No menu items!
HomeЯрилцлагаЗ.Болдбаатар: Эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхийн тулд системтэй, төрийн бодлого боловсруулах нь...

З.Болдбаатар: Эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхийн тулд системтэй, төрийн бодлого боловсруулах нь зүйтэй

-

БХИС-ийн захирал, бригадын генерал, доктор профессор З.Болдбаатарын “Хүн байхын учир” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Эх оронч хүн гэж ямар хүнийг хүнийг хэлэх вэ?

-Эх орон гэдэг нэг талаас бодит, өгөө талаас хийсвэр ойлголт. Бодит гэдэг нь газар нутаг, эх орон бол бодит оршин тогтнодог. Харин үзэл, төлөвшил, хүмүүжил бол харьсангүй хийсвэр ойлголт. Эх оронч үзэл, хүмүүжил төлөвшлийг бий болгохын тулд системтэй шат дараалсан зөв зүйтэй бодлого явуулах хэрэгтэй. Манай БХИС, Батлан хамгаалах яам, БСШУЯ хамтраад “ Эх оронч үзэл, даяаршил” гэсэн ном гаргаж, улсын хэмжээний эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд Монголын нэр хүндтэй эрдэмтэд, төрийн тэргүүнүүд, энэ асуудлыг хариуцдаг төрийн байгууллагуудын ажилтнууд оролцож санал бодол солилцсон. Эх оронч хүн гэж миний бодож төсөөлж байгаагаар эх орон, төрж өссөн газар шороогоороо бахархаж чаддаг, хоёрдугаарт өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, хийж бүтээж зорьж байгаа бүхэн нь ямар нэг хэлбэрээр улс орон, хувь хүний хөгжилд  нөлөөлдөг зорилготой бүтээлч байх тэр хүнийг хэлнэ. Эх орноо гэх сэтгэгдэл эх нутагтаа байхад анзаарагддаггүй. Тэр тусмаа гадаадад хүний нутагт байхдаа хүн илүү  эх орон, аав ээж, найз нөхдөө дурсдаг. Тийм учраас эх оронч үзэл, хүмүүжлийг тогтоож, төлөвшүүлэхийн  тулд системтэй, төрийн хэмжээний бодлого боловсруулах нь зүйтэй гэж үздэг. Ийм ч учраас БХИС дээр үндэсний үзэл, хүмүүжил, төлөвшлийн асуудал гэсэн БСШУЯ-аас авсан мэдээ ном, ШУ-ны сангаас авсан том төсөлт ажил явагдаж байгаа. Энэ ажил хийгдээд ирэхээр үндэсний хэмжээний хөтөлбөр болоод, нилээн цэгцтэй бодлоготой явагдана гэж үзэж байна.

– Эх оронч хүн, эх орогногч хүний үйлдэл нь ямар ялгаатай байдаг вэ?

-Би түрүүн хэлсэн л дээ. Эх оронч хүний үйлдэл бол хариуцлагатай, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Эх орогногч хүний үйлдэл бол олон түмний дунд  дүр эсгэсэн байдалтай байдаг. Яагаад эх оронч хүний үйлдэл хариуцлагатай, зөв байдаг вэ гэхээр  Монгол улсыг 850 гаруй жил бүрэн бүтэн байдлыг хамгаалж, эх орон, газар нутгийг хадгалж, хоёр том хөршийн дунд өдий зэрэгтэй оршин тогтнож байгаагийн утга учир бол Монголын ард түмэн монгол хүмүүс эх оронч үзэл хүмүүжилтэй байсны үр дүн.  Үүний дүнд бид оршин тогтнож өөрсдийгөө дэлхий нийтэд харуулж байна.

-Дүр эсгээд байгаа хүмүүсийг яаж жинхэнэ эх оронч үзэлтэй болгож төлөвшүүлэх вэ?

– Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн их тулгамдаад байгаа асуудал бол залуучуудын хүмүүжил. Тэр тусмаа төлөвшлийг би тулгамдсан асуудал боллоо гэж үздэг. Өнөөдөр яахав төрийн буян, аав ээжийн хайраар залуучууд боловсрол, мэргэжил эзэмшиж чадаж байна. Гэхдээ тэнд байдаг хамгийн мөн чанар болсон гол зүйл бол хүмүүсийн төлөвшил, зөв хүмүүжил байх ёстой. Гэтэл энэ Монголын нийгэм, залуучуудад асар их хэмжээгээр алдагдаж байна. Тэгэхээр энэ Монголын залуучуудад хүмүүжил, эх оронч үзлийг бий болгохын тулд бүр бага,  цэцэрлэгийн наснаас нь эхлээд  системтэй явуулдаг ийм тогтолцоог Монгол улс бий болгох ёстой. Жишээлбэл, би нэг удаа Канадад цэргийн олон улсын арга хэмжээнд оролцсон юм.  Зочид буудалд орох үед өрөөний номер өгнө гэж бодож байсан. Гэтэл тэр  та “Анторе” гэдэг өрөөнд орно шүү гэсэн. Тэр өрөөнд Канадын түүхийн ийм чухал үйл явдал болсон гэж тайлбарласан. Тэгэхээр түүхээр хүмүүсийг хүмүүжүүлэх ийм хэрэгцээ бидэнд бас байна. Би жишээлбэл, БХИС-д хичээлийн өрөө, танхимууд, багш нарийн өрөөг түүхэнд тэмдэглэсэн нэртэй хүмүүс түүхийн үйл явдлуудаар нэрлэчихсэн байгаа.

Их сонирхолтой санаа байна. БХИС-д ямар ямар нэртэй танхимууд байдаг вэ?

– Манай БХИС-д жанжин танхим, эв эе, Монголын цэргийн жанжнуудаар нэрлэсэн танхим, Их хуралдай гэсэн танхимууд байна. Монголын 1939, 1945, 1921, 1911 он гэсэн тахимууд байгаа. Энэ бол Монголын түүхэнд тодорхой үйл явдлууд болсон онууд юм. Тэрэнд хүүхдүүд хичээлд сууж байхдаа тэр үйл явдлуудын тухай самбарт мэдээллээс хараад ойлгоод авчихдаг. Хүн бол суралцах хугацаандаа  тэр танхимд нэг удаа ордоггүй. Дөрвөн жилийн хугацаанд сургуульд суралцахдаа  доод тал 100-аас дээш удаа ордог. Тэгэхээр тэр хүний үзэл санаанд түүхийн үйл явдал баттай тогтож чадна.  

-Та цэргүүдтэй олон жил ажилласан. Маш олон шавь нартай.  Өмнө нь байсан таны шавь нар, орчин үеийн залуусын хооронд ялгаа ажиглагдаж байна уу?

– Ажиглагдана. Цэрэг армид 30 гаран жил ажиллаа. Энэ хугацаанд 20-иод жил цэргүүдтэй ажиллаж байсан даа. Манай залуучуудын хүмүүжил төлөвшилд ихээхэн өөрчлөлт ажиглагддаг. Дээхэн  үед залуучууд цэрэгт ирж байхдаа хүмүүжил, төлөвшил сайтай, боловсрол сайн биш байсан. Гэхдээ богино хугацаанд юмыг сурдаг, хөдөлмөрч чанартай, дарга захирагч нарынхаа тавьсан шаардлагыг биелүүлдэг, үнэнч шударга байлаа. Одоо хараад байхад хэдийгээр боловсрол сайтай боловч хүмүүжил нилээн тааруухан, төлөвшил сул, аль болох юмыг хуурах, залилах, аргалах гэсэн ийм шинж тэмдгүүд давамгайлсан  залуу үе бий болоод байна уу гэсэн сэтгэгдэл надад төрдөг юм. Гэхдээ энэ бүгдийг бид засч залруулахын тулд нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Цаашдаа ч гэсэн манай боловсрол, хүмүүжлийн байгууллагууд энэ дээр анхаарах ёстой.  Өөр нэг асар их сэтгэл зовоодог асуудал бол Монгол хүний чанар. Өнөөдөр Монголчуудын чанарын асуудал жоохон сулраад байна уу даа. Чанар гэдгийг би тэсвэр хатуужил, бие бялдрын хөгжил ямар нэг цагийн байдал, нөхцөлд биеэ авч явах чадвар, бие даах талаас нь ярьж байгаа юм шүү. Энэ хүмүүжил сүүлийн үеийн залуучуудад бас сайн сууж өгөхгүй байна уу. Үүнийг бид цаашид анхаарах ёстой гэж боддог.

-Та Монгол хүний мөн чанар муудсан байна гэлээ. Үүний зэрэгцээ Монгол хүний үнэ цэнэ нилээд унаад байгаан болов уу. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

Харьцангүй ойлголт л доо. Гэхдээ Монголчуудын ихэнх нь биш тодорхой  нэг хувийн, тодорхой нэг хүмүүсийн үнэ цэнэ унаж байна гэдэгт санал нэг байгаа. Үнэ цэнэ унана гэдэг бол ахиад л хувь хүний төлөвшил, хүмүүжил, зорилго, тэмүүлэлтэй холбоотой. Тийм учраас бид хүмүүсийн энэ үнэ цэнийг өсгөхийн тулд хувь хүн эцэг эхчүүд, байгууллага хамт олон, ажиллаж байгаа орчин нөхцөлүүддээ ч анхаарах хэрэгтэй. Бид гадна явахад, хил гааль дээр зогсож байхад том гүрний улсуудтай өөр харьцах, жижиг улс орны хүмүүстэй бас өөр харьцах асуудлууд харагддаг. Энд бол эдийн засгийн асуудал гэхээс илүү хувь хүмүүсийн хүмүүжил, харьцааны соёл, биеэ авч яваа байдалтай ихээхэн холбоотой. Монголын нийгэмд өнөөдөр ямар байдал харагдаад байна  гэхээр  бид сахилга, зохион байгуулалт тааруу болчхож. Юмыг хэтэрхий их амархан хялбараар ойлгодог, хариуцлаггүй байна. Тийм учраас бидэнд энэ чанарууд асар их дутагдаж байна. Яагаад улс орнууд хөгжөөд байна? Үүний цаана юу байна гэхээр ерөөсөө л хүмүүсийн хариуцлага, хийж бүтээх хүсэл, хөдөлмөрч чанар. Өнөөдөр хөдөлмөрч чанар зөв төлөвшил, зорилго байж хүн юманд хүрнэ. Тэрнээс биш зүгээр энд тэнд очиж эх орогногч дүр эсгээд байвал улс хэзээ ч хөгжихгүй. Жишээлбэл, 70,80-аад онд Өмнөд Солонгос ямар хөгжилтэй байлаа 30-аад жилийн дотор яаж ийм хурдан хөгжив?. Энэ нь хүмүүс  зорилготой байж чадаж байна. Зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрлөхийн тулд зөв харьцаа зөв уур амьсгалыг л бүрдүүлэх ёстой.

-Бид хүн болж төрснийх бүгд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй байдаг. Та эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж яваа хүн. Харин та цэргүүдийн болох БХИС-ийн сонсогчийн эх оронч үзлийг төлөвшүүлэх ажиллагаанд ямар хувь нэмэр оруулж байгаа вэ?

– БХИС-ийн эрдэмтэд, эрдмийн зөвлөл бид 2010 оноос эхэлж ерөөсөө БХИС хүмүүжил, үзэл, төлөвшлийн төв байх ёстой гэсэн концепц дэвшүүлээд түүнийхээ дагуу хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд БХИС-д суралцаж байгаа оюутнууд бусад их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудаас юугаараа ялгарах ёстой юм, эх орноороо яаж бахархах ёстой, сургалтын үйл ажиллагаанд үүнийг хэрхэн нэвтрүүлж,  яаж сургалттай холбох ёстой вэ гэдгийг хэрэгжүүлээд ажиллаж байна. Жишээлбэл манай багш нар хичээл орох болгондоо 5-7 минут эх оронч үзэл, хүмүүжил, эх орон бие болсон баатарлаг үйл явдлууд, төрийн бодлогуудын талаар мэдээлэл хийдэг. БХИС-ийн оюутнуудад хуучин монгол бичгийг сургах, бичиж уншиж чаддаг болох ийм  хөдөлгөөнийг өрнүүлээд хуучин монгол бичгийн кредит цаг оруулсан. Бид сар, улирал тутам шалгалт авч байна. Мөн цэргийн сургууль учраас “Төр цэргийн түүх” гэсэн тусгай сурах бичиг боловсруулаад бүх шатны сургалтад хэрэглэж байна. Дээр нь эх оронч үзэл, хүмүүжлийн чиглэлээр жилдээ 2 удаа системтэй бодлогуудыг явуулж байна.Тухайлбал эх оронч үзэл хүмүүжлийн чиглэлээр гарсан урлагийн бүтээлийг оюутнуудад үзүүлэх сурталчлах, эх оронч тэргүүний хүмүүстэй уулзалт хийх гэсэн системтэй ажлуудыг явуулж байна. Энэ нь оюутнуудад  үр дүнгээ өгч, таалагдаж байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал гарч сард нэг удаа цэргийн тангараг өргөж, давтдаг. Цэргийн тангарагын агуулга тэр тангарагын үгэнд байгаа учир холбогдлыг залуучуудад таниулж хэлэх, үүний цаана эх орны өмнө хүлээсэн том хариуцлага байгаа. Энэ хариуцлагыг үүрснээр гудамжид явж байгаа энгийн залуугаас өөр юм шүү гэдгийг ойлгуулах ажлуудыг хийж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн идэвхтэй санаачлага, дэмжлэгтэйгээр бид 2010 онд “Тэмүүжин Өрлөг” гээд сургууль байгуулсан. Энэ бол Монголын түүхэнд байсан. Эзэн Чингис хаан байхдаа сургууль байгуулаад тэнд сурч байсан хүүхдүүд нь Монголын төрийг авч явсан цэргийн нэртэй жанжид болж байсан. 1924 онд Монгол Улсад Оффицерийн сургууль байгуулаад энэ сургуулиар дамжиж гарсан хүүхдүүд Монголын төрийг авч явсан нэрд хүндтэй улсууд болсон. Тухайлбал, Гавьяат эмч Хайруул байна. Залуучуудыг багаас нь зөв хүмүүжилтэй болгохын бол ирээдүйд Монголын төр, улсаа авч явах хүмүүс болж бэлтгэгддэг. Тийм учраас энэ сургуулийг байгуулсан. Байгуулагдаад гурван шил болж байна. Хичээл сургууль нь сайн явж байгаа. Тус сургуульд цэрэг эх орны хүмүүжлийн программ, бие бялдрын хөгжил, зөв төлөвшил, хүмүүжил, харилцаа, гоо сайхны зөв хүмүүжлийн хичээлийн хөтөлбөр явж байгаа.

БХИС-ийн эх оронч үндэсний үзлийн төв болгох хөтөлбөр хэрэгжээд хоёр жил боллоо. Энэ хоёр жилийн хугацаанд сонсогч нарын сэтгэлгээнд орсон ямар өөрчлөлтүүд танд ажиглагдсан бэ?

– Бид нар улиралд нэг удаа оюутнуудтай уулзаж, социологийн судалгаа хийдэг. Үүнээс харахад энэ ажил оюутнуудад таалагддаг. Оюутнуудын сурч хөдөлмөрлөх, зорилго, зорилтууд нь нилээн идэвхтэй болдог. Ялангуяа түүхийн, эх орны тухай ном зохиол унших асуудлуудыг анхаарч байгаа зүйл ажиглагддаг үүний дагуу өнгөрсөн сард БХИС-д дөрвөн жил суралцахдаа оюутнуудын унших ёстой 100 гаруй номын жагсаалт гаргасан. Үүнд дэлхийн сонгодог зохиолуудаас гадна, Монголын түүх, цэргийн урлагийн номуудыг оруулсан. Энэ нь манай оюутнуудад нилээн таалагдсан. Үүний дагуу оюутнуудыг ангиудаар нь ном уншуулах уралдааныг зохион байгуулж хийж байна. Номоос, түүхээс хүн асар их зүйлийн мэдэж авдаг. Тэрний дагуу хүсэлтэй зорилготой болж, мөрөөдөж хүрэхийн төлөө явдаг болно. Тийм учраас ном унших асуудлыг сургуулиараа нилээн сайн дэмжиж хөгжүүлж байгаа.

– Монгол Улсын тусгаар тогтнол батлан хамгаалахын хүчин дээр тогтдог. Би таны номуудыг харж байна л даа. Эдгээр номуудаараа юуг хүргэе гэж бичсэн бэ?

– Оюутнуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх хүмүүжүүлэхийн тулд манай сургуульд зохион байгуулагдаж байгаа системтэй нэг ажил бол Монголын цэргийн урлаг, түүхээр ном бүтээх туурвих болзолт уралдааныг багш нартаа тавьсан. Манай БХИС-ийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Шагдар гуай “ Монголчуудын аян дайн, цэргийн урлаг, 13-р зуун” гэсэн номыг хэвлэж гаргасан. Энэ ном гарснаар Монголын түүхийг мэдэж авна. Энэ нутаг, газар шороо Монголын цэргийн жанжид цэргүүд яаж тэмцэж явсан бэ гэдгийг залуучууд илүү сайн ойлгоно. Манай батлан хамгаалах яамнаас залуучуудыг цэрэг эх оронч байдлаар хүмүүжүүлэх ялангуяа, монгол үндэсний бахархал Монголын цэрэг, эх оронч үзлийн бий болгох тал дээр анхаарч байгаа. Монголын түүх бол өөрөө цэргийн түүх, цэргийн түүх бол Монголын түүх. Мөн бид сая МУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр улс орон даяар эзэн Чингис хааныхаа 850 жил, Монгол бахархлын өдрийн тэмдэглэлээ. Үүний дагуу БХИС-ийн эрдэмтэн багш нар “Чингис хааны манлайллын нууц” гэсэн номыг орчуулж уншигчдаа хүргэсэн. Энэ номонд бол Чингис хаан эх орныг удирдах, цэргийг удирдах, дэлхийн хагасыг байлдан дагуулж байхдаа ямар манлайлагч, удирдагч байсан, нууц нь юу байсан бэ гэдгийг залуучуудад хүргэх үүднээс энэ номыг гаргасан байгаа. Мөн манай “Чингис хааны цэргийн хар сүлд” гэж, цэргийн байгууллагт оройн дээд сүлд болсон туг гэж байдаг.   Чингис хааны хар сүлдний тухай цэргийн түүхчид маань түүх, учир холбогдлыг талаар ном бичсэн. 1990-ээд оноос хойш Монгол Улсад маань болж байгаа нэг сайн юм нь үндэсний үзэл, эх оронч зүйлсийг сайн ярьдаг боллоо. Энэ чиглэлээр төрийн тодорхой бодлого  гарлаа. Монгол бахархлын өдөртэй боллоо. Энэ их төрийн бодлогуудыг цэгцэлж, системчилж зорилготой болгох асуудал нилээд үгүйлэгдээд байна. 1990-ээд ноос хойш бид стратегийн чанартай бодлогын бичиг баримтууд их гаргалаа. Үүний агуулга ач холбогдол өндөр. Гэхдээ энэ нь хэрэгжих явцдаа тараад алга болчихдог, явцын дунд мартагддаг. Тийм учраас Монголчуудыг эх оронч хүн болгохын тулд системчилсэн тодорхой бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

– Манай нэвтрүүлгийн нэр “Хүн байхын учир”. Хүн байна, Монгол хүн байна гэдэг маш их үүрэг хариуцлага?

– хүн байхын учир гэдэг бол өөрөө их агуулгатай. Хүн өрөө мэндлэхээс эхлээд эцэг эх нь хүүхдээ муу яваасай гэж боддоггүй. Тэр тусмаа монголчуудын сайхан уламжлал нь, хүү маань сайн хүн болоосой, төрд хэрэгтэй хүн болоосой хэмээн бэлгэдэж ерөөж байдаг. Гэтэл амьдрал дээр ерөөл маань бодит байдалтай эвлэрдэггүй. Ингэхийн тулд хүн өөрөө оршин тогтнож байхдаа цагаан мөртэй байх хэрэгтэй л гэж үздэг. Хэдийн чинээ цагаан мөртэй, тэр хэмжээгээр чи сайн байна. Санаа зөв бол заяа зөв гэж ярьдаг. Тиймээс хүн бол дандаа юмыг сайнаар боддог байх хэрэгтэй. хийж бүтээе, хүмүүст туслая гэж бодох хэрэгтэй. Миний энэ хийж байгаа зүйл өргөн агуулга, цаад утгаараа улс оронд минь хэрэгтэй юм шүү, Монголын нийгэмд хэрэгтэй юм шүү гэдэг агуулгаар хандаж ажиллаж байхын бол бид зөв төлөвшил, хүмүүжилтэй болж чадна. Хүн байх учиртай болно. Хэрэв чи зорилго, бодолтой байвал гэр орон, найз нөхдөдөө, улс орондоо нэр хүндтэй байна. Тиймээс хүн бодолтой зорилготой зөв хүн байхын бол сайн мөртэй болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд