LOADING

Type to search

Ном ярья

Б.Шүүдэрцэцэг: Ном уншсанаар төсөөлөн бодох, дүрслэх сэтгэлгээ хөгжинө

Share

Энэ удаагийн “Ном ярья” булангийн зочноор зохиолч Б.Шүүдэрцэцэг оролцлоо.

Ярилцлагынхаа эхэнд энэ онд та уран бүтээлийн ургац  арвин байв уу? Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна

-Энэ оны 3-р сард “Хотол цагаан гүнж” романы дэд дэвтэр “Уулсын домог Хотулун” номоо хэвлүүлсэн. Саяхан Түүхчдийн холбооны төсөл “Хошой чин ван Ханддорж “ баримтат киноны хамтран зохиогч, уран сайхны зөвлөхөөр ажиллалаа. Удахгүй баримтат кино маань дуусна.

Удахгүй Шарлотта Бронтегийн “Жейн Эйр” романыг манай “Шүүдэр продакшн” дахин хэвлэж байна.  BBC Books-ээс нэрлэсэн бүх цаг үеийн 200 шилдэг романы 10-рт бичигдсэн сонгодог бүтээл шүү дээ.

Би “Улаан могой” гэж шинэ роман бичиж байна даа. “Улаан могой” бол адал явдалт роман байх юм.

Та яг одоо ямар ном уншиж байна вэ?

-Би ч зэрэг зэрэг ном эхлүүлчихдэг. Энэ жилийн Букерийн шагналт зохиолч Маргарет Этвудын “Слепой убийца”-г эхлүүлээд явж байна. Хажуугаар нь Жон Гришамын “Азарган тахиа” романыг уншчихлаа.

Мөн одоо бичиж байгаа “Улаан могой“ романтай холбоотойгоор “Монголын түүх” 5 ботийн 3 дугаархыг уншиж байна.

Энэ номуудыг яагаад сонгосон бэ?

-Маргарет Этвуд бол уран зөгнөл, уран сэтгэмж, улстөрийн үзэл санааг тусгасан маш сонирхолтой, олон хэлбэрээр бичдэг зохиолч. Мон сударын гаргасан “Шивэгчний үлгэр” номыг нь сарын өмнө уншсан учраас Москвагаас “Слепой убийца”-г авсан. Энэ жил Букерийн шагнал хүртсэн зохиолч гээд Московский дом книги дэлгүүрт Маргарет Этвудын булан гаргаж номуудыг нь тусгайлан өрсөн байна лээ.

Жон Гришамд би бас дуртай. Гэмт хэргийн уялдаа холбоо, үйл яьдлын өрнөлийг гайхамшигтай нарийн бичдэг учраас сонирхолтой байдаг. Түүхийн номыг зохиолын судалгааны зорилгоор уншиж байна.

-Ном сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

-Зохиогчийг нь харна. Бас өөрийнхөө бичиж байгаа зохиолд судалгааны зорилгоор ч уншдаг.

-Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй ном ?

-Миний хамгийн хайртай зохиолчдын нэг Валентин Распутины гарын үсэгтэй, хуучирч элэгдсэн “Дурсаж яваарай” ном. Распутин бол 20 дугаар зууны Оросын уран зохиолын асар том төлөөлөгч байсан. Бас Зян Руны гарын үсэгтэй “Чонон сүлд”. Яруу найрагч Б.Төгсжаргал Зун Рунтай сайн танил. Тэгээд надад зориулан өөрөөр нь гарын үсэг зуруулж бэлэглэсэн юм. Мөн, Бямбын Ринчений “Үүрийн туяа” 1955 оны анхны хэвлэлийг нь олж аваад бөөн баяр болсон. Би Монгол романы түүхийг судалдаг. Анхны Монгол роман Ч:Лодойдамбын “Алтайд” 1953 онд хэвлэгдэж байж. Харин 2 дахь роман бол “Үүрийн туяа” юм. Аливаа бүтээлийн анхны хэвлэлт нь маш үнэ цэнэтэй байдаг.

Францад 600 мянган хувь хэвлэгдсэн “Монгол чоно” романы зохиогч Хомерикийн надад зориулж гарын үсэг зурж өгсөн нь ч бий. Даанч намайг Шүүдэрцэг гээд биччихсэн байсан.  Аавын минь “Нутгийн салхи” яруу найргийн номд намайг төрөхөд надад зориулж бичсэн шүлэг байдаг. Тэр бас миний хамгийн үнэтэй номуудын нэг.

Хэдэн жилийн өмнө Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн агсан “Зовсон сүү” номдоо надад зориулан үг бичээд дурсгасан нь бий. “Шүүдэрцэцэгт чамайг дэлхий хүлээн зөвшөөрч тоох болтугай” гэсэн үг бичиж өгсөн байсан. Миний гарын үсэгтэй номын цуглуулга овоо “баян” шүү.

  Бас 20 дугаар зууны эмэгтэйчүүдийн библи гэж нэрлэгддэг Симон дө Бовуарын “Дайвар хүйстэн” номын орчуулагчдын багт охин Б.Амина 18 насандаа орж, 2-р дэвтэрт “Дурласан эмэгтэй” бүлгийг орчуулсан юм. Тэр ном миний хамгийн хайртай ном. Мөн, “Домогт Ану хатан” романыг бичиж эхлэх гэж байхдаа хуучин номын худалдаанаас олж авсан академич Ч.Далайн “Ойрад Монголын түүх” номдоо хайртай. Анхны романаа бичихэд түүхийн үндсэн сурвалж болсон юм. Сүүлд би Ч.Далай гуайн гарын үсэгтэй “Монголын түүх” ном олж авсандаа их баярладаг.

Ном тэр дундаа уран зохиолын ном уншсанаар хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?

-Тэр хүний дотоод ертөнц асар сонирхолтой болж хөгжинө. Төсөөлөн бодох, дүрслэх сэтгэлгээ асар их хөгжинө. Бусдаас өөр, өөрийн гэсэн ертөнцтэй бие хүн болж төлөвшинө. Асуудлыг сонирхолтой өнцгөөс хөрөх чадвар сууна. Хэлний баялаг нэмэгдэнэ. Бичих чадавхи хөгжинө. Төвлөрч сурна. Мөн мэдлэгийн хүрээ өргөжинө дөө.

Жишээ нь “Tesla” группийг үндэслэгч, Марс руу аялах CpaceX төслийн удирдагч Элон Маск багадаа асар их уншдаг хүүхэд байж. Тэгж их уншсаных сэтгэлгээ нь задарч, өнөөдөр шатахуунгүйгээр цахилгаанаар явдаг машин үйлдвэрлэл, сансар судлалын асар том төслийг санаачлан удирдаж байна шүү дээ.

Та өөрийгөө номоор төсөөлбөл?

-Сонин асуулт вэ? Хатуу, илгэн хавтастай, зузаан, уншаад салмааргүй романаар төсөөлнө.

-Таны  бусдад санал болгох ном?

-Би залууст заавал унших арван ном хэлье.

1. “Монголын нууц товчоо” нүүдэлчин Монголчуудын бүтээсэн их хөлгөн судар. Эртний Грекийн “Илиада”, “Одиссейн дуулал”, “Манас”, “Нибуленгуудын дуулал” зэрэг туультай эн тэнцэхүйц уран зохиол, түүхийн үнэт өв гэж тооцогддог. “Нууц товчоо”-г уншаагүй хүн уг гарваль, Монгол угсаатныхаа түүх, гүн ухааныг танин мэдэх боломжгүй юм. Америк, европ, дорно дахины боловсролтой хүмүүстэй уулзаж ярилцахад өөдөөс “Нууц товчоо”-нд тэгж өгүүлдэг. Дэлүүн болдогт очиж үзсэн үү? гэх мэтээр асуухад хэлэх үггүй зогсч болохгүй л дээ.

2. “Жангар” тууль. Уран сэтгэмж, ховор эрдэнийн шигтгээ мэт уран үг, хэллэгээр бүтээсэн, Монгол угсаатны зан заншил, ахуй соёл, түүх, уран зохиолын гайхамшгийг багтаасан сод туурвил юм. “Жангар” туулийг Оросын агуу их найрагч А.С.Пушкин уншаад гайхан дуу алдаж байсан гэдэг.

“…Алтан шар нарыг

Аягын чинээ байхад гэлээ л

Алиман цагаан сарыг

Алгын чинээн байхад гэлээ л…” гэж хичнээн уран яруу эхэлж байна вэ? “Жангар” туулиа уншаагүй хүн төрсөн газраа мэдэхгүйтэй адил санагддаг.

3. Монголын түүх 5 боть. 2004 онд Түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монголын нэн эртний түүхээс өнөөг хүртэлх түүхийн цогц судалгааны бүтээл. Миний хувьд багадаа улаан хүрэн хавтастай “Монголын түүх” гэсэн ганц боть, Анандын Амар гуайн “Монголын түүх” гэх мэт олон ном уншсан. Ардчиллаас өмнөх түүхийн номуудын үзэл суртлын тайлбар, өнцөг нь хэцүү ч судалгаа нь ултай байдаг. Харин 2004 оны энэ 5 боть үзэл суртлын хүлээс тайлагдсан, Монголын түүхийн үе бүрийг дэлгэрэнгүй, бичлэг найруулга нь ч төдийлөн нойр хүргэхээргүй сонирхолтой бичсэн, олон эрдэмтдийн хамтын бүтээл учраас үнэ цэнэтэй судалгаа болж чадсан.

4. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж “Түүвэр зохиол”. Надад 1961 оны хэвлэл нь байдгийг нандигнан хадгалдаг. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Миний хэнз хурга”, “Хавар”, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”-ыг уншаагүй бол өөрийгөө Монгол хэл соёлтой, орчин цагийн Монгол хүн гэхэд ичгэвтэр гэж би шууд хэлнэ.

“Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана…” хөдөө очиход одоо ч заримдаа зуун жил өнгөрөөгүй юм шиг гайхамшигтай дүрслэл. Д.Нацагдоржоо уншиж, Монгол хэл, соёлоо мэдрэхгүй бол Шекспир уншаад яахав дээ.

5. Бодь мөрийн зэрэг. Монголчуудын үндсэн шашин нь өнөөдөр Бурханы шашин болжээ. Мэдээж, ислам, загалмайн шашинтнууд ч цөөнгүй бий. Гэхдээ Бурхан багшийн сургаалийг унших нь зөвхөн шүтлэг, сүсэг биш, орчлонг, амьдрахуйн утга учирыг таних гэгээрэл гэж боддог. Дэлхийн соёлт хэсэг нь Бурханы шашны гүн ухаан, гэгээрэлд хүрэх, сэтгэлийн амар амгаланг олох сургаалийг улам улам сонирхон судалдаг болсон байхад Бурханы шашинт Монголчууд бид “Бодь мөрийн зэрэг”-ийг заавал унших хэрэгтэй гэж боддог.

6. Эртний Грекийн уран зохиолын үнэт өв “Илиада”, “Одиссей” туульс. Ерөөс эртний Грекийн домгуудын тухай цухас ч мэдэхгүйгээр өрнийн соёлд нэвтрэх ямар ч боломжгүй. Эртний Грекийн домог туульс бол өрнийн соёлын үүд хаалга нь юм. Тийм ч учраас дэлхийг байлдан дагуулсан “Харри Поттерийн түүх” ч дан Грекийн домог туульсын идтэн шидтэнээр дүүрэн байдаг. Дундад зууны үеийн сонгодог зохиол уншвал язгууртнуудынх нь ярианы гуч дөчин хувь, адилтгал зүйрлэл нь эртний Грекийн бурхад, домгийн баатрууд л байдаг шүү дээ.

 7. У.Шекспир “Гамлет”. Хүн төрөлхтний сод бүтээл. Мөн л хүний нийгмийн ёс суртахууны доройтол, соёл иргэншлийн аврал эрэн хашгирахуйг “Орших уу эс орших уу?” гэж асуусан нь цаг үе зуун зуунаар урсан өнгөрөвч хэвээр  байх мэт санагддаг. “Гамлет”-ын өгүүлбэр бүр нь нэгийг бодогдуулдаг, ёгт утгатай, цаг хугацааны уртад огтхон ч ач холбогдлоо алддаггүйд л үнэ цэнэ нь байдаг. Жүжгийг нь заавал үзэж, номыг нь тогтон тогтон уншмаар зохиол.

8. Л.Толстой “Дайн ба энх”. “Анна Каренина” нь ч гайхамшигтай. Гэхдээ “Дайн ба энх” бол бидний мөнхийн хөрш Оросын ард түмний сэтгэхүйн онцлог, түүхэн замналыг ойлгох нэг ёсны нэвтэрхий толь. Баатар бүхний дотоод сэтгэлийн өөрчлөлт, энх амгалан цаг үе, хөнөөлт дайны уршгийг мэс засалч шиг уудлан бичиж чадсанаараа гайхамшигтай. Бид их хөршөө мэдэхгүйгээр зэрэгцэн орших боломжгүй.

9. “Эрт эдүгээгийн гайхамшигт сонин үзэгдэл” нь Хятадын уран зохиолын нэгэн эрдэнийн шигтгээ юм. Манайд хэд хэдэн янзаар дуун хөрвүүлж хэвлэсэн байдаг. Монголын өмнөд хөрш, дэлхийн хамгийн эртний соёл иргэншилт Хятадын уран зохиолын нэг томоохон өв учраас заавал уншиж, өмнөд хөршөө танихад нэн тустай гэж боддог. Манай их бичгийн хүмүүсийн нэг, анхны зохиолч, Ерөнхий сайд асан Догсомын Бодоог энэхүү “Эрт эдүгээгийн гайхамшигт сонин үзэгдэл” судраас “Улаан торгон цамц” өгүүллэгийг Монголчон “Үзэмжит өгүүлэл” зохиолоо бичиж байсан юм. Их сонирхолтой, уншууртай бичлэгтэй зохиолууд байдаг.

10. Галидаса “Үүлэн зардас”. Эртний жагарын их сэтгэгч, яруу найрагч Калидасын “Үүлэн зардас” зохиолыг Монголын номч мэргэн Бямбын Ринчен гуай гайхамшигтайгаар дуун хөрвүүлсэн байдаг. “Үүлэн зардас” нь дорно дахины уран зохиолд асар алдартай. Үнэнч хайрын сэтгэлийн дуулал юм. Энэ зохиолын Монгол орчуулгыг Монгол хэлний сонгодог бичгийн найруулгын сод үлгэр дууриалал гэж л би хэлнэ дээ. Ер нь бид дорнын ард түмэн. Эхлээд өөрийнхөө үндэстний ахуй соёлыг таньж, дараа нь дорно дахины дуу хоолойг сонсч байж барууны соёл руу хандах хэрэгтэй гэж би вээр хатуу бодох болсон.

Габриэль Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” бас л алаг бөмбөр, өнгө яруу цэцэг мэт нижижгнэсэн гал дөлтэй өмнөд Америкийн уран зохиолын сод төлөөлөгч Г.Г.Маркесийн энэ зохиол орчин цагийн шидэт реализм, өмнөд Америкийн соёлын шинэ цагийн хөлгөн судар гэж боддог.

   Г.Бадамханд

error: Content is protected !!