Б.Болдсайхан: Хөлийн ул, гарын алга халуу оргих, хөлрөх зэрэг шинж ийм учиртай

0
9741

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгчээ.

-Манайхан шинжлүүлэхгүйгээр, дурын эмийг эмийн сангаас аваад уучихдаг. Тэгэхээр ямар эм уух талаар зөвлөж болох уу?

-Ямар ч тохиолдолд, ямар ч өвчний үед юмыг яаж мэдэх вэ гэж эм ууж болохгүй . Хеликобактери байгаа, байхгүйг нь мэдэхгүйгээр саяын эмнүүдийг ууж болохгүй. Эдгээр эм ходоодны хүчлийг дараад, хоолны шингэц муудахаас авахуулаад, хамаагүй буруу хэрэглэвэл ходоодны салстын зарим хэсгийн цусан хангамж муудаад, хатангиршаад, цайраад ирдэг.

Дутуу хэрэглэвэл бас муу нөлөөтэй. Хеликобактериа үзүүлээд, эмчийн хяналтад байгаад, зааврын нь дагуу эмээ уусны дараа дахин тодорхойлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 20-иод хоног уух эмийг 7, 10 хоног уучихаад, одоо болилоо гэвэл энэ бактери антибиотикт тэсвэртэй болдог. Дараа нь зөв эмчилгээ хийгээд байхад бактери үхэхгүй, архаг үрэвсэлтэй болох, удаан хүгацаагаар ходоод муутай болох зэрэг муу үр дүн гарна.

-Хеликобактерийг яаж төгс эмчлэх вэ. Хелипак гэдэг эмийг уугаад нэмэртэй юу. Эмч энэ эмийг биш өөр гурван эмийг нийлүүлж уу гэж бичиж өгсөн, ууж дуусаад жил болж байна. Дахиад нүүр хүзүүгээр юм гараад байх юм. Ардын эмчилгээ ч юм уу, өөр хялбар эмчилгээ байна уу. Антибиотик их уухаар муу гэх юм. Та энэ талаар дэлгэрэнгүй хариулж өгнө үү?

-Хеликобактерийн шинжилгээг янз янзаар хийдэг. Зарим нь найм, зарим нь тавь хүртэл гэсэн үзүүлэлттэй бол хэвийн гэж үздэг.

Бага зэрэг их байхад, тэр тусмаа зовиургүй байвал гайгүй, заавал эмчлэх гээд байх хэрэггүй. Яагаад гэвэл, дэлхийд нийт хүн амын бараг 80 хувьд нь хеликобактери байж байдаг. Бүр их болчихоод байвал, дээрээс нь стресс нэмэгдвэл энэ хоёр хүчин зүйл нийлж байж хүний ходоодонд шарх үүсгэдэг. Тэгэх тусмаа өмнө нь нэг удаа эмчилгээ хийлгээд зүгээр болоогүй бол эм уухаасаа илүү хоол ундаа, хоолны дэглэмээ зөв болгож, их хоол идэлгүй, илүү сайн өлсч байх хэрэгтэй. Хеликобактеритай бол хөдөлгөөнтэй байж, ялангуяа гэдэсний дасгал сайн хийж бай . Гэдэс гүзээлж томроод, хэвлийн даралт байхгүй болбол цөсний хүүдий томорч, чулуутай болно. Ходоод ч сунана. Гурав дахь нь стресс. Улаанбаатар айхтар стресстэй орчин болсон.

Сүүлийн хорин жил гэхэд зүрх судасны өвчин Улаанбаатарт хэд дахин нэмэгдсэн байгаа. Стресстэй л холбоотой. Тийм болохоор аль болох тайван, аливаа юманд уужуу тайван хандаж байх хэрэгтэй. Тэгэхгүй, урд байгаа машин болгоны хойноос сигналдаж, ажил дээрээ хүн болгоны хэлснийг үг болгоод өрвөлзөөд байлаа гэхэд урд байгаа машин ч явахгүй, үг сөргөлдсөн хүн ч өөрчлөгдөхгүй, өөрөө л нервтээд, стресстээд үлдэнэ.

Стресстээд байвал өөрийн чинь эрүүл мэнд, ходоод, цөс, тэр тусмаа даралт, мэдрэл, судаснууд өөрчлөлтөд орж байдаг  юм шүү. Болдог бол ажлын дараа аль болох дасгал хийх, эсвэл алхах зэргээр хөлсөө гаргаж байх хэрэгтэй. Тэгвэл өдөржин хуримтлагдсан стресс гардаг, зүрхийг, ходоодыг хурдан агшааж, ходоодны булчинг чангаруулдаг, судсуудыг нарийсгадаг бодисуудаа зарцуулах хэрэгтэй.

Америк кинонд гардаг шиг их стресстэй ажил хийдэг биржийнхэн, бизнесийнхэн ажлаа тарсны дараа теннис тоглох юм уу, дугуй унах зэргээр дасгал хийдэг. Энэ нь стрессийн эсрэг эрүүл мэндээ хамгаалж буй өөрийнх нь эмчилгээ. Тэгэхээр эдгээр дасгал, хөдөлгөөнүүдийг хийсэн нь хеликобактерийн эсрэг эм ууснаас илүү үр дүнтэй  сайн.

-Нярай хүүхдийг өдөр бүр усанд, тэр бүү хэл цайнд, шөлөнд оруулдаг. Ингэж өдөр бүр үгаах зөв үү. Үнэхээр шөл, цайнд оруулахаар хүүхдийн ядаргаа арилдаг гэж үнэн үү?

-Энэ их зөв асуулт л даа. Өмне нь монголчууд хүүхдийн үгаалга гээд, хэзээ үгаах нь тодорхой, бүр ёслол хүртэл үйлддэг байлаа.

Долоо хоног дээр нь, нэг сартайд нь үгаадаг байсан. Хүүхдийн угаалгын баяр гэж хийдэг байсан. Сарын дараа нэг үгаачихаад, хүүхдээ хүнд харуулж болох нь гэж үздэг байсан. Би бас гайхаад байдаг юм. Монголчууд яаж тэрийг мэддэг байсан юм бол гэж. Хүүхэд эхийн хэвлийд-аквариум дотор байж байгаад гарч ирдэг. Иймээс эхний нэг сарын турш халуунаа өөрөө зохицуулах чадваргүй байдаг.

Арьс салст, амьсгал зүрх бүх юм нь гадаад орчиндоо тэнцэж амжаагүй, дархлаа сууж чадаагүй байдаг. Сарын дараа гэхэд харьцангуй гайгүй, дархлаа нь тогтворждог. Үүнийгээ эхээсээ ч авна, өөрийнх нь дархлааны систем ч хөгжөөд ирдэг. Тэгээд сар болоод үзүүлдэг. Одоо ч гэсэн монголчуудаас өөр үндэстэн тэгдэггүй байх шүү. Гэтэл өнөөдөр монголчууд төрөв үү, үгүй юү эрүүл согтуу хүн орж үнсээд байдаг. Дээр үед тэгдэггүй байсан.

Энэ бол шинжлэх ухааны маш өндөр үндэслэлтэй. Үгаах нь хүртэл тусгай үйл байсан. Үүнийг сөрөөд, ялангуяа хотод, хүүхдээ төрсний маргаашнаас нь авахуулаад бараг крантны усаар угааж, зүлгэж байх ёстой гэж яриад байх юм. Маш олон эхчүүд ингэдэг болсон юм билээ. Тэрнээсээ болоод арьсан дээгүүр нь улаан юм туураад байна, нураад бапна, яах вэ гэдэг. Тэгэхээр үүнийг сайн анхаарах ёстой.

Нэг онигоо байдаг даа. Увсын эмгэнийг та хэзээ хамгийн сүүлд усанд орсон бэ гэхэд зун азарган бороо ороход нэг нороод орсон гэж. Долоо хоногт нэг усанд орж байхгүй яасан юм гэхээр, ямар галуу шувуу биш дээ гэж хэлсэн гэдэг. Гэтэл яг хэрэг дээрээ эмгэний зөв. Бид усны амьтан биш. Өдөр болгон усанд умбаад, тэгэх тусмаа мочалкаар өөрийгөөүрээд, зүлгээд, янз янзын химийн бодисоор үгаагаад байхаар яадаг ч үгүй тэсвэртэй усны амьтан биш. Галуу шувууг ч гэсэн өдөр болгон шампуниар үгаагаад байвал удахгүй өд нь салбараад, арьс нь муу болох байх гэж би боддог. Тэгэхээр хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн, сүүлийн үед тэгдэг болсон.

Өдөр бүр л арьсаа хуулчих шахан үрээд л, нүүр гарын саван, янз бүрийн бодисоор үгаагаад байдаг. Тэрнээсээ болоод арьс нь эрүүлжиж гоо сайхан болсон юм бол байдаггүй. Анзаарсан бол эрчүүд арай бага үгаадаг. Тийм болохоор явж явж эрчүүдийн арьс хүүхнүүдийн арьснаас илүү байдаг.

Франц, АНУ-д нэг судалгаа хийсэн байна. Эмэгтэйчүүдийн арьсаар юм гараад байгаа нь хэтэрхий их угааж, косметик тавьснаас болсон гэсэн дүгнэлт судалгаагаар гарсан байсан. Хүний арьс таван давхаргатай байдаг. Тэрэн дээрээ хамгийн гадна талын өөрийн гэсэн хүчил, шүлтийн тэнцвэртэй, өөрийн гэсэн тослогтой, хөлсөөрөө хамгаалагдаад байж байдаг. Гурав хоноод нэг хуурч байдаг. Тэр байтүгай өөрийн гэсэн хамгаалах бактериудтай байдаг. Гэтэл тэрийг өдөр бүр зүлгэж үгаагаад, хамгаалалтын бактериуд, хүчил шүлт, тос бүхий гадна талын давхаргыг хуулж аваад байх юм бол арьс ямар ч хамгаалалтгүй болно.

Маш амархан үрэвсдэг, өөрчлөгддөг, хөгширдөг, тэр байтүгай цагаан арьстануудад их тохиолддог арьсны хавдар ч тусах магадлалтай. Тийм болохоор дахиад хэлэхэд, Увсын эмгэний зөв шүү. Том хүн ч бай, хүүхэд ч бай, дөрөв, тав, долоо хоногт нэг удаа маш сайн зүлгэж үгааж болно. Ялангуяа өдөр бүр усанд оруулах нь нялх, нярай хүүхдийг маш их эрсдэлд оруулдаг . Өвдүүлнэ, ханиад хүргэнэ, арьсан дээр нь элдэв янзын юм гаргана.

Арьсан дээр дархлааны бодисууд хүртэл байдаг шүүдээ. Тэрийгээ хүртэл угаагаад хаячихаж байна гэсэн үг. Гэхдээ хотод хиртэй толгойтой, элдэв үнэр гаргаад яваад байж болохгүй. Тэгэхээр ядахдаа толгойгоо, цавиа, хөлөө сайн үгаачихаад, бусад хэсгийг усаар зайлаад явж байх хэрэгтэй. Тэгвэл харин эрүүл чийрэг явна. Тэгэх тусмаа Монгол шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай оронд өвөл хавартаа долоо хоногт хоёроос илүү тэгж айхтар орохгүй байсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Гэхдээ энэ бол миний бодол.

-Охин маань хэт туранхай. Таргалуулах арга байна уу. Уг нь аль л витаминлаг сайн гэсэн юм идэж, уудаг ч таргалахгүй юм?

-Таргалахдаа булчингаа зөв хөгжүүлж, өөхөө багахан нэмэх маягаар зөв жин нэмэх ёстой. Үүний тулд уурагтай хоол идэж байх хэрэгтэй.

Өндөг, сүү, тараг хамгийн сайн хоол  болно. Өөрөөр хэлбэл, амьтан өөрийн үр зулзагыг тэжээхэд зориулсан төгс найрлагатай уургуудыг хэрэглэж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бодисын солилцоог сайжруулдаг, булчин нэмдэг эмүүдийг эмчийн зөвлөгөөгөөр ууж болно. Жишээ нь ретаболилийг өдөрт нэгээр ууж болно. Эсвэл тарьж болно. Гуравдүгаарт, биеийн дасгал хийж эхлэх хэрэгтэй.

Дасгал хийгээд эхэлбэл тэр хэрэгцээний хэмжээгээр булчингийн масс бас нэмэгддэг . Мөн өөхөн давхарга ч нэмэгддэг. Дөрөвдүгээрт сайн унтаж амрах хэрэгтэй. Хэт туранхай байгаа бол ходоод гэдэсний зам зүгээр байна уу, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн байна уу гэх мэт нөхцлийг шалгах хэрэгтэй. Цагаан хорхойг ч бас шалгуулах нь зүйтэй. Байх ёстой жинг хүний өндрөөс 100-г хасч тодорхойлдог. Түүнээс доош жинтэй байвал туранхай байна гэсэн үг.

-Хүү маань 13-тай. Ханиад томуу тусаагүй атлаа заримдаа үе үе амьсгаа нь давчдаж, уртаар, гүнзгий амьсгаа авах юм. Энэ юутай холбоотой юм бол. Зүрх тасалддаг гэж сонссон. Хүүгийн маань зүрх тасалддаг юм биш байгаа?

-Хамгийн энгийнээр хэлэхэд, муу зуршил байж болох юм. Хамар, амаа цэвэрлэх үед гүнзгий амьсгалсаар байнга тэгэх муу зуршилтай болсон байх магадлалтай. Өнгөцхөн тийм зуршил байгаа, эсэхийг анзаарах хэрэгтэй. Хэрэв биш бол зүрх, уушги хоёрыг шалгуулах хэрэгтэй. Ялангуяа зүрх тасалдах, зүрхний хэм алдагдсан тохиолдолд хүмүүс гүнзгий амьсгаа авмаар болдог, давчдах нь бий.13-тай хүүхэд гэхээр, иймэрхүү тохиолдол нэлээд гардаг. Яагаад гэхээр, их хурдтай өсч байгаа эрэгтэй хүүхдийн биеийн хөгжлийг зүрх нь гүйцэхгүй байх магадлалтай. Энэ үед кальци өгөх хэрэгтэй. Энэ нь зүрхний булчингаас гадна, биеийн булчинд дутагдаж байж магадгүй. Цагаан идээ сайн хэрэглэж, дасгал хийж байх хэрэгтэй. Унтуулж амраагаарай. Хэрэв зүрхтэй холбоогүй бол уушгийг нь үзүүлэх хэрэгтэй. Ойрхон ханиад хатгаа авсан байна уу шалгуул. Энэ бол өсч байгаа насны хүүхдэд нэлээд түгээмэл зовиур.

-Би охиноо долоон сартай буюу хөхүүл байхад нь тураах эм ууж байсан. Одоо охин маань хоёр ойтой. Үе үе гүйлгэдэг, гэдэс дотор нь эвгүйрхдэг болсон. Энэ миний уусан тураах эмтэй холбоотой болов уу?

-Тураах эм гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг, хоёрдугаарт, гэдэсний дотор талын давхарга дахь нимгэн салст буюу монголчуудын хэлдгээр салиаг хуулж хаяж гэмтээдэг, гуравдугаарт хамгийн аюултай нь, ходоод гэдэсний хананы мөчлөгүүдийг гэмтээж, өвчлүүлж, өөрчилдөг. Хүүхдээ хөхүүл байхад нь тураах эм уусан бол хөхний сүүгээр дамжин хүүхдэд сөрөг үр дагаврууд очдог . Тэгэхээр дээр хэлсэн гурван нөлөөг бас хүүхдэд үзүүлсэн байх магадлал маш өндөр. Тиймээс хүүхдэдээ бифундум бактеритай тараг өгч, аль болох эрүүл сайн хоол өгч байх хэрэгтэй. Монгол үхрийн юм уу, богийн элгэн тараг өг. Ийм тараг хамгийн зөв бактериар исэлдсэн биотехнологийн бүтээгдэхүүн юм. Ингэж байж л гайгүй болно.

-Хомхой долоох гэж юу вэ. Өвчин үү. Хоол идсэний дараа амаа арчихгүй бол тэгдэг. Бас модон иштэй хутганы ишийг халааж байгаад хайрахаар зүгээр болдог гэдэг. Мөн шивээс хийлгэсний дараа хомхой долоочихлоо ч гэж ярьдаг. Яаж анагаах вэ?

-Хомхой буюу герпес нь вирусийн өвчин. Хүний арьсан дээр, уруул, амны орчим байнга байж байдаг вирус. Бие сульдаад ядрах, хоол ундгүй удаан явах, нойргүй туйлдах үед өвчин болж сэдэрдэг. Хүний бие чийрэгжээд, амарсан, дархлаа сайн байхаар дархлаанд ньдарагдчихдаг өвчин.

Хэрвээ шивээс хийлгэсний дараа хомхой гарсан байвал тэр вирусийг шивээсээр халдварлаж авсан байх магадлал өндөртэй. Тэгэхээр тэр шивээс хийсэн газрын зүү нь нэг удаагийн хэрэглээнийх биш, ариутгадаг байж магадгүй. Магадгүй, өмнө нь хомхой долоосон хүний уруулыг шивээд, дутуу, сайн ариутгалгүй дараагийн хүнд хэрэглэснээс шууд халдсан байж болох юм.

Хүний бие рүү нэвтэрч, цус руу нь орж байгаа болохоор халддаг гэсэн үг. Тэгэхээр зүгээр хомхой долоогоод өнгөрсөн бол бас амтай байна. Гэтэл элэгний В, С вирус, ДОХ авбал яах вэ. ДОХ, В, С вирустэй адилхан вирус шүү дээ. Уруулаа гоё болгох гэсэн биш, насан туршдаа шаналах аймшигт өвчний вирусийг авч, амь, амьдралаараа хохирч, цирроз, хавдартай болж, үхлийн өвчин тусвал яах вэ.

Хүмүүс үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл сүүлийн үед зөвхөн уруулын биш, хөмсөг, нүд, биеийн шивээс хийдэг газрууд бараг орц, хонгил болгонд нээгдсэн байна. Тийм учраас шивээс хийдэг газар орохдоо заавал нэг удаагийн хэрэглээний зүү байна уу, цоо шинийг нүдэн дээр нь задалж байна уу гэдгийг анхаар  ах ёстой. Хомхойн хувьд бусадтай адилхан л вирус.

Дотроо гентэй, гадуураа глюкопротейдын буюу нуурс ус уургийн бүрхэвчтэй. Хүний биед зүгээр байж байгаад ядрахаар үруул дээр нь их төлөв гараад ирдэг. Заримдаа нүүрэн дээр өөр газар ч гарч болдог. Бага зэрэг цэврүү үсэрсэн, эргэн тойрон улаантай, хөндуүр болдог. Эмчилгээ нь их энгийн. Ер нь бол бараг эмчилгээ хийхгүй байсан ч долоо хоногийн дараа өөрөө арилчихна. Гэхдээ биеийн дархлаа сул байвал дахин дахин гарах гээд байдаг. Зовиракс буюу ацекловир гэдэг нэртэй тос түрхэх юм уу, эм уудаг.

Долоо хоног хүрэхгүй хүгацаанд вирусийг дарангуйлдаг эм бэлдмэл л дээ. Энэ вирус дээр гол анхаарах юм нь бие сульдсан үед байдаг гэсэн үг. Түүнээс биш, хомхой хоол идээд гарснаас ч юм уу, тостой амтай гарснаас болдог юм биш . Хомхой долоож байвал ядарсан байна, дархлаа суларсан байна, сайн унтаж, хоол сайн идэх, витамин уух, амрах хэрэгтэй юм байна гэж ойлгох хэрэгтэй.

-Үе мөчний өвчний шинж тэмдэг нь юу вэ. Хөдөлгөөний дутагдалтай холбоотой юу?

-Шинж тэмдэг гэвэл тодорхой л доо. Үе мөч өвдөнө, хөдөлгөөн хязгаарлагдана, хавдаж болно, өнгө нь өөрчлөгдөж улайж болно. Бас үйл ажиллагаагаа бүрэн хийж чадахаа болино. Ийм шинжүүд илэрвэл үе мөчний өвчтэй болж эхэлсэн гэсэн үг. Үе мөчний өвчин гэхээр ерөнхийд нь ярьж байна. Хэд хэдэн үндсэн хэсэг бий. Нэгдүгээрт, үрэвслийн гаралтай. Энэ нь Монголд хамгийн их тохиолддог.

Ревматизм буюу хэрлэгийн гаралтай өвчин. Хоёрдугаарт, гэмтлийн гаралтай. Ямар нэг байдалтай үе гэмтэж, үений эргэн тойронд үений холбоосуудаа гэмтээж байсан бол. Хүн бүр л бараг шагайгаа мулталж, тохойгоо эвгүй цохисон байдаг. Гурав дахь хамгийн түгээмэл зүйл бол насны өөрчлөлт. Эрэгтэй, эмэгтэй хүн хоёр дахь шилжилтийн насандаа яс ургах, эргэж шимэгдэх процессын тэнцвэр алдагдсанаас болж ясны гадна талын гадарга илүү нимгэрч хатууран, илүү ургац үүсч, дотор тал нь сийрэгжиж эхэлдэг.

Үений дотор талд ийм өөрчлөлтууд гарах юм уу, үений гадарга нь арзайгаад хэлбэрээ алдаад ирвэл үе мөч өвдөж эхэлдэг. Энэ хүн ерөнхий асуусан болохоор ерөнхийд нь хариуллаа. Харин хөдөлгөөний дутагдалтай холбоотой юу гэдэг нь маш их холбоотой. Байгалиас заяаснаар хүн үргэлж хөнгөн шингэн шогшиж байдаг. Харин хүн бүр суудал ширээний ард арван цаг суудаг, гэртээ очоод диван дээр налайж хэвтдэг болоод байгаа. Тэрнээс болж хүний үенүүд хөдөлгөөний дутагдлаас болж өөрчлөлтөд орж, яс сийрэгжиж, хэврэгшиж, эмзэгшиж, маш эрт өвддөг болж байгаа .

-Орой болохоор хурууны үеэр өвддег. Энэ үе мөчний өвчин мөн үү?

-Ер нь үе өвдеж байна гэдэг үе мөчинд өөрчлөлт гарч байна гэсэн үг. Ялангуяа Монголд хавар, намарт цаг агаар тогтворгүй, хүйтэн, дулаан ээлжилдэг учир өвчин сэдрэх нь элбэг. Тийм учраас үе мөч нь өвддөг хүмүүс хавар, намар сайн эмчилгээ хийх хэрэгтэй . Тухайлбал, энэ хүн пенициллин-жи хэрэглэсэн байх гэж бодож байна. Уг тариа үе мөчний өвчнүүдийг үүсгэдэг шалтгааныг тасална.

Том хүн пенициллин жи-г 2.4 саяар 21 хоногт нэг удаа нэгээс хоёр жил тасралтгүй хийх хэрэгтэй. Мөн аспирин 100-г оройн хоолны дараа нэг жил тогтмол уух ёстой. Хавар 14-20 хоногийн хугацаанд ибупрофеин ч юм уу, эмчээс зөвлөгөө аваад үрэвсэл дардаг, өвчин намдаах эм хавсарч уух ёстой. Дархлаа зохицуулах эм давхар уух ёстой. Үе мөч өвддег хүн хавартаа бие гайгүй байсан ч эмчилгээ хийх нь зүйтэй.

-Хэрэв жирэмсэн бол дээрх эмчилгээг хийж болох уу?

-Жирэмсэн бол дээрх эмчилгээг хийж болохгүй. Урагт нөлөөлөхгүй эмүүдийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Жирэмсэн хүн аспирин их хэрэглэвэл цус алдаж зулбах аюултай .

-Хөлийн ул байнга халуун оргиж явдаг нь ямар нэг өвчний шинж тэмдэг үү?

-Энэ бол өвчний шинж тэмдэг биш. Ийм шинж зарим хүнд байдаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа их байгаа хүмүүст хөлийн ул, гарын алга халуу оргих, хөлрөх зэрэг шинж тэмдэг их илэрдэг.

Хүний ургалч мэдрэл гэж байдаг. Симпатик, парасимпатик гэсэн хоёр хэсэгтэй. ургалч мэдрэл нь хүний ухамсарт ухаанаас хамаарахгүйгээр булчин, судас, мэдрэлүүдийг зохицуулдаг. Судсан дээр бол нэг нь агшаадаг, нөгөө нь тэлж байдаг.

Гэдэсний гилгэр булчинд бол нэг нь гэдсийг суллаж байхад нөгөөх нь агшааж байх жишээтэй. Парасимпатик буюу тэр судсуудыг тэлдэг, суллаж байдаг мэдрэлийн систем нь давамгай байвал хөлийн ул халуу оргих шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр өөрт нь зовиуртай л биш бол эмчилгээ хийх шаардлагагүй. Бүр хувцас өмсч болохооргүй их зовиуртай байх нь ховор. Хэрэв тийм бол эмнэлэгт хандсан нь дээр. Ерөөс зарим хүний хөл даарч, заримынх нь халууцаж байдаг нь байгалийн жам.

-Хумс гөлгер биш барзайж ургаад байх юм, яах вэ. Хумсыг, дотрын толь гэдэг. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Хамгийн түрүүнд хумсанд мөөгөнцөр байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Хумсны мөөгөнцөр байгаа үед өнгөө алдаж, барзайж, зузаараад ирнэ . Мөөгөнцөртэй байвал эм түрхдэг. Хоёрдугаарт, кальци бага байвал хумс нимгэрч, амархан хугарамтгай болж, дагуугаа биш туушид цуурдаг.  Эсвэл дасгал бага байгаад, кальци таарахгүй байхад бас ийм шинж тэмдэг илрэх талтай. Харин хумс бол ходоод, гэдэсний толь гэдгийн тухайд хумсаар шууд оношлох аргагүй. Кальцийг хүн ходоод, гэдсээр л авдаг болохоор тэгж хэлж байгаа болов уу. Юутай ч эхлээд хумсаа оношлуулах нь зөв. Мөн орчны нөлөөнөөс бас болно. Маш их юм угаадаг, гэртээ нимбэгийн уусмалаар юм угаахдаа гараа хамгаалдаггүй хүний хумсанд нөлөөлөх талтай.

-Ясны сийрэгжилтийг залуужиж байна гэх боллоо. Ямар шинж тэмдгээр илрэх вэ. Кальци уух сайн уу?

-Залуужиж байна гэдгийг мэдэхгүй юм байна. Ясны сийрэгжилт хоёр үед тохиолддог. Эхний үе нь өсвөр насанд тохиолддог бол ясны сийрэгжилт биш . Яс ургах процесс нь хэт хурдан байснаас өсөх насны хүүхдүүд хөл, булчин, зарим нь зүрх өвдлөө гэдэг. Ясанд нь хангалттай фосфор, кальци, уураг ирэхгүй байгаагаас болж ингэж өвддөг. Яг яс сийрэгжилт нь эмгэг гэдэг утгаараа хүний хоёр дахь шилжилтийн насанд тохиолддог.

Эмэгтэй хүнд 45-55, эрэгтэйчүүдэд 55-б5 насанд дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс, хөдөлгөөн багассанаас, амьдралын дэглэм, бодисын солилцооны эрчим суларснаас болж яс сийрэгждэг . Яс нь төрөх наснаас үхэх насанд хүртэл ургаж бий болж, илүү гарсан нь шимэгдэж алга болж байдаг. Тэгэхээр ургаж төлжих процесс нь арай удаашраад, шимж сийрэгжих процесс нь их болж байна гэсэн үг.

Яс сийрэгжих гол шинж тэмдэг гэвэл яс өвдөнө, амархан ядарна, рентген зурган дээр ясны дотор тал нь нэлээд сийрэгжсэн, тэгсэн хэрнээ гадна хэсэг нь нимгэрсэн, гэхдээ хатуурсан харагддаг. Тэгэхээр шилжилтийн насанд яваа хүмүүс өдөрт доод тал нь 200 мг-аас нэг гр хүртэл кальци ууж байх хэрэгтэй. Тэрнээс илүү нь сүү, тараг өдөрт нэг литрээр нь ууж сайн хөдөлж байвал яс сийрэгжих гайгүй. Сүү, тарганд хангалттай хэмжээний кальци, биологийн байдлаараа уурагтайгаа байдаг.

Эх сурвалж: iToim.mn