No menu items!
HomeНом ярьяДалай ламын монгол багш Дандар аграмба бие элж, жанч халсан нь

Далай ламын монгол багш Дандар аграмба бие элж, жанч халсан нь

-

Багш шавийн барилдлагатай болсон цагаас хойш Далай лам Дандар агримбад өдөр болгон бараалхдаг байжээ. Гэтэл Ханд чин ван тэднийхээр орж ирэв.

Дандар:

-Далай ламтан манайхаар өдөр бүр морилдогсон. Яагаад үзэгдэхгүй байна гэж асуув. Ханд ван:

-Багш минь. Далай багшийн лагшин чилүүр байгаа. Намайг орох гэсэн хаалгач төвдүүд нь хориод оруулсангүй гэлээ. Агримба цочисхийн

-Юу. Та чинь энэ хошууны эзэн юм байгаа биз дээ. Тэр их ламтныг залж авчирчихаад юу болж байгааг нь мэдэхгүй байдаг гэж зэмлэв. Ханд чин ван дотроо “Багшийн хэлдэг ч түмэн зөв.

Би ч юмыг ухаарах болоогүй байна даа” хэмээн гэмшингүй бодоод гарч явлаа. Тэрбээр шууд явсаар Далай ламын байрласан өргөө рүү ирэхэд төвдүүд хориглосон боловч, түүнийг үл тоон бараалхахаар болов. Тэгтэл их ламтны бие тун муу байгаа бололтой, амьсгаа дээр, уруул шүд нь харлачихсан хэвтэж харагдав. Яах аргагүй хорджээ.

Ханд чин вангийн царай чинэрэн хүрэнтэж, ламтны бараа бологчдыг даруйхан Цуглуул гэж үүдэнд байсан нэгэн төвдөд захирангуй хэлээд гарч явлаа. Тэрбээр тун удалгүй хуяг дуулга өмсөж, сэлмээ агассаар буцаж ирэв. Ноѐнтон ихэд хилэгнэж

-Та нарын дотор наад зах нь надтай өстэй, цаад тал нь халх Монголтой өстэй хэн байна. Далай багшид хор өгснөө хэлэхгүй юм бол бүгдийн чинь толгойг хяргана. Надад зуун хүний толгой авах эрх байна. Энэ явдлыг эзэн хаанд илтгэхэд надад ял хэлэлцэхгүй гэж хэлээд хоѐр гараа дээш өргөлөө. Тэгэхэд Ханд вангийн сэлэм нь аяндаа шаг шаг хийн сугарсаар байв. Сэлмэнд гар хүрэхэд л хүний толгой хяргахад бэлэн болжээ. Тэд цугласан төвдүүдийн царай цайран хувхайрч, өвдөг нь чичрэнэ. Ханд чин ван:

-Хэргээ хүлээхгүй бол бүгдийг чинь толгойг авна гэж сүрдүүлэв. Тэгтэл нэгэн

төвд:

-Би хор өгсөн гэж хэргээ хүлээлээ.

Ханд чин ван:

Тэгээд Сайн ноѐн хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу руу яаралтай элч довтолгож, алдарт Дандар маарамбыг залан авчирч, их ламтныг эмчлүүлэн тэнхрүүлсэн аж.

Зава Дамдины “Алтан дэвтэр” хэмээх түүхэн зохиолд XIII Далай ламыг “…модон могой жилийн өвлийн эхэн үед Чин вангийн хүрээнд морилж, Манзушри лам Дандар нэртээс ном зарлигийг хүртсэн, Гал морин жилийн зуны эхэн сард Заяа бандидын хүрээнд морилон ирж, намрын эхэн сард нь Эрдэнэ зуугийн оронд морилсон…” гэж тэмдэглэжээ.

Өвгөн хамба насны эн, үйлийн ихэд дарагдавч, бодол нь бийрийн үзүүрт тунасаар, туурвисаар олон шавь нарынхаа ухааны царыг тэлж, алдаа ослыг залан тэгшилсээр байв. Ийнхүү өндөр хүдэр чийрэг биетэй, тос даасан хүрэн царайтай, урт цагаан сахалтай, алжаан уйдахаас насад хагацсан бичгийн мэргэдийн нэн даруу ѐс ямба бүхий билгүүн номч энэ хүн илтэд судар дандрын балыг шимэн цэнгэх ажээ.

Хааяа биеэ чилээрхэхээр, өөрийн шавь Наваан гүдэмбийг дуудна. Наваан гүдэмбэ билэг танхай, чойжин буудаг, бор дарсанд дуртай, зэхий яриатай юм уу даа гэж санагдахаар нэгэн. Тэрбээр хойтын багшийгаа хэл өгөхөд тэр даруй довтолгон ирэх бөгөөд баахан халамцуу гэрий нь баруун хойморт завилан, амандаа бувтнан сууна. Энэ нь ухаантай хүн хааяа архи дарсаар еөрийгөө аргадан тайтгаруулж, сэтгэлийнхээ гуниг, сүүдрийг шилгээн хаядгийнх байсан буй заа.

-Чи гүйгээд гүдэмбэ гуайдаа хятад пүүснээс ганц шил ганзай авчраад өг гэнэ. Авчирсан лонхтойгоос нь шимэн шимэн амталж, аашилж аягалах хооронд хойтын багшийн бие илтэд сайжирдагсан хэмээн шавь нар нь дурсан ярьдаг байжээ.

Дандар агримба зөвхөн номлон бясалгагч хувраг төдий байсангүй, насны эрэмбэ, амьдралын туршлага, ухааныхаа цараар улс орон, хошуу нутгийнхаа хувь заяаны төлөө чадах бүхнээ зориулсан халуун эх оронч байсан юм. Тэрбээр харийн булаан эзлэгчдийн гараас ангижрахын чухлыг олон шавь нартаа байнга сануулж, шашнаа манжийн төрийн колоничлогдон уусгах бодлогын зэвсэг болгон ашиглуулахгүй байж, түүнийг төрийн хэргээс ангид, анх эртний ариунаар нь хөгжүүлэхийн төлөө тэмцэж байв.

Тэрбээр Вангийн хүрээг ариун хурал номын тохь тухтай газар байлгахын тулд сүм дуган босгох, бурхан бүтээх, ном барлах газрыг өргөтгөх талаар чин зүтгэл гаргаж байв. Жишээ нь: Дандар агримба, эмэг ахайн (Ханддорж чин вангийн эмэг эх, Цэрэндорж вангийн хатан Ж.Б) хамт нирваан амьдралын үлгэр “Диваажин” сүмийг (1877 он) барих ажлыг үүсгэн сэджээ.

Ханд чин ван алба, амины хэргийг шийдэх хамгийн тулгамдсан хүнд үед багшдаа бараалхан, түүний ончтой санаа, мэргэн зөвлөгөөг анхааралтай сонсон болгоодог байжээ. Тухайлбал, харийнхны гарт хайрт хүүгээ алдаж, эцэст нь хир баргийн хүний зүрх тэсч даах аргагүй доромж тавлал үзсэн үед Ханд чин ванд Дандар агримба гол түшиг болж, сэтгэл санааг нь хатамжлан засаж байв.

Ханддорж зөвхөн Дандар агримбатай хоѐулхнаа Хятадаас зүдэж авчирсан хүүгийнхээ толгойг Ханжаргалант ууланд буй өвөг дээдсийнхээ шарилийн газар оршуулж байсан ажаа.

Ханд чин ван цагаагчин гахай жилийн (1911) их хэргийг сэдэхдээ өвгөн багштайгаа аминчлан ярилцаж, сэтгэл зориг шулууджээ. Дандар агримба эл үйлсэд Хаант Орос улсаас тусламж гуйхыг тун ээлтэй хэрэг хэмээн идэвхтэй дэмжиж, сүслэн залбирч байв.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн, Европын 1911 оны XII сарын 29 ний өдөр хөдөөгийн олон арван мянган лам нарын дотроос өвгөн хамба шиг ихэд сэтгэл хөдөлсөн хувраг ховор байсан буй заа. Түүний анд сайн нөхөр, итгэлт шавь Ханд чин вангийн зорин тэмүүлсэн хэрэг бүтжээ. Монгол улс тусгаар тогтнов.

Өвгөн хамбын санаачлагаар Вангийн хүрээнд Монголын тулгар төр дахин сэргэн мандсан их үйлсэд зориулан томоохон хурал хуржээ. Энэ түүхт үйл явдал Дандар агримбыг залуужуулж, лавтай хэдэн нас нэмэх шиг болов. Гэвч үйл явдлын тойрог санаснаар эргэсэнгүй. Орос Хятадын тулгалт, гурван улсын гэрээ, автономит засаг гэх зэрэг сэтгэл зовоож чих халууцуулсан зүйл дуулдсаар байлаа.

Тэгтэл олноо өргөгдсөний 5 дугаар оны цагаан сарын шинийн 6-нд Ханд чин ван учир битүүлэг шалтгаанаар хан хорвоогоос хальсан гунигт мэдээ өвгөн хамбын сонорт хүрч, түүний цөс доргин, элэг эмтрэх шиг болов. Тэрбээр энэхэн агшинд “Хүн өндөр насална гэдэг чиг дээ. Өвгөрөөд ирэхлээр аливаа үйл маань осол мэт санагдах болж. Амбан ноѐн, тэр муу хүү, бас Ханд чин вангийн хойно орж байдаг.

Цохлон ирсэн үйлийн үрийг цохоод буцааж болдоггүй гэдэг л энэ байгаа даа” хэмээн харамсан гашуудаж байв.

Зүрх шимшрүүлсэн тэр өдрөөс хойш Дандар агримбын бие өөдөлсөнгүй. Харин удалгүй хаврын урь орж, бие нь тавирчээ. Чингээд тэрбээр Рашаантын хийдийн лам нарын заллагаар хөдөөлсөн байна.

Тэнд Дандар агримба “Дүйнхорын ван” айлдав. Их ламтан эл хийдэд саатан хэдэн сарын нүүр үзэв. Наваан гүдэмбэ, Дамдинсүрэн гавж зэрэг шавь нар нь багшийгаа асран тойлж байлаа. Гэтэл хойтын багшийн бие гэнэт чйлээрхэж,

-Шавь нар минь. Багш нь өдий насалтлаа ертөнцийн өнгө гэрэл, эрээн бараан бүхнийг үзлээ. Мөнхрөх гэгч мунхаг хүний бодол, урт насална гэгч уужим хүний санаа юм шүү. Бичих туурвих хүний жаргалан гэвээс бийр бэхсийн үлдээх мөр бөлгөө. Багшийнхаа бодож болгоосны дутууг гүйцээж, бурхан, номын үйлд шамд. Өдгөө ханат гэрээ орхиж, хадан гэртээ очих цаг минь болжээ. Та нар тайван байцгаа.

Бурханы оронд морилоход минь бүү саад хий. Намайг энэ нутагт хөдөөлүүлээрэй хэмээн гэрээслээд хоромхон зуурт амьсгаагаа хураасан гэдэг.

Эх сурвалж: Ж.Болдбаатар. Далай ламын монгол багш ном

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд