No menu items!
HomeЭрүүл мэндД. Эрдэнэболд: Цөсний чулуутай бол гэрийн нөхцөлд цөсөө угааж болохгүй

Д. Эрдэнэболд: Цөсний чулуутай бол гэрийн нөхцөлд цөсөө угааж болохгүй

-

УГТЭ-ийн ерөнхий мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч Д. Эрдэнэболдийн зөвлөгөөг хүргэж байна.  

 Цөс нь хэвлийн хөндийд байдаг 8-12 см урт, 3-5 см өргөн, 40 см багтаамжтай лийр хэлбэртэй эрхтэн. Цөс хүний биед хоол боловсруулах үүрэгтэй. Ходоодноос хүчил, нойр булчирхайнаас фермент, цөснөөс цөсний хүчил ялгарч нарийн гэдсэн дэх хоол боловсруулалтад оролцдог. Цөс нарийн гэдсэнд хоол хүнстэй хамт орж ирсэн бактерийг үхүүлэх үүрэгтэй.

– Цөс яагаад өвчилдөг вэ?

–  Цөс бол хүний элгэнд үүсч байдаг шингэн зүйл юм. Цөс элгэнд үүсч, цөсний цоргуудаар дамжин цөсний хүүдий гэх хөндийт эрхтэнд хадгалагддаг. Хоол идэх үед цөсний хүүдий агшиж, шингэн цөс гэдсэнд орсноор хоол тэжээлийн зүйлтэй холилдож бидний биед хэрэгтэй хоол тэжээлийн зүйл судсанд шингэн болж задрах, шимэгдэх хүртэлх процесст оролцдог чухал зүйл юм.

Цөс өвчлөх нь олон шалтгаантай. Цөсний өвчнийг шалтгаанаар нь олон ангилж үздэг. Үрэвсэл, халдварын шалтгаантай, механик шалтгаантай, мэдрэл шингэний зохицуулгын алдагдалтай, бодисын солилцооны эмгэг зэрэг олон шалтгааны улмаас цөсний хүүдийн өвчилж байдаг. Цөс бол шингэн зүйл. Цөсний хүүдий өвдөхийг хүмүүс цөс өвдлөө гэж ярьдаг. Хадгалж байгаа хөндий эрхтэнийг өвчлөхийг цөс өвдлөө гэж ярьдаг гэсэн үг.

  Шингэн бага ууж, дандаа махан хоол идээд байвал цөс өтгөрч, өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг. Цөс өвдөх юм бол хамгийн түрүүнд чулуутай эсэхийг тодорхойлуулах хэрэгтэй. Цөсөнд чулуу байвал дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Учир нь суваг хаагдах эрсдэл бий.

-Цөсний чулуу, цөсний нуралт хоёр юугаараа ялгаатай вэ?

– Цөс хэвийн үедээ шингэн байх ёстой. Гэтэл цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөн, амьдралын хэв маягаас шалтгаалаад цөсний хүүдийн агших үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Цөсний хүүдий цөсийг удаан хугацаанд хадгалснаар цөсний шингэн эс шимэгдэж, өтгөрөлт явагдаж байдаг. Энэ үйл явц удаан үргэлжилж, цөсний эсэд байгаа жижиг холестролууд, жижиг давснууд холилдож элсэцэр үүсгэдэг. Элсэнцрүүд нь нэгдэн чулуу болж өвчин үүсгэдэг.

– Цөсний чулуу ямар аюултай вэ?

– Цөсөнд үүссэн чулуу шингэн цөстэй хамт дамжин цөсний цорго руу шахагдаж цөсний хүүдийд тээглэснээр цөсний хүүдийн агшилтад саад учруулна. Үүний улмаас цөс хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учирч, цөсний үрэвсэл үүсэх, аюулхай болон баруун хавирганы нум доогуур өвдөлт үүсгэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.

ЦӨС ЧУЛУУЖИХ ӨВЧНИЙГ АНХААРУУЛАХ АНХНЫ ШИНЖ ТЭМДГҮҮД:

Баруун хавирганы нумаар хүндрэх

Аманд гашуу оргих

Дотор муухайрах

Хэхрэх

ӨВЧИН ДААМЖИРСАН ТОХИОЛДОЛД:

Баруун хавирганы нум догогуур эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх

Өвдөлт баруун гар, баруун эгэм, нуруу руу дамжиж болно

Ам халуу оргих

Дотор муухайрах

 Бөөлжих шинж илэрнэ. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх ёстой.

– Цөсний хүүдий цоорох аюул бий юу?

– Цөсний хүүдий чулуутай эсвэл цөсний хүүдий идээлүүлэгч нян бактериар халдварлагдаж өвдсөн тохиолдолд цөсний хүүдийн хана үрэвсэж, илжрэх, цоорох тохиолдол байдаг. Мөн цөсний том чулуунууд цөсний хүүдийн ханыг холгож, цоорох тохиолдол бий.

– Цөсний хүүдий цоорсон тохиолдолд цөс гадагш алдагдана гэсэн үг. Энэ тохиолдолд хэр хор хөнөөлтэй вэ?

-Хүчиллэг шингэн тархана гэсэн үг. Цөсний хүүдийнээс цөс гарсан тохиолдолд маш хүчтэй өвдөлт өгч, хүний бие, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. 

– Цөсний чулуу үүсэх шалтгаан нь юу байдаг вэ?   

– Хоол ундны дэглэм алдагдал, хурц хоол, шарсан хуурсан хоол зэргээс цөсний цочмог өвдөлт өгдөг. Бас нэг шалтгаан нь хоол боловсруулах замаар халвдарлагдсан хоол хүнсний зүйл орсноор цөсний хүүдий үрэвсдэг. Байрлалаасаа хамаараад хэвлийн баруун хэсгээр өвдөх, огиулж бөөлжих, идсэн хоол хүнсний зүйлээр бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Өвдөлтийн хувьд шалтгаанаас хамаараад эрчмийн хувьд янз янз байдаг.

Цөсний чулуу өвчин үүсэхэд нас хамгийн гол хүчин зүйл. Төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотойгоор эмэгтэйчүүд илүү өртдөг байна. Үүнд олон удаа жирэмслэх, хэт их идэх, удаан өлсгөлөн байх, удамшил, жингийн илүүдэл, жин огцом буурах холестрин ихтэй хоол хүнс хэрэглэх, чихрийн шижин, элэгний хатуурал, цөсний өтгөрөлт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Цөс өвдөхөд ямар өвчнүүдтэй адил шинж тэмдэг илрэх вэ?

– Хэвлийн хөндийд байгаа эрхтнүүд өвчилсөн тохиолдолд илрэх шинж тэмдгүүд нь адил төстэй байдаг. Цөс нь элэг болон ходоодтой ойрхон байрладаг учраас хоол боловсруулах замын эмгэгийн үед илэрдэг ерөнхий шинж тэмдгүүд адил илэрдэг. Гол ялгаатай, онцлог шинж тэмдэг нь баруун хавирганы нум доогуур хүчтэй өвдөлт өгдөг. Энэ өвдөлт ихэвчлэн хурц, шарсан, хуурсан хоол хүнс хэрэглэсний дараагаар үүсдэг.

– Цөсний чулуу хэр зэрэг хэмжээтэй байдаг вэ?

– Чулуу үүссэн хугацаа, хадгалагдсан хугацаа зэргээс хамаараад хэмжээ нь янз бүр байдаг. ЭХО болон компьютерийн шинжилгээний тусламжтайгаар хэмжээг нь тогтоодог. Шар будааны хэмжээнээс эхлээд тахианы өндөгний чинээ чулуу гарч байсан тохиолдол эмнэлгийн практикт байдаг.

– 8-12 см урттай цөсний хүүдийнээс тийм том чулуу гарсан гэхээр цөсний хүүдийгээ дүүргэнэ гэсэн үг үү, энэ тохиолдолд яа вэ?

– Хүүдийнд ямар ч шингэн цөсгүй, хүүдийний хэлбэрээр чулуу үүссэн тохиолдол байдаг. Энэ тохиолдолд цөсний хүүдий цөсийг тодохой хугацаанд хадгалах үүрэггүй болох учраас цөсний эмгэг үүсэх шууд шалтгаан болно. Энэ тохиолдолд зайлшгүй мэс заслын тусламж үйлчилгээ авах шаардлагатай.

ЦӨСНИЙ ЧУЛУУГАА АВАХУУЛСНЫ ДАРАА БАРИМТЛАХ ДЭГЛЭМ

Өөх тос, нүүрс устай хоолыг аль болохоор хязгаарлах

Хэт их иэдхгүй байх

Шингэн сайн хэрэглэх

Өдөрт дунджаар 1 литр орчим ус уух

– Цөсийг гэрийн нөхцөлд угаах нь хэр ач холбогдолтой байдаг вэ?

– Эхлээд мэргэжлийн эмчид хандаж цөснийхөө хэв шинжийг тодорхойлуулсан байх шаардлагатай. Цөс хэр өтгөн, чулуутай эсэх, угаах шаардлагатай юу зэргийг мэдэх шаардлагатай. Цөсний хүүдий чулуутай, цөсөнд жижиг холесролууд үүссэн тохиолдолд цөсийг гэрийн нөхцөлд угаах нь аюултай. Цөсний хүүдийд үүссэн чулуу шингэн зүйлтэй хамт цөсний замыг таглана. Үүнээс үүдэн элгэнд үүссэн цөс гэдэс рүү орохгүй, нойр булчирхайгаас ялгарах ферментүүд гэдэсний зам руу орж хоол боловсруулахад үйл ажиллагаанд оролцож чадахгүйд хүрдэг.  Тиймээс элэг, цөс, нойр булчирхайг бүхэлд нь хамарсан өвчин эмгэг үүсгэх эрсдэлтэй.

– Нүүрэнд үүсэх нөсөө толбо цөсний эмгэгтэй холбоотой юу?

– Дан ганц цөсний өвчлөлөөс үүдэн нүүрэн дээр нөсөө толбо үүснэ гэж байхгүй. Арьсны эмгэг, бодисын солилцооны эмгэг, дотор эрхтний эмгэг ялангуяа элэгний эмгэг зэрэг маш олон шалтгаантай.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн хэлэлцүүлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд