LOADING

Type to search

Зөвлөгөө

Анх удаа сургуульд орох гэж байгаа хүүхдээ хэрхэн бэлтгэх вэ?

Share

Аав ээж бүхэн хүүхдээ сайн хүн болоосой, сайн  суралцаасай гэж хүсдэг. Хүүхдийг сургуульд бэлтгэх нь тэдний хөгжлийн олон талыг хамаарна. Үүний тулд хүүхдийг сургуульд элсэн орохын өмнө дараах зүйлсийг энэ зун хийж амжуулаарай.

Эцэг эхчүүд өөрсдийгөө бэлдэх

Хамгийн эхний бөгөөд чухал зүйл бол эцэг эхчүүд хувьдаа бэлтгэлтэй байх ёстой. Хүүхэд бүр өөрийн гэсэн хувь хүн гэдгийг ойлгоорой. Хамгийн гол нь хүүхдийн авсан дүн биш, түүний мэдлэг олж авах хүсэл сонирхол, таашаал нь чухал гэдгийг санаарай. Үүнээс гадна хүүхэд тань сурахад танаас цаг, хүч зарцуулах нэн ярвигтай ажил үүснэ гэдгийг ч ухамсарлаарай. Мөн та хүүхдээ сургуульд элсэн орох бэлтгэл болгон хүүхдтэйгээ юу юу хийхээ төлөвлөх хэрэгтэй.

Харин хүүхдүүдийн тухайд

Ариун цэвэр

Сургуульд элсэн орохоос өмнө хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, шүдийг нь заавал эмчид үзүүлээрэй. Мөн шүдээ угаах, гарын ариун цэврийн талаар зөвлөгөө өгч, ярилцаарай. Хүүхдээ хувийн ариун цэврийн үндсэн зарчмуудыг хэвшүүлээрэй. Хоол идэхээс өмнө, гадуур гараад ирэхдээ болон бие зассаны дараа гараа угааж сурсан байх ёстой. Тэгж чадвал та хүүхдээ халдвар өвчнөөс хамгаалж, биеэ дааж сургана гэсэн үг.

Хүүхэд тань сэтгэл санааны хувьд бэлэн байх хэрэгтэй

Сургууль бол зургаан настнууд болон тэдний эцэг эхчүүдэд томоохон стресс үүсгэдэг. Хүүхэд нэгдүгээр ангид орохдоо хамт олон дунд нэгдэж, том болсон гэдгээ ухамсарлах ёстой. Бас тодорхой үүрэг даалгавар хүлээж байгаагаа ойлгох нь чухал. Хүүхдийнхээ үеийнхэнтэйгээ харьцах хэрэгцээ, хүсэлтийг нь биелүүлж, сургууль дээр цагийг таатай өнгөрөөх тав тухтай, тохилог орчин болоход нь дэмжлэг үзүүлээрэй.

Тэвчээртэй болоход тусал

Багш нэрийг нь дуудтал, мөн хонх дуугарах хүртэл хүүхэд хүлээх хэрэгтэй болно. Тэгэхээр хүлээж сурах нь чухал. Иймд өөрт нь тохирсон бага зэрэг хүлээх тохиолдлууд бодож олж дасгалжуулаарай. Мөн сургуульд орсон хүүхдүүд хийж буй зүйлээ заавал дуусгах хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай. Үүний тулд эхлээд богино хугацаанд гүйцэтгэх, яваандаа арай удаан хугацаанд гүйцэтгэх дасгал, даалгавар хийлгээрэй. Гэхдээ сонирхохгүй, дургүй зүйлийг хийлгэх гэж шахаж шаардаж болохгүй.

Гэртээ байдаг шигээ байж болохгүйг ойлгуулах

Гэртээ байдаг шигээ байж болохгүйг сайн ойлгуулаарай. Мөн сургууль цэцэрлэгийн ялгааг хэлж өгөөрэй. Сургуулийн анги танхимд хүүхэд өөрийнхөө зоргоороо байх боломжгүй, зөвхөн хичээлд оролцох, багшийн хэлсэн зүйлийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүрэгт дасгахын тулд гэртээ хувцасаа эмх цэгцтэй тавих, аяга тавгаа хураах гэх мэтээр ямар нэг үүрэг даалгавар хүлээлгэн биелүүлдэг дадалтай болгоорой.

Бүх зүйл дээр сайн байх шаардлаггүй

Бүтээгүй зүйлдээ гутрахгүй байхад нь туслаарай. Энэ насны хүүхэд өөрийгөө хамгийн сайн нь гэж ойлгож, үргэлж тийм байхыг хүсдэг. Алдаа хүүхдэд чухал сургамж болдог. Алдаа гаргасан бол түүнийг тайлбарлаж өгөөрэй. Түүний өөртөө итгэх итгэл буурахгүй, бас заримдаа алдаа гаргаж болно гэдгээ мэдрэх болно.

Унших, бичих, тоолох, бүтээх энгийн дадалд сурга

Хүсээгүй үед нь шахах хэрэггүй. Хүүхэд тань сургуульд орохоосоо өмнө сургалтын энгийн дадал зуршил эзэмшсэн байх ёстой. Хүүхдэдээ ном уншиж өгөөрэй. Тухайн номонд гарч буй үйл явдлын талаар ярилцаж, ганц нэг үсэг нүдлүүл. Үүнээс гадна хүүхдийн тоглоомыг өөрөөр нь хураалгангаа тэдгээрийг тоолуул. Мөн хүүхэдтэйгээ нийлж зураг зурж, цаас хайчилж тоглоорой.

Санаа бодлоо илэрхийлж сурахад нь тусал

Шинэхэн сурагч гэртээ болон сургууль дээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нь хүүхдийн ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй. Хүүхдийнхээ ярианаас та хичээлээ хийж чадаж байгаа эсэх, хичээл нь хэр зэрэг байгаа, багштайгаа болон бусад хүүхэдтэй ойлголцож, зохицож  байгаа эсэхийг мэдэж болно. Тэгэхээр хүүхдээс таалагдаж буй мөн таалагдахгүй байгаа зүйл юу байгааг чөлөөтэй ярилц.

error: Content is protected !!