Ц.Балхаажав: Монголын уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх арга барил өнөөдөр ч хоцрогдоогүй

0
2559

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын “Хүн байхын учир” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та олон жил хүн хэмээх аугаа ертөнцийг судалж яваа. “Манай гарагийн хүн”, “Монгол хүн” хэмээх олон сайхан бүтээлээ бичсэн. Та хүн гэдгийг өөрийнхөөрөө тодорхойлж өгөөч?

– Хүнд маш олон тодорхойлолт өгч болно. Хамгийн гол тодорхойлолт бол амьд байгалийн хамгийн дээд төвшиний хөгжил, ноён оргил нь гэж хэлж болох юм. Яагаад вэ гэхээр хүн сармагчний амьдралаас  салах гэж, хоёр хөл дээрээ босох гэж, хоёр гараа чөлөөлөх гэж, хөдөлмөр эрхэлж амьдардаг болох гэж наад зах нь сая гаруй жилийн турш тэмцэж ирсэн. Ийм учраас эволюци хөгжлийн үр дүн гэдэг бол хүн юм гэдэг ойлголтыг хэлж болно. Хүн судлалын асуудал бол хөнгөн асуудал биш.

Хүний амьдралын бүх үйл явцад холбогдох зүйлийг судалдаг. Тиймээс ганц нэг юм уу хэсэг бүлэг хүмүүс судлаад дуусчихдаг зүйл биш. Цаг мөч бүрийг шаардсан ажил байж цааш явах ёстой. Энэ тал дээр би хүнээс бүх зүйл эхлэх ёстой гэж боддог. Харамсалтай нь хүнээс бүх зүйл эхлэхгүй хүнийг дайварт авч явсан тал дэлхийд ч, манайд  ч бий. Хүний хөгжлийн явцад хүнийг гүйцэд бүрэн ашиглая гэдэг ийм асуудлыг олонтаа тавьж ирсэн.

Гэвч хүний чадварийг гүйцэт ашиглахгүй ажлаас нь халах, эрт тэтгэвэрт гаргах, ажилд авахад насны хязгаарлалт тогтоох мэтийн ийм үзэгдлүүд байна. Хүн чадамжийн энэ ашиглалт муугаас болоод хүнийг дээдэлж, үнэлэх, түүний  хөдөлмөр зүтгэлийг зохих ёсоор ижил, тэгш авч үзэх энэ асуудалд доголдол их гарч байгаа юм. 

Хүнийг бид нэгэнт л хөгжлийн дээд оргил гэж үзэж байгаа юм бол аливаа бүхэнд хүнээ төв цэгт тавьж хандах, ийм ажлын арга барилтай байсан цагт хүн төрөлхтөн аль ч улс орон, аль ч баг хамт олонд байлаа гэсэн алдаанд хүрэхгүй гэж үздэг.

-Хүн төвт үзэл үү?

-Тийм ээ. Сүүлийн үед хүний хөгжлийн асуудлаар нэлээд ахаарч, төрийн баримт бичигт тусгаж, зарим үед хурлаар хэлэлцэж, хүнээ хөгжүүлье гэх асуудлыг тавьж байгаа. Гэхдээ үүнийг миний ойлголтоор жинхэнэ хүн судлалын шинжлэх ухааны үүднээс биш хүнийг зүгээр нэг үйл ажиллагаанд ашиглах, хүнд зохих хэмжээний халамж үзүүлэх төдийгөөр ойлгох дутуу ажил хийгээд байх шиг байна.

-Та “Монгол тэмүүлэл, монгол ухаанаар хөгжихүй” лекцэндээ та хүнд хоёр асуудал байдаг. Эхнийх нь хүүхэд наснаас том хүн болох, дараагийнх нь насанд хүрсэн хойноо хүн байх гэж дурьдсан байдаг. Манай монголчууд “Хүн болох багаасаа” гэж ярьдаг. Таны дэвшүүлсэн эхний асуудлын талаар ярилцья?

– Хүний амьдралд хоёр том асуудал байна. Хүний амьдрал гэдэг бол эхлээд хүн болох нэг тодорхой хугацаа, хүн байх урт хугацаа хоёр нийлж байгаа юм. Хүн болохуй гэдэгт албан ёсны хэллэг, баримт бичгийн хязгаарлаар бол 0-18 нас хүртэлх хугацаа хамаарагддаг.

Хүний зэрэгт хүрэх, хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрэх гэдэг ойлголт бол 19 наснаас эхэлдэг монголчуудын уламжлал болсон ойлголт. Хүнийг хүн болгоё гэх хүрээн дэх ойлголтын хугацаанд хүнтэй ажиллах хугацааны ихэнх хувь нь оногдох ёстой гэж үздэг.

Хүүхдийг хүн болгоё гэдэг асуудлыг тавьж байгаа бол зүй ёсоор шинжлэх ухааны үндэслэл нь эхийн хэвлийд байх үеэс эхлээд эхэд анхаарах анхаарал, эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тухайд анхаарах явдлаас эхлэх ёстой. Төрсний хойно олон үеийг дамжина. 2-3 нас хүртэлх хугацаанд эх эцэг, гэр бүлийн халамж анхаарал дунд хүн болох анхныхаа гарааг эхэлнэ. Энэ үе бол хүний амьдралын хөгжил, хүн болох үйл явцад хамгийн их шийдвэр гүйцэтгэх эргэлтийн үе.

Хөлд орно, хөдөлмөрийн шинж төлөвийг олно, оюуны төлөвшил, төлжилт бий болно, хэл ярианы эх суурь тавигдана. Ийм үед хүүхэдтэй ажиллах ажиллагаанд гэр бүлийн дотор их хүч шаардаж байгаа юм. Хүүхэд гэдэг бол аяндаа л хүн болно гэх ойлголтын улмаас хүүхэдтэй ажиллах ажлын боломж нөхцлийг гүйцэт тавьж чадахгүй байгаа.

   Цаашлаад цэцэрлэг, сургуулийн нас эхэлнэ. Нийгмийн амьдралтай гэр бүлийн амьдралыг холбосон хос үйл ажиллагаан дээр уг хүүхдийн хөгжил явагддаг. Тэгэхээр зөвхөн багшид эсвэл сургуульд даатгаад орхих асуудал гарч ирдэг. Сургуулийн өгч байгаа мэдлэг боловсрол бүхнийг дэмжиж ажиллах талаар эцэг эхийн мэдлэг гүйцэт биш гэж ойлгож байна. Сургууль гэр бүл хоёр нэгдмэл байж хүүхдийн сургалт, хүмүүжилд жигд хандаж чадвал хүн болох сургуулийн насны үйл явц асар их амжилт олох болно. Хүүхэд бага наснаасаа эхлээд том хүний нөлөөнд, нийгмийн нөлөөнд байх ёстой. Тэгэхээр нийгэм, улс төр, засаг захиргаа бол зөвхөн халамж анхаарал тавих төдий бус ирээдүйн хүнийг бэлтгэхэд нийгэм, төр, томчууд ямар үүрэгтэй байх талаарх ойлголт байх ёсой. Энэ ойлголтын хувьд манай улсад жигд биш. Тийм учраас хүүхдийн хажуугаар том хүн төдийлөн анхаарал муутай өнгөрдөг. Зүй нь бол хүн болох багаасаа тул сургууль, том хүн, нийгэм энэ гурвын нэгдмэл үйл ажиллагаа л хүнийг хүн болгох асуудлыг шийдэх ёстой.

-Монгол хүүхэд гэж ярьлаа. Монгол хүүхдийг бид уламжлалт арга ухаанаараа хүмүүжүүлж өсгөж ирсэн. Харин энэ мэдээллийн эрин зуунд хүүхдүүд маань эцэг эхээсээ ч илүү мэдээлэлтэй болсон. Өнөөгийн хүүхдүүдийг улмжлалт арга ухаанаар хэрхэн хүмүүжүүлэх вэ?

-Монгол хүн хэдэн мянган жилийн турш монгол эх нутагт, малчин нүүдэлчин аж амьдралаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж өнөөдрийн 21-р зуунтай золгосон. Энэ хугацаанд үр хүүхдээ хүний ёсоор, өөрийн аргаар хүмүүжүүлж ирсэн.

Үүний гол арга нь хүүхдэд багаас нь өөрт нь итгэх итгэлийг олгохыг өндөр төвшинд тавьж ирсэн. Хөдөлмөр, бие даасан сэтгэлгээнд эрт оруулдаг, чадна гэсэн чадварт эрт сургаж ирсэн. Мал маллах, ахуйн амьдралд суралцах, наад зах нь барилдах, морь уралдах, сур харвах зэрэг наадамдаа бэлтгэл хийж оролцуулдаг байлаа. Ер нь юм юманд оролцуулах, өөрийнх нь хүчийг гаргах эрмэлзэл тэмүүллээр хүүхдийг хүмүүжүүлж ирсэн.

Хамгийн гол арга нь хар багаас нь хөдөлмөрт сургасан явдал. Хөдөлмөр гэдэг бол хүнтэй хамт төрдөг амьдрах хэрэгцээ, аж төрөх арга хэрэгсэл. Үүнд анхнаас нь хүүхдээ сургана гэдэг монгол уламжлалын том шинж. Одоо жаахан буруу ойлголт бий болсон гэж санадаг. Хүүхдийг эрт хөдөлмөрт оруулсан байна хүний эрх, хүүхдийн эрх зөрчлөө гэх ойлголт бий.

Энэ бол зүй ёсны юм. Хүүхдийг чадах хүч нь бүрдсэн хойно ашиглах, сургах гэдэг ойлголт. Харин монголд бол тийм ойлголт уламжлал байгаагүй. Нүүдлийн амьдрал нь ч тийм, гэр бүлийн ойлголт ч тийм шинжтэй байсан. Монголын уламжлалт хүүхдээ хүмүүжүүлэх арга барил өнөөдөр ч хоцрогдоогүй гэж боддог. 

-Манай эцэг эхчүүд хүүхдээ улажлалт аргаараа хэр хүмүүжүүлж байна вэ, хүүхдээ дураар нь өсгөх явдал их ажиглагдах боллоо?

-Өнөөдрийн арга барилаас үзвэл ихэнх айл өрх эмээ өвөө дээр нь хүүхдээ өгч байгаа. Хэрэв өвөө эмээгийн мэдлэг, хүмүүжил, арга барил хөгжингүй байгаа бол тэр хүүхдүүд хэзээ ч муу зүйлд суралцахгүй. Дээрээс нь мэдээллийн хэрэгслээр дамжих мэдээллийг бид зогсоож чадахгүй. Оролцоог нь багасгаж ч чадахгүй. Гэхдээ хүүхдийн насанд таарсан хүмүүжил, ажил, эрмэлзэл тэмүүлэл гэж байна. Түүнийг мэдэхгүйгээр зүгээр л цаг өнгөрөөх нөхцөл болгож эсвэл зөнгөөр нь байлгах замаар явуулж болохгүй. Энэ бүгдэд цаг хугацааны, орчин нөхцөлийн баримжаа гэж байна. Өнөөдрийн нөхцөлд цагийг гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө их нарийн хуваарилах хэрэгтэй гэж бодож байна. Хүүхэдтэй ажиллах цагийг шинэ шатанд гаргахгүй юм бол хуучин арга мөхөсдөнө. Хүнтэй хамт төрсөн дөрвөн зүйл байдаг. Хөдөлмөр, мэдлэг, соёл, хүмүүжил гэж. Энэ дөрвөөс аль нэг нь доголдох юм бол хүн болох үйл явц өрөөсгөл, доголдолтой л болно. Хөдөлмөр гэдэг нь аж төрөхийн гол арга хэрэгсэл. Мэдлэг нь ухаарлын жолоо. Соёл бол гоо зүй, сайн сайханы чиг баримжаа. Хүмүүжил бол зөв буруугийн залуур юм. Энэ дөрөв нэгдмэл байхгүй бол өв тэгш хүн болох, хүний зэрэгт хүрэхэд дутагдалтай. Үл мэдэхээс мэдэх, мэдэхээс чадах, чадахаас бүтээх, бүтээхээс хөгжих гэдэг ийм жамыг дагаж явна. Хүүхдийг тэр логик сэтгэлгээнд заавал сургах хэрэгтэй.

Насанд хүрсэн хойноо хүн болох гэж ойлголт байна. Хүний дайтай хүн болох гэдгийг та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу.

-Хүний дайтай хүн болно гэдэг бол хэнээс ч дутуугүй хүн болно л гэсэн үг. Хэнээс ч дутуугүй гэдэг нь зориг хатуужил сайтай, аливаа юманд ноён нуруутай ханддаг, өргөн сэтгэлгээтэй, ямар ч бэрхшээлийг давж чаддаг хүн болохын асуудал. Эр хүн бол гэр оронг тэргүүлэх, гэр орныг тэтгэж авч явах, эцэг хүний үүргийг гүйүцэтгэж чадах, амьдралыг бие даан жолоодох, түүндээ тохирсон боловсролтой, ажлаа хийж амьдралаа зохицуулах мэргэжилтэй, энэ бүгдийгээ хүний өндөр ухамсраар хэрэгжүүлж, барьж өгч чаддаг тийм хүн болох. Эмэгтэйчүүд бол сайн эх, амьдралын нөгөө талыг барин явагч байх ёстой. Эмэгтэй хүн гэрийг өөдтэй өнгөтэй байлгах сэтгэлгээ илүү эрмэлзэлтэй байдаг, гоо сайханд илүү эрмэлзэлтэй байдаг. Энэ чинь соёлын асуудал шүү дээ. хүний хөгжлийн олон орчин байна. Тэр орчноос хамгийн гол нь хүн. Тэгэхээр хүн нэгэндээ түшиг болох ёстой. Гэр бүл, нийгэм ч гэсэн хүн хүнийхээ, хамт олон хамт олныхоо түшиг дээр тулгуурлаж байж хүн хоорондын жинхэнэ соёл холбоо тогтдог.  Гэр бүл тогтворшино гэдэг бол нийгмийн анхны том нэгжийн хувьд маш чухал зүйл юм. Гэр бүл хичнээн тогтвортой байна тэр улс орон тогтворшихийн шинж.

-Хүн хүн болох, хүн байхад олон хүчин зүйлс нөлөөлдөг байх. Үүний нэгэн чухал зүйл нь мэргэжил шүү дээ.

үнд хичнээн өргөн мэдлэг, хичнээн өргөн суурь боловсрол олно төдий чинээ өөрийгөө авч явах чадвар нь нэмэгддэг. Хүнд байдаг нэг онцлог бол чадавхи. Энэ бол төрөлхийн шинж. Ухаантай төрнө үү, хэл сурах чадвартай юу, хөдөлмөр хийх чадвартай юу гэдэг чинь бүгд чадавхийн асуудал. Авьяастай юу авьяасгүй юу, уран уу үгүй юу гэдэг бүгд төрөлхийн шинж. Дээрээс нь боловсрол, соёл зэрэг нь нийлэхээрээ чадвар болж байгаа юм. Тэгэхээр чадавхи буюу потенциал гэж ярьдаг тэрхүү суурь бэлэн зүйл дээр чадвар гэдэг зүйл нэгэн насанд нэмэгддэг. Багаасаа хуримтлуулсан мэдлэг суурь дээрээс нь дээд боловсрол, мэргэжил, ажил, туршлага зэрэг олон зүйл нэмэгдэж байж чадвар болно. Чадавхи чадвар хоёр нийлэхээрээ чадамж буюу хүн боломж юм. Тэгэхээр энд мэргэжил гэдэг нэг зүйл гарч ирж байгаа юм. Тэр нь тухайлан онцлон дагнаж хийх зүйл. Дээд боловсролын юм уу, дунд, тусгай боловсролын хүрээнд олж авдаг мэргэжил гэдэг зүйл хүний насан туршийн амьдралд тэжээл болж байх нэмэгдэл хүч. Мэргэжлийн сонголтыг олгоод л ганц мэргэжилтэй байвал болоо доо, энэ насыг өнгөрөөхөд хүрэлцэнэ гэж ойлгох нь хүнийг ойлгох ойлголтын өчүүхэн хэсгийг буруу ойлгож байгаа хэрэг. Мэргэжилтэй мэргэжилгүй болно доо гэж зарим хүмүүс ярьдаг. Тийм биш юм. Мэргэжилтэй байх ёстой. Гэхдээ тэр мэргэжил нь мэргэшсэн шиг мэргэжил байх ёстой. Тэр мэргэжлээ бүхний дээгүүр тавина гэдэг бас буруу ойлголт. Хүн гэдэг дээгүүр мэргэжил хэзээ ч гарч чадахгүй. Мэргэжлийн үр дүн яаж гарах вэ гэдэг нь хүний хөдөлмөрийн үр дүнгээр гарна. Хөдөлмөр, соёл, мэдлэг хүмүүжлийн суурийн дээр мэргэжил явна.

– Хүн бол оюун ухаант хамгийн дээд төрлийн амьтан гэж та дурьдлаа. Одоо энэ эрин зуунд байгаль дэлхийд олон аюул учирч хүн балаг таригч болоод байгаа юм биш үү. Муу муухай зүйлсийн ард хүн өөрөө л байдаг шүү дээ. Тэгэхээр хүн хамгийн дээд төрөлт ухаантан нь мөн үү?

– Хүн амьдрах гэж төрсөн. Хүний онцлог чадвар бол сэтгэхүйн чадвар. Уураг тархи хичнээн хөгжсөн байна төдий чинээ хүний хөгжлийн төвшин тодорхойлогддог. Сармагчнаас хоёр дахин илүү эс энэ тархинд ажиллаж байна. Уураг тархины чадвар нэмэгдэхэд наад зах нь сая жил гэж хэрэгтэй байсан гэдэг санааг дээр дурьдсан. Энэ хуураг тархины чадвар бол бүтээлч чадвар байх ёстой. Энэ чадварыг ашиглаад хөдөлмөрийг өрнүүлснээр хүн хөжлийг сүүлийн 2000-аад жил өндөр төвшинд гаргасан. Хоёрдахь, гурав дахь байгалийг бүтээсэн. Гэсэн ч хүн өөрөө өөртөө муу зүйл хийж байгаа, үүнийгээ өөрөө мэдэж ч байгаа, мэдсээр байж хийж байгаа. Үүн дээр гурван зүйлийг тодруулья. Нэгдүгээрт, амьд байгалийг, амьгүй дэлхийн ихэнх хэсгийг устгаж чадах цөмийн дайны зэвсгийн хуримтлалыг бий болгосон. Өөрөө өөрийгөө хөнөөхийн тулд бэлдээгүй нь мэдээж хэрэг. Хоёр дахь нь хүн төрөлхтөн хөгжих гэж, урагшаа давших гэж уул, улс, өвс ургамал, газар шороогоо их ашигласан. Тэр бүгд нь сүйрэлд орох байдал харагдаж байна. Гуравдугаарт,  Озоны цоорхойг хүн төрөлхтөн үүсгэсэн. Үүнээс үүсэж дэлхийн дулаарал үүссэн. Эдгээр нь хүн төрөлхтөн өөрөө өөртөө балаг тарьж байгаа зүйл мөн биз дээ.

– Энэ зүйлээс сайн муугийн тухай ойлголт гарч ирж байна.

-Хүн бол сайн л хүн байх ёстой байхгүй юу. Амьдралын сайхан муухайгийн сайхныг нь авч үлдэх, мэдлэгийг өндөр төвшинг эзэмших, хөдөлмөр сайн эрхлэх гэх өөртэйгөө төрсөн дөрвөн зүйлээ сайн байлгаж чадах юм бол сайн л байх ёстой. Эсрэгээ бол муу хүн л байж таараа шүү дээ.

 Гэрийн буг битгий болоорой, дээлийн гол битгий болоорой, нойрны тулам битгий болооро, хоолны сав битгий байгаарай, залхуугийн занганд битгий ороорой мартахын мананд битгий автагдаарай зэрэг олон үгнүүд байдаг. Эдгээр нь ард түмэн хүнээ муулахын тулд хэлсэн зүйл биш. Сайн хүн байгаарай гэх эрмэлзэл тэмүүллийн үүднээс хүүхдийг хүмүүжүүлэх нэг арга.

Монгол хүнд хандаж юу гэж хэлэх вэ?

– Монгол хүн эрт цагаас сурахыг хичээж ирсэн. “Эрдмийг хичээлээр, эрлийг сургаар” гэж сайхан зүйр үг бий. Эрдмийг онцолж ирсэн юм чинь юм бүгдийг сурч байна гэсэн үг. Амьдралаас, номоос, багшаас, ажлаас, өөрөөсөө сур. Сурахыг чухалжилж байна гэдэг бол монгол ухааны уламжлал явж байна л гэсэн үг. Монгол хүндээ хандаж хэлэхэд бид нэг газар нутагтай, нэг хөгжлийн төвшинтэй, амьдралын хэв маягтай, нэг эрмэлзэл тэмүүлэлтэй учир эв нэгдэлтэй байж улс орноо бусад тэргүүлэгч орнуудын төвшинд гаргахын төлөө сэтгэл зориг нэг байж, хүчин зүтгэл хамтдаа байж зорьсон зорилгодоо хүрнэ.