No menu items!
HomeОнцлохСэнгээ гэвш гэж хэн байв

Сэнгээ гэвш гэж хэн байв

-

Ap халхын газраа хуучин сайн ноён Хан аймгийн Далайчойнхор вангийн хошуунд 1905 онд мэндэлж 15-тай Тариатын хүрээнд шавилж, 25-тай Цастын оронд сургууль хийхээр морилж Төвдийн орны үүргийн газрын Сэра хийдэд 90 сүүдрийг зооглотол ном буяны үйлд насан турш хамаг эрдмээ зориулсан халхын нэгэн номч гэвш байлаа.

Сэнгээ гэвшийг Төвдүүд Согба ринбүчи, Ган ринбүчи, Гэвш ринбүчи гэж дуудна. Энэ нь орчуулбал Монгол гэгээн, өвгөн гэгээн, буяны садан гэгээн, багш гэгээн гэсэн үг юм. Сэнгээ гэвшийн Төвдөд ирээд шүтсэн номын багш нарын дотор хамгийн анхных нь Сэра хийдийн чойрын дацангийн их гярган багш хойноо дацан хамбад тушаагдсан Согба Дандар хэмээх угтаа Сэнгээ гэвштэний нэгэн нутаг хошууны их номч Монгол гярган байжээ.

Бүр сүүлд Xlll-р Далай ламын Монголд морилоод буцсаныхаа дараа Төвдийн мэргэчүүдийн номд сайныг харуулахаар зарлигаар илгээсэн цөөхөн хэдэн мэргэдийн нэг. Халхын их хүрээний номч мэргэдүүдтэй номын хэлэлцээнд босож Монгол хэлээр ном номлохдоо хэтэрхий мэргэн болсон Вансар ринбүчи Дондов равжаа ХШ-р Далай ламыг Монголд морилоход шүнгээн ламд зарлиг даасан Лазун ринбүчи XIV-p Далай ламын 2 их ёнзон багшид нэр алдаршсан Рэнцэн рэнбүчи, Дижан ринбүчи нар болон Дичэн нямбуу, Брагрий, Очир дара тэргүүтэн олон Төвд багш нар, мөн нэгэн Монгол эцгийн орны номын нөхөд нь номыг зохиохийн тивд хөлийг тавихад эхэн үедээ Монголоор хэлэлцэж ярилцахад амар хялбарын тулд үл эс мэдсэн олон эх зүйлийг асууж мэдэхэд Сэнгээ гэвшид огт бэрхшээл төвөггүй байжээ.

Ялангуяа Вансар ринбүчигээс дээдийн ном нийтийг түүн дотроосоо Дамдин-Янсан Хаянхярваагийн номын аймгийн тэр бүх нууц нарийн эрх ишийг хүртэж увидас эрдмийг сонсож бүтээлийн аргад боловсорч эрдмийн үйлд мэргэн болжээ.

Сэнгээ ринбүчи чойрын гүн ухааны дацан сургуульд чойрын ном эрдмийг хөөцөлдөхийн үеэс нэгэн үзүүрт сэтгэлээр зуун алжаалыг умартан мартаж өдөр өдрөөр багшаар заалган хөтлүүлсэн судар номоо тогтоон цээжилж, судлан боловсруулж сэлбэн давтаж, марган хэлэлцэж мэдэхгүй нялхийн оюуны хөлийг, мэдэхийн гишгүүр шатаар нэг нэгээр ахиулж ахисаар нэг мэдэхэд цастын эрдмийн уулын оройн тагт гарсан байна.

Бурханы шашны дотоод ухааны аймаг савд багтах зарлигийн 5 боть хэмээн алдаршсаны доторх 2 зүйлийн их эрдэм Винай хэмээх хуваргийн ёс цаазын нарийн сурталын ном, Авидарма хэмээх сав шим ертөнцийн сургаал гүн ухааны үзэлтэй номыг үзэж судлах нь Төвд Монголын газраас сүүлийн үеэс бүр сулран доройтсоор ялангуяа Монголын газраа тэр хоёрыг үзэх судлах амьд сонгодог уламжлал нь сүүлийн зуугаад жил олон нөхцөл шалтгаанаар тасалдан одсон энэ үед Сэнгээ гэвш тэр хоёр нарийн ухааныг арван дөрвөн жилийн урт удаан хугацаанд судлан боловсруулж гар дороо оруулан зохиосон нь оюун санааны нэн эрхмийн өв болж үлдсэн юм.

Энэ тухай гэвштэн өөрөө харамсан айлдахдаа винай, зод хоёрыг 14 жил тэмцэн хөөцөлдсөн хүн энэ их газар гэхэд ганц миний төдийгөөр дуусахна дээ хэмээн хол хойчоосоо нэхэж энэ их ховор эрдмийг суралгүй хичээлгүй хаяж, үрж байгаад сэтгэл ихэд дундуур, санаа баахан хомс өгүүлж байжээ.

Гэвш ринбүчи цастын алдарт орон хийдийн газраа цогт үндсэн хэмээх нууц тарнийн доод, дээд дацан сургуулийг шат ахин гүйцээж, чингэхдээ Төвдөөр “Сандуйн жүд”, Монголоор “Нууцын хураангуй үндсэн” хэмээх судал, хий, дуслын нууц эрдмийн үндсэн гол номыг түүний алдарт дөрвөн зүйл тайлбараар нь харгуйлан үзэж, харьцуулан шинжилж хоёр зэрэгтээ гүнзгий оньсийн сонсох санахын уг мохойлд хүргэн зохиосны учир түүний ил нууц тарнийн дамжаа тангараг хэтэрхий ариун уг гарал төгс байсны ёсыг XIV Далай ламын 2 их ёнзон багш ихээс ихэд сайшаан өгүүлж байжээ.

Төвдийн газраа нууц тарнийн ном эрдмийг марган хэлэлцэхийн тал дээр дээд мэргэн хэмээн нэр өндөр гарсан Сэрээ гомбо жамъян хэмээгч их эрдэмтэн гам нууц тарнийн энэ их эрдэм хойно хожимдоо гагцхүү Халхын Сэнгээ гэвшид тулж очиж тунаж үлдээнээ хэмээн илт нигуураар айлдаж байжээ.

Бурханы ном ёроосоо эхлээд оройдоо хүрэхдээ тарнийн номонд тулдаг бол Цаст Төвдийн тарнийн номын тэр их эрдэм Сэнгээ гэвшид тулж хүрэхийг бодохоор халхын номч гэвшийн эрдэм Төвдүүдийн дотор хэр хэмжээнд үзэгдэж байсныг батлах өөр үг огтхон ч хэрэггүй мэтээ. Бас нэгэн удаа газрын шугам тавьж хот мандлын лойлон бүтээх шашны зан үйлийн үед Халхын гэвш ринбүчи хот мандалын хувь хэсэг нэгнийг нууц үндэстний гол шүнд заасан ёсноос адилгүй бүтээсэнд түүний хамба “Тангад -орвон чи өөрийн дураар ийм юм хийв” хэмээн зэм дон хүртээсэн ч дараа нь түүний ингэж бүтээснийг нууц тарнийн шүнгийн язгуур үндэс олон зүйл нэмэлт тайлбар сэлтээр мөргүүлэн үзэхэд аргагүй Сэнгээ гэвшийнх үнэн зөв байсан нь ялгаран тодорч ихэд алдаршжээ. Энэ бол судар номын үг үсэг Энэтхэг Төвдийн мэргэдийн айлдвар зарлигийг өөрийн мэргэн ухааны орцод өөрийн гарын авлагын амшилт оруулан их хувь онцлогтой болгож авсан нь нэгэн амтыг зуун амт болгож эдлэх мэт төгс эрдэм мөн.

Өвгөн ринбүчи нууц тарнийн номын гүнзгий нарийн оньсийг шавь нартаа сурган заахдаа ухахуйяа бэрх ухагдахууны утгыг, ухуулахуйяа хялбар ухуулагчийн үлгэртээ холбож гайхалтай сайхан уран хурц сургадаг байжээ. Тэрбээр шавь нартаа нэн ховор нандинд үзэгдэх болж үлдэж хоцорсон бурхан сахиус ном судрын эрх иш хүртээх даган соёрхол өгөх авшиг зарлиг нээхдээ юун түрүүнд ийм айлдвар хэлнэ.

Аливаа өлзийтэй сайн гэсэн бүх юм амьтан бүхний сэтгэлд оршдог юм. Амьтан бүгдийн сэтгэлийн үндсэнд бурханыг бүтээхийн шалтгаан хөрөнгө гэж байдаг тэр нь шилэн бөмбөлөг мэт юм. Тэр шилэн бөмбөлгийн гадна талын хирийг арчваас тув тунгалаг юм болно. Түүнийг хөх шар цагаан улаан бүс даавуу мэтийн дээр тавичихбал шилэн бөмбөлөгчин нь тэр бүгдийнхээ өнгөнд хувирах бөгөөд түүнээс нь шилэн бөмбөлөгөөс салгаад авчихбал өнөөх өнгө будаг эвдэрч байхгүй болох мэт гэнэ.

Бас хий, сэтгэл хоёр бол нэг нэгэндээ шүтэлцэж хослон барилдаж бүтэхээс өөр аргагүй юм. Хий нь хөлтэй боловч нүд сохор нэгэнтэй адил юм. Сэтгэл нь нүдтэй боловч хөлгүй нэгэнтэй адил юм. Усаар гатлаад гарья гэхэд тэр хоёр яавал гарч чадах вэ гэвэл хөлтэй нь нүдтэйгээ авч гарахаас өөр арга байхгүй.

Түүнчлэн хий нь унаж яваа морьтой адил юм. Сэтгэл нь морийг унагч хүнтэй адил. Тийм болохоор морь хүн хоёр мэт хослон орж бүтээхээс өөр аргагүй гэнэ. Ингэж Сэнгээ гэвш эгэлийн үнэний хэдэн давхар хальсийг хуулж байж сая цаад гүнд нь хүрэх бясалгалын хэдэн зэрэгтээ зориглолийн нууц хий, судал, дуслын төдөн дамжлагатай хөөлт гүйлтийг тайлбарлахдаа ертөнцийн хүмүүний ой тоонд багтах ерийн ахуйн юмсаар үлгэрлэн жишиж үгээ хүргэж санаагаа гаргадаг байсан нь өнөөгийн бидний гүехэн ухаарал үгийг орчуулснаар утгыг нээхэд бус ухааныг орчуулснаар увидасийг нээхэд хөтлөдөг номч гэвшийн ухаарлын мэргэн үйл байжээ.

Сэнгээ гэвшийн эл эрдэм Цаст Төвдийн газраас хальж Энэтхэг, Балбийн орон газрын хутагт гэгээд ном барилдсан багш, шавь, хуварга, тойдын оюуны сонорыг тэжээж эрдмийн сайн хумх нь номын рашаанаар дүүргэсэн. Балба, Энэтхэгийн газар хоёр ч удаа морилон саатаж Бурхан багшийн зохионгуй үйлсээ үзүүлсэн дорж зандан очирт суурингийн газраа Дүйнхорийн ванг айлтгаж Янсангийн нийт бусын ван ба түүний увидисаар багш, шавь болж номын барилдлагыг тэтгэжээ.

Балбийн оронд Вансар ринбүчид түүний урьд дүрээс дамжсан гурван орныг сүрээр дарагч Янсангийн ван хийгээд увидисийн эрх иш бүгдийг хүртээж Энэтхэгээс Монгол улсад элчингээр сууж асан Бакула ринбүчид Лхамын бэү бон, Махгалын бэү бон, Дамдин-Янсан тэргүүтний уншлагын иш зарлигийн эхийг хүртээж Төвдийн Ванчин эрдэнээс Дашлхүмбийн газраа морилон саатаж олон нууц увидасийн аньсан утгыг айлдаж хайрлахыг хүсэмжилж байжээ.

Ялангуяа Дамдин -Янсангийн эрх иш нууцын эрдмийг Энэтхэгийн Сэра хийдийн олон хуварга шарз дацангийн олон шавь нарт аль хүссэнээр нь хайрлан хүртээж байжээ. Цаст Төвдийн газраа завшааныг олж халхын сүүлчийн номчидтой нүүр тулан уулзсан 1991 оны зуны тэр цагаас хоёрхон оны ард номын их гэвшийг мөнөөхөн цаст Төвдийнхээ тэр чимээгүй хөх уулсын дунд нэгэн насны зохионгуй үйлийг номын агаараар хураасныг дуулаад номд алгасарангуй, цагийн хийтэй шавь нарыгаа мөнх бусын ташуураар ороолгохын тулд тийм зохионгуйг үзүүлжээ хэмээн бодож билээ.

Мөн түүнээс хойш 10-аад оны ард 2002 оны зун цаг Токиогийн газраа нэгэн Төвд сэтгүүлийг эргүүлж суутал түүнд мөнөөхөн Сэнгээ гэвшийн Төвд намтар, эрдэнийн эрх нэртэйгээр нийтлэгдсэнийг үзэв. Түүнд Сэнгээ ринбүчийг таалал төгсөхөд Сэра хийдийн дээр солонгын дүрс бие ургах тэргүүтэн гайхамшигт сайны ёр билэг үзэгдсэн.

Тэрбээр Дамдин-Янсан бурханы орой тэргүүнээс гурван хөх морин толгой гарсан бясалгалын бурхан, бясалгалын бүтээлийг олж түүнтэй илт нигуураар уулзсан тул түүний гүдэн шарилыг хайлуулсаны хойно толгой гавилын ард талын дагзны ясан дээр нь морин толгойн дүрс өөрөө товойн гарч бас мутрын шууны ясан дээр нь вам үсэг тодорхой гарсан нь даган орох шавь нарт үнэхээр бясалгалын бүтээл болсон их егүзэр байжээ гэдэг хэлбэрэлтгүй чин сүсэгийг дурдан сануулахын учир тийн гарч үзэгдсэн хэрэг болой гэж Сэнгээ ринбүчийн ойрд иргэдийн шадар шахмийн шавь Хорхан Сононбалбар хэмээх Төвд хүн бичсэн байлаа.

Нэрт соён гэгээрүүлэгч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд