No menu items!
HomeЯрилцлагаХүн хэзээ хэрхэн үхэхээ мэддэггүй шүү дээ

Хүн хэзээ хэрхэн үхэхээ мэддэггүй шүү дээ

-

БИ ХДХВ АВСНАА АМЬДРАЛДАА ТУУЛАХ ЁСТОЙ ЗАМ МИНЬ Л ГЭЖ БОДДОГ

Одоогоос 13 жилийн өмнө Ка­ме­руны иргэ­нээс ХДХВ-ийн халд­варыг нэгэн монгол эмэг­тэй авсныг манай­хан санаж байгаа бизээ. Тухайн үедээ ихээхэн дуулиан бол­гон ярьж байсан энэ хэ­рэг өрнөх үед хүмүү­сийн ХДХВ болон түү­нээс улбаалан үүсдэг ДОХ-ын тухай бодол өнөөд­рийнхөөс өөр бай­сан. Одоо энэ өвчний виру­сээр халд­варлагд­сан хүмүүсийн тоо дал гарч, бас цөөн­гүй хүн уг өвч­ний ул­маас хорвоо­гоос халиад байна. 

Биеэ үнэлэгч учраас энэ өвч­ний халдварыг авсан гэж хүмүүст адлуулж, бас ХДХВ-ийн халдва­рыг авсан анхны мон­гол эмэгтэй гэгддэг тэр нэгэн бүсгүйтэй хийсэн ярилцлагыг хүргэжбай­на. 1992 онд гадаадад ажиллаж байгаад ирсэн нэгэн залуу ХДХВ тээгч болсноор уг өвчин бүрт­гэгдсэн орны тоог Мон­гол нэгээр нэмж бай­лаа. Харин дараа нь 1997 онд гадаадын иргэ­нээс ну­таг­таа халд­вар авсан энэ тохиолдол хоёр дахь нь болж байв. Тэр­бээр ДОХ-ын эсрэг ажил­лаж ир­сэн бөгөөд одоо хилийн чинадад суралцаж бай­гаа юм байна. Бид энэ ярилцла­гаа онлайнаар хийлээ. Мэдээж, ярилцагч эмэг­тэйнхээ эрхийг хүн­дэтгэн түү­ний нэрийг тавиагүй болно.

-Та гадагшаа яваад хэр удаж байна вэ. Мон­голдоо байгаа мэдээл­лийг авч байгаа биз дээ. ДОХ-ын тохиолдол байн­га л шинээр бүрт­гэг­дэж байна…

-Би эх нутгаасаа яваад бараг жил болох гэж байна. Энд би хэлний курст суралцдаг юм. Цааш­даа жаахан сурч боловсрох төлөв­лөгөө байна. Монголынхоо ту­хай мэдээллийг интер­нэтээр байнга авалгүй яахав. ДОХ-ын шинэ то­хиол­дол бүртгэгдэх бү­рийд сэтгэл эмзэглэн хү­лээн авдаг.

Хамгийн сүүлд гэхэд нэг өдөр гурван тохиолдол бүрт­гэгд­эж, хэд хоногийн өмнө дахин хоёроор нэ­мэгдлээ. Тэр тоо бүрийн ард ахуй амьд­рал, гэр бүл байдаг. Өөрөө тэр зов­лонг биеэ­рээ туулж ирсэн боло­хоор тэр хүмүүст ямар хэцүү байгаа бол, дэргэд нь хэн байгаа бол, хэн сэтгэлийг нь тайт­гаруу­лан тэврэх бол гэж бод­дог. Энэ өвчний халд­вар авсан хэн ч бай эх­лээд үүний­гээ сэтгэлдээ хүлээн зөв­шөө­рөх хэрэг­тэй бол­дог. Харин тэгж чадталаа их хэцүү үеийг туулдаг боло­хоор ийм мэдээлэл бүр надад шууд тусдаг даа.

-Нэг тохиолдол бүрийн цаана 100 ч билүү хүн халдвартай гэж ойлгож болно гэдэг?

-Тийм ээ. Тэгж ярьдаг. Гэхдээ яг тийм тоо байгаа гэж хатуу үзэх нь боломжгүй гэж би боддог. Одоо нэг их тоо хэлдэг л болчихсон байна. Нэг тохиолдлын цаана яг тийм тоо байна гэж хатуу хэлэх боломжгүй шүү дээ. Ямар ч байсан өөрөө халд­вартайгаа эхлээд мэдсэн то­хиол­долд эрүүл мэндээ хя­наж, бусдыг халдвар авахаас сэргийл­дэг учраас шинжил­гээ өгөх хэрэгтэй гэж санадаг.

-Таны дараагаас бүрт­гэгдсэн олон хүн хор­воогоос явжээ. Харин өөрийн тань бие сайн байгаа талаар мэргэж­лийн хү­мүүс ярьж бай­сан. Хэдий­гээр ингэж асуух нь эвгүй ч гэсэн бие тань сайн байгаа гэж бодож байна?

-Бие маань сайн. Би ви­рус тээгч хэвээрээ байна. Ерөнхийдөө яг тийм хуга­цаанд вирус тээгээд тийм хугацаанд өвчилнө гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний биеийн дархлаа, суурь өвч­нөөс шалт­гаалдаг. Би эмэн­дээ ороод ес дэх сардаа явж байна. Миний амьдарч бай­гаа энэ оронд ХДХВ-ийн халд­­вартай, ДОХ-той амь­дарч байгаа хүмүүстээ эмийг улсаас нь үнэгүй өгдөг юм. Би энд ирээд халдвартайгаа хэлж бүртгүүлсэн. Тэгээд байнга эмчийн хяналтад эмнүүдээ сонгож уугаад сэт­гэл амар амьдарч байна аа.

-Манайд ч эмнүүдийг үнэгүй өгдөг биз дээ?

-Улсаасаа үнэгүй өгдөг юм байхгүй ээ. Гадны төсөл хөтөл­бөрийн хүрээнд л ийм халдвартай хүмүүст эм өгдөг юм. Халдвар бүртгэгдсэн эх­ний жилүүдэд олон улсын эрүүл мэндийн байгуул­ла­гууд ийм маягаар анхаарч ирсэн ч энэ нь хэр удаан үргэлжлэх юм мэдэхгүй шүү дээ. Одоо төслөө хаагаад гараад явлаа гэхэд төр зас­гийн зүгээс халдвартай хү­мүүс­тээ хэрхэн хандах нь бас л бүрхэг.

Энд бол намайг хяналтад аваад шинжилгээ хийж олон төрлийн эмнээс хамгийн тохиромжтойг нь сонгуулж байна. Эмч нар нь “Та ийм, ийм онцлогтой юм чинь” гээд зөвлөгөө өгдөг. Угаасаа би эмэнд орох бо­лоод ирэхийнхээ алдад га­даадад л амьдарна даа гэж төлөвлөдөг байсан. Түүний­хээ дагуу л явж байна. Манайд бол эм уух шаард­лагагүй гэж байсан. Энд ирсэн чинь эмч нар эмээ уугаад эхэлбэл зүгээр гэсэн учраас би эмэндээ ороод явж байна. Түүнээс янз бүрийн зүйл байхгүй ээ. Энд биеийг өвдөхөөс нь өмнө эмээ өгдөг юм байна. Энд вирусийн ачааллыг нь нэмэхгүй гэж өгдөг гэсэн. Тухайлбал ми­ний энд ууж байгаа эм гэхэд л Монголд байхгүй шүү дээ.

-Хэр үнэтэй эмнүүд вэ?

-Би эмчийнхээ бичсэн дээрээс харахад сардаа 1372 ам.долла­рын эм уудаг юм билээ. Энд уух эмийг бэлдээд зөвлөгөөг маш на­рийн түвшинд өгдөг. Хүний­хээ төлөө гэсэн хандлагыг энэ нийгэмд мэдрэхэд надад үнэхээр сайхан байсан шүү. Монголд бол салба­рын яам нь, төр засаг нь иргэнээ ха­ламжлахдаа хэзээнээс муу шүү дээ. Энд би надад тавьж байгаа анхааралд нь үнэ­хээр баярлаж, заримдаа нулимс унагахаа шахдаг үе ч байдаг.

-Эмийн сөрөг нөлөө гэжбайх юм уу. Уухгүй байж бол­доггүй юм уу?

-Эхний 2-3 сар хөдөл­мөрийн чадвараа алдана. Зарим эм нь таарахгүй байх ч явдал байдаг гэж байсан. Эмийг уухгүй яваад бай­вал вирусийн хэмжээ нь өснө гэсэн үг шүү дээ. Би анх энд ирээд эмэнд орохдоо виру­сийн хэмжээ 14 мянга байсан, уугаад гурван сар болсны дараа 50 ширхэг л үлдсэн байна лээ. Эмч эм уух шаардлага байна гэж үзсэн учраас намайг уу гэсэн биз ээ.

-Олон төрлийн халдвар төв чин бий. Гэтэл ДОХ гэхээр хүмүүс маш эмзэг хүлээж авдаг.  Та энэ өвчний вирус тээгчийн хувьд үүнд хэрхэн ханддаг вэ?

-Өнөөдөр вирусийн болоод бактерийн гаралтай олон өвчин байна л даа. Сүүлийн үед яриг­даад байгаа H1N1 гэхэд Д виру­сээр халдварлагдаж байна. Шинэ вирусийн эсрэг вакцин болон эмийг цаг тухайд нь гаргаад явдаг. Энэ вирусийн хувьд вакцин нь гараагүй байгаа учраас л хүмүүс нэг талаас хүнд хүлээж аваад байна.

-Өөрийг чинь энэ вирусийн халдвар авсан анхны монгол эмэгтэй гэдэг, гэтэл энэ виру­сийн халдвар авсан нь тогтоог­доод удаагүй байх­даа хүмүүс нас барж байна.  Энэ нь эрт халдвар авсан байсан гэсэн үгүү, эсвэл биеийн дархлаа, гам хэр барь­сантай холбоотой байна уу?

-Би вирус тээгч гээд биеэ энх­рийлээд байдаг зүйл байхгүй ээ. Тамхи татаж, заримдаа шар айраг ч уучихдаг. Бас учиргүй витамин энэ тэр уугаад сүйд болоод байдаггүй. Ер нь ээж минь намайг эрүүл саруул төрүүлж, энх тунх сайхан өсгөжээ гэдгийг би одоо илүүтэй ойлгож байна. Ээж минь эрүүл сайхан бие бялдар өгсөн ч залуу насны алдаагаар халдвар авсан. Удамшлын болоод элдэв суурь өвчингүй учраас өнөөдөр ийм дайтай байна. Гэхдээ би сүүлийн үед тамхинаас гаръя гэж төлөвлөөд байгаа шүү.

-Халдвар тээгээд яг хэдэн жил болж байгаа билээ?

-Арван гурав дахь жилдээ явж байна. Туулах ёстой зам минь байж дээ гэж би боддог юм. Хувь төөргөөрөө бүх зүйл явж байгаа. Гэхдээ би амьдралын зураг зур­лага нь энэ гээд идэвхгүй утгагүй амьдрахыг хүсдэггүй ээ.

-Би өөртэй чинь халдвар аваад удаагүй үед чинь ярилц­лага хийж байсан. Тэр үед халд­вар авсан Каме­руны иргэнийг үзэн яддагаа ярьж байсан. Одоо энэ бодол чинь өөрчлөгдсөн үү?

-Тухайн үедээ би түүнийг үнэ­хээр үзэн яддаг байсан. Одоо тэгж бодогдоод байх зүйл байдаггүй. Үзэн ядаад байх юм ч алга, өршөөж уучлаад байсан юм ч байхгүй. Надад тэрний тухай бодох ч шаардлага алга.

Гэхдээ биднийг хүүхэд байхад бэлгийн амьдралын талаар, бэл­гийн боловсролын талаар эцэг, эхчүүд ч, багш сургуулийн зүгээс юу ч хэлж өгдөггүй байсанд би их харамсдаг. Тэр үед мэдэхгүй, чадахгүйнхээ улмаас амьдралдаа алдсан олон хүн байдаг. “Хүүхэд бүр эцэг, эх болно гэдгийг санах хэрэгтэй” гэдэг шиг хүүхэд бүр өсч том болоход нь шаардлагатай мэдлэг мэдээллийг нь өгч баймаар санагддаг. Би Монгол орон зах зээлийн нийгэмд шилжээд дээр дороо хөлөө олохгүй байсан тэр үед амьдралын их хаалгыг татсан. Ээж маань олон хүүхэдтэй нэгэн байсан. Хүүхэд нас маань тийм ч сайхан байгаагүй. Би бага залуудаа том алдаж энэ замаар явж байгаадаа харамсдаг ч залуу үеийнхэндээ юунаас алддаг, юунаас урьдчилан сэргийлж болох тухай хэлж байгаагүй тэр нийгмийг заримдаа буруутган боддог юм.

Дэлхийн бусад газарт хүнийхээ төлөө нийгэм байгуулаад болоод байхад бид яагаад чадахгүй байна гэж санагдах үе ч бий.

-Төрсөн нутгаасаа хол байхад наана чинь хэр байна даа?

-Би Монгол Улсын иргэн. Төрсөн эх орноороо бахархдаг. Гэхдээ надад энэ газар эх орноос минь дутахгүй сайхан санагдаж байна. Яагаад гээч. Яагаад гэвэл энд хүний төлөө нийгэм байна. Өнөөдөр олон арван залуу нутгаа орхин явсаар байна. Харийн нутаг ч гэсэн хүнийг хүн гэж үздэг нийгэм байгаа учраас тэд ингэж явж байгаа хэрэг. Энд би ДОХ-ын халдвартай амьдарч байгаа ч гэсэн намайг хүн гэдэг утгаар нь амьд явах эрхтэй гэж хүндлэн харьцаж байна. Гэхдээ хаа газар сайнтай, муутай байдаг болохоор хүмүүс янз янз л даа. Ямартай ч энэ нийгэмд хүн гэдэг хамгаас чухал гэдгийг хүмүүс нь бүгд ойл­госон байх юм. Би энд ирээд эмнэлэгт бүртгүүлж, эмчтэй бол­сон. Эх орондоо мэдэрч үзээгүй хайр халамжийг энд л мэдэрч байна.

-Өмнө нь хийж байсан ярилц­лагадаа анхны хайртайгаа учирч юугаа ч мэдэхгүй охин хүүхэд­тэй болж үлдээд, амьд­ралын эрхэнд биеэ үнэлж эхэлсэн тухайгаа та ярьсан байдаг. Та хүүгийнхээ аавтай хэр холбоотой байдаг вэ?

-Нэг их холбоотой байдаггүй ээ. Ер нь гадны орнуудад хүмүүс гэр бүл болж амьдраагүй ч нэг хүүх­дийн эцэг, эх болсон бол тэр хариуцлагадаа туйлын анхаарал­тай ханддаг шүү дээ. Хүү маань амьдралдаа нэг ч удаа ааваа гэж хэлж үзээгүй. Гэхдээ хүү маань тэгж хэлэх эрхтэй учраас би хүүгээ ядаж ганц удаа боловч аавтай нь уул­зуулж, ааваа гэж дуудаж үзээсэй гэж боддог юм.

-Хүүгээ том болохоор халд­вартай гэдгээ хэлнэ гэж байсан. Хэлсэнүү?

-Хүү маань овоо том болж бай­гаа ч надад жаахан хэвээрээ л санагдах юм. Хэлнэ гэж боддог ч хэлье гэсэн үе ойртоод ирэхээр хойшлуулаад л байгаа. Хорь хүрэ­хээр нь хэлье гэж бодож байгаа. Ер нь хуучин шигээ хэзээ мөдгүй өвдөнө гэж бодохоо больсон шүү дээ. Тухайн үедээ 35 нас л хүрчих юм сан гэж боддог байлаа. Одоо би 35 настай. Надад дахиад арав хорин жилийн нас байгаа гэж бодож байгаа шүү. Би хүүгийнхээ хүүхдийг харна гэж боддог. Бас өөрөө ч дахиж төрнө гэж боддог болоод байгаа. Ер нь ойрын үед сайхан хайртайгаа учирч, хүүгээ дүүтэй болгож өгнө гэж бодож байна.

-Таны энэ гэгээн яриа их сайхан санагдлаа. Монголд ДОХ-ын халдвартай гэж ши­нээр бүрт­гэгдсэн тэр хүмүүст таны яриа итгэл найдвар, эрч хүч өгөх байх. Халдвар авчихаад шаналж бай­гаа тэр хүмүүст та юу гэж хэлэх вэ?

-Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин гэдэг дээ. Би халдвар авснаа мэдээд бүтэн жил гэрээсээ ч гараагүй. Олон хайртай хүн чинь халдвар авсныг чинь мэдээд танаас дайжиж зугтаж байна уу. Тэр үед нь тэднийг буруутгаж шаналах хэрэггүй ээ. Зүгээр л тэдэнд хугацаа өгчих гэж хэлмээр байна. Миний багын найзууд халдвар авсныг минь дуулаад надаас зугтаж байсан ч долоо найман жилийн дараа эргээд л ирсэн. Гэр бүлийнхэн маань эхлээд хэцүүхэн ханддаг байсан. Харин одоо тэд миний төлөө санаа зовдог, надад хайрын дулаан үг хэлдэг тэр хүмүүс маань болсон. Цаг хугацаа бүх асуудлыг шийддэг юм. Маргааш нар мандана аа гэдэг шүү дээ. Ямар ч хүн өөрийгөө хэзээ үхэхээ мэддэггүй. Эв эрүүл хүн хүртэл өглөө гараад орой нь бур­хан болчихсон л байдаг шүү дээ. Тэгэхээр нэгийгээ ДОХ-той энэ тэр гэж адлах хэрэггүй. Амьд байхад нь л нэгийгээ хайрла. Би О.Даш­балбар гуайн “Амьддаа бие биеэ хайрла”, “Тэнгэр шиг бай” гэсэн шүлгүүдэд их дуртай. Хайртай хүмүүс чинь таны дэргэд л байдаг юм шүү гэж өөрийгөө эдгэршгүй өвчнөөр өвчилсөн гэж бодож бай­гаа тэр хүмүүст хэлмээр байна даа.

Э.ЭНЭРЭЛ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд