No menu items!
HomeЯрилцлагаТ.Намжил: Сайн хүн болох эхлэл эхийн хэвлийд байхаас тавигддаг

Т.Намжил: Сайн хүн болох эхлэл эхийн хэвлийд байхаас тавигддаг

-

Гэр бүл судлаач доктор, профессор Т. Намжилын “Хүн байхын учир” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та хориод жил гэр бүл судаллаа. Гэр бүл судлалд нэлээн тууштай явж байгаа хүн. Та гэр бүл гэдгийг юу гэж тодорхойлох вэ?

-Үе үед өөр өөрөөр тодорхойлж ирсэн. Сүүлийн үед манай нийгмийн амьдралд өөрчлөлт гарсан. Сүүлийн үеийн нийгмийн байдлаас үзвэл өнөр бүлээсээ бие даан тусгаарлаж, хайр дээр үндэслэсэн хосуудын амьдралыг хэлнэ гэж хэлж болох байх. Энэ өнөөдрийн өнгө төрхийг тодорхойлж байна. Цаашид гэр бүлийн үнэ цэнэтэй, тогтвортой байх гол үндэс нь жинхэнэ хайр дурлал дээр харилцан бие биенээ ойлгож амьдрах явдал юм гэж бид үзэж байгаа.

-Эцэг, эх, үр хүүхэд бүгдээрээ нийлээд гэр бүл болно. Ер нь хүүхэд эцэг эхийнхээ хүмүүжүүлсэн хүмүүжлээр өсөж том болдог. Насанд хүрсэн ч тэр л хүмүүжлээрээ хүн болно гэсэн ойлголт байдаг. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэж монголчууд ярьдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

– Тийм ээ. Хүн болох багаасаа гээд сургааль үг бий. Саяхан есдүгээр сарын нэгэнд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “улс орон хүүхдээсээ” гэж хэлж байна. Би бол бүр цаашид нь хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл хүн болох эхлэл хаанаас эхлэх вэ гэхээр сайн ханиа олж ханилаад сайн үр тогтоож хүүхэдтэй болох л асуудал. Тийм учраас би сайн хүн болохын эхлэл бол ерөөсөө л эхийн сайхан хэвлийгээс эхэлж тавигдана. Тэгдэг ч уламжлалтай байсан. Цаашдаа ч тийм байх ёстой. Ардын зүйр үгэнд байдаг шүү дээ.

“Хавиргатай гэдсэндээ багтахгүй бол ханатай гэртээ багтахгүй” гэж. Айхтар үг шүү. Тийм учраас хавиргатай гэдсэнд байхад нь хүн болох суурийг зөв тавихгүй бол ханатай гэртээ багтахгүй хүн болох л учиртай юм шиг байгаа юм. Ер нь цаашдаа монгол гэр бүлүүдэд, эх эцэгт хүнийг хүн шиг болгоход хоёр, гурван л суурь асуудал байна. Нэгдүгээрт нь эхийн хэвлийд хүн болгож хүмүүжүүлэх асуудал.

Хоёрдугаарт, хүүхдийн төрж өссөн орчин. Гуравдугаарт, гурван нас хүртлээ хүн болж бойжихдоо  ямар орчинд ямар нөлөөллийн дор өссөн бэ. Энэ гурав бол цаашдаа хүний хүн болох язгуур орчин. Энэ гурвыг л иргэд маань анхаарч явах цаг үед ирээд байна.

Хүүхдийг төрүүлснээс нь хойш хүн болгох гэж яриад байгаа юм. Суурь нь тавигдчихаад гарч ирж байгаа улс шүү дээ. Тэгэхээр тэр эх, язгуур орчноос л ойлгож анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Эхийн хэвлийд хүүхдийг хүмүүжүүлнэ гэж ярьж байна. Яаж ингэж хүмүүжүүлэх вэ. Орчин үед бол сонгодог хөгжим сонсгох, бясалгал хийх зэрэг аргуудаар яриад байна л даа. Магадгүй эрт дээр үед монголчууд эхийн сайхан бүүвэйн дуу, уртын дуугаа сонсож хүүхэд эхийн хэвлийдээ хүмүүжиж байсан байх?

– Тийм ээ. Тийм сургааль ч бий. Тийм уламжлал ч бий. Энд хоёр ойлголт бий. Эх үрийг тээж ураг өсгөөд хүүхэд болтол эхийн хэвлийд бойжиход монголчуудын баримталж ирсэн уламжлал бол тулгар эхийг энэрэх ёс гэж сайхан ёс байсан. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийг хүн шиг хүн болгож өсгөхийн тулд, бойжуулахын тулд юуг эрхэмлэх ёстой юм, юуг цээрлэх ёстой юм, юуг хориглох ёстой юм гэдэг журмыг мөрдүүлж эхэлсэн байгаа. Үүнийг эрхэмлэж ирсэн. Иймээс ч сайхан үр хүүхэд төрдөг ийм уламжлалтай. Хоёр дахь нь хүүхдийг эхийн хэвлийд эх тээж байхад хэвлийгээс сургах ёс гэж үйлчилж байсан. Энэ нь эцэг эх болж байгаа хүмүүст хоёуланд нь хамаарагддаг зүйл. Одоо жаахан өрөөсгөл болчихоод байна. Хүүхэд олоод гаргах нь чиний үүрэг гэж эхнэрээ хэлэх гээд байна шүү дээ. Эр хүний үүрэг, эх хүний үүрэг чухал. Эцэг эх хүний энэ үүрэг хариуцлага нийлж байж тэр хүүхэд эхийн хэвлийдээ бойжино.

– Манай монголчууд дээр үед хүүхдийг эхийн хэвлийд байхад нь яаж хүмүүжүүлдэг байсан бэ. Монгол ёс заншлаас ярьвал?

-Эрхэмлэх зүйл гэж байна. Үүнд эцэг болох хүний талаас яаж анхаарах ёстой талаар бий. Хэвлийд байгаа хүүхэд чинь бүх орчныг мэдэрч байгаа шүү дээ. Үр тогтоод 10-аад хоногийн дараагаас бүгдийг мэдэрч эхэлнэ. Орчин ямар байна хүүхэд тийм л болж гарч ирнэ. Монголчууд ярьдаг байсан шүү дээ.

“Хэрүүлчийн хүүхэд хэрүүлч” гэж. Би үнэн гэж боддог. Яагаад вэ гэхээр орчин ямар байна. Хэрэлдээд л байдаг байж. Хүүхэд эхийн хэвлийд томорч байгаа шүү дээ. Тэгэхэд нь хэрэлдээд л байна, гартал нь хэрэлдээд л байна, гарсан хойно нь ч мөн. Тэгээд хүүхэд томорсоор хэрүүлч болоод, хэрүүлч гэр бүлийг үүсгэх жишээтэй. Орчин чухал. Тийм учраас эхийн хэвлийд байхад эрхэмлэх зүйл бол орчин, эцгийн нөлөөлөл.

 Эцэг хүн хүүхдийн эх болж байгаа хүнд нэг л том үүргийг сэтгэл зүйн хувьд үзүүлж байх ёстой. Эх болох гэж буй хүнийг үрээ тээж байгаа хугацаанд  нь сэтгэл тайван байлгах л хэрэгтэй. Тийм учраас болох бүтэхгүй зүйл харуулах, сонсгох, оролцуулах зүйлийг хэзээ ч хийж болохгүй. Японы судлаач бичсэн байна лээ. Хоёр хос гэр бүл болжээ. Нөхөр нь хувийн үйлдвэрт ажилладаг архи их уудаг. Тэгээд хоёулаа сайхан хүүхэдтэй болох гэж санал нэгдэж, хүссэн ёсоор үр заяаж. Хүүхэд оллоо гэж эхнэр нь нөхөртөө хэлжээ. Тэгтэл тэр мөчөөс эхлэн тэр хүүхдийг бойжоод төртөл эцэг архи огт уугаагүй гэж байгаа юм. Тэр бол эцгийн үүргээ биелүүлж байгаагийн нэг жишээ.

Эхийн хувьд эрхэмлэдэг зүйл гэж байна. Үүнд: хоол ундандаа анхаарах, харилцаандаа анхаарах, мөн хэвлийдээ хүүхэд бойжиж байгааг ямагт бодож явах. Хориглох зүйл гэвэл: хол ойрын юм идэж болохгүй бузар болно гээд хуучин цээрлэдэг байсан. Тэр ч мөн ортой зүйл.

– Манай монголчууд ярьдаг шүү дээ. Энэ их хүмүүжилтэй хүүхэд, энэ их хүмүүжил муутай хүүхэд гэж. Эцэг эхээс нь хамаараад хүмүүжилтэй, хүмүүжилгүйгээр нь ялгаад байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

– Энэ бол үнэлгээ юм л даа. Тэдний хүүхэд тийм сайн гэх үнэлгээ. Энэ бол хүүхдээ зөв хүмүүжүүлж сургаж байгаагийн жишээ гэсэн үг. Нийгмийн харилцааны хэм хэмжээний хүрээнд би хүүхдээ ямар хүмүүжүүлж вэ гэдэг л харагддаг шүү дээ. Эндээс ямар асуудал гарч ирж байна вэ гэхэр манай эцэг эхчүүд, ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхдийн нас хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар харилцаж байх хэрэгтэй. Тийм учраас аргыг нь олох л хэрэгтэй. Хүүхэд бүр өөр өөр онцлогтой.

Насаар нь ярьвал 1-3, 3-5, 10, 13 гээд явчихна. Айлын хэд дэх хүүхэд вэ гэдэг бас нэг онцлог байна. Жишээ нь айлын ууган, дунд, отгон хүүхэд бүгд ялгаатай, өөр өөр онцлог шинжтэй, эерэг ба сөрөг талуудтай. Харилцах өвөрмөц аргуудыг шаарддаг. Айлын ганц мөн бидний хэлдгээр тавиул хүүхдүүд ч байна. Тэгэхээр энэ бүх онцлогийг эцэг эхийн зүгээс харгалзахгүй бол хүүхдэд бидний зүгээс үзүүлэх нөлөөл хүрч чадахгүй, үр дүнгүй. Гэр бүлийн боловсрол гэхээр л Америкт тэгдэг байсан, тэгэх ёстой гэж ерөөсөө ярьж болохгүй. Бид монгол хүн, монгол нутгагт байгаа, монгол аргаар монгол хүүхэддээ хандах л асуудал гарч ирж байгаа юм.

Таны хэлсэнчлэн айлын ууган, дунд, отгон хүүхдүүдийн онцлог их сонирхолтой байна. Ууган хүүхдийн онцлог өөр. Отгон хүүхэддээ хайр халамж их тавьснаар бусад хүүхдүүд орхигдох тохиолдол байдаг.

– Тийм шүү. Манай иргэд бүгдээрээ л мэдэж байгаа. Дор бүрнээ дүгнэлт хийх хэрэгтэй. Айлын дунд охин айлын ууган хүүтэй ханилжээ гэж төсөөлье. Хоёр өөр зан араншинтай хүмүүс. Дунд хүүхэд бол товчхондоо маш их ажилсаг байдаг. Айлын ганц хүүхэдтэй ханилвал яах вэ, энэ чинь үр хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлж байдаг зүйл. Яагаад гэвэл эх эцгийн харилцаа шууд нөлөөлдөг.Энэ нарийн асуудалд бид мэдлэгтэй ухаалаг хандах хэрэгтэй болж байгаа юм.

-Энэ асуудлуудыг ямар аргаар шийдэж болох вэ? Мэдээж чи айлын ууган хүүхэд юм чинь айлын отгон хүүхэдтэй ханилж болохгүй гэж болохгүй шүү дээ.

Ханилан суух тохиолдолд ямар эерэг, ямар сөрөг талууд гарах вэ гэдэг нь манай уламжлалаас тодорхой харагддаг. Орчин үеийн түвшинд ч асуудал байгаа. Тэр уламжлал бол үнэхээр шалгагдсан уламжлал. Чи айлын дунд хүүхэд бөгөөд айлын отгон хүүхэдтэй ханилвал ийм ийм зүйлсийг анхаарах хэрэгтэй гэдэг нь харагдаж байдаг. Үүнийг л ард түмэндээ хэлж өгөх хэрэгтэй. Ард түмнээсээ уламжлалыг нь аваад гэр бүлүүдэд хэлж болно. Ахмадууд маань ууган хүүхдүүдийг цуглуулж байгаад эерэг болон сөрөг талуудыг хэлэх. Сөрөг талуудыг хэрхэн засах талаар зөвлөмж өгч болно шүү дээ.

– Жишээ болгож ууган хүүхдийн онцлогийг товчхон дурьдвал?

– Жишээ нь айлын ууган хүүхэд ил хайр асрамжид өссөн учраас хайраар бялхаж өссөн, харьцангуй бие даасан шинжтэй, хүнээс үг сонсох дургүйдүү, өөрийн гэсэн бодолтой, бусдаар юм хийлгүүлэх, нэхэх хандлагатай зэрэг тус тусын онцлогтой.

– Шинжлэх ухаан болж гарч ирж байна тийм ээ?

– Энэ бол манай ардын ухаан. Орос, Америк тийм онцлогтой гэж ярьж байна. Тэр чинь өөр орчинд, өөр аж ахуй эрхэлсэн хүмүүсийн дунд үүссэн өвөрмөц онцлог. Манай онцлог бол энэ өвөрмөц газар орчин, нүүдлийн мал аж ахуйгаас үүсэлтэй. Өсвөр үеийнхний дунд ахмадуудын өөдөөс “таны үе өнгөрсөн” гэх яриа гарсан байна лээ. Тэгэхээр түүний өөдөөс юу өнгөрсөн гэж, би чамайг хүн болгосон гээд өөрийнхөөрөө явах уу?

Үүний оронд би хоцрогдож, миний хүүхэд өөрчлөгдөж байгаа юм байна шүү, би юун дээрээ алдаж байна вэ гэж дүгнэлт хийх үү гэдгээ бодох хэрэгтэй. Хүүхэд залуучуудын зүгээс өөрчлөгдөж гарч ирж байгаа хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь чухал. Бид хуучнаараа явж болохгүй. Нас ахисан ч гэсэн тэр үйл ажиллагааны хүрээнд шинэчлэл хийх хэрэгтэй. Ер нь гэр бүл, гэр бүлийн харилцаа хоёр талтай. Үргэлжлээд явж байх мөртлөө дандаа өөрчлөлт шаарддаг. Өнөөдөр өөрчлөлт шаардахгүй бол хөгжихгүй.

Одоо харьцангуй задралд орж байна. Маш олон зүйл уруудаж байна. Яагаад уруудаж байна вэ гэвэл төр засаг гэр бүлийн асуудалд иж бүүрэн хандаагүй. Нийгмийн амьдралд урган гарсан асуудалтай л холбоотой гэж би бодож байна.

-Нэлээд хөдөлгөөнтэй хүүхдийг “дайсны цэрэг” гэж монголчууд хэлдэг шүү дээ. Энэ ч нэлээд юм дуулгана даа гэдэг. Хүүхдийг бага насанд нь дүгнэсэн дүгнэлт хэр үнэн байдаг вэ?

– Манай монголын хүүхдүүдийн өсөлт, хөгжилтөд эрс өөрчлөлт гарч байна. Энэ нь тоо чанарын үзүүлэлт л дээ. та нараас өмнөх үеийг одоо үетэй харьцуулбал өөр болж. Өсөлт хөгжилт нь их түргэсэж байна. Эрт ухаан орж, эрт юмыг мэдэж эхэлж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон өөрчлөлт гарч байна. Бидний үед 15 нас хүрээд шилжилтийн нас гэдэг бол магадгүй 10-аад нас болох ч шаардлага гарч ирж байна.

“Та нар эх, эцэгт хүүхдийнх нь онцлогийг хэлээд өг, ажиллах аргыг нь хэлээд өг” гэж цэцэрлэгийн багш нар хэлдэг. Нөгөө талд нь эцэг эх миний хүүхэд өнөөдөр цэцэрлэгт яваад юу сурав гэдгийг заавал асууж байх. Бүжиг заасан уу миний хүү бүжиглэ гээд л эцэг эх хоёр нь сууж байгаад шалгах хэрэгтэй.

Ингэж л цэцэрлэг миний хүүхдэд юу зааж вэ гэдгийг мэлэх хэрэгтэй. Тэнд заасан нэг зүйл гэрт давтагдахгүй бол хүүхдийн тархинд хадагдахгүй. Хүүхдээ мэдэхгүй хэрнээ математикт сургана, хэлний авьяасгүй хүүхдэд гадаад хэл сургана гээд явж байдаг. Энэ бол буруу. Хүүхдийг зовоож байгаа асуудал. Хүүхдийг шинжих ёс гэж байдаг. Миний охин ч ийм л болно доо гээд эцэг эхчүүд шинжиж байдаг. Түүний дагуу явуулах хэрэгтэй. Наснаасаа илүү ачааллыг даахгүй шүү дээ. Таван настай сургуульд оруулаад гүнзгийрүүлсэн сургалтад явуулна гэдэг бол хүүхдийг зовоож байгаа асуудал. Хүүхдэд хэл сургана гэдэг бол өвгөдийн ч үгээр, гадаадын ч туршлагаар бол хэлд ороход нь хоёр хэлийг сургадаг ёс бий.

-Манай монголчуудын хувьд хүүхэд өсгөхөд хүүхэд хүмүүжүүлэх ёс, цээрлэх ёс гэж байдаг. Эдгээр зарчим одоогийн эцэг эхчүүдэд хэр нөлөөлж байна вэ?

-Зарчим гэдэг бол баримтлах зүйл юм. Манай өвгөдийн үгэнд үнэхээр практиктаар шалгарсан хэрэглэж явах сургамж үгс байна. Зарим нь ч цагийн эрхээр хэрэглэгдэхгүй болж ирж байна. Цээрлэх ёс гэдэг бол хүнийг хамгаалсан л арга хэмжээ. Манай зарим судлаачид “цээрлэх ёс бол хүүхдийн эрхийг зөрчсөн ёс” гэж хэлж байгаа юм. Би бол үгүй гэж хэлнэ. Хүүхдийн ямар нэгэн тусгүй зүйлээс хамгаалсан зүйл юм. Цээрлэх ёсны цаад утгыг нь мэдэхгүй учраас өнөөдөр бараг хэрэглэхээ больж байна. Босгон дээр яагаад зогсоож болдоггүй юм гэхээр эцэг эх нь болдоггүй юм аа л гэж байна. Учрыг нь хэлэхгүй. Түүний цаад ухааныг эцэг эхчүүд мэдэхгүй учраас цээрлэх ёс хаягдаж эхэлж байна. Цээрлэх ёсыг хэрэглэх ёстой. Хүнээ хөгжүүлэхийн тулд хэрэглэж байгаа ёс шүү дээ. Үүнийг эрх зөрчиж байна гэж хэлж болох уу, үгүй юу?

Гэр бүл залуужиж байгаа өнөөгийн нөхцөлд ардын ухаан шингэсэн зүйр үг, цэцэн үг сургамжит богино үлгэрүүдийг бага насны хүүхдийн чихэнд хоногштол хэлж цээжлүүлж байх хэрэгтэй. Үлгэр уншиж өгөөд эргүүлээд яриулах хэрэгтэй. Гэтэл манайх  чинь асар их ой тогтоолтын чадвартай шүү дээ. Манай хүүхдүүдийн ой тогтоолт муудаж байна. Энэ бол бэлэн зүйл хүртээд бодож сэтгэхгүй болсонтой холбоотой. Тийм учраас ардын аман зохиолд байгаа тэр уламжлалыг, баримтлах зарчим, цээрлэх ёс, эрхэмлэх зүйлийг мэдүүлж өгөх хэрэгтэй.

-Монголчууд үр хүүхэддээ хүний дайтай хүн яваарай гэж захьдаг. Хүний дайтай хүн гэдгийг та тайлбарлаж өгөөч?

– Шашинтай холбоогүйгээр үзвэл эрхэмлэх ёсон гээд заачихсан байгаа. Сайн охин, хөвүүний ёс, муу охин, хөвүүний ёс, цаашлаад эхнэр, нөхрийн ёс бүр цаашлаад монгол хүний эрхэмлэх 9 ёс гэж бий. Энэ бол төлөвшилийн шалгуур юм. Энэ заасан есөн зүйлд орхигдож байгаа зүйл бий. Эдгээрийг хэрэгжүүлж байгаа нь бол хүн шиг хүн болж байна гэж болно. Жишээ нь бэр сонгоход есөн зүйл бий. Есөн зүйлийн ес дэх нь үйлэнд уран байх гэж бий. Гэтэл өнөөгийн цаг үед үйлэнд уран гэж шинжиж үзэхээргүй болж байна шүү дээ. Хувцасыг захиалгаар хийлгэдэг болсон цаг үе. Зүү утас нийлүүлэх шаардлагагүй л болж байна шүү дээ. Тэгэхээр үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Тэгэхээр тэдэн зүйл гэж заасан нь хүний төлөвшилийн шалгуур юм. Түүнийг биелүүлж байгаа нь л хүн болж байна гэж болох юм. Энэ бол бие хэл сэтгэл гурвын нэгдэлд л авч үзэж байгаа асуудал.

Үүнийг биелүүлэхгүй бол яах вэ?

-Муу тал л зонхилж эхэлнэ. Гэхдээ үүнийг орчин үед өөрчилж авч үзэх эхэрэгтэй. Манай монгол гэр гэдэг бол бие биедээ зөвөөр үлгэр дуурайлал үзүүлэх таатай орчин.

Манай зарим сургууль цэцэрлэгүүдэд гадаад хүний хэлсэн үгийг ханаараа нэг наачихсан байдаг. Монгол мэргэд байсан. Асар их сургаалийг үлдээсэн. Монгол орчноор хүүхдэд нөлөөлмөөр санагддаг юм. Нацагдорж, Дамдинсүрэн ингэж хэлсэн байна гэж яагаад болдоггүй юм. Ахмадууд бие хэл сэтгэл гурваараа хүүхэддээ үлгэрлэж байх ёстой. Гэхдээ сүүлий үед залуучууд нь үг авахгүй, ахмадууд нь үг хэлэхгүй болохоор зааг гарч байна уу даа. Монголчууд бол үлгэр дуурайлал гэдгийг маш их эрхэмлэж ирсэн ард түмэн.

Монголчууд монгол гэрт өсөж төрсөн болохоороо нэгдмэл байдаг. Гадны улс орнуудын хувьд хүүхдээ насанд хүргээд л тусад нь өрх болгох, эцэг эхээ хөгширөхөөр л асрамжийн газарт өгөх явдал их байдаг?

Цаашдаа манай төр засгийн зүгээс орчин үеийн төвшинд бэлтгэгдсэн асрамжийн газар төлөвлөж бэлтгэх хэрэгтэй болж байна гэж би ойлгож байгаа. Гэхдээ яг өнөөдөр биш ойрын жилүүдэд. Ер нь хөгжингүй орнууд төрөл садан хамаатнаа мэдэх нь муу байдаг. Гэтэл манайх бол үхтэл үр харам гэж хамт л байдаг. Манай ахмад настнуудын нэг бэрхшээл бол сэтгэл зүйн ганцаардалд орох. Үүнээс гарах арга бол үх хүүхэд нь сэтгэл зүйн хувьд дэмжиж байх явдал юм. Тийм учраас энэ хөндийрлийг багасгах хэрэгтэй. Төрөл садан хамаатнаараа өнөр бүл болдог энэ уламжлалыг алдаж болохгүй. Алдвал монгол биш болно.

– Хүн болж төрсөний утга учир юу вэ?

-Өвөг дээдсийн ном сургаальд бичсэн байдаг. Та яах гэж хүн болж төрсөн юм бэ гэх асуулт тавихад бусдад туслах гэж хариулсан байдаг юм. Цаад утгаараа бол их өргөн агуулгатай юм. Бусдын төлөө гэдэг чинь эх орон, нийгэм, ард түмнийхээ төлөө төрсөн. Тиймээс тэдний төлөө юм хийх, тэгж ажиллах цаг үе ирж байна. Сэтгэлээрээ бусдын төлөө байх хэрэгтэй. Сэтгэлээ засаад биеэ зас тэгээд гэрээ, төрөө зас гэдэг. Тэгэхээр сэтгэлээ зас. Сэтгэл бусдын төлөө байх. Түүнд чинь мэндлэх, хүндлэх, зочлох гээд олон сайхан ёс ож байгаа юм. Сэтгэл сайхан, бусдын төлөө байх хэрэгтэй. Сэтгэл тааруухан байхад л амьдралд нөлөөлнө шүү дээ. Чингис хаан  “Улсыг хураая гэвэл хүмүүсийн сэтгэлд нөлөөл” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр манай төр засаг хүний сэтгэлд чиглэсэн л үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тийм учраас хамгийн гол асуудал бол эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байвал ухаан саруул байна, сэтгэл саруул байна, амьдрал сайхан байна. Сайхан  монгол хүн болж төлөвшихөд удам угсаа чухал. Монгол удам угсаа дээр дөрөөлж явах хэрэгтэй.

Эх сурвалж: МҮОНРТ

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд