No menu items!
HomeЯрилцлагаЭ.Энхмаа: Цус ойртолтын түвшин хэрээс хэтрэхээр хүний дархлааны системийг сулруулж байна

Э.Энхмаа: Цус ойртолтын түвшин хэрээс хэтрэхээр хүний дархлааны системийг сулруулж байна

-

-Цус ойртолт, удам судрын талаарх Анагаах ухааны доктор, хүний их эмч, хүн судлаач Э. Энхмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.  

– Та монголчуудын удмын санг судлаад хэдэн жил болж байна. Судлагааны явцад юу ажигдагдаж байна вэ?

Монгол хүн судлалаар 20 гаруй жил судалгаа шинжилгээний ажил хийж байна. Нэлээд олон жилийг хүн ам дахь цус ойртолтын төвшин хэр болсон. Хүн амын удмын сангийн генетик тогтоц хаашаа явж байна вэ гэдгийг судалсан, энэ чиглэлээр эрдмийн зэргээ хамгаалсан. Судалгааны үр дүн гарчихсан. Өнөөдөр бид эмээ, өвөөгөө бол мэдээд байна. Үүнээс дээш буюу элэнц өвөө, эмээ, тэдний аав, ээж, хуланц өвөө эмээгийнхээ талаарх мэдээлэл харанхуй болсон байна.

Судалгааны үр дүнд өнөөгийн манай хүн амд гэрлэж байгаа залуус өөрөөсөө дээшхи гурваас дөрөв дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлэхэд илэрдэг тийм түшвний цус ойртолтын дэвсгэр илэрсэн байна гэдэг нь тогтоогдож байна. Өвөө эмээгийн дээд элэнц өвгийн талаар мэдээлэл харанхуй учир гэрлэж байгаа залуус маань бид хоёр цусны холбоогүй гэдэг баримжаагаар гэрлэж байна. Хүн ам дахь цус ойртолт илрээд ирэхээр ямар шинж тэмдэг гардаг юм бэ, ямар үр дагавар гардаг юм бэ гэдгийг хүний генетикийн шинжлэх ухаан хэлсэн байдаг.

Тухайлбал удамшлын төрөл бүрийн эмгэгтэй хүүхдүүд олноор төрөх, оюун сэтгэхүйн чадавхи буурах, биеийн дархлаа сулрах, өвчлөмтгийн болох,  бие бялдрын хөгжил дажаа болдог гэх мэтчилэн олон сөрөг үр дагаврууд гардаг гэдгийг тодорхойлсон байдаг.

-Эдгээр үр дагаврууд манай улсын хүн амд ажиглагдаж байна уу?

-Үндсэндээ бүгд ажиглагдаж байна. Энэ нь цус ойртолтын өнөөгийн төвшинтэй холбоотой байна гэдэг нь бидний судалгаагаар батлагдаж байна. Тухайлбал, сүүлийн үед манай хүн амын дунд төрөлхийн согог, гажигтай хүүхдүүд их олноороо төрдөг болж. Бид нар үүнийг ойр зуурын хүчин зүйлстэй холбож яриад байна. Хоол хүнсний баталгаат бус байдал, агаарын бохирдол, архи тамхины хэрэглээтэй холбоотой гэж ярдаг. Гэтэл эдгээр хүчин зүйлсээс хэдэн хувийн хамааралтай байна, ямар эрэмбэ дараалалтай нөлөөлж байна гэдгийг судалсан зүйл байдаггүй.

Бидний судалгаагаар бол өнөөдрийн цус ойртолтын төвшин ийм байна гэдгийг тооцоолоод гаргалаа. Энэ маань хүн амд төрөл бүрийн согог, гажигтай хүүхэд төрөхөд нөлөөлж байна уу, үгүй юу гэдэг тоо баримтад судалгаа хийж үзсэн. Тэгэхэд хүн ам дахь цус ойртолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр согог, гажигтай хүүхдүүдийн тоо өсч байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Энэ маань хүн амыг одоогийн байгаа цус багадалтаас гаргах, цаашид нэмэгдэхээс хамгаалах, сэргийлэх ийм арга хэмжээг үндсээр нь авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй нөхцөлд хүрсэн байна гэдгийг илтгэж байна.

 –Цус ойртолт гэхээр харахад нүд хальтрам хүүхэд төрдөг гэдэг ойлголт байдаг. Гэтэл давжаа биетэй болох, дархлаа муудах, өвчлөмтгий болох зэрэг энгийн шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Цус ойртолтын ийм  шинж тэмдэг илэрч байгаа нь аль нутагт илүү ажиглагдаж байна вэ?

-Аймгууд болон хотын хүн ам дахь суурьшлын бүсийг тогтоосон юм. Мэдээж тоо болохоор хоорондоо ялгаа бий. Зүй тогтлын хувьд хүн амын нягтрал суурьшил сийрэгжиж буй, нутаг орон эзгүйрч буй энэ үзэгдэлтэй холбоотой байна. Хүн ам олонтой газар дээр юм байна, хөдөө орон нутаг хэцүүдэж байгаа юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл хөдөө орон нутгаас нийслэлд орж ирж багаа хүн нийслэлийн унаган иргэнтэй гэр бүл болох тохиолдол цөөн байдаг.

– Сүүлийн 5 жилийн хугацаанд ЕБС-иудын боловвсролын чанар муудаж байна гэж хүмүүс ярьж байгаа, энэ төрлийн мэдээлэл ч гарч байгаа. Бидний үед нэг ангид 10 онц сурдаг хүүхэд байлаа, гэтэл одоо 1, 2 л болж гэж ярих боллоо.  Тэгэхээр энэ нь оюуны хөгжилд нөлөөлөөд байгаа юм болов уу?

 -Аливаа үзэгдэл бүдүүнээс нарийн төвшинд оршиж байдаг шүү дээ. Бүдүүн тоймоор харвал, гаднах төрхийг нь ажиглаад байдаг. Гэтэл харахад эрүүл саруул хэрнээ оюуны потенциал шаардсан зүйл дээр ухаан нь хүрдэггүй байх нь энэ үзэгдлийн тодорхой нэг үр дагавар болж байдаг.

Нарийн мэргэжилтний нүдээр харахад асар их ялгаа харагддаг. Өмнөх жилийн хүүхдүүдийн чаддаг байсан зүйлийг дараа жилийн суралцагч хүүхдүүд чадахгүй болоод байна гэж дунд сургуулийн багш нар хэлдэг. ЭЕШ-ын онооны дундаж төвшин жил ирэх тусам доошлох хандлагатай байна. Тэгэхээр энэ бүх зүйл бидэнд цус ойртолтын үр дагавар монгол хүний аливаа зүйлийг хурдан түргэн, хурц сэтгэдэг, оюуны эр бярыг дундлаад байна уу даа гэж бодохоор зүйлүүд их ажиглагддаг.

Илэрхий цусан төрлийн ойртолтыг хайгаад байдаг. Гэтэл олдохгүй шүү дээ. Бид мэдэхгүй байгаа ураг төрлийн холбоогоо ойшоож үзэхгүй байна. Судалгаа хийгээд үзэхээр 3-4-р үеийн ах дүү нарт илэрдэг цус ойртолтын төвшин бидэн дунд бий болжээ.

-Хэдэн оноос хойш вэ?

-Бид 1925 оноос хойш удам судрын бичиг хөтөлдөг, овгоо мэддэг уламжлалаа гээчихсэн. 1925 онд ЗГ-ын тогтоол гараад л монгол хүн овгоо мэдэх, ургийн бичгээ хөтлөх эрхийг нь хаачихсан. Тиймээс энэ 90 гаруй жилийн хугацаанд бид овгоо мэдэхээ больсон.

Овог гэхээр эцгийнхээ нэрийг хэлдэг болсон, гэрийн угийн бичиг хөтлөхөө больсон.  Гэрийн угийн бичиг хөтөлнө гэдэг нь аав, ээжийн талын ах дүү нарыг бүртгэх, үр хүүхэддээ зааж сургаад өвлүүлдэг уламжлал байсан хэрэг. Энэ уламжлалаа гээгээд 90 гаруй жил болж. Үүнээс өмнө бид цус ойртолтоос хамгаалдаг аливаа улс үндэстний хэрэглэдэг аргуудыг хэрэгжүүлдэг байсан.

– Та сая дархлаа сулардаг гэж дурьдлаа. Цус ойртолт нь энэ төрлийн өвчлөлийг бий болгоод эцсийн шатанд нас баралтыг нэмэгдүүлж байна уу?

-Хүн амын өвчлөл, эндэгдэлд нөлөөлөх маш олон хүчийн зүйл бий. Гадаад, дотоод маш олон хүчин зүйлс байдаг. Үүн дээр нэмээд цус ойртолт гэдэг байх ёсгүй үзэгдэл бий болчихоод, тэр нь хэрээс хэтэрсэн нөхцөл байдал үүсээд байна.

Цус ойртолтын өнөөгийн төвшин монгол хүний өвчлөл, эндэгдэлд нөлөөлж байна уу гэдгийг нарийн судалсан. Хүн төрөлхтний өвддөг бүх өвчнийг л 19 том бүлэгт хуваагаад статистикийг нь бүртгэдэг. Манай улс энэ ОУ-ын статистикт 1996 онд шилжсэн. Энэ ангиллын дагуу бүртгээд явж байгаа.

Энэ 19 бүлэг өвчнөөр монгол хүн өвдөх, эндэхэд цус ойртолт нөлөөлж байна уу гээд нарийн судалгааг бид хийж, таван боть тайлан улсад хүлээлгэж өгсөн. Үүнээс үзэхээр цус ойртолт нөлөөлөхгүй байгаа өвчний бүлэг гэж байхгүй байна.

Цус ойртолтын түвшин хэрээс хэтэрхээр хүний дархлааны системийг сулруулж байгаа юм. Хүн амын дархлаа доошлохоор дурын өвчинд өртөмтгий болоод байгаа юм. Хүн амыг цус ойртолтоос хамаалах арга хэмжээг үндсээр нь авч хэрэгжүүлэхгүй бол өнөөдрийн эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхээ больж байна. Энэ их өвчлөл, эндэгдлийг дорвитой бууруулна гэж ярихад төвөгтэй болчихоод байгаа юм. Энэ асуудлыг ярихаар бүх зүйлийг цус ойролттой холболоо, ганц цус ойртолтоос бүх зүйл болоод байхдаа яадаг юм гэж хэлэх хүмүүс байдаг. Бүгдийг цус ойртолттой холбоогүй харин өвчлөл, эндэгдэлд нөлөөлж байгаа тэр олон хүчин зүйл дээр нэмэгдээд цус ойртолт гэдэг зүйл бий болсон байна шүү.

Үүний цаад шалтгааныг таслах зүйл хийхгүй бол илэрч гарч ирж байгаа зүйл дээр нь бид эдийн засаг, хүн хүч, бүх зүйлээ зарцуулаад байгаа дүр зураг харагдаж байна гэдгийг л судалгаа, шинжилгээгээрээ батлан харуулж байна.

-Одооны хүүхдүүд их “хэврэг” биетэй болжээ гэж ярих болсон. Тэгэхээр нь нүдэнд харагдаж байгаа тэр шалтгааныг хүмүүс тоочиж байна шүү дээ. Гэтэл цаад нарийн шалтгааныг судалвал цус ойртолт мөн нөлөөлж байна тийм үү?

– Яс булчингийн тогтолцооны эмгэгтэй цус ойртолт ямар шүтэлцээтэй байна гээд судлахаар шугаман хамааралтай гардаг. Үнэхээр л ахмадуудын тэр үг бодогддог. Бидний үеийн хүмүүс яс сайтай байсан, одооны хүүхдүүд яс муутай болжээ гэж. Өнөөдрийн хүн амын дундах цус ойртолтын төвшин үнэхээр ийм болсон уу, үнэн үү, худал уу гэж шинжлэх ухааны судалгааны бодит үр дүнд эргэлзэхийн оронд бид яах вэ гэдгийг бодох шаардлага бидний өмнө тулгараад байгаа юм.

-Энгийн хүнийг хараад энэ цус ойртжээ гэж хэлэх боломж бий юу?

-Тийм боломж байхгүй. Хүний генийг судлаад тогтоож болдоггүй юм уу, цусанд нь шинжилгээ хийгээд цус ойртолт гэдгийг нь илрүүлж болдоггүй юм уу гэж хүмүүс асуудаг.  Тийм боломж байхгүй. Хэрвээ боломж байдаг бол түүн шиг амархан зүйл байхгүй. Америк зэрэг орнуудад хүний генийг бүрэн дарааллыг гаргадаг болчихсон. Гаргаад ирлээ гэж бодоход энэ хоёр тэд дэх үеийн ах дүү нар байна гэж нарийн хэлэхгүй. Магадлал төдий зүйлийг л хэлнэ. Уг шинжилгээгээр юу хэлдэг вэ гэхээр таны генийн санд монголчуудын онцлогтой ген тэдэн хувь, европ төрхтний онцлогтой ген тэдэн хувь, нигер төрхтний онцлогтой ген тэдэн хувь эзэлж байна гэдгийг хэлж чадна.

-Үеэлүүд хоорондоо гэрлэхээр зүгээр байдаг гээд л бусад улс оронд яригддаг. Кинон дээр ч харуулж байдаг. Манайхын дунд нэг хэсэг иймэрхүү яриа өрнөж л байсан.

-Үеэлүүдийн гэрлэлт манай хүн амын дунд ч бодитой байна. Европчуудын дунд үеэлүүд нь гэрлээд л байдаг хэрнээ зүгээр байх юм, үр хүүхдүүд нь эрүүл байх юм гэсэн хандлага их ажиглагддаг. Гэтэл европын бүхэл бүтэн 200 жил хаан угсаа барьж байсан Габсбургийн хаан угсааны мөхөлд цус ойртолт нөлөөлсөн юм байна гэдгийг эрдэмтэд аль хэдийнээ олоод тогтоочихсон.

Үеэлүүд гэдэг нь аль нэг талаараа эмээ, өвөө нь нэг хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол эцсийн дүндээ улс үндэстэн мөхөхөд хүргэдэг гэдгийг саяын дурьдсан гадны судалгааны дүн харуулж байна. Үр хүүхдүүдийнх нь хувьд харахад илэрхий эрхтэн тогтолцооны согог, гажиг мэдэгдэхгүй мөртлөө оюун ухааны чадавхийн төвшинд шинж тэмдгүүд нь өөр өөрөөр илэрч байдаг.

-Цус ойртолт хүний зан араншинд хэрхэн нөлөөлдөг вэ,  Нийгэм бид гэхээс илүү би гэдэг үзэл давамгайлсан байна. Энэ нь цус ойртолттой холбоотой юу?

-Цус ойртсон бие махбод даррлаа суларсны улмаас байнгын нэгэн зовиуртай байдаг. Тэгэхээр юм бл бол өөрийгөө тойлох, өөрийгөө арчлах, байнгын өөр рүүгээ чиглэсэн арчилгааг шаарддаг болчихдог. Энэ нь эргээд сэтгэлгээнд нь нөлөөлөх, ямар нэгэн зүйл дээр хувиа бодох, амиа аргацаах гэсэн сэтгэлгээ рүү хөтлөөд байдаг.

-Манай улс эртнээсээ нүүдэлчин соёлтой ард түмэн. Тухайн үед цус ойртолт гэдэг зүйл ажиглагддаг байсан үгүйү бид мэдэхгүй. Өнөөгийн монголчууд суурин соёлд шилжсэнтэй холбоотойцус ойртолт их байна уу?

-Үүнийг монголчууд их ухаалгаар зохицуулдаг байсан. Цус ойртолтоос хамгаалдаг гурван арга байдаг. Нэгдүгээрт овог хэрэглэдэг, овгоо мэддэг, овог дотроо гэрлэдэггүй.

Хоёрдугаарт нь гэрийн угийн бичгээ хөтөлдөг, аав, ээжийн талаарх ах дүүсээ бүртгээд үр хүүхэддээ ааж өгдөг.

Гуравдугаарт, хүн амын хөдөлгөөнийг их сайн тэтгэж байх ёстой байдаг.

Хүн ам хэдий чинээ уулзаж, учирч, хоорондоо зорчиж байх тусмаа төдий чинээ цус холилдох үзэгдэл явагдаж байдаг. Тиймээс монголчууд ургаа мэддэг, өөр овгоос бэр буулгадаг, угийн бичгээ хөтөлдөг, засаг захиргааны тогтолцоо 4 аймгийн томсгосон бүтэцтэй байдаг байсан. Хангайгаас говь руу отор нүүдэл хийдэг. энэ хооронд хол нутгийн залуус хоорондоо уулзаж танилцах энэ нөхцөл бүрддэг байж.

Нүүдлийн соёл иргэншлийн давуу талаа ингэж ашигладаг байсан. Одоо манай засаг захиргааны бүтэц 21 аймаг, 330 сум, 1710 багт хуваагдсан. Нийслэлд 152 хороо байдаг. Одоо хүн ам ихтэй дүүргүүдэд дахиад хороо шинээр нэмж байгуулах шийдвэр гарч, хэрэгжиж байна. Энэ бол төрийн үйлчилгээг ард түмэнд ойр болгох арга юм. Гэтэл үүний цаана бид хүн амын хөдөлгөөн яах вэ, энэ шийдвэр маань хүн амын удмын сангийн тэнцвэртэй байдлаа хадгалахад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодож үзэхгүй байна.

Гаднаа хүн амын удмын сангаа хамгаалж, цус ойртолтоос хамгаалж ийм бодлого хэрэгжүүлж байгаа шүү гэж хэн ч хэзээ ч хэлэхгүй. Нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого дотроо түүнийг далд, нууцаар авч явж байдаг. Өмнөх нийгмийн үед “илгээлтийн эзэд” гээд хаа ч хамаагүй явуулдаг байлаа. Их дээд сургууль төгссөн хүн өөрийн төрсөн нутагтаа ажиллах боломж үндсэндээ байхгүй байсан. Хаана томилнл тэнд очиж ажилладаг. Энэ бүх зүйл дандаа хүн амын удмын сангийнхаа аюулгүй байдлыг бодсон асуудлаа давхар авч явдаг учиртай. Энэ өнцгөөс нь харахгүй ганцхан талаас нь хараад л зөв шийдвэр гэх зүйл байгаа юм.

-Төр засгийн зүгээс ямар бодлого баримтлах ёстой вэ?

аяын гурван арга дээрээ л тогтож ярина. 1997 онд ЗГ-ын 17-р тогтоолоор овгоо сэргээж эхэлсэн шүү дээ. бидний иргэний үнэмлэх дээр байгаа овог. Тухйан үед хэрэв та өөрийн жинхэнэ овгоо мэдэж байгаа бол түүнийгээ аваарай, мэдэхгүй бол шинээр зохиомол овог авч боло гэж заасан. Үр дүнд нь монголчуудын 80 гаруй хувь нь боржигон овогтой болчихсон. Нэг гэрийн эхнэр нөхөр хоёрын иргэний үнэмлэх дээрх овог адилхан боржигон. Уг нь тэр хоёр чинь өөр язгуурын овогтой шүү дээ. Ингээд гажуудал гарчихсан. Бидний иргэний үнэмлэх дээрх ургийн овгоор баримжаалж цус ойртохгүй гэх ямар ч үндэслэл байхгүй.

Өнөөдрийн энэ засаг захиргааны хэт жижиглэсэн бүтцийг жаахан томсгоё гэхээр өнөө маргаашдаа хийчих ажил биш. Мэдээж нийгэм эдийн засгийн бодлогоор хүн амынхаа хөдөлгөөнийг тэтгэх зүйл хийх нь зүйтэй. Хамгийн чухал зүйл нь гэрийн угийн бичгээ хөтлөх. Гэрийн угийн бичгээ хөтөлнө гэхээр хүн бүр амархан мэтээр ойлгоод байдаг. Гэтэл яг хийгээд ирэхээр тийм хялбар ажил биш. Тодорхой шинжлэх ухааны арга байна. Үүнийг нь 2007 онд ЗГ-ын тогттол гаргаад угийн бичиг хөтлөх журмыг шинэчилж баталсан.

Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар гээд гарын авлага номыг хүн судлаач эрдэмтдээр бүтээлгэсэн. Энэ загвар бол хүн судлаач монгол эрдэмтдийн монгол хүн судлалаар хийсэн судалгаа шинжилгээний 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн. Сургагч багш нараараа дамжуулан ард иргэдээ угийн бичигжүүлэх ажлыг зааж өгөх ажлыг хийгээд явж байна. Гэхдээ хурд эрчим удаан байна. Хүн ам дахь цус ойртолтын төвшинг түүний үр дагавар нэмэгдэж багаа байдалтай харьцуулахад үүний эсрэг авч байгаа бидний арга хэмжээ хэтэрхий удаан байна.

-Нэг үеэ бодвол айлууд угийн бичгээ хөтлөөд, ургийн баяр хийдэг болж байна. Гэхдээ түүнийгээ зөв зүйтэй хөтөлж байна уу гэдэг дээр анхаарал хандуулах ёстой юм байна.

-Маш чухал асуудал. Аливаа нэгэн зүйл болохоо больж, оргилдоо хүрэхээр түүнийг засах, зогсоох санал санаачлага аяндаа ард түмний дунд гарч ирдэг юм байна. Түүний нэг илрэл нь олон хүмүүс ургийн баяр хийх гэсэн, ах дүүгээ мэдэх гэсэн эрмэлзэлтэй болсон явдал.

-Цагаан сарын баяр дөхөхөөр л сошиалаар дүүрэ энэ ямар хэрэгтэй юм, үүнийг болиулья, мөнгө үрсэн, ахмадуудын халаасыг  хоосолсон гээд л маш их шүүмж гардаг. Цагаан сарын баяр ураг удмаа мэдэхэд чухал ач холбогдолтой шүү дээ.

Өрх айл бүр угийн бичгээ хөтлөх ёстой юм. өрх айл бүр хөтлөхөд мэдээлэл хоорондоо солигдоно шүү дээ. Тиймээс цагаан сар, наадам, ургийн баяраар мэдээллээ нэгтгэж шалгах ёстой. Ер нь манай үндэсний баярууд ах дүүгээ мэдэлцэх соёл, өв уламжлалаа авч явах талаасаа асар их үнэ цэнтэй баярууд. Энэ үнэ цэнийг мэдэрч тэмдэглэх ёстой юм.

-Цус ойртолтыг багасгахын тулд магадгүй гадаад хүнтэй суух юм болов уу гэх бодлууд төрж байж магадгүй юм.  

“Гадны иргэнтэй гэр бүл болохыг бодлогоор дэмжих нь зөв юм биш үү, тэгвэл цус холилдоод, ухаантай хүүхэд төрнө” гэж хэлэх хүн байдаг л даа. Гадны иргэнтэй гэр бүл болох нь цус ойртолтоос багагүй аюул дагуулж байдаг.

Нэгдүгээрт, тухайн гэр бүлд төрж байгаа хүүхэд өөрийн гэсэн амьдралын унаган орчингүй хүүхэд төрдөг. Өөрөөр хэлбэл, монгол орны, нөгөө орныхоо  ч байгаль уур амьсгалд 100 хувь идээшин зохицож чадахгүй ийм удмын сантай хүүхэд төрдөг.

Хоёрдугаарт, хэт их эрлийзжилтээр тухайн хүн амын удмын санд урьд хожид хэзээ ч байгаагүй удамшлын өвчний генүүд хэдэн мянгаараа ороод ирэх боломжийг бий болгодог.

Гуравдугаарт, монгол цус хэт их балархайтаад байвал эцсийн дүндээ монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэг зүйл рүү дагуулдаг.

ЭХ СУРВАЛЖ: ETV

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд