No menu items!
HomeЯрилцлагаМ.Ичинноров: Хүүхэд зургаан нас хүртлээ хүн болох төлөвшлийнхөө 80-90 хувийг олж авдаг

М.Ичинноров: Хүүхэд зургаан нас хүртлээ хүн болох төлөвшлийнхөө 80-90 хувийг олж авдаг

-

Сурган сэтгэл судлалын багш, докторант М. Ичиноровын Хүн байхын учир нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таны бодлоор хүн байх, хүн болох гэж юу гэсэн үг вэ?

– Хүн байна, хүн болно гэдэг нь би хэн бэ? гэх асуултад хариулт өгч чадах болсон тэр үеэс эхлэн хүн болж байна даа гэж бодож болохоор. Ардын зүйр үгэнд “биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэж бий. Хүн өөрийгөө танина гэдэг их хэцүү зүйл. Гэхдээ гурван настай хүүхэд гэхэд дургүй зүйлээ илэрхийлдэг нь юу хүсч байгаагаа илэрхийлж байна гэсэн үг. Энэ чинь л хүн болж байгаагийн эхлэл. Насанд хүрсэн хүний хувьд хэлж байгаа зүйлдээ өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж чаддаг, би хэн бэ? гэдгээ мэдэрч чадсан энэ үеэс л жинхэнэ хүн болж байна даа гэж ярих байх.

-Насанд хүрсэн хойноо хүн болох гэх ойлголт байдаг. Хүний төлөвшил хэдий үеэс эхэлдэг вэ?

– Хүний төлөвшил өөрийн гэсэн хөгжил дэвшил, зүй тогтолтой. Хүний хөгжлийн асуудал 0-18 нас хүртэлх үед их нарийн байдаг. Хүний хөгжил тогтоно гэсэн ойлголт харьцангуй ойлголт. Хүн хөгжин дэвших зүй тогтлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлавал, 0-1 насны хүүхдэд өвөрмөц мэдрэмж төлөвшдөг. Тэр нь хүн ирээдүйд итгэх, үл итгэх суурь мэдрэмжтэй болно гэж байгаа юм. Энэ их сонин сонсогдож магадгүй. 0-1 насны хүүхэд хүмүүстэй харьцахдаа таатай байдлаар харьцдаг. Таатай байвал инээх, таагүй байвал уйлах хариу үзүүлдэг. Хүүхэд ээжийгээ дуудахдаа уйлдаг. Тухайн хүүхдэд таагүй зүйл тохиолдоход ээж нь тусламж үзүүлэхэд бэлэн байх хандлагаар энэ мэдрэмж төлөвшдөг. Өөрөөр хэлбэл, би хамгаалалттай юм байна гэдгийг мэдрэх тэр мэдрэмж 0-1 насанд төлөвших жишээтэй. 1-3 насны хүүхэд бол би өөрөө хийнэ гэдэг суурь мэдрэмж төлөвшдөг. Энэ үед нь эцэг эхчүүдийн зүгээс чи чадахгүй гэх нь хүүхдийн энэ төлөвшлийг үгүй хийж байна гэсэн үг. Ийм учраас хүүхдийн хөгжин дэвшлийн эдгээр зүй тогтлыг эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй. Хүний хөгжлийн асуудал нь тодорхой шинжлэх ухааны үндэслэл, зүй тогтолтой юм гэдгийг бид ойлгох ёстой.  Тэгж байж хүний хөгжлийг ярьна.

Хүн болох багаасаа гэж манай монголчууд ярьдаг. Цэцэрлэгийн орчинд нь багш нар хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?  

– Өнөөдөр бид хүмүүжүүлнэ, боловсрол олгоно гэж яриад байна. Уг ёсондоо тийм хандлагаар ажиллаж болохгүй юм шиг байгаа юм. Тэгэхээр бид ямар нэгэн зохион байгуулалттай үйл ажиллгаагаар хүнийг хүчээр нэг загварт оруулах болж байна гэсэн үг. Хүн бүр, хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй байдаг. Тэрхүү ертөнцийг нь нээж хөгжүүлэхэд багш сурган хүмүүжүүлэгч нар дэмжлэг үзүүлэх ёстой. Цэцэрлэгт явах энэ үе хүүхдийн төлөвшлийн хамгийн чухал үе. Манай сурган хүмүүжүүлэх  ухаанд хүүхэд 6 нас хүртлээ хүн болох төлөвшлийнхөө 80-90 хувийг олж авдаг гэж үздэг. Энэ насанд хүүхэд хүн байхын, хүн болохын энгийн юм шиг хэрнээ нарийн утга учрыг ойлгож эхэлдэг. Жишээлбэл, мэндлэх, хүнлэх, баярлаж талархсан сэтгэгдлээ илэрхийлэх хамгийн энгийн бөгөөд хүний амьдралд байнгын хэрэглэгдэж байдаг зөв амьдралын дадал хэвшилд суралцдаг. 4, 5, 6 настай хүүхдүүдийг миний хий гэсэн бүхнийг хийх ёстой балчир хүүхэд гэдэг хандлагаар биш хүүхэд юу хүсч байна гэдгийг анзаарч багш нар маань хүүхдийг хөдөлгөөн дунд нь, тоглож байгаа явцад нь нөлөөллийн ач холбогдол өгч, бодож боловсруулах хэрэгтэй.

– Багшийн зааварчилгаа, зөвлөгөө хүүхдэд маш их нөлөөлдөг шүү дээ.

Эцэг эхчүүд хүүхдээ багшид даатгаад орхидог. Энэ бол багшийг эрдэм номтой хүн гэж итгэдэг уламжлалтай холбоотой. Нөгөө талаас эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсрол дутмаг учраас энэ тал дээр хүүхэдтэйгээ тулж ажиллаж чаддаггүй. Хүүхдүүд “би багш шигээ л болно”, “багш ингэж хэлсэн шүү дээ” гэж ярьдаг. Энэ нь хүүхэд үнэн зөв гэж бодсон зүйлдээ итгэл үнэмшилтэй болдогтой холбоотой. Сурган хүмүүжүүлэхэд багшийн нөлөөлөл асар их. Зөв үг хэлдэг, зөв үйл хийдэг, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл зөрдөггүй байх зэрэг дээр багш анхаарч ажиллах хэрэгтэй байдаг.

-Та бага ангийн багш нарт хичээл ордог багшийн багш хүн. Шавь нартаа юуг илүү зөвлөдөг вэ, бага ангийн хүүхдүүдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг зүйл юу вэ?

– Хүүхдэд хөгжих боломжийг нь олгож чаддаг багш болоосой гэж хүсдэг. Хүүхэд бүр боломж нөхцлийг нь бүрдүүлвэл хөгжих боломжтой. Хүүхэд бүр тийм чадвартай. Тиймээс энэ боломж, энэ нөөцийг багш илрүүлэхийн тулд өөрийн арга, арга зүй, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээг хөгжүүлж байгаасай гэж хүсдэг. Миний хамгийн их эрхэмлэдэг зүйл бол хүүхдэд “заадаг” багш биш тэр хүүхдийг ажиллуулдаг багш байгаасай. Хүүхдэд бэлэн зүйлийг өгөх биш, сэтгэн бодуулдаг байх. Зааж байгаа зүйл нь хүүхдийн бүхий л боломж нөөцийг илрүүлж чадах, илүү их ярих, дотоод сэтгэлээ илэрхийлэх боломжийг нээж өгсөн хүлээцтэй, арга барилтай байгаасай гэж их боддог.

-Монголчууд маань хүүхдээ хүмүүжүүлэхдээ даруу, төлөв төвшин занг эрхэмлэж ирсэн. Уламжлалт болон орчин цагийн хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан хэр ялгаатай вэ?

– Монгол арга ухаан гэдэг маань өөрөө их агуу. Сурган хүмүүжүүлэх уламжлалаас харахад монголчууд дагуулж сургадаг байсан. Эмэгтэй хүүхэд гэртээ ямар ажил хийх ёстой, түүнийг эх нь дагуулж сургадаг. Хүүхэд эцэг эхээ хараад сурдаг дагуулж, хөтлөх ухаан байсан. Тэгэхээр энэ ухааныг өнөөдөр бид яагаад хэрэглэж болохгүй гэж. Аав шиг аав, ээж шиг ээж баймаар байна. Хүүхэд нийгэмших процесс буюу нийгмийн хүн болох процесс нь хүүхэд эхлээд юмыг дуурайхаас эхлээд яваандаа учрыг нь олж, өөрөө хийж туршлага, арга барилаа олж авдаг. Ардын энэ уламжлал бол сурган хүмүүжүүлэх их том сургааль юм. Үүнийг орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухаантай хослуулж хэрэглэх хэрэгтэй. Бидний хүүхэд байх үеийн хандлага мэдээж орчин үед өөрчлөгдсөн. Энэ нь нийгмийн хөгжил, хүүхдийн хөгжилтэй холбоотой. Хүүхдийн дотоод мэдрэмж гэдэг бол хүүхэд анх эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн тэр үеэс уялдаа холбоотой явагддаг. Тиймээс энэ үеэс эхэлж анхаарах хэрэгтэй.

-Ихэнх төлөвшлөө олж авдаг зургаан нас хүртэл нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж ирсэн бэ, юу гэж сургадаг байсан бол?

Дээр дурьдсанчлан дагуулж сургадаг. Үүнээс гадна зүйр цэцэн үг, сургааль үгийг их хэрэглэдэг, хүүхэдтэйгээ хамт уламжлалт тоглоом наадгайгаар тоглодог байлаа. Өнөөдөр шагай цуглуулдаг айл ховор болсон байна. Компьютер хүүхдийн тоглоом мэтээр бодож байгаа эцэг эхчүүд ч байна. Гэтэл хүүхэд янз бүрийн наадгайгаар тоглох хэрэгтэй шүү дээ. Манай уламжлалд багаас нь хүүхдийн оюун ухаанд анхаардаг байсны илрэл оньсон тоглоомууд байна.

Мөн зургаан нас хүртэлх хүүхдийг их хайрладаг байсан. Хүүхдийг тав, зургаан нас хүртэл “хаан мэт хүндэл, хатан мэт асар” гэж үг байдаг шүү дээ. Хүүхэд хэдийн чинээ хайрыг мэдэрнэ төдий чинээ хайрлах гэдэг зүйлийг мэдэрдэг. 6-12 нас хүртэл монгол уламжлалд “харц мэт зарцал” гэж байгаа юм. Юмыг хийлгэж сурга гэсэн санаа юм. Цаашлаад өсвөр насанд хүрэхэд нь “нөхөр мэт харилц” гэж. Өсвөр насанд үзэл бодлыг нь сонсдог, том хүн болох гэж байна гэсэн үзлээр хандах уламжлал монгол уламжлалт арга ухаанд байсан.

– Эдгээр уламжлалт арга ухааныг орчин үетэй хэрхэн хослуулж болох вэ?

– Монгол уламжлал, сэтгэлгээ гэдэг маань хүүхдээ хэрхэн сайн хүн болгох вэ гэдэгт төвлөрч байсан. Сайн хүн болгож өсгөхийн тулд бид яах вэ гэхээр уламжилж ирсэн ахас ихсээ хүндлэх ёсонд сургах, насанд нь тохирсон хөдөлмөрт сургах хэрэгтэй. Монголчууд эрт цагаас хөдөлмөрийн шүтэж ирсэн. Хүний амьдрах үндэс бол хөдөлмөр гэж үздэг байсан учраас хөдөлмөрч чанарт сургана гэдэг маш чухал. Гэр бүлийн уламжлалд хөдөлмөрийн хуваарь гаргах түүнийгээ хүүхдүүдээр өөрсдөөр нь үнэлүүлэх нь чухал. Амьдрах учир, үнэ цэнийг ойлгуулах сайхан сургааль үгсийг яагаад хэрэглэж болохгүй гэж. Эдгээр сургааль үг, зүйр цэцэн үгс гэр бүлийн амьдралд яаж буух вэ. Энэ бүгд чинь л монгол арга ухаан. Дан сургууль, цэцэрлэгт хүүхдээ даатгаад орхих нь буруу.

– Сурган хүмүүжүүлэгч болон эцэг эхчүүдийн хамгийн гол зорилго бол хүүхдийг хүний дайтай хүн болгох. Таны бодлоор хүний дайтай хүн гэж хэн бэ?

– Хүний дайтай хүн гэдэг бол амьдралын утга учрыг ойлгосон, амьдралынхаа эзэн нь байхыг хэлэх болов уу. Жишээлбэл, хүүхдийн дайтай хүүхэд гэж байж болно шүү дээ. Даалгавраа хэнээр ч хэлүүлэхгүйгээр хийчихдэг, орой хоол хийх болвол чадах хэрээрээ бэлтгээд өгчихдөг байх нь хүүхдийн дайтай хүүхэд байгаагийн илрэл. Хийж байгаа зүйлдээ эзэн нь байх, чаддаг зүйлдээ сэтгэлээсээ ханддаг, хийж байгаа зүйлээрээ бахархдаг, үр дүнг нь тооцдог, үнэлдэг, хийсэн зүйлээ хараад өөрөөрөө бахархдаг байх юм бол хүний дайтай хүн гэж бодож байна.

– Эцэг эхчүүд хүүхдээ чи хэзээ нэг хүн болно доо гэдэг. Энэ нь арай л нэг дутуу байна даа гэдгийг илэрхийлж байгаа байх.

– Өөрийгөө л мэдэх, мэдрэх хэрэгтэй. Мэдэх мэдрэх таних гэдгийн тухайд янз бүрийн ойлголт. 7, 8 наснаас эхлээд хүүхэд Би хэн бэ? гэдгээ мэдэрч эхэлдэг. Би юу чаддаг вэ, би ууртай хүн юм уу гэх зэрэг эдгээр зан чанарынхаа хувьд хүүхэд өөрийгөө бусдаас ялгаж чаддаг. Сайн мууг ялгаж, өөрт байгаа муу талыг засаж залруулахыг хичээдэг байх юм бол хүний дайтай хүн болохыг эхлэл шүү дээ.

– Сурган хүмүүжүүлэгч нар шавь нараа маш сайн мэддэг. Энэ хүүхэд том болоод иймэрхүү хүн болно доо гэдгийг гадарладаг шүү дээ.    

Манай зарим багш нар ярьдаг шүү дээ. Энэ том болоод их мундаг хүн болно. Их ажигч гярхай юм гээд л. Энэ нь хүүхэд бага насандаа олж авах зүйлсийг бүрэн дүүрэн авч чадсан байна гэсэн үг.

  Хүүхэд тоглож байх явцад бусдыг ойлгох, бусдыг сонсох, бусадтай хамтрах, харилцан ойлголцох гэсэн энэ суурь мэдрэмжүүд тавигддаг. Энэ үедээ этгээд үг, хараалын үгийг хаа хамаагүй яриад явдаг хүүхэд ч байдаг. Түүнийг судлаад үзэхээр гэр бүлийн гишүүдийн хоорондын зохисгүй харилцаатай холбоотой байдаг. Тэгэхээр багш нар маань судалгаа хийж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд сайн муу зүйлсийг ялгах чадвар суугаагүй учраас сахилгагүй мэтээр багшид харагдах тохиолдол байдаг. Тиймээс энэ бүхний цаад учир шалтгаан юу байна вэ гэдгийг л сайн бодох хэрэгтэй.

-Аль хэдийн хүмүүжил нь төлөвшсөн, бие хүн болсон үед хүмүүжилд нь ямар нэгэн доголдол байх юм бол үүнийг хэрхэн засч залруулж болох вэ?

-Хүмүүжлийн доголдолтой хүмүүсийг угаасаа ийм гэж үзэж болохгүй. Сэтгэл судлаачдын нөлөөлөх янз бүрийн аргууд байдаг. Үүнийг ашиглаж болно. Гэр бүл орчин тойрны хүмүүс нь энэ угаасаа ийм гэж бодохын оронд ухааруулдаг байх хэрэгтэй. Хүнийг өөрөө өөрийгөө цэгнэдэг байдалд сургах юм бол буруу замаар явдаггүй. Насанд хүрсэн хүний ч гэсэн тухайн хийсэн үйлдэл дээр нь ярилцах хэрэгтэй байдаг.

  Хувь хүн өөрийгөө үнэлэх үнэлгээ маш чухал. Жишээлбэл, бага насны хүүхдийг хөөх миний хүүч, охин чинь яасан сайн юм бэ гээд л магтаж, урамшуулахад хүүхэд улам сайжирдаг. Харин өсвөр насны хүүхдийг магтахаас илүүтэйгээр үйлдлийг нь шинжих замаар үнэлгээ өгдөг. Ахлах ангид ороод ирэхээр нь хандлага, санааг нь үнэлэх, дэмжих хэрэгтэй байдаг. Нас насны онцлогоос хамаараад үнэлгээ хүртэл өөр өөр. Насанд хүрсэн хүний хувьд алдаан дээрээс нь суралцуулах нь чухал. Хүний суралцахуйн гайхамшиг бол алдаан дээрээсээ суралцах.

– Орчин үед хүмүүс амьдрах ухаантай бол болно. Заавал боловсрол шаардлагагүй гэж ярьдаг болж. Энэ талаарх таны бодол?

– Ингэж ярьж байгаа нь тухайн хүн боловсрол гэдийг хэрхэн ойлгож байгаатай холбоотой. Боловсрол гэдэг нь бие даан ажиллах, амьдрах чадвартай иргэн хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ гэж боловсролын тухай хуульд заасан байгаа. Амьдрах ухаан гэдэг бол боловсролын нэг хэсэг. Боловсрол гэдэг их өргөн ойлголт. Эрдэм мэдлэгийн хувьд, амьдрах ухааны хувьд, хүнийхээ хувьд боловсрох гээд олон янз. Тэгэхээр ингэж ярих нь миний хувьд өрөөсгөл ойлголт.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд