No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Оюун-Эрдэнэ: Эрүүл дутуу нярайд жин нэмэгдүүлэх зорилгоор эмчилгээ хийх шаардлагагүй

Д.Оюун-Эрдэнэ: Эрүүл дутуу нярайд жин нэмэгдүүлэх зорилгоор эмчилгээ хийх шаардлагагүй

-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмчээр тодорсон ЭХЭМҮТ-ийн Нярайн нэгдсэн тасгийн эмч Д.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

Ээжийнхээ ачаар л өөрийнхөө жинхэнэ мэргэжлийг эзэмшиж чаджээ гэж боддог

-Юуны өмнө Ерөнхийлөг­чийн нэрэмжит залуу эм­чид олгодог шагналыг хүрт­сэнд баяр хүргэе. Энэхүү шаг­на­лыг ямар шалгуурыг хан­га­сан эмчид олгодог талаар яриа­­гаа эхлэх үү? 

-Баярлалаа, танай сонины ун­шигчдад ч гэсэн энэ өдрийн мэн­дийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн нэрэмжит шил­дэг залуу эмч нарт олгодог энэ нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Ерөн­хийдөө энэ шагналыг эрүүл мэндийг хамгаалах үйл­сэд өндөр амжилт гаргасан залуу эмч нарт олгодог талаар Ерөн­хийлөгчийн Тамгын газ­рын дарга П.Цагаан гуай хэлж байсан. 

П.Цагаан гуай хэ­лэх­дээ “Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн нэрэмжит шаг­налыг бөөр, зүрх, хүүхэд зэрэг чу­хал гур­ван салбарын эмч хүртлээ. Мон­гол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан байна.

Энэ амжилтад хүрэхийн тулд Мон­гол Улсын иргэд эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэж, биеийн тамир спор­тоор хичээллэдэг болсноос гадна мэдлэг, чадвартай эмч нар олширсонтой холбоотой” гэж хэлж байсан. Үнэхээр сайхан санагдсан. Сүүлийн үед төрөлт нэ­мэгдэх хэрээр дутуу төрөлт ихэсч байна л даа. 

Манай төв ийм шалтгаанаар өнгөрсөн жи­лээс шинэ эмчилгээ нэвт­рүүл­сэн юм. Өндөр үнэтэй эм­чил­гээгээр олон хүүхдийн амийг аварч байгаадаа манай төвийн­хөн үнэхээр баяртай байгаа. Энэ шагналыг ганц надад ха­маа­туулж ойлгож болохгүй л дээ. Манай төв, миний хамтарч ажил­лаж байгаа багийнханы гавъяа ард нь бий. 

-Д.Оюун-Эрдэнэ эмч өөр­ий­гөө манай уншигчдад та­­нил­цуулахгүй юу. Хаана төрж өссөн болон хэдэн онд ямар сургууль төгссөн, хэ­­зээ­нээс хаана ажиллаж эхэл­­сэн талаар дэлгэрэнгүй ярих­гүй юу? 

-Төв аймгийн Зуунмод суманд төрж өссөн. 2003 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсч, төрөлх сумынхаа өрхийн эмнэлэгт Өрхийн эмчээр ажил­лаж эхэлсэн. Ингээд 2004-2006 онд хүүхдийн эмчийн мэргэжил эзэм­шиж, нярайн эмчээр мэр­гэшсэнээс хойш ЭХЭМҮТ-д ня­райн эмчээр ажиллаж байна даа.

-Ер нь яагаад эмчийн мэр­гэжлийг тэр дундаа нярайн эм­чийн мэргэжлийг сонгосон юм бэ. Өөр мэргэжил сонгох ч юм уу, тийм сонирхол бай­сан уу? 

-Оюутан байхдаа ээжийнхээ хүссэнээр л эмч болж байна гэж боддог байсан. Харин эмч мэргэжлийг эзэмшээд, ажил­лаж эхэлснээсээ хойш ээжийн­хээ ачаар л өөрийнхөө жин­хэнэ мэргэжлийг эзэмшиж чад­жээ гэж боддог болсон.

Анх ЭМШУИС-д орохоор шийдэж шал­галтад бэлдэж байхдаа л хүүхдийн эмч болохоор шийд­сэн. Харин хүүхдийн эмчээр мэр­гэшиж байхдаа нярайн эмч илүү сайхан санагдаж, энэ мэр­гэ­жилдээ дурласан даа. 

Зовиургүй л бол хүүхдийн царай нь хөөрхөн болоод ирдэг

-Ажлын гараагаа өр­хийн эмчээс эхэлжээ. Гэх­дээ нярайн эм­чээр ажил­лаж эхлэх үед ямар хүндрэл бэрх­шээл, ямар сайхан зүйл тохиолдож байв? 

-Нярайн эмчээр ажил­лаж эхэлж бай­хад ээж нар ре­зи­дент эмч үзээд бай­на гэж их дур­гүйцдэг байж би­лээ. Зарим ээж нар нь багш чинь хэзээ манай хүүх­дийг үзэх бэ гэж асуудаг бай­сан. Одооныхыг бодвол би туранхай оворгүй байсан бо­ло­хоор жаахан хүүхэд шиг ха­рагдаад чамлах үе байсан байх л даа. /инээв/ 

-Өдөр бүр шинэ хүн тосч авдаг та бүхний ажлын онц­лог ямар байдаг вэ. Тэр дундаа ажлаасаа авдаг хам­гийн гоё кайф гэж байдаг байх. Энэ талаар ярихгүй юу? 

-Сайхан байдаг юм аа. Дуунд хүртэл ээжээс минь өмнө энх­рийлж намайг тэвэрсэн гэж маг­таж бахархаж дуулдаг шүү дээ. Тийм болохоор би ажилдаа маш их дуртай. Үүнээс гадна би хүүхдийн үнэгчилж байгааг ха­рах үнэхээр дуртай. 

Биеийн байдал нь сайжраад хоног ху­гацаа өнгөрөх тусам хүүхэд тай­ван унтаж, үнэгчлэх нь ойр­хон болж, жин нь нэмэгдэж ха­цар суух үнэхээр хөөрхөн бай­даг юм. Бас уйлж байснаа ярихаар чимээгүй болох нь ёс­той хөөрхөн. Ажлаасаа авдаг хам­гийн гоё кайф бол өдөр ирэх бүр гэрэлтэж байгаа ээж, аавын харц. 

Яаж амьдарна даа  гэж бо­дож байсан жаахан нярай жин нэ­мээд ирэх нь үнэхээр сайхан. Хүү­хэд зовиураа хэлдэггүй уч­раас хэцүү гэж зарим хүн ярь­даг. Миний хувьд тэгж бод­доггүй. Хүүхдийн зовиур нь то­дорхой байдаг. Зовиургүй л бол царай нь хөөрхөн болоод ирдэг. Нярай хүүхэд гэдэг чинь цоо шинэ ертөнц. Ингээд бодохоор л өөрийн эрхгүй баяр баясгалан төрдөг.

Дутуу төрсөн амьсгал хямралын хам шинжтэй хүүхэд болгонд энэ эмчилгээг хийдэггүй.

-“Жин багатай амьсгалын хямралтай нярайд сурфактант эмчилгээ хийх аргыг эмнэл зүйн практикт анх нэвтрүүлэн өндөр амжилт гаргасан” гэж таны өргөмжлөл дээр дурьдсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? 

-Энэ бол манай хамт олны амжилт гэж дээр хэлсэн шүү дээ. Би бол зөвхөн нэг төлөөлөл нь. Дутуу, жин багатай төрсөн нярайд сурфактант эмчилгээ хийснээр амьсгал хямралын хам шинжээр эндэх эрсдэлийг бууруулж байгаа нь манай багийн ажлын амжилт юм. Сурфактант нь гахайн уушгинаас гаргаж авдаг нийлэг бүтээгдэхүүн. Үүнийг хэрэглэснээр уушгины альвеолын агчилаас сэргийлж, нярайг хэвийн амьсгалахад тусладаг. 

Мөн уушгины хийн солилцоог сайжруулснаар эдийн хүчилтөрөгчийн дутлаас сэргийлж багасгадаг. Өмнө нь манай ахмад эмч нар хаа нэг тусламжаар ирэх ганц нэг сурфактантыг хэрэглэж байсан. Харин өнгөрсөн жилээс манай төвийн удирдлагууд жилийн төсөвтөө энэ үнэтэй бэлдмэлийн төсвийг тусгаж чадсанаар 2013 оноос бидэнд эмчилгээндээ тус бэлдмэлийг хэрэглэх боломжийг хангаж өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, дутуу төрсөн нялхсын цагаан мөгөөрсөн хоолойгоор нь нийллэг тариа хийхийг л сурфактант эмчилгээ гэж хэлээд байгаа юм. Энэ эмчилгээний буянаар олон аав, ээж шинэ хүнээ өлгийдөөд баяр хөөр дүүрэн гэртээ харьдаг болсон. 

-Энэ тариаг хэрэглэж эхлэхээс өмнө дутуу төрсөн нярайг амьдруулахын тулд ямар арга хэмжээ авдаг байв? 

-Яг сурфактант эмчилгээг орлуулах эмчилгээ байхгүй л дээ. Гэхдээ дутуу төрсөн амьсгал хямралын хам шинжтэй хүүхэд болгонд энэ эмчилгээг хийдэг гэж ойлгож болохгүй. Гаж нөлөө ихтэй учраас тодорхой заалтын дагуу сонгосон нярайд хийдэг. 

-Амьсгал хямралын хам шинж гэдэг эмгэг юунаас үүдэлтэй вэ. Ийм эмгэгтэй төрсөн хүүхэд цаашдаа амьдрахад дахиад энэ эмгэг илрэх үү? 

-Жирэмсний 30-32 долоо хоногтойд урагт уушгины сурфактант нийлэгжиж эхэлдэг. Тиймээс энэ үеэс өмнө төрсөн нярай нь сурфактантын дутмагшилтай мөн уушгины эдийн дутмаг хөгжлөөс үүддэг эмгэг юм.

-Дутуу төрсөн нярайг хүн болгох гэдэг бэрх ажил байдаг байх. Манай улсад ийм тохиолдол их байдаг болов уу? 

-Төрөлт нэмэгдэж байгаатай холбоотой дутуу төрөлт ч нэмэгдэж байгаа. Манай тасагт дутуу төрсөн нярай өдөрт дор хаяж нэг, хоёр ирдэг. Сүүлийн үед үр шилжүүлэн суулгах аргаар төрөх тохиолдол ихэссэн учраас гурван ихэр олноороо төрж байгаа. Гурван ихрүүд голдуу дутуу жинтэй төрдөг учраас манай тасагт ирдэг.

Сүүлийн үед үр шилжүүлэн суулгах аргаар төрөх тохиолдол ихэссэн учраас гурван ихэр олноороо төрж байгаа.

Гурван ихэр төрсөн өдөр бол дутуу төрсөн дөрөв, таван нярай хүлээж авдаг. Хамгийн жижигхэн төрсөн нярай гэхэд л 26-27 долоо хоногтой, бүр бяцхан нь 700-800 грамм жинтэй улаан цурав юм мэндэлдэг. Ийм жаахан нярайг манай тасгийнхан 1.5 килограмм юм уу, хоёр килограмм болгож торниулаад сувилал руу шилжүүлэх үүрэгтэй. Ингэж торнитлоо нэлээд уддаг л даа. 

-Жирэмсэн ээж нар төрөхөөсөө өмнө юуг хамгийн их анхаарах ёстой вэ. Хүүхэд дутуу төрөх нь юунаас үүдэлтэй байдаг юм бол. Мөн ихэвчлэн ихэр хүүхэд дутуу төрөх тохиолдол байдаг гэдэг. Энэ талаар? 

-Ихэр жирэмслэлт дутуу төрөх шалтгааны нэг мөн л дөө. Гэхдээ ихэр болгон дутуу төрнө гэж ойлгож болохгүй. Эхийн эрүүл мэнд хэвийн, ажил амралтаа зохицуулж, зөв хооллож, ахуй орчин нь тухтай байвал хүүхдээ гүйцэд тээх бүрэн боломжтой. Үүнээс гадна, нэгдүгээрт эцэг эхийн эрүүл мэнд маш чухал. 

Эцэг, эх халдварт өвчнөөр өвчилж байсан мөн эх архаг хууч өвчтэй бол дутуу төрөх шалтгаан болдог. Хоёрдугаарт, гэр бүл төлөвлөлт чухал санагддаг. Ойрхон төрж байгаа эхчүүдэд дутуу төрөх эрсдэл нэмэгдэнэ. Гуравдугаарт, ээж нар ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Оюутан болон ажлын ачаалал ихтэй эхчүүд ихэвчлэн дутуу төрнө. 

Мөн эх амин дэмээр баялаг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, тав тухтай цэвэр орчинд амьдрах гээд тоочвол олон шалтгаан бий. Дутуу төрөлт нэмэгдэж байгаа нь эдгээр шалтгаанаас илүү хамаарч байгаа юм болов уу гэж бодож байна. Бас сүүлийн үед дутуу төрөлт ихэссэн шалтгааны нэг нь хожуу төрөлт. Тэгэхээр энэ бүхнийг сайтар анхаарах нь зүйтэй. 

Охиныхоо дүүг нь төрөхөөр заавал таны нэрийг өгнө өө…

-Дутуу төрсөн амьдрах эсэх нь шийдэгдэж байгаа үед эцэг, эхчүүд ямар байдлаар ханддаг вэ? 

-Эцэг, эх бүр харилцан адилгүй л дээ. Гэхдээ дутуу төрсөн хүүхэдтэй эцэг, эх илүү тэсвэр тэвчээртэй, анхаарал халамж, хариуцлагатай байх хэрэгтэй л дээ. Саяхан миний утсанд “Эмч ээ алгын чинээ үрийг минь ийм хөөрхөн болгож өгсөнд баярлалаа. Аав байхын сайхныг мэдэрнэ гэдэг ямар гоё юм бэ. Үр минь өдрөөс өдөрт хөөрхөн болоод л байна. Анх хүүгээ хараад амьдрах эсэхэд нь эргэлзэж байсан бол одоо сайн хүн болгохын төлөө бүхнийг хийе гэж бодож байгаа” гэсэн мессэж ирсэн. 

Саяхан манайд Хөвсгөлөөс ирсэн хосын хүүхэд дутуу төрсөн юм. Тэгсэн аав нь хүүхдээ анх харчихаад нэг хэсэг алга болчихсон. Аргагүй л дээ, жирийн хүүхэд шиг 3-4 кг биш 700, 800-хан грамм жинтэй улаан цурав юм харахаар зарим аав нар халшираад байдаг.

Зарим нь бүр хэсэг хугацаанд таг болчихдог. Гэхдээ хүүхэд нь өдрөөс өдөрт царай ороод дажгүй торниод ирэхээр баярлаад жигтэйхэн хөөрдөг. Энэ мэтчилэн тохиолдол гардаг л даа.

Ээж, аав нарын талархалын үгс ажилдаа дурлах цэнэг болдог.

Бас саяхан даа нэг ээж дутуу төрсөн охиноо аваад гарахдаа “Эмч ээ танд үнэхээр их баярлалаа, та миний охинд амьдрал хайрлалаа. Охиныхоо дүүг нь төрөхөөр заавал таны нэрийг өгнө өө” гэж хэлээд явсан. Ер нь бол дутуу төрсөн нярай гурав, дөрвөн кг жинтэй төрсөн хүүхэд шиг хөөрхөн төрнө гэж байхгүй шүү дээ. 

Гарангуутаа үнэгчлээд хүний хайрыг булаагаад эхлэхгүй. Аав, ээж нь ийм бяцхан хүнээ яаж амьдруулах вэ гэж шаналан эргэлзэж өдөржин харж өнжинө. Өдрөөс өдөрт жин нэмж, хөөрхөн болоод ирэхээр харц нь гэрэлтээд ирнэ шүү дээ. Энэ үед талархалаа илэрхийлэх гэсэн хүмүүс харин ч их байдаг. Ээж, аав нарын талархалын үгс ажилдаа дурлах цэнэг болдог юм. 

-Сүүлийн үед нярайн шарлалт гэх зүйл яригдах болж. Энэ ямар учиртай юм бэ? 

-Шарлалт гэдэг нь цусан дахь билирубин ихэссэнээс арьс салст шарлахыг хэлдэг. Гүйцэд нярайд амьдралын 2-3 хоногтойд шарлалт эхэлж, 10 хоногтойд арилах нь физиологийн буюу хэвийн шарлалт юм. Гэхдээ үүнийг зөвхөн хоногоор тодорхойлж болохгүй л дээ. Цусан дахь билирубины хэмжээ их чухал. Эмгэг шарлалт бол маш олон шалтгаантайгаас гадна тархийг гэмтээх хүртэл аюултай.

-Дутуу төрсөн хүүхдэд ийм шарлалт явагдах уу? 

-Дутуу төрсөн нярайн 90-95 хувьд нь шарлалт ажиглагддаг. Бас харьцангуй удаан хугацаанд үргэлжилдэг. 

-Дутуу төрсөн хүүхдийг цаашдаа юуг нь илүү анхаарах ёстой юм бол. Эмнэлэгт байх хугацаанд нь жинг нь нэмэгдүүлэх, гүйцэд төрсөн хүүхэдтэй ижил хэмжээнд очтол ямар эмчилгээ хийдэг вэ? 

-Эрүүл дутуу нярайд бол жин нэмэгдүүлэх зорилгоор эмчилгээ хийх шаардлагагүй ээ. Асаргаагаа л арай илүү хийхэд болно. 

-Дутуу төрсөн хүүхдэд цаашдаа янз бүрийн эмгэг гарах тохиолдол байдаг уу? 

-Дутуу нярай нь эхээс уураг, иммуноглобулин, амин дэмийн нөөц багатай төрдөгтэй холбоотой илүү өвчлөмтгий, дархлал сул байдаг. Мөн хараа сонсгол сул хөгжих, биеийн хөгжил хоцрогдох эрсдэлтэй байдаг. Иймээс эмчийн хяналтад тасралтгүй хянагдаж, цаг хугацаандаа урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж байх хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд дутуу төрсөн нярайг яаж асарч, халамжлах ёстой вэ? 

-Хамгийн түрүүнд байрлал тун чухал, амьсгалахад хялбар зөв байрлуулж тавих хэрэгтэй. Бас дутуу нярай гүйцэд нярайг бодвол дулаанаа зохицуулах чадвар сул байдаг тул амархан даарч, хурдан халууцдаг. Тиймээс хувцас өлгийг зөв тохируулах хэрэгтэй.

Мөн дархлаа сул тул асарч байгаа хүмүүсийн гар цэвэрхэн байх нь чухал. Үүнээс гадна олон зүйл байдаг ч би энэ гурван зүйлийг эцэг эхчүүдэд илүү анхааруулдаг юм. 

-Та бүхний ажлын онцлогийн тухайд ямар байдаг вэ. Цаашдаа ажиллах орчинд ямар шинэчлэл өөрчлөлт хийвэл болно гэж боддог вэ? 

-Сүүлийн үед манай тасгийн хувьд олон сайхан шинэчлэл хийгдэж байгаа. Төвийн гадаад харилцаа сайжирсантай холбоотой эмч нарын дийлэнх нь  өндөр хөгжилтэй оронд урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлж байна. Би саяхан Австри, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагтай танилцаад ирсэн.

Тэр үед айхтар ард нь үлдээд  хоцорчихсон зүйл ажиглагдаагүй. Манай ЭХЭМҮТ сүүлийн үед гадаад харилцаагаа их сайжруулсан болохоор ахиц дэвшил гарсан. Техник тоног төхөөрөмжийн бага зэргийн шинэчлэл хийхэд л хөгжингүй улсын сэхээнээс ялгагдахааргүй болно. 

Монголын мэдээ сонин

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд