No menu items!
HomeБоловсролБогд хааны ордон музейн онцлох 10 үзмэр

Богд хааны ордон музейн онцлох 10 үзмэр

-

Богд хааны ордон музейн онцлох 10 үзмэрийг танилцуулж байна.

V Богд

Лувсанчүлтэмжигмэддамбийжалцан /1815-1841/ нь 1815 онд хөхөгчин гал гахай жилийн 12 дугаар сарын шинийн 9-нд Төвөдийн Бойгонжин хэмээх газар эцэг Гомбодондов, эх Эрэгжийбудаас мэндэлжээ.

Түүнд зориулан 1837-1840 онд Гунгаадэжидлин хэмээх сүм барьжээ. Эл сүмийг түүний зуны “Цагаан ордон” буюу “Эргэдэг цагаан сүм” хэмээн нэрийдэх нь бий. Учир нь сүсэгтэн олон ганжуурын ботиудыг үүрэн сүм дуганыг тойрон гороолдог, ордны хэрэм нь цагаан өнгөтэй байснаас шалтгаалан ийн нэрлэх болжээ. Хэрэмний дотор талд төрөл бүрийн таримал жимсний мод, цэцэрлэг, тунгалаг сайхан устай хиймэл нуур, амьтны хүрээлэн, төрөл бүрийн шувууд мөн чоно, могой, баавгай, буга, согоо зэрэг олон төрлийн амьтны үзмэр байжээ.

Өндөр гэгээн Занабазарын хөрөг /шороон будаг/

Энэтхэг, Төвөдийн Дарнатын хувилгааны 16 дахь үеийн залгамжлагч нь 1639 онд Монголд тодорчээ. Энэ нь XVII-XVIII зууны үеийн Монголын түүх, нийгэм, улс төр, шашны үйлсэд ихээхэн нөлөөтэй оролцож урлагийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар /1635-1723/ юм. VIII Богд Жавзандамба хутагт 8 насандаа өөрийн өмнөх дүр болох анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг бурханы тиг жаягийн дагуу зохиомжлон зурсан нь энэ ажээ.

Богд хааны ирвэсийн арьсан гэр

Богд хааны ирвэсийн арьсан гэр нь Сэцэн хан аймгийн бэйс Сангилигдоржоос 1893 онд Богд гэгээний 25 насны ойд бэлэглэсэн бэлэг юм. Энэ гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон. Гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээ зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл уран хийцтэй. Гэрийг бороо хургүй цагт гадаа барьж VIII богд 10 хоног нямба бясалгал үйлддэг байжээ. Хаалган дээрээ Түмэннаст буюу Хас хээтэй байдаг нь гэрийн эзэн урт удаан наслаж үл чадагдахгүйн бэлгэдэл, дөрвөн баганыг дөрвөн хүчтэний нэг болох луугаар ороолгож, унийг хорол эрдэнээр чимжээ.

Амгалан энхийн үүд

Хаант төрийн ёслолын их үүд. 1911 онд VIII Богд Жавзандамбыг Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж “Амгалан энхийн үүд” –ийг 1912-1919 оны хооронд барьжээ. Энэ үүдний зураг төслийг уран барилгач, “Зоригт” цолт Баажав тэргүүлэн Санжид, Тэжаан нарын зэрэг хүмүүс зохиосон гэдэг. Энэ үүдийг барихад халх 4 аймаг, шавь 5 газраас нарийн мэргэжлийн мужаан, төмөрчин болон уран барилгачид, урчуудыг урин залж, 280 000 лан (103 гаруй кг) мөнгөний өргөл зардлаар 108 төрлийн оньс сүлжээ, угсрах арга ашиглан нэг ч хадаас оруулалгүй бүтээсэн юм. Үндсэн бүтцийн хувьд 8 тулгуур багана, 7 үет дээвэртэй, олон зүйл хээ угалз, амьтны дүрс, Тансан ламын намтар, 4 махранз, 8 тахил зэрэг өнгө будаг төгс зохицонгуй уран зургууд бүхий чимэгтэй.

Өвлийн ёст дээл

Уг дээлийг 1911 онд Богд хааны ордны урчууд оёжээ. Богд хааны төрийн ёслолын хувцас нь жасэр хоргой өнгөтэй, булган дотортой, сав шим ертөнцийг дүрсэлсэн хээтэй, хар хилэн хөвөөтэй, булга, торгон давхар захтай, 136 булганы арьсаар доторлосон, булган нударгатай дээл юм. Сав шим ертөнцийг дүрсэлсэн хээнд ертөнцийг бүрдүүлэгч таван махбод хийгээд сүн далай, сүмбэр уул, хөвөн үүл, хязгааргүй огторгуй багтах ба хязгааргүй огторгуйн дээр хааны эрдэнэс болох цогт чандманийг хамгаалан сүр хүчийг үзүүлэх таван хумстай есөн лууг дүрсэлсэн байна. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Богд хаант Монгол Улсаа тунхаглаж Олноо өргөгдсөн хаан сууринд өргөмжлөгдөх их ёслолд өмсөж байжээ.

Эх дагины толгойн сувдан боолт

Дондогдулам хатны сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай толгойн боолтыг тэрбээр 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагинад өргөмжлөх ёслолд өмсчээ. Мөн хатны эрих нь 4 ширхэг шилэн бөөртэй, оюу толгойтой, ган хаалт, хонх очиртой, хүний гавлын ясаар хийсэн 108 булцуугаас бүрдэх бөгөөд урт нь 90 см, 175 грамм жинтэй аж.

Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцог

Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцгийг Богд хааны ордны урчууд XX зууны эхэн үед урласан бөгөөд эл тоорцог нь хүрэн торгон суурьтай, жижиг сувдан хээн дээр дунд зэргийн сувдыг давхар шигтгэсэн, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй. Орой дээрээ сувдан сампинтай, шүрэн эм хас хээтэй, хавчаартай, улаан торгон дотортойг үзвээс хатгамалчдын урыг илтгэнэ. Эл тоорцгийг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагина, Цагаан Дара Дондогдуламд зориулан урлажээ.

Сэнтий түшлэг

Занабазарын дэг сургууль

XVIII зуунд алт, гуулиар бүтээгдсэн. Заан, хангарьд, арслангийн дүрс болон хээ чимэглэл бүхий, алт шармал гуулин сэнтий жавёл.

Хутагтын байгалийн цуглуулга

Герман улс, Гамбург хот 1901-Амьтдын чихмэл

VIII Богд Жавзандамба хутагт олон төрлийн сонин хачин зүйлс цуглуулдаг байв. Түүний цуглуулгад ховор нандин зүйлс олон байжээ. Богд гэгээнтэн эх болсон байгаль дэлхийгээ хайрлах талаар олон зарлиг лүндэн буулгаж байсны зэрэгцээ байгалийн шинжлэх ухааныг ихэд сонирхож, өмнө нь болон хожим ч байгуулж чадаагүй тийм амьтны хүрээлэнг өөрийн биеэр Монголд байгуулсан. Түүний хүрээлэнд Алтайн ирвэс дүүлж, Гималайн баавгай хүрхрэлдэж, Энэтхэгийн могой мушгиралдан, том жижиг сармагчингууд дүүлж, Шотланд одой морь янцгааж, Африк судалтай тахь уралдаж, Энэтхэгийн заан бүжиглэж, Монголын зээр, аргал, янгир, хар сүүлт, чоно, алтан гургалдай, тайгын нохой, халуун орны барс хүртэл эгэлгүй олон амьтан тааваараа идээшин байсан тухай домог мэт зүйлс тэмдэглэгдэн үлдсэн байна. Түүний цуглуулгад 1901 онд Германы Гамбург хотод захиалан хийлгэсэн олон амьтдын чихмэл бий. Энэ нь Монголд бий болсон анхны байгалийн төрөлжсөн цуглуулга байж болох юм. Эл цуглуулгад өмнөд, хойт Америк, Африк, зүүн өмнөд Ази, Антарктид тивийн далайн амьтад, шувууд багтсан 200 гаруй амьтан байна.

Дохионы буу

Дохионы буу нь Дэчингалавын хийд дэх Төрийн шар ордны дэргэд байж 12 цагт Нийслэл хүрээнд үд дунд болсны дохио өгч бууддаг байжээ.

Гал үдийн цаг

Монгол үлгэр туульсад үд дөнгөж цухалзах нарны гал үд, өдөр үд, үдийн наран гэсэн цаг нь (морин цаг буюу 11:40-13:40) аян замд мордох, буух, товлох цаг байдаг. Энэ цагийг гал цаг гэдэг. Харин Монгол төрт ёсны уламжлалд энэ нь хааны үхэр буу дуугарах цаг бөгөөд энэ үед хаан морилох, түүнд бараалхал үйлдэх цаг юм. Үүнийг Богд хаант Монгол улсын үед ч баримталж байжээ.

Богд хааны ордон музей

шинэ мэдээ

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

трэнд