. Тухайн эцэг, эхийн эрүүл мэндийн байдлыг нотлох баримт бичиг ч гэж хэлж болно. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд гээд байгаагийн учир энэ. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтрийг үл ойшоодог.

-Хатгалгааны вакцин гэж бий. Энэ вакцины хамралт хэр байгаа вэ?

-Анх 2016 оны долдугаар сараас Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хүүхдүүдийг хатгалгааны вакцинд хамруулсан. Одоо хатгалгааны вакциныг товлолоор хийдэг болсон. Улаанбаатар хотыг бүхэлд нь хамруулаад, хөдөө орон нутагт хийж эхлэхээр төлөвлөөд байна. Хүмүүс вакцины талаар янз бүрээр ярьдаг. Вакцинд хамрагдах муу биш шүү дээ. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах цаг нь болжээ.

-Байнга хатгалгаа тусаад байвал сүрьеэгээр өвдөх эрсдэл бий юу?

-Бага насны хүүхдийн хувьд халдвар авч мэдэх эрсдэлтэй. Хүүхэд сүрьеэгийн халдварт өртдөг болохоос тээгч болж бусдад тараахгүй шүү дээ. Хүүхдийг товлолын вакцинд нь цаг тухайд нь хамруулж байвал сүрьеэгийн халдварт өртөхгүй.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд