No menu items!
HomeЭмч зөвлөж байнаН.Доржсүрэн: Уг шалтгааныг эмчлэхгүйгээр даралтны эм ууж явах нь буруу

Н.Доржсүрэн: Уг шалтгааныг эмчлэхгүйгээр даралтны эм ууж явах нь буруу

-

Даралт харвах өвчин, түүний уг шалтгаан, урьдчилан сэргийлэлтийн талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Н.Доржсүрэнтэй ярилцлаа.

-Даралт ихсэх өвчний учир шалтгааныг уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд даралт ихсэх өвчин гэсэн нэршил байдаггүй. Харин үүнийг хий цус дээш хөөрөх өвчин гэж үздэг. Хий цус, бадганы аль нэгийнх нь хувь шалтгаан нөхцөлөөс хамаарч хий цус дээш хөөрч болно. Жишээлбэл, цусны хувийг хямраах нөхцөлүүдийн аль нэг нь бие сэтгэлийг гэнэт хямрааснаар цусны хувь ихсэж, дээш хөөрөх өвчин бий болж байгаа юм. Уг өвчнийг уламжлалт анагаах ухаанд цусны хувь их дээш хөөрөх өвчин, хийн хувь их дээш хөөрөх өвчин гэж хоёр ангилдаг. Нойргүй явах, байнга хоол ундгүй өлсгөлөн байх, их ярих, сэтгэл санаа хямрах, ажлын ачаалал ихэдсэнээс болж байнга ядрах, архи их уух гэх мэт нөхцөлөөр энэ өвчин үүснэ.

-Хий цус дээш хөөрөх өвчний үед илрэх шинж тэмдэг юу байх вэ?

-Тухайн эмчлүүлэгчийн бие махбодын онцлог, архаг болон хавсарсан өвчнөөс шалтгаалан өөр, өөр шинж тэмдэг илэрч болно. Ихэнхдээ толгой эргэх, толгой өвдөх, шилэн хүзүү хөших, нүдний судас тодрох, нойргүйдэх, амьсгаадан ядарч, нүд бүрэлзэх, ууц нуруугаар чилэх зэрэг зовууриуд илэрдэг.

-Даралт ихсэх нь хий шар бадганы алиных нь хямралын үед илүү илрэх вэ?

-Үүнийг шуудхан хийн эсвэл шарын, бадганы хямралаас болдог гэж тайлбарлавал өрөөсгөл болно л доо. Эрүүл биеийн хий, цусны гэмээс идээ унд, ад, улирал, явдал мөр гэсэн дөрвөн нөхцлөөр хий, цус хямардаг. Ингэснээр муу цус судасны хананд алдарч хийгээр үлээснээр дээш хөөрөх өвчнийг үүсгэж байдаг.

Идээ унд гэдэгт бидний идэж ууж байгаа хоол хүнс, ар хи дарс гэх мэт бүхий л зүйлс орно. Харин ад гэдэгт нь бидний нүдэнд үл үзэгдэх хэр нь бие махбодод нөлөөлж байдаг гараг эрхсийн хорлол ордог. Явдал мөр гэдэг нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг. Тухайн хүний бие махбодын өвөрчлөл буюу онцлог нь ямар нөхцөлтэй учирснаас хамаарч аливаа өвчин үүсдэг учиртай.

-Даралт ихсэх нь өвчин үү, эсвэл шинж тэмдэг үү?

-Уламжлалт анагаах ухаанд үүнийг дээш хөөрөх өвчин гэж авч үздэг. Тийм ч учраас уламжлалт анагаах ухааны их эмч нар хий цус дээш хөөрөх өвчнийг харах, хүрэлцэх, асуух шинжилгээгээрээ оношлон эмчилдэг.

-Манба Дацан Нэгдсэн эм-нэлэгт даралт ихсэх өвчнийг хэрхэн үр дүнтэй эмчилж байна вэ?

-Тухайн эмчлүүлэгчийн сэтгэл санааны байдал болон бие махбодын онцлог, өвчний үе шат дарааллаас хамаарна. Даралт нь ихсээд хэр удаан явсан, ямар шалтгаанаас үүссэн, бусад хавсарсан хурмал өвчин байгаа зэргээс хамаарч эмчилгээний үр дүн гарна.

-Даралт ихсэх өвчнийг эмчлэхэд хэр хугацаа шаардах вэ?

-Мөн л ялгаагүй, хувь хүний бие махбодын онцлогоос шалтгаална. Эмчлүүлэгчийн нас, сэтгэл зүйн тогтвортой байдал, амьдралын дадал зуршил, хооллолт гэх мэт олон хүчин зүйлс эдгэрэлтэд чухал нөлөөтэй. Тиймээс тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй л дээ.

-Бөөрний шалтгаант даралт ихсэх өвчнийг ямар аргаар эмчилбэл үр дүнтэй байдаг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчний шалтгааныг нь эмчилдэг учир бөөрнөөс шалтгаалсан даралт ихсэх өвчин гэж үзвэл бөөр рүү чиглэсэн эмчилгээг хийх нь үр дүнтэй байдаг. Даралт ихсэж байгаа нь тухайн өвчний шинж тэмдэг гэж үзнэ. Тиймээс шалтгааны эсрэг болон шинж тэмдгийг дарах эмчилгээг хийдэг. Хий, цусны аль давамгай байгаагаас хамаарч төөнүүр юм уу, хануур заслыг сонгож, бусад эмчилгээг хавсарч хийдэг.

-Нас ахисан хүмүүс даралт ихсэх өвчнөөс ангид байх боломжтой юу?

-Бололгүй яах вэ. Ер нь нас ахихаар даралт заавал ихэсдэг гэж ойлговол өрөөсгөл болно. Зөв хооллолт, эрүүл амьдралын дадал зуршлыг хүн өөртөө бий болгосноор хэдэн ч насандаа энэ өвчнөөс ангид байх, урьдчилан сэргийлэх боломжтой.

-Ул суурьтай эмчилгээ хийлгэхгүйгээр, зөвхөн даралтын эмээ тогтмол уугаад явбал даралт харвах аюулаас ангид байна гэж ойлгож болох уу?

-Энэ маш буруу ойлголт. Уламжлалт анагаах ухаанаар эрүүл бие гэдгийг хий, шар, бадган гурав адил тэгш хэмжээнд оршихыг хэлэх бөгөөд аль нэгийнх нь тэнцвэр алдагдсанаар бие махбод хямарч өвчин үүсдэг гэж үздэг. Тиймээс хий цус бадган аль нэгийн хувь шалтгаан нөхцөлөөс хамаарч хямарсныг засах эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай.

-Цус харвасан хүнд нөхөн сэргээх эмчилгээг хэдий хугацааны дараа хийх ёстой вэ?

-Цус харвасан бол биеийн байдал амин үзүүлэлтүүд тогтвортой болсны дараа аль болох хурдан хугацаанд сэргээх эм-чилгээг хийх хэрэгтэй. Хэдий чинээ эрт эмчилгээг эхэлнэ, төдий чинээ бие махбод хурдан сэргэж үйл ажиллагаа сайжирна. Гэхдээ харвалтын байрлал, тархийг хэр гэмтээж, аль мэдрэлд нөлөөлснөөр нь сэргээн засах эмчилгээний үр дүнг тодорхойлно.

-Даралт ихсэх өвчин таргалалттай холбоотой юу?

-Мэдээж холбоотой. Дээш хөөрөх өвчнийг эм, засал, идээ, явдал мөрийн аргаар анагаах арга бий. Эмийн эмчилгээнд хий, цусны гэмээс нь хамаарч эм, засал, идээ ундыг тохируулна. Шинэ, шимтэй идээ унд хэрэглэж, сэтгэл санааг нь өөдрөг байлгах хэрэгтэй.

Х.Хулан

Уламжлалт анагаах ухаан сонин 2020 №08 /74/

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд