LOADING

Type to search

Улс төр Хэн юу хэлэв

С.Эрдэнэболд: Хоёр сонгууль дараалж Эрдэнэтийн 49 хувь бүлэглэлийн МАНАН мафийн мэхэнд уналаа. Одоо хангалттай!!!

Share

УИХ-ын 2020 оны сонгуулийн 24-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболдийн нийтлэлийг хүргэж байна.

Хоёр сонгууль дараалж Эрдэнэтийн 49 хувь бүлэглэлийн МАНАН мафийн мэхэнд уналаа. Одоо хангалттай!!!

Сонгуулийн дараа АН-ын тамгаа өгч буй даргыг хэн сайн муулах вэ гэсэн марафон эхэлж байх шиг байна. Энд хүний асуудлаас илүү зүй тогтлыг нь засах, АН-д бий болсон хорт хавдрыг хурц хутгаар таслан хаях тухай яриа илүү чухал байна.

Ардчилал бол Монголын ард түмний үнэт зүйл, чөлөөт нийгмийн баталгаа. Гэвч Ардчиллыг өлгийдөн авсан Ардчилсан нам маань хоёр сонгууль дараалж Эрдэнэтийн 49-чдийн мэхэнд унаж “арчигдлаа”.

МАНАН мафийн нөлөөллөөс ч салж чадахгүй байсаар ялагдал хүлээлээ. Ард түмнийхээ “алганы амтыг үзсэн” АН маань эрс шинэчлэл хийж, муу муухайгаасаа салаад явах түүхэн боломжийг энэ удаагийн сонгууль олголоо. АН-ын эгэл жирийн гишүүд маань гуньж гутрах хэрэггүй. Та бүхний нойртой нойргүй зүтгэж, хамгаалж, тэмцэж ирсэн Ардчиллыг, АН-ыг эзэн сууж, зайдалж ирсэн, хогийн ургамалтай нь сүлжиж ирсэн бүлэглэлээс намаа салгах алтан боломж олдлоо гэж уужуу томоор хүлээж авцгаая.

Хатуу ч гэсэн бид үнэнтэй нүүр тулж, Ардчилсан намаа хорт хавдраас нь салгах нь хамгийн эхний алхам.

Ардчилсан нам бол том нам. Мянга мянган гишүүнтэй, ардчиллын төлөө бүх амьдралаа зориулж ирсэн партизануудтай, залуу үетэй, нам бус ч гэсэн энэ намыг олигтой байгаасай гэж дэмждэг олон түмэнтэй улс төрийн хат суусан хүчин. Ард түмнийхээ өмнө гавьяа ч байгуулсан, бас цөөн дарга нарынхаа талцлаар тамирдаж сульдаж үзсэн нам.

2020 оны сонгуулийн ялагдал бол нэг сонгуулийн хугацаанд хуралдсан зүйл огт биш. 30 жилийнхээ босгон дээрээ АН, дараагийн 30 жилийнхээ өнгө аясыг зөв тодорхойлох боломж бүрдлээ. Зөв шинэчлэл хийж чадвал ард түмэн талархан хүлээж авахад ойрхон байна.

Ардчилсан намыг хараад бахархдаг хүмүүс цөөрчээ. Олон жил даргалж ирсэн лидерүүд нь улс төрийн зүтгэлтнүүд биш улсаа дээрэмдсэн хулгайчид болсон учраас хүмүүс манай намыг хайрлахаа больж. Намын нэрээр өндөр сэнтийд заларсан нөхдүүд нь ард түмнээсээ тасарч, намын жирийн гишүүдээсээ хөндийрч эд хөрөнгө, эрх дарх эзэмшиж, ардчиллын үнэ цэнийг хамгаалагч биш, харин хар нүхэнд түлхэгч болсон учраас ард түмэн гомдсон байна. Бид муу нэртэй, ам ажил нь зөрсөн тийм хүмүүсээсээ салах цаг болжээ.

Сонгуулийн үеэр нэр дэвшүүлэлт мэдлэг боловсрол, ёс зүйн хэмжүүрээр явагдсангүй. Аль л муу нэртэй, хэрэг төвөгт орооцолдсон, бусдаас урваж дүрвэж ирсэн хүмүүсийн хоргодох байр боллоо. Нэг банкны барьцаанд олон суудал дамлаж, Эрдэнэтийн 49, МАНАН мафи дэглэмийнхээ үлдэгдлийг халхлах амбаар болсон учраас ялагдал харгис бөгөөд шударга байлаа.

Ард түмэн мэддэг, бас мэдэрдэг.

Ардын нам 60 тэрбумчдаа зайлуулж, МАНАН мафитайгаа тэмцэж байхад бид бахь байдгаараа байж салах нь бүү хэл нэмж сонгуульдсан учраас ялагдсан. МАН-ын ялалтанд ид шид туслаагүй, харин бидний тархай, бутархай, арчаагүй, дорой байдал тусалсан. Ард түмний дийлэнх нь МАН-ыг дэмжээгүй, ардчиллын төлөөх намуудад саналаа тарааж өгсөн нь бидний л буруу. Бид ардчиллын цамхаг байж чадсангүй.

Ард олонд ардчиллыг хамгаалагч байх итгэл төрүүлээгүй учраас олон түмэн сонголтоо хийсэн. Гэвч ардчилал босоосой, АН тэнхээжээсэй гэсэн итгэл тээсэн иргэд АН-ын шинэчлэлийг нүд цавчилгүй хүлээж байна. Тэд дарангуйлал, хүчтэй нударганаас айж байгаа учраас, тэднийг хамгаалах үзэл санааны лидерүүд, үнэт зүйлтэй шинэ үе АН-аас төрнө гэж найдаж байгаа.

1990 оноос хойш МАН дөрөв дэх удаагийн үе шилжилт хийлээ. Гэтэл АН маань Алтан үеийнхэнтэйгээ гацсан хэвээр. Шинээр орж ирж байгаа нь “гэнэтийн”, “татаастай”, “тооноор” орогчид түлхүү учраас бодит үе шижилт явагдсангүй. Үнэндээ манай нам залуу биш, хэтэрхий хөгшин нам болжээ.

Манай намын эв нэгдэл, сахилга бат, зохион байгуулалт маш сул байна. Байгаа хэд нь зохион байгуулалтанд ороогүй, нэгнээ бүрэн хүлээн зөвшөөрдөггүй “боловсролтой” залуус. Үеийн үед азаргалж ирсэн 90 оны цөөхөн атаманууд.

Одоо ах нар тэтгэвэртээ гарах цаг болсон. Тэднийхээ бүтээж босгосон сайн сайхан зүйлээр энэ нийгэм бахархдаг. Харин зарим цөөн лидерүүдийнх нь бусниулж самарч ирсэн зүйлийг нь өнгөрсөн цагт нь үлдээмээр байна. Одоо тэд амралтаа аваад амьдралыг мэдрэх хэрэгтэй. Гэр бүлдээ цагаа зарцуул.

Нэр цэвэр, эерэг хандлагатай, зарчимтай, боловсролтой, идэрчүүд, залуу үеийнхэн, эмэгтэйчүүд одоо хүссэн ч эс хүссэн ч ачааны хүндийг үүрэг ёстой. Мэдлэг бяр нь амтагдаад байгаа бол хамтраад ажиллая. Нам гэж явцууралгүй Монголоо том зургаар нь харж, бодлого, судалгаа, шийдэлд төвлөрье. Эрх баригч МАН-ын алдааг нь шударгаар шүүмжилж, хүчтэй сөрөг хүчин байх цаг. Айл гэрийн тооно өрөөсөн баганан дээр удаан тэсэхгүй.

Хүчийг их хурааж, сүрийг их бадруулсан нь биш, хязгааргүй ноёрхол эзэмшсэн нь биш тэнцвэртэй, хяналттай, эрүүл саруул шүүмж хосолсон тийм нийгмийн суурь бүтээх нь Монголд хэрэгтэй.

Дахин хэлэхэд алдаагаа засъя!

Нэг хүн дээр ээлжилж шавдаг биш, үзэл санаан дээрээ нэгдэж урагшилъя. Зарчим дээр, бодлого дээр цугладаг, хүчээ дайчилдаг, мэдлэгээ шавхдаг АН-ыг 2024 онд ялалтанд хүргэе! Хатуу үг явдалд тустай, гашуун эм эдгэрэлд тустай.

АН-ын ҮБХ-ы гишүүн, АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд

error: Content is protected !!