НҮҮР Хүмүүс “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу жүжигчин Л.Лхасүрэн

“Гарын таван хуруу” киноны Шагдар буюу жүжигчин Л.Лхасүрэн

0
5869

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр танихгүй хүн ховор. Түүнийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Лайхансүрэнгийн Лхасүрэн  нь 1946 онд Завхан аймгийн Алдархаан суманд мэдэлжээ. Тэрээр багаасаа л олон төрлийн дугуйлан секцэнд хамрагддаг нийгмийн идэвх сайтай хүүхэд байжээ. Л.Лхасүрэн пионерийн ордонд жүжгийн дугуйланд явж анх урлагт сонирхолтой болсон гэдэг. Тэрээр нийслэлийн II сургуулийн VII ангийг 1962 онд төгсөж, Улсын Хүүхдийн Төв театрт жүжигчнээр ажиллаж байжээ. Харин 1974-1978 онуудад Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-д (ГИТИС) найруулагчийн мэргэжлээр суралцсан байна. Улмаар Улсын Хүүхэд Залуучуудын Театрт 1978-1984 онуудад ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, 1984 оноос УБИС, СУИС-д насан эцэслэтлээ багшилж олон сайхан шавь “төрүүлжээ”.

Уран бүтээл

Түүний хамгийн анхны дэлгэцийн дүр нь “Тус биш ус” киноны гол дүр болох Осор. Дараа нь “Агуйн нууц” киноны багшийн дүр, “Төгсгөл” киноны Мөнхөө гэсэн дүрүүдэд тоглосон байна. Үүнээс гадна “Ацаг шүдний зөрөө”-гийн Сорвит, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-ны Шагдар гэхчлэн дэлгэцийн, В.Шекспирийн “Ромео Жульетта”-гийн Ромео, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”-ын Корчагин зэрэг тайзны 100-гаад дүрийг бүтээжээ.

1983 онд зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн киног манай уншигчид андахгүй. Энэхүү кинонд ээж нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж жаргал зовлон амсан түүнийхээ хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгааг харуулдаг. Мөн эцэг Шагдар нь Хорлоо хэмээх бүсгүйтэй гэрлэж тэднийг хангалуун амьдарч байгаа зэргийг зэрэгцүүлэн харуулсан байдаг. Л.Лхасүрэн гуайн бүтээсэн дүрүүдээс үзэгчдийн хамгийн сайн мэдэх дүр бол яах аргагүй “Гарын таван хуруу” киноны Шагдар билээ.

Тухайн үед Шагдар бол хамгийн ихээр ад үзэгдэж байсан муу талын дүр. Эхнэр, таван хүүхдээ орхиод царайлаг хүүхэн рүү тэмүүлсэн Шагдарыг хүн болгон үзэн ядаж байсан. Гэвч цаад учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг хэмээн кино судлаачид хэлдэг. Гэвч тухайн нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байгаагүй юм.

Энэ талаар түүний хүү Л.Энхбаатар “Аавтайгаа хамт явж байгаа үед хүмүүс “Өнөөх Шагдар явж байна” гэдэг байсан. Харин миний үеийн хүүхдүүд “Муухай Шагдар явж байна” гэвэл би зодолдох нь холгүй юм болно. Аав минь бол тоохгүй л дээ. Эргээд бодоход Шагдарын дүр хүмүүст маш сайн хүрч, басхүү залуучуудад ухаарал өгч чадахуйц болсны илрэл юм даа” хэмээжээ.

“Гарын таван хуруу” кино бол социалист, капиталист хоёр нийгмийг дамнан оршихдоо үзэгчидээ огтхон ч алдаагүй кино. Бид өнөөдрийг хүртэл Шагдарыг ярьсаар л байна. Энд л чухам киноны зохиолч, найруулагч, жүжигчин хүний авъяас билэг, уран чадвар оршиж байгаа бизээ.

Тэрээр кино, уран бүтээлд тоглохоос гадна сайн найруулагч байсан. “Гурван найз”, “Болд хэрхэн хатаагдсан нь”, “Дээвэрт суудаг Карлсон”, Ж.Б.Мольер “Аргагүйн эрхэнд оточ”, “Бэрд” зэрэг жүжгийг найруулан тоглуулсан байна.  Мөн СУИС-д олон жил багшилж залуу авьяастнуудыг урлагийн замд хөтөлсөн сурган хүмүүжүүлэгч тэрээр “Хүн хөрөө” кино зохиол бичиж, өөрөө найруулан дэлгэцнээ гаргасан байдаг. Л.Лхасүрэн  Монгол Улсын жүжигчин, найруулагч хүн. СУИС-ийн багш байхдаа, МУ-ын Ерөнхийлөгчийн 2002 оны 7 сарын 5-ны 94 тоот зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртсэн байна.

Тэрээр жүжигчин найруулагч төдийгүй сурган хүмүүжүүлэгч. Л.Лхасүрэн гуай олон сайхан дүрээрээ мөнхөрснөөс гадна үл тасрах урлагийн галыг маналцаж, уран бүтээл туурвиж байгаа олон сайхан шавь нар бэлтгэжээ. Тухайлбал, 1987 оны төгсөгчид болох Эрдэнэтийн театрын Баярмагнай, “Язгууртан” театрын Наран-Амгалан, МҮОНТВ-ийн хөтлөгч Цовоо, Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, С.Өлзийхүү, Хүрлээ, 1995 оны төгсөгчид болох Ундармаа. Мөн УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, “Маск” продакшны жүжигчин Мөнхсайхан, Гэрлээ гээд олон уран бүтээлчийг урлагийн замд хөтөлжээ.

Түүний шавь Ц.Баярмагнай “Би 1983 онд Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид ороход Л.Лхасүрэн багш маань биднийг дааж авсан. Төгсөөд Соёлын яамны илгээлт авч С.Баатарсүрэн, М.Саранцэцэг, Н.Оюунчимэг, Х.Наран-Амгалан, Х.Батсайхан, Б.Ууганчимэг, н.Энхболд гээд нэг ангийн найман хүн багшийгаа дагаад явсан даа. Тэгээд Хөгжимт драмын театр байгуулж “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээр театр маань нээлтээ хийгээд бөөн баяр болж байлаа. Түүнээс хойш “Сар нуугдсан шөнө”, “Аргагүйн эрхэнд оточ” зэрэг олон томоохон бүтээл тавьсан. Мөн ихэвчлэн хүүхдэд зориулсан жүжиг дээр ажиллаж байлаа” хэмээжээ.

Гэр бүл

Түүний гэргий Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, бага эмч мэргэжилтэй. Л.Лхасүрэн гуай гурван хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь мөн л урлагийн замыг сонгосон. Харамсалтай нь түүний том хүү нь УДБЭТ-д балетчинаар ажиллаж байгаад өвчний улмаас бурхан болжээ.  Харин дундах хүү нь СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн байна. Хамгийн бага хүүхэд нь зураач мэргэжилтэй ажээ.

Түүний дунд хүү Л.Энхбаатар “Аав минь харахад их том биетэй, сүрлэг харагддаг хэдий ч дотроо маш зөөлөн хүн байсан. Ямар сайндаа л хүүхдүүдээ нусны алчуураар зоддог байх вэ дээ. Ах бид хоёрыг дүрсгүйтээд хэрэг тарих юм бол нусны алчуураар л цохих, илэх хоёрын хооронд хүрдэг байсан гэдэг. Бид хоёр ч сүйд болоод уйлдаг байсан гэдэг юм. Ер аав минь надад айхтар гар хүрч байсныг би мэдэхгүй. Тийм л их хайранд өссөн дөө” хэмээжээ. Л.Лхасүрэн сайн жүжигчин, найруулагч, багш төдийгүй айлын гэрийн ноён нуруу, энхрий үрсийнхээ хайрт аав нь байсан юм. “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээрээ дэлгэцэд мөнхөрсөн МУГЖ Л.Лхасүрэн өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

error: Content is protected !!