LOADING

Type to search

Монгол брэнд

Д.Шийравжамц: Монгол орноосоо түүсэн өвс ургамлаар хүж хийдэг

Share

“Ногоон дарь эх номын өргөө”-ний тэргүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч МУСТА Д.Шийравжамцтай ярилцлаа.

-“Ногоон дарь эх номын өргөө” үүсэн байгуулагдсаны найман жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд танай хамт ямар зүйл хийж бүтээсэн байна?

-Номын өргөө яруу найраг, дуу хөгжим, урлаг спортын олон арга хэмжээгээр дамжуулан зөв амьдрахуйн ухаанаас хамтдаа суралцдаг соён гэгээрүүлэх өргөө болжээ. Шавь нар маань арав арваараа нэгдэж нэг баг болдог. Одоо 14 баг байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Багаар ажиллахын ач холбогдол бол олон хүн оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгтгэвэл илүү ихийг бүтээнэ. Тэр хэмжээгээр амжилтад хүрч амьдрал ахуйгаа дээшлүүлнэ. Багууд маань өнгөрсөн найман жилийн хугацаанд олон зүйлийг санаачлан зохион байгуулж ирлээ. Чуулган хийж өөр өөрсдийн эрхэлдэг ажлын чиглэлээр үзэсгэлэн танилцуулга гаргаснаар өөрсдийн зам мөрөөр явж байсан хүмүүс нэгэн хүрээлэлд нэгдэж, бусадтайгаа туршлагаа хуваалцах, нэгэндээ тусалж дэмжих  бололцоотой болсон. Биеийн тамир, урлаг соёлын уулзалтыг зохион байгуулж, шүлэг, эссе, уран уншлага, дуу бүжгийн уралдаан зохион байгуулдаг. Жил бүр “Урам хайрлах өдөр” зохион байгуулдаг. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баг хамт олноороо Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, ном уншлагаа хурж байгаль эх дэлхийгээ хамгаалах байгаль экологи руу чиглэсэн цөөнгүй ажлыг хийсэн байна. Тухайлбал, 2016 онд Чингис хааны өлгий нутаг, голын эх сав газар болох Хэрлэн голын хөвөөнөө тахилга үйлддэг ёсыг сэргээж, нийт монголчуудынхаа тусын тулд айлтгал өргөсөн.  Багуудын төлөөлөл тэнд бизнес уулзалт хийж бизнесийн арга туршлагаасаа хуваалцаж лекц тавьсан. “Алтан овоо”, “Хүслийн уул”-наас энерги хүртэж, буян үйлдэж, нэгэндээ ухаарал мэдлэгээ хуваалцдаг. Мөн ОХУ-ын “Хусейны Озерь”, БНХАУ-ын зарим нэг муж хотуудаар аялжээ. Бид Төв аймгийн Бүрэн суманд чацаргана тарилаа.

Жимсний мод тарьж чанамал өөрсдөө хийдэг. Тарвас бас тарьж үзсэн. “Номын өргөө”-ндөө төрөл бүрийн жимсний мод тарьсан байна. Байгаль эх дэлхийгээ хамгаалах чиглэлийн ажлууд цаашдаа хийхээр төлөвлөсөн. Энэ 2017 онд Эрчүүдийн зөвлөлийн санаачилгаар “Алсхан” төрийн бус байгууллага байгуулагдаж, номын өргөөнийхөө дэргэд хувьцаат компани байгуулж, залуучууд маань бизнес төсөл боловсруулж байна. Жишээлбэл, Нийслэл хотын утааг бууруулахад хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэж залуучууд маань ярьж хэлэлцэж байна.

-Дуучин Намсрайноровийн дуулсан “Хонгор чамдаа”, МУГЖ Ш.Чимидцэеэгийн “Хайрлан хүндэлж яваарай” зэрэг олон сайхан дууны үгийг та зохиосон байдаг. Та мөн ая зохиодог. Энэтхэгт сурч боловсорсон шашны хүний сэтгэлийн утаснаас уран бүтээлчийн дэврүүн цалгиа гарч байдаг нь анхаарал татдаг?

-Аливаа уран бүтээлээр дамжин ухаарал, сэтгэлийн дэм нэгэндээ хайрлаж байдаг болов уу. Манай “Номын өргөө” уран бүтээлийн арвин баялаг үүцтэй. “Ухаарахуй шүлгийн цомог” (CD хуурцаг), “Сэтгэлийн амирлангуй” номын уншлагын цомог (CD), “Аялагхан” дууны цомог (CD), “Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн уран бүтээл”-ийн цомог (DVD) зэрэг олон уран бүтээл нийтийн хүртээл болж гала тоглолтууд тавигджээ.  Манай “Номын өргөө” дэргэдээ морин хуур, лимбэ зэрэг төрөл бүрийн хөгжмийн чуулга хамтлагтай. Шавь нар дотроос зургаан настнаас эхлээд 60 хүрсэн хүмүүс хөгжим сурч байна. “Номын өргөө”-ний дуучин СТА Л.Баяр-Эрдэнийн уран бүтээлийн тоглолт болж байсан. Өнгөрсөн онд лимбэний багш Монголын хүүхдийн ордны багш СТА Ч.Даваажав багшийн маань уран бүтээлийн тайлан тоглолтыг “Номын өргөө” санаачлан зохион байгууллаа.

Мөн миний “Чимээлэхүй” цомог шинээр гарлаа. Б.Алтантуул багшийн “Хүн бүрийн хайранд хүж дэлхий амгалан байг” цомог гарсан. Хүн хүсвэл бүхнийг хийж болдог юм гэдгийг номын өргөөнийхөн харуулдаг.  Багууд маань нэгэндээ ухаарал хайрласан лекц уншиж сонсгодог. 2017 онд монгол ёс заншлын сэдэвтэй цуврал лекц  үргэлжлэн зохион байгуулагдахаар төлөвлөсөн бөгөөд энэ нэгдүгээр сард “Цэцэн хулгана” баг “Хүүхдээр хүн хийх ухаан” сэдвийн дор лекц тавихаар зэхсэн байх жишээний.

-Сар бүрийн шинийн 2, 8, зулын 25-ны өдөр шавь нартайгаа маанийн үсгийг хөгжөөж бултаараа ном уншдаг.  Хэн бүхэн уншиж болохоор монгол хэлнээ хөрвүүлсэн судар, номыг кирилл үсгээр хэвлэн гаргасан нь дэвшилттэй харагддаг?

-Бид Түвд номыг кирилл үсгээр буюу өөрсдийнхөө мэддэг хэл дээр аялгуулж уншдаг. Сүсэгтэн хүмүүс уншиж танъя гэхэд Түвд үсгийг уншиж чадахгүйгээсээ болоод зөвхөн лам шашны хүмүүс ном айлддаг гэсэн ташаа ойлголт үүссэн. Бидний өвөө, эмээ өвөг дээдэс маань түвд үсэг мэддэг, цээжилсэн ном уншлагаа олуулаа уншиж маань хөгжөөж ирсэн эртний сайхан уламжлал бий. Олуулаа хийсэн буян хүчтэй гэдэг дээ. Гэртээ номын тавиурт нүднээс далд хийхээсээ илүүтэй уншиж танин мэдэх хэрэгтэй. Олуулаа нийлж айзам хэмнэлд оруулан уншихаар хүний сэтгэлийн дотоод утсыг хөндөж байгаа юм л даа. Бурхны ном хүрч болшгүй оргилд байгаа биш, бидний сэтгэл дотор байдаг.

Гэгээрэл гэдэг нь аливаа зүйлийг мэдэж танихын нэрийг хэлдэг. Мэдэхгүй юмаа хүн мэдээд үр хүүхэддээ хэлж сургах нь гэгээрэл юм. Бид олуулаа номоо уншиж, мааниа хөгжөөхдөө тухайн уншиж буй номныхоо утга хийгээд ач тус авралыг сайн танин мэдсэн байдаг. Манай “Номын өргөө”-нийхөн сардаа тогтмол хурдаг гурван номондоо ирэхдээ бие цэмцгэр, сэтгэл цэх, баяр баясгалантай ирдэг. Буяныг хураахын тулд юуны өмнө биеэ засч, цэвэр бүтэн хувцсаа өмсч, цагаасаа хоцрохгүй ирэх гэх мэт наад захын хариуцлага, ёсын сахих нь зүйн хэрэг.

Буян хураана гэхээр өнөөдөр шашны хүнээр ном уншуулаад маргааш шууд мөнгөтэй баян болох тухай ойлголт огтоос биш. Номын дуу маш их энерги өгдөг. Хүний сэтгэл гол нь амар амгалан түвшин болоод ирэхээрээ хийж буй ажилдаа дурлаж, ажил үйлс нь өөдөө бүтэх нь буян гэж яриад байгаагийн нэг  илрэл юм. Байгаа сайхан бүхнээ өөд татаж, бие сэтгэлээ ариун байлгаж байж буян хурдаг наад захын ойлголтыг манай шавь нар танин мэдэж ухаардаг нь сайшаалтай юм.

-“Номын өргөө”-нд зөв үгээр ярихуйн ухааныг сургадаг. Монголчууд бид эртнээс аливааг сайн үгээр онож хэлдэг байсан аж амьдралын энэ сургааль цаг үеэ дагаад алдагдсаар ирсэн?

-Номын өргөөний гол чиг шугам “Үг нь зөв бол үйл нь зөв юм” гэж үздэг. Үг сайхан байгаасай. Болохгүй талаас нь биш бүтэж байгаа талаас нь бэлэг дэмбэрэлтэй сайхан ярьдаг байгаасай. Нэгнээ дэмжиж урамшуулдаг байгаасай гэж чин сэтгэлийн угаас хүсдэг. Манай “Номын өргөө”-нийхөн мэндлэхдээ “Дэлгэр сайхан уу? гэж мэндэлдэг. “Сайн байна уу” гэдэг чинь эзэн биегүйгээр мэндчилж буй хэрэг. Мэндлэхээсээ эхлээд энгийн юм шиг мөртлөө хүний хүмүүжилд асар их нөлөөтэй. Бие, хэл, сэтгэл гурав хүнийг хэрхэн амьдрахыг тодорхойлчихдог гээд бодохгүй юу. Хүн хүнээр битгий дутаасай. 

Хүнд сэтгэлийн үрээр үгүйлэгдэж буйг нь өгч чадаж буй учраас “Номын өргөө” маань улам гэрэлтэж, олон шавь нар маань хуран цуглах дуртай байдаг болов уу.  Ер нь олуулаа дуу хуур, наадмаар хөгжиж, сэтгэлийн их хүч ухаарал авсан хүмүүсийн сэтгэл дандаа гэгээн байдаг. Манай хамт олон дунд ороод ирэхээрээ ямар ч насны хүн насаа мартаад өөрийгөө голдоггүй. Уг нь хүнд өөрт нь маш их чадвар, чадахгүй гэх зүйл байхгүй юм л даа. Тэрийг нь ойлгуулж, дэмжээд өгөхөөр хүнээс гарахгүй чадвар, дутахгүй сэтгэл гэж байдаггүй.

-Монголын анхны эко хүжний үйлдвэрлэлийг “Номын өргөө” явуулдаг. Хүжний үйлдвэрийн тухай товч танилцуулгыг хүргээч?

-“Монгол эко” байгалийн гаралтай найман төрлийн хүж хийж байна. Үндсэн зургаан хүн ажилтантай. Манай хүжний гол онцлог бол Монгол орноосоо түүсэн өвс ургамлаар хийхдээ химийн ямар нэгэн бодис, өнгө оруулагч хольдоггүй, цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр хийдэг.

-Дэлхий дахинд буддын шашин хүчээ авч байна гэдэг. Монголд хамгийн хуучинсаг, хөгжилгүй нь буддын шашин болчихсон. Үүнийг тэгээд хутагт хувилгаан хуваргууд шинэчлэх юм уу, сүсэгтнүүд нь өөрсдөө боловсрох ёстой юу?

-Аль аль нь учрыг мэдэх хэрэгтэй. Учир зүйлгүй юм хорвоод үгүй.  Аливаа зүйлийг шүтэхэд танин мэдэхээс эхлэнэ. Танин мэдэх нь шинжлэх ухаан юм. Лам хуврагууд хийх ёстой, сүсэгтнүүд хийх ёстой гэсэн зааг байхгүй. Орчин үед учрыг танин мэдэх бүрэн боломж нь өргөн дэлгэр байна. Ном уншиж болно, мэдэхгүйгээ мэддэгээсээ асууж болно. Шүтэж чадвал шүдэнзний мод  амилна гэсэн нь хүний сэтгэлийн хүч аугаа гэдгийг илэрхийлсэн. Заавал лам, шашныг шүтэхдээ биш юм. Та өглөө босохдоо сайн сайхны тухай бод л доо. Өдөржингөө сайхан юм бод.

Муухай  юм ярьж буй хүнээс хөндийр. Сайхан талаас нь хараад мэдрээд ирэхээр өөрт ч тустай өрөөлд ч тустай. Миний нэг бодож явдаг зүйл бол монголчууд маань цөөхүүлээ байж битгий нутгархаж, дов жалганы үзэл гаргаж байгаасай гэж хүсдэг. Хэрэв нутгархдаг үзлээсээ салчихвал Монголоо гэж бодох юм даа. Буддын шашны үндсэн лоозон  болох “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” гэх үзлийг ухаад үзэхэд л харагдана. Энэ минийх, тэр хүнийх гээд байвал тэр эх болсон зургаан зүйл чинь юу болж таарах уу.

-Тантай уулзсан хүн, шавь нар тань сайхан энерги авч аз жаргалтай болдог гэлцдэг. Та дотоод сэтгэлдээ амар амгалан байдаг уу. Стресс ихтэй нийгэм гэж сүүлийн үед ярих боллоо?

-Би танд нууцаа дэлгэе. Өглөө босоод бурхандаа мөргөхдөө “Эх зургаан зүйл хамаг амьтны тусын тулд амгалан байг. Намайг муу хэлсэн хүмүүс амгалан байг. Намайг магтсан хүмүүс амгалан байг” гэж залбирдаг. Тэгээд  бодохоор  надад тэр өдөр нээх сайн, нээх муу хүн харагддаггүй. Хүн бүр ижилхэн хоёр чихтэй, хоёр нүдтэй, нэг амтай. Би хүнийг сайн, муу гэж ялгадаггүй нь миний амар амгалан байгаагийн гол учир юм болов уу. Гадаа хямраад байна гээд дотроо хүн хямраад байвал юу болох уу. Хүнд гадна дотно саад байдаг. Бид гадна талын саад руугаа анхаарлаа  их хандуулдаг. Уг нь хүний ажилд оролцохгүй, хүн муу хэлэхгүй байх зэрэг дотор талын саад руугаа эхлээд анхаармаар. Бид бухимдаад байдаг учир нь өөрийн хийх ёстой ажлаа хийхгүй байж хүний ажилд дандаа оролцдог.  Хүний ажилд оролцохдоо муу, буруу талаас нь эхэлж харж, боддог.

Тэгсэн хэрнээ хүн өөрийгөө шүүмжлүүлэх тун дургүй, өндөг шиг өөгүй гэж бодно. Өрөөлийг харахаараа бүх тал нь болохгүй мэт харна. Ер нь муухай бодсон болгон чинь хямралын үндэс болчихоод байна. Сэтгэл амгалан бол эрүүл мэнд сайн, ажил үйлс  түвшин бүх зүйл сайн байна шүү дээ. Өглөө босоод л хүйтэн яасан онцгүй өдөр вэ гээд гасалдаг. Тэнгэрийг захирч чадахгүйгээс хойш тэгтлээ сэтгэлээ чилээх хэрэг юу байна. Тэрний оронд өнөөдөр яасан сайхан хүйтэн байна аа гэх ёстой баймаар. Учир нь өвөл юм чинь хүйтэн байлгүй л яахав дээ.

Миний бичсэн “Хүйтрэхгүй бол өвөл байгаад яадаг юм. Хүнд муу хэлүүлэхгүй юм бол амьд яваад яадаг юм” гэх үг бий. Ер нь сайн, муу гэж туйл байхгүй  хүн гэдэг талаас нь харах, тусгаж авах нь сэтгэл амар байдаг юм. Аливаа хүн сэтгэлийн баяр баясгаланг өөрөөсөө төрүүлнэ, өрөөлөөс битгий хай. Миний ядарч яваа нь төр засгийн буруу л гэдэг. Угтаа өөрөө л залхуу гэдэг ч юмуу буруу өөрт оршиж байгаа л байхгүй юу. Миний хувьд бусдад бухимдаад яах юм бэ. Бусдын өөг хардаг шиг адилхан болчихно. 

Бусдын өө харснаас өөрийнхөө өөг хараад сууж байсан нь дээр гэж үздэг. Шашны тухай энгийн зүйл хэлье. Аливаа юмыг шүтсэн  хүнд арга олддог. Олон талаас нь эргэцүүлэн боддогоороо давуу. Залбирч мөргөж, буян хийдэг хүмүүс аливаа бэрхшээл саад учрахад хүлээн зөвшөөрдөг, хэрхэн даван туулах вэ гэдгээ тайвнаар хүлээн авдаг. Хүн бэрхшээлийн өмнө сөхрөхгүйн тулд амьдралыг хүн бүр өөрийн биеэр туулдаг. Бэлэн тавьсан будаа идэх нь хүний амьдрал биш.  Төрөх, үхэх, өвдөх нь үнэн шиг бэрхшээлтэй учирч, даван туулж, бэрхшээл улиран одох нь жам юм. 

-Та амьдралд юунд хамгийн их талархаж явдаг вэ?

-Аав ээж, ах эгч, өвөг дээдэсдээ баярлаж талархдаг. Намайг муу хэлсэн хүнд баярладаг. Намайг дэмжсэн хүнд баярладаг. Амар сайдын номонд “Сайн нь ч миний багш. Муу нь ч миний багш” гэж бичсэн байдаг. Бүх зүйлд баярлаж талархдаг даа.

Миний бичсэн шүлэгт:

“Ачлан төрүүлсэн аав ээждээ мөргөе

Ариун усаар угаасан адуутай булагтаа мөргөе

Асрал хайраар халамжилсан ах эгч дүү нартаа мөргөе

Аминчлан сурггааль хайрласан хүргэн бэрдээ мөргөе” гэж бичсэн нь бий.

Монголын мэдээ сонин

error: Content is protected !!