LOADING

Type to search

Улс төр Үйл явдал

Ч.Содномцэрэн: Энэ удаагийн сонгуулийг мэдээллийн технологийн 27 баг зохион байгууллаа

Share

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн найм дахь удаагийн парламентын анхдугаар чуулганд танилцууллаа.

 Тэрээр УИХ-ын гишүүд тангаргаа өргөх ёслолын өмнө илтгэл уншиж танилцуулсан юм.   

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Эрхэм хүндэт иргэд, сонгогчидоо! Улсын Их Хуралд сонгогдсон эрхэм гишүүд ээ! Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж төрийн 35 мянга 772 албан хаагч ажилласан.

УБЕГ сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангалаа. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар УОК, ЭМЯ, ОБЕГ-тай хамтран ажиллалаа. Ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ. Энэ сарын 24-нд болсон санал хураалтад сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 2 сая 3 мянга 969 иргэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь саналаа өглөө. 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиас хамгийн өндөр ирцтэй нь байв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, хэсэг тус бүрээр гаргаж, цахим хуудастаа хуулийн хугацаанд байршуулан, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллалаа.

Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна. Мөн маргаан дагуулсан 12 тойргийн 164 хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ сарын 27, 28-нд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд төхөөрөмжийн дүн саналын хуудасны тэмдэглэлтэй тохирсон. УИХ-ын энэ удаагийн сонгуульд МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 25-нд хуралдаж, 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргасан. Улмаар энэ сарын 29-нд УИХ-ын гишүүний үнэмлэх олголоо” хэмээв.

таг
error: Content is protected !!